Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2028

 

 

Б.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00651 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бэрэн мортгэйж групп” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас 35 127 847 төгрөг гаргуулж, 10, 52, 58 тоот байрны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гаргуулж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, байрны дутуу төлбөр, алданги болох 13 944 200 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Уранцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Бэрэн мортгэйж” ХХК-тай захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай” хотхоны 501 дүгээр байрны тус бүр 21.1 метр квадрат талбай бүхий 10 тоот, 52 тоот, 58 тоот, 64 тоот байрнуудыг тус тус худалдан авахаар хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээ байгуулахаас өмнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Хангай” хотхоны барилгын явцыг харахдаа барилгын гүйцэтгэлийн явц 80 орчим хувьтай баригдсан байсан тул 2014 оны 2 дугаар ээлжинд ашиглалтад орно гэж борлуулалтын албаны ажилтан хэлэхэд үнэхээр хугацаандаа орох боломжтой юм шиг санагдсан тул хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 10, 52, 58, 64 тоот нэг өрөө 4 байрны эхний ээлжийн төлбөрийг 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны “Бэрэн мортгэйж групп” ХХК-ийн дансанд 42 540 000 төгрөгийг төлсөн. Төлбөрийн 2 дахь явц нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Бэрэн мортгэйж групп” ХХК-ийн Төрийн банкны дансанд 30 000 000 төгрөгийг 3 ширхэг 1 өрөө байрны төлбөр гэж төлсөн. Энэ төлбөрөөс “Хангай” хотхоны 10 тоот байрны 2 дугаар ээлжийн төлбөр болох 10 800 000 төгрөг, 52 тоот байрны нэг өрөө байрны 10 140 000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд үлдэгдэл 9 060 000 төгрөгийг 58 тоот байрны төлбөрт өгөөд 1 740 000 төгрөгийг дутуу төлсөн. Би 2 дугаар ээлжийн төлбөр тооцоог хийх үедээ “Бэрэн мортгэйж групп” ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан н.Нандинцэцэг болон захирал Мөнхцэцэг нарт 64 тоот нэг өрөө байрны төлбөрийг цаашид хийх боломжгүй байгаа тухайгаа учирлаж, 64 тоот байрны төлбөрт эхний ээлжинд төлсөн 10 800 000 төгрөгийг 58 тоот байрны 3 дугаар ээлжийн төлбөр лүү шилжүүлэн тооцож өгөхийг асуухад болно гэсэн хариу амаар өгсөн. 52 тоот байрны 2 дахь ээлжийн төлбөрийг нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10 140 000 төгрөгийг төлсөн бөгөөд орлогын баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн болно. Энэ төлбөр бол 52 тоот байрны төлбөр байсан. Хариуцагч талаас 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа байрны 3 дугаар явцын төлбөр 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийгдэх ёстой 10 800 000 төгрөгийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Ганхуягын захиалсан байрны төлбөрөөс 10 800 000 төгрөг төлсөнтэй холбогдон гарах 8 хоногийн алданги 86 400 төгрөг нэхэмжилсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.Ганхуягаас шилжиж орсон төлбөрийг 58 тоот байрны төлбөр гэж андуурсан байна. Энэ төлбөр бол 10 тоот байрны төлбөрт тооцогдох ёстой. Харин 58 тоот байрны 3 дугаар ээлжийн төлбөр 10 800 000 төгрөгийн төлбөрийг 1 дүгээр ээлжинд буюу 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлөгдсөн 64 тоот байрны төлбөрөөс шилжүүлэхээр тохиролцсон боловч 2014 оны 2 дугаар сард надруу утсаар ярьж хүсэлт бичиж өг гэсний дагуу “Бэрэн мортгэйж групп” ХХК-ийн байранд очиж 64 тоот байрны төлбөрийг 3 дугаар ээлжийн төлбөрт шилжүүлж өгөөч гэсэн утга бүхий хүсэлтийг нөхөж бичиж өгсөн болно. “Бэрэн мортгэйж групп” ХХК-ийн дансанд нэгэнт 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр орж төлөлт хийсэн байсан 64 тоотын төлбөрийг 69 хоногоор хэтрүүлж өгөх ямар ч шалтгаан надад байхгүй. Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөх өдрийн дотор төлнө гэж заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 4 дүгээр ээлжийн төлбөр тооцоог “Бэрэн мортгэйж групп” ХХК-ийн Санхүүгийн албан дээр хийхдээ 58 тоот байрны төлбөрөөс 10, 52 тоот байрны үлдэгдэл төлбөрийг гүйцэт бодуулан 10 тоот байрны тооцоо бүрэн хийгдсэн гэсэн бичиг авч түүнийгээ “Хангай” хотхоны менежер залууд өгч, 10 тоот байрныхаа түлхүүрийг авсан. Үүний дараа 2016 оны 1 дүгээр сард дахин очиж 52 тоот байрны тооцоог бодуулж, төлбөр тооцоо бүрэн хийгдсэн гэсэн бичгийг авч 52 тоот байрны түлхүүрээ авсан. Хариуцагч тал шүүхэд нотлох баримт болгон авчирч өгсөн түлхүүр хүлээлгэн өгсөн 2 ширхэг баримт нь үүнийг нотолж байна. “Хангай” хотхоны 10, 52 тоотод одоо айлууд амьдарч байгаа бөгөөд 2015 оны 12, 1 дүгээр саруудаас эхлэн байрны төлбөр хийсэн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар нэмж өгсөн байгаа. “Хангай хотхоны 501 тоот байрны 58 тоот нэг өрөө байрны үлдэгдэл тооцоог гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангиас хасаж тооцож өгөхийг хүссэн өргөдөл гаргасан боловч хүсэлтийг хангах боломжгүй гэж утсаар надад мэдэгдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр М-04 тоот мэдэгдлийг “Бэрэн мортгэйж групп” ХХК-иас надад ирүүлсэн. Уг мэдэгдэлдээ “Хангай” хотхоны дэд бүтэц, гадна инженерийн шугамын ажлуудын төлөвлөгөөт хугацааг газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан хойшлуулах болсон тухай Барилга хот байгуулалтын яамны Улаанбаатар хотын 7, 16 Монголын үндэсний радио телевизийн хорооллын орон сууцны дэд бүтцийн төслийн нэгжээс 14/115 тоот мэдэгдэлд гэрээт ажлуудыг 2014 онд дуусгахаар төлөвлөж байна гэснээс үзэхэд ашиглалтад орох хугацаа 6 сараар л хойшлогдох юм байна гэж ойлгосон. Арай ч 1 жил 6 сарын хугацаа алдана гэж бодоогүй. 10 тоот байранд 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нийт 32 400 000 төгрөгөөс өдрийн 0.1 хувийн алданги 32 400 төгрөгөөр тооцож 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 344 хоногийн 11 145 600 төгрөг, 52 тоот байрны 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нийт 30 420 000 төгрөгөөс өдрийн 0.1 хувийн алданги 30 420 төгрөгөөр тооцож 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 385 хоногийн 11 711 700 төгрөгийн алданги нийт 22 857 300 төгрөг нэхэмжилж байна. Мөн гадна захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт нэг өрөө орон сууцны талбайн хэмжээ 21.1 метр квадрат талбай байна гэж заасан боловч барилгын тусгай зөвшөөрөлтэй “Уран асар” ХХК-иар хэмжилт хийлгэхэд гэрээнд заасан 21.1 метр квадрат талбайтай байрнаас 1 метр квадрат талбайтай байрнаас 1 метр квадрат гаран талбай дутаж байна. Миний захиалсан 10, 52, 58 тоот тус бүр нэг өрөө байрны талбайгаас нийт 3.15 метр квадрат зөрүү гарч байна. 10, 58 тоот байрны 1 метр квадратын үнэ 1 706 161 төгрөг болох бөгөөд “Уран асар” ХХК-ийн хэмжилт хийснээр 10 тоот байрны бодит талбай 20.01 метр квадрат байгаа нь гэрээнд заасан 21.1 метр квадрат талбайгаас 1.09 метр квадрат дутуу байх бөгөөд энэ нь 1 859 715 төгрөг, 58 тоот байрны бодит талбай нь 20.06 тоот метр квадрат байх бөгөөд 1.04 метр квадрат дутуу талбайтай байх бөгөөд энэ нь 1 633 932 төгрөг болж байна. Мөн 52 тоот байрны 1 метр квадрат үнэ нь 1 601 895 төгрөг болж байна. 52 тоот байрны бодит талбай 20.08 болж байгаа бөгөөд 1.02 метр квадрат талбай дутуу байх бөгөөд энэ нь 1 774 406 төгрөг болох ба дээрх 3 байрны талбайн дутуу нь 3.15 метр квадрат болсноос нийт 5 268 000 төгрөг болж байна. Дээрх хугацаа хэтэрсний алданги болох 22 857 300 төгрөг дээр метр квадратын зөрүү 5 286 000 төгрөгийг нэмж тооцвол 28 125 354 төгрөг болж байна. “Уран асар” ХХК-ийн хэмжилтийн хөлс болох 102 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нийт 28 227 354 төгрөг мөн “Бэрэн мортгэйж групп” ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь хэсэгт зааснаар орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ авахад гүйцэтгэгчийн шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгнө гэж заасан мөртлөө 10, 52 тоотын байранд уг баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй тул миний бие улсын бүртгэлийн газраас өнөөдрийн хүртэл гэрчилгээ аваагүй тул 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бэрэн мортгэйж групп” ХХК 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Б.Уранцэцэгтэй захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтыг гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай” хотхоны 501 дүгээр байрны тус бүр 21.1 метр квадрат талбай бүхий 10, 52, 58, 64 тоот байрнуудыг тус тус 1 өрөө орон сууцуудыг захиалсан. Нэхэмжлэгч тайлбартаа захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтыг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар төлбөрийн төлсөн он, сар, төлөлтийн хэмжээгээ ярьж байна. Дутуу төлсөн болон гэрээнд заасан үүргээ зөрчиж төлснөө нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. 10 тоот байрны захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтыг гэрээнд 2 ээлжийн төлбөрийн төлөхдөө 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой байснаас 3 хоног хоцроож 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн. 3 дугаар ээлжийн төлбөр 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан төлбөрийг 8 хоног хоцроож төлсөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлж төлсөн тул захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтыг гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар захиалгын төлбөрийг зөрчиж төлж байсан тохиолдолд алданги төлөх үндэслэлээс чөлөөлөгдөнө гэж байдаг. Мөнгөн хэлбэр гэдэг нь гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөх ёстой. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 222 дугаар зүйлийн 222.1, 222.6 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана. Дээрх хуульд заасны дагуу Б.Уранцэцэг нь алданги тооцох эрхээ алдсан тул манай талаас уг алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. “Бэрэн мортгэйж групп” ХХК-иас Б.Уранцэцэгт 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3,7 тоот мэдэгдэл явуулсан. Тус мэдэгдэл “Хангай” хотхоны дэд бүтэц, гадна инженерийн шугамын ажлуудын төлөвлөгөөт хугацааг газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан хойшлуулах болсон тухай Барилга хот байгуулалтын яамны Улаанбаатар хотын 7, 16, Монголын үндэсний радио телевизийн хороололын орон сууцны дэд бүтцийн төслийн нэгжээс 14/115 тоот мэдэгдлийг явуулсан тус мэдэгдэлд хугацаа хойшлох үндэслэл болон нөхцөл байдлыг дурдсан. Үүнтэй холбогдуулаад захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтыг гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь хэсэгт зааснаар Төрийн захиргааны байгууллага асуудал шийдвэрлэх хугацаанд байрны ашиглалтад орох хугацаа хойшилсон тохиолдолд гүйцэтгэгчээс ямар нэг алданги төлөхгүй гэж гэрээнд тусгасан байдаг. Мөн Б.Уранцэцэг нь дээрх байрнуудын төлбөрийг төлөхдөө хугацаа хэтрүүлснээс гадна төлбөрийн зөрчилтэй дутуу төлж байсан. 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн төлсөн 30 000 000 төгрөгийг манай байгууллагаас үзэхдээ 3 байранд тус бүрт нь тэнцүү 10 000 000 төгрөгөөс хувааж хувиарлаж төлсөн гэж ойлгосон. Байрны төлбөрт 10 тоот байрнаас 800 000 төгрөг, 58 тоот байрнаас 800 000 төгрөг, 52 тоот байрнаас 140 000 төгрөгийн дутуу төлөлт гарч ирдэг. Төлбөр төлөлттэй холбоотойгоор гарсан алдангийг сөрөг нэхэмжлэлдээ дурдсан. 10 тоот байрны 2 дугаар ээлжийн төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 800 000 төгрөг төлөх ёстойгоос 69 хоног хэтрүүлж 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөнтэй холбогдон гарах алданги 0.1 хувь буюу өдрийн 10 800 төгрөг нийт 745 200 төгрөгийн алданги тооцсон. 3 дугаар ээлжийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой 10 800 000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б.Уранцэцэгийн хүсэлтийг үндэслэж 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 64 тоот байрны төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийг 10 тоот байрны төлбөрт шилжүүлж тооцсон бөгөөд үлдэгдэл 800 000 төгрөгийг 837 хоногийн алданги 0.1 хувиар буюу 800 төгрөг нийт 669 600 төгрөг. Нийт алданги нь 1 414 800 төгрөг болсон. 52 тоотын 2 ээлжийн төлбөрийг 2013 оны 10 сарын 15-ны өдөр 10 140 000 төгрөг төлөх ёстойгоос 2 хоног хэтрүүлж 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг төлсөн гэж үзэж 140 000 төгрөгийн дутуу төлсөнтэй холбогдон алданги 0.1 хувь буюу 10 140 төгрөг нийт 20 280 төгрөг, тус байрны 3 дугаар ээлжийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой төлбөрөөс 8 хоног хэтрүүлж төлсөн төлбөр 10 140 төгрөг буюу 81 120 төгрөг нийт алданги нь 101 400 төгрөг, 58 тоот байрны 2 дугаар ээлжийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстойгоос 2 хоног хэтрүүлж төлсөн төлбөр 21 600 төгрөг, Б.Уранцэцэгийн нийт төлсөн төлбөр нь үнийн дүнгээс 12 320 000 төгрөг дутуу байна. Уг дутуу төлбөр дээр дурдсан алданги 1 624 200 төгрөгийг нэмж нийт 13 944 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хөрөнгө оруулагч нь захиалгын орон сууцны хөрөнгө оруулах гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу Хангай хотхон 501 дүгээр байрны 10 тоотын 2 дугаар явцын төлбөрийг 2013 оны 10 сарын 15-ны өдөр 10 800 000 төгрөг төлөх ёстойгоос 69 хоног хоцроож 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөнтэй холбогдон гарах алданги 0.1 хувь буюу өдрийн 10 800 төгрөг нийт 745 200 төгрөг, тус байрны 3 дугаар явцын төлбөр 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийгдэх ёстой 10 800 000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б.Уранцэцэгийн хүсэлтийг үндэслэж 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 64 тоотын төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийг 10-н тоот байрны төлбөрт шилжүүлж тооцсон бөгөөд үлдэгдэл 800 000 төгрөгийн 837 хоногийн алданги 0.1 хувь буюу 800 төгрөг нийт 669 600 төгрөг, түлхүүр хүлээн авахад өгөх үлдэгдэл 3 600 000 төгрөг+үлдэгдэл 800 000=4 400 000 төгрөг одоог хүртэл төлөөгүй байна. Нийт алданги 1 414 800 төгрөг болсон.

Хөрөнгө оруулагч нь захиалгын орон сууцны хөрөнгө оруулах гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу Хангай хотхон 501 дүгээр байрны 52 тоотны 2 дугаар явцын төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 140 000 төгрөг төлөх ёстойгоос 2 хоног хоцроож 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг төлж 140 000 төгрөг дутуу төлсөнтэй холбогдон гарах алданги 0.1 хувь буюу 10 140 төгрөг нийт 20 280 төгрөг. Тус байрны 3 дугаар явцын төлбөр 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийгдэх 10 140 000 төгрөгийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлж 8 хоногийн алданги 0.1 хувь буюу 10 140 төгрөг 8 хоногийн нийт 81 120 төгрөг. Түлхүүр хүлээлцэхэд өгөх ёстой 3 520 000 төгрөг одоог хүртэл төлөөгүй байна. Нийт алданги 101 400 төгрөг болсон. Хөрөнгө оруулагч нь захиалгын орон сууцны хөрөнгө оруулах гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу Хангай хотхон 501 дүгээр байрны 58 тоотын 2 дугаар явцын төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 800 000 төгрөг төлөх есгойгоос 2 хоног хоцроож 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг төлсөнтэй холбогдон гарах алданги 0.1 хувь буюу 10 800 төгрөг 2 өдрийн нийт 21 600 төгрөг. Тус өдрийн дутуу төлсөн төлбөр 800 000 төгрөг үлдсэн. Байрны 3 дугаар явцын төлбөр 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийгдэх ёстой 10 800 000 төгрөгийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Ганхуягын захиалсан байрны төлбөрөөс 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10 800 000 төгрөг төлсөнтэй холбогдон гарах 8 хоногийн алданги 0.1 хувь буюу 10 800 төгрөг, нийт 86 400 төгрөг. Түлхүүр хүлээн авахад өгөх үлдэгдэл 4 400 000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Нийт алданги 108,000 төгрөг болсон. Хангай хотхон 501 дүгээр байрны 10, 52, 58 тоотуудын хуваарьт заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй дээрх нийт алдангийн хэмжээ 1 624 200 төгрөг, дээрх байрнуудын дутуу төлбөр нийт 12 320 000 төгрөг, нийт 13 944 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Уранцэцэг миний бие 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банкинд “Бэрэн мортгэйж групп” ХХК-ийн 3412010252 тоот дансанд 30 000 000 төгрөгийг 3 ширхэг нэг өрөө байрны төлбөр график дагуу төлсөн бөгөөд орлогын мэдүүлэг болох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно. Энэ төлбөрөөс Хангай хотхоны 501 дүгээр байрны 10 тоот нэг өрөө байрны 2 дугаар ээлжийн төлбөр болох 10 800 000 төгрөг, 52 тоот нэг өрөө байрны 10 140 000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд үлдэгдэл 9 060 000 төгрөгийг 58 тоот байрны төлбөрт өгсөн болно. Би 2 дугаар ээлжийн төлбөр тооцоог хийх үедээ "Бэрэн мортгэйж групп" ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан Нандинцэцэг болон захирал Мөнхцэцэг нарт учир байдлаа хэлж, 64 тоот нэг өрөө байрны төлбөрийг хийх боломжгүй байгаа тухайгаа учирлаж, 1 дүгээр ээлжинд төлсөн 10 800 000 төгрөгийг 3 дугаар ээлжийн төлбөр лүү шилжүүлж тооцож өгөхийг асуухад болно гэсэн хариуг амаар өгсөн. Хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа байрны 3 дугаар явцын төлбөр 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийгдэх ёстой 10 800 000 төгрөгийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Ганхуягын захиалсан байрны төлбөрөөс 10 800 000 төгрөг төлсөнтэй холбогдон гарах 8 хоногийн алдангийн 86 400 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ төлбөр бол 10 тоот байрны төлбөрт тооцогдох ёстой. Ингээд миний бие 52 тоот байрны 3 дугаар ээлжийн төлбөр болох 10 140 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкинд "Бэрэн мортгэйж групп" ХХК-ийн 3412010252 тоот дансанд 8 140 000 төгрөг, мөн өдөр 2 000 000 төгрөг нийт 10 140 000 төгрөгийг төлсөн бөгөөд орлогын баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн болно. 58 тоот байрны 3 дугаар ээлжийн төлбөр 10 800 000 төгрөгийн төлбөрийг 1 дүгээр ээлжинд буюу 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлөгдсөн 84 тоот байрны төлбөрөөс шилжүүлэхээр тохиролцсон гэж ойлгосон боловч 2014 оны 2 сард над руу утсаар ярьж хүсэлт бичиж өг гэсний цагуу "Бэрэн мортгэйж групп" ХХК-ийн байранд очиж 64 тоот байрны төлбөрийг 3 дyraap ээлжийн төлбөр лүү шилжүүлж өгөөч гэсэн утга бүхий хүсэлтийг бичиж өгсөн. "Бэрэн мортгэйж групп" ХХК-ийн дансанд 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлбөр хийсэн мөнгийг 64 хоногоор хоцроож өгөх ямар ч шалтгаан надад байхгүй. "Хангай" хотхоны 501 дугаар байр 2015 оны 12 сард ашиглалтанд орж, гэрээний үлдэгдэл 4 дүгээр ээлжийн төлбөр тооцоог хийх үед би "Бэрэн мортгэйж групп" ХХК-ийн Санхүүгийн албан дээр очиж 10 тоот байрны тооцоо бүрэн хийгдсэн гэсэн бичиг авч түүнийгээ "Хангай" хотхоны менежер залууд өгч, 10 тоот байрныхаа түлхүүрийг авсан. Үүний дараа 2016 оны 1 сард дахин очиж 52 тоот байрны тооцоог бодуулж, төлбөр тооцоо бүрэн хийгдсэн гэсэн бичгийг авч, 52 тоот байрны түлхүүрээ авсан. "Хангай" хотхоны 501 дүгээр байрны 58 тоот нэг өрөө байрны хийгдээгүй тооцоо 12 320 000 төгрөгийн тооцоог гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангиасаа хасч тооцож өгөхийг хүссэк өргөдөл гаргасан боловч хүсэлтийг хангах боломжгүй гэж утсаар надад мэдэгдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч “Бэрэн мортгэйж групп” ХХК-аас орон сууцны талбайн зөрүү 5 268 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 22 857 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 501 дүгээр байрны 10 тоот, 52 тоот тус бүр 1 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч “Бэрэн мортгэйж групп” ХХК-иас гаргуулахыг даалгаж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Уранцэцэгээс 58 тоот орон сууцны хугацаа хэтэрсэний алданги 86 400 төгрөг, дутуу төлбөр 4 400 000 төгрөг, нийт 4 486 400 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 9 457 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 473 410 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227 670 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 99 238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 86 732 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Уранцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Б.Уранцэцэг миний бие 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч "Бэрэн мортгэйж групп" ХХК-тай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ буюу орон сууц худалдах, худалдан авах №3,№4,№6 тоот гэрээг байгуулсан бөгөөд дээрх гэрээний 5.3-д зааснаар Барилгыг барьж дуусахаар төлөвлөж байгаа өдөр нь 2014 оны 2 дугаар улирал гэж заасан. 2 дугаар улирал гэдэг бол 2014 оны 4-6 сарууд бөгөөд эцсийн хугацааг 2014 оны 6 cap гэж үзсэн. Гэтэл "Бэрэн мортгэйж групп" ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №м-04 тоот мэдэгдлийг "Бэрэн мортгэйж групп" ХХК-иас надад ирүүлсэн. Мэдэгдэлдээ "Хангай хотхоны" дэд бүтэц, гадна инженерийн шугамын ажлуудын төлөвлөгөөт хугацааг газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан хойшлуулах болсон тухай БХБЯ-ны Улаанбаатар хотын "VI, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууцны дэд бүтцийн төсөл"-ийн нэгжээс 14/115 тоот мэдэгдлийг ирүүлсэн орон сууц ашиглалтанд орох хугацаа хойшлох болсны мэдэгдээд жич: Өнөөдрийн байдлаар Хангай хотхоны барилга угсралтын ажил хэвийн явагдаж байгаа болно гэж бичсэн байсан. Дээрх мэдэгдлийн хамт БХБЯ-ны Улаанбаатар хотын "VI, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууцны дэд бүтцийн төсөл"-ийн нэгжээс 14/115 тоот мэдэгдлийг хавсаргаад, түүндээ гэрээт ажлуудыг 2014 онд дуусгахаар төлөлвлөж байна гэснээс үзэхэд ашиглалтанд орох хугацаа дахин 6 сараар хойшлогдож байна гэж ойлгон орон сууц ашиглалтанд орох эцсийн хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж үзсэн. Гэтэл "Бэрэн мортгэйж групп" ХХК орон сууцаа 2015 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулсан бөгөөд шинээр тогтоосон хугацаанаас хойш нэг жил буюу 365 хоногоор хоцроосон гэж үзэж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар "Бэрэн мортгэйж групп" ХХК-иас надад ирүүлсэн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №М-04 тоот мэдэгдэл буюу хариуцагч талын хүсэл зоригийн илэрхийлэл бодитоор биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд саналд хариу өгөхгүйгээр зөвшөөрч байгаа тохиолдолд хүлээн авсан тухай хариу нөгөө талдаа хүрсэн байх шаардлагагүй байдаг. Иймд энэхүү мэдэгдлийг хүлээн авснаар хэлцэл хийгдэж, орон сууц хүлээлгэн өгөх өдрийг шинээр тогтоосон гэж үзэх бөгөөд шинээр тогтоосон эцсийн хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж үзэх үндэслэлтэй байна. Худалдах-худалдан авах гэрээний 5.4-т гэж зааснаас бус шинээр тогтоосон хугацааг талууд гэрээнд нэмж өөрчлөлт оруулна гэж заагаагүй байна.

№14/115 тоот мэдэгдэл дээр бичигдсэн "гэрээт ажлуудыг 2014 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа болно", №М-04 мэдэгдэл дээр "жич: Өнөөдрийн байдлаар Хангай хотхоны барилга угсралтын ажил хэвийн явагдаж байгаа болно" зэрэг мэдээллээс гэрээний 5.2-д заасан барилгыг барьж дуусгахаар төлөвлөж байгаа хугацаа 2014 оны 4 дүгээр улирал буюу 2014 оны эцсээр орох юм байна гэж ойлгогдохоор байхад шүүгч үүнийг шинээр нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шийдвэрлээд байх юм бол гэрээний нэг тал гэрээний хугацааг өөртөө ашигтайгаар тайлбарлах, хэрэглэх боломжийг олгож байна гэж үзэж байна.

Гэрээний 6.2-д заасны дагуу нэхэмжлэгч миний бие 10 тоот байрны 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нийт 32 400 000 төгрөгөөс өдрийн 0.1 хувийн алданги 32 400 төгрөгөөр тооцож 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 344 хоногийн 11 145 600 төгрөг 52 тоот байрны 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нийт 30 420 000 төгрөгөөс өдрийн 0.1 хувийн алданги 30 420 төгрөгөөр тооцож 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 385 хоногийн 11 711 700 төгрөгийн алданги нийт 22 857 300 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-д заасны дагуу хариуцагчаас дээрх мөнгийг нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийн шаардлагаас алданги 22 857 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ захиалагч иргэн болон барилгын ажил гүйцэтгэгч нарын хооронд хийгдсэн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг зохицуулсан Иргэний хуулийн 343-359 дүгээр зүйлээр биш худалдах худалдан авах гэрээгээр шийдвэрлэх нь зүйтэй гээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримталсан нь гэрээний төрөл зүйлийг буруу тогтоосноос шалтгаалан хуулийг буруу хэргэлсэн гэж үзэж байна. Учир нь худалдах худалдан авах гэрээний гол шинж нөхцөл нь бэлэн болсон хөрөнгийг “хуульд \хөрөнгө\ гэж шууд заажээ” худалдан авагч шилж сонгож үзээд өөрийн хэрэгцээг хангаж байна гэж үзвэл сая үнийг төлж худалдан авдаг. Тухайлбал, барьчихсан бэлэн болсон хөрөнгө болох орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж авсан бол зөвшөөрч болох талтай, харин бариагүй, барьж дуусаагүй нөхцөлд барилга угсралтын ажлыг захиалагчийн зардлаар хийж байж ашиглалтанд хүлээлгэн өгдөг. Иймд энэхүү маргааныг Иргэний хуулийн ажил гүйцэтгэх зохицуулалтаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Хангай хотхоны 501 дүгээр байрны 10, 52, 58 тоот байрнуудын 3, 4, 6 тоот Захиалгын орон сууцны хөрөнгө оруулах гэрээнд заасны дагуу захиалагч нь нийт 105 800 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэвч захиалагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлэн 93 480 000 төгрөг төлж, 12 320 000 төгрөг дутуу төлсөн бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийг манай компанид төлөөгүй байна. Гэтэл шүүгч 58 тоотын үлдэгдэл төлбөр болох 4 400 000 төгрөг түүний 86 400 төгрөгийн алданги нийт 4 486 400 төгрөгийг ханган шийдвэрлэж, харин 10 тоотын үлдэгдэл төлбөр 4 400 000 төгрөг, 1 414 800 төгрөгийн алданги болон, 52 тоотын үлдэгдэл төлбөр 3 520 000 төгрөг 108 000 төгрөгийн алданги нийт 9 457 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь 3, 4, 6 тоот Захиалгын орон сууцны хөрөнгө оруулах гэрээний төлбөр төлөх хуваарь, нэхэмжлэгчийн төлбөрийг дутуу төлсөнөө хүлээн зөвшөөрсөн тайлбар, гэрээний нийт үнийн дүн болон төлбөр төлсөн баримтын зөрүү үнийн дүнг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь маргаантай асуудалд нухацтай хандаагүй, эргэлзээгүй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим зөрчигдсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Хангай хотхон 501 дүгээр байрны 10, 52, тоотуудын үлдэгдэл төлбөр 7 920 000 төгрөг, алданги 1 522 800 төгрөг буюу нийт 9 457 800 төгрөг төгрөгийг нэхэмжлэгч Б.Уранцэцэгээс гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

            Нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь хариуцагч “Бэрэн мортгэйж групп” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд талбайн зөрүү 5 374 407 төгрөг, алданги 29 753 440 төгрөг, нийт 35 127 847 төгрөгийг гаргуулж, 10, 52 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гаргуулж өгөхийг даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчаас хугацаа хэтэрч төлбөрийг төлсөний алданги болох 1 624 200 төгрөг, дутуу төлбөр 12 320 000 төгрөг, нийт 13 944 200 төгрөгийг нэхэмжлэгч Б.Уранцэцэгээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч “Бэрэн мортгэйж групп” ХХК-иас орон сууцны талбайн зөрүү 5 268 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 22 857 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 501 дүгээр байрны 10 тоот, 52 тоот тус бүр 1 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч “Бэрэн мортгэйж групп” ХХК-иас гаргуулахыг даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Уранцэцэгээс 58 тоот орон сууцны хугацаа хэтэрсэний алданги 86 400 төгрөг, дутуу төлбөр 4 400 000 төгрөг, нийт 4 486 400 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 9 457 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцсон гэж 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгсөн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд “талууд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00651 дүгээр шийдвэрт заасан өр төлбөрийг харилцан тэглэж тооцоог дуусгавар болгож, хэн алинаасаа ямар ч мөнгө авахгүй, зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэгчид Хангай хотхоны 501 дүгээр байрны 10, 52, 58 тоот байрны гэрчилгээг гаргахтай холбогдох бүх баримт бичгийг хоёр сарын хугацаанд гаргаж өгөхөөр тохиролцож, уг талбайн зөрүү үнийг төлөхгүйгээр харилцан тохиролцсон болно” гэж заажээ.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Б.Уранцэцэг, хариуцагч “Бэрэн мортгэйж групп” ХХК-ийн гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00651 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Уранцэцэг, хариуцагч “Бэрэн мортгэйж групп” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00651 дүгээр шийдвэрт заасан өр төлбөрийг харилцан тэглэж тооцоог дуусгавар болгож, хэн алинаасаа мөнгө авахгүй зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэгчид Хангай хотхоны 501 дүгээр байрны 10, 52, 58 тоот байрны гэрчилгээг гаргахтай холбогдох бүх баримт бичгийг хариуцагч нь хоёр сарын хугацаанд гаргаж өгөхөөр тохиролцож уг талбайн зөрүү үнийг төлөхгүйгээр харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Уранцэцэгийн төлсөн 272 500 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн төлсөн 166 275 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                  

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ