Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/00261

 

2017 оны 01 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00261

 

Улаанбаатар хот

 

 

 

                     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 66-р байр 36 тоотод  оршин суух, регистр ИЦ83031901, Мөнгөн хаахай овогт Батаагийн Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 66-р байр 36 тоотод  оршин суух, регистр ИЦ82092810, Цагаангэр овогт Ринчингийн Сайнзаяад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах тухай хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн, хариуцагч Р.Сайнзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Долгосүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Долгорсүрэн нь Р.Сайнзаяатай 2008 оны 6-р сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ аван хамтран амьдарсан. Энэ  хугацаанд охин С.Хулан төрж бидний амьдрал хэвийн үргэлжилж байгаад 2013 оноос эхлэн Р.Сайнзаяа нь зан авир нь өөрчлөгдөж, уурлаж уцаарлаж, зодож хутга байнга барин дайрах болсон. Р.Сайнзаяа нь миний бие болон гоо сайхан, сэтгэл санааны гүн хямралд оруулж, үүнээс үүдэн толгой өвдөх, нойр хүрэхгүй байх, хий юм сонсох зэрэг маш их айдастай тайван бус байх болсон. Одоо бид тусдаа амьдарч охин маань миний асрамжинд байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцлаж, Р.Сайнзаяагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Долгосүрэн нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөр бид 2 эвлэрч асуудлыг шийдвэрлэсэн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Р.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ярилцаж тохиролцоод эвлэрсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь Р.Сайнзаяад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн, хариуцагч Р.Сайнзаяа нар хэрэг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Р.Сайнзаяад холбогдох    гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох,    тэтгэлэг гаргуулах, дундын өмчийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг   хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь татгалзсаныг баталж,   хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.   

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА