Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0019

 

“Ч ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ч ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасныг тус тус баримтлан “Ч ц” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ХV-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч “Ч ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч М.М нар давж заалдах гомдолдоо: “... А. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          1. Шүүх хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхдээ нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан талаарх баримтыг ирүүлээгүй хэмээн нэхэмжлэгчийг буруутгаж дүгнэлт хийжээ. Мөн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэр нь зөвхөн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахад хамаарна хэмээн тус шүүхийн шийдвэрийг буруу үнэлж дүгнэсэн байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3, 38.1.3, 40.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл анх авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, 3 жилийн дараа хугацаа дуусч тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа уг төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар заасан. Өөрөөр хэлбэл уг төлөвлөгөө нь жил бүр батлуулах шаардлагагүй ба 3 жил тутам 1 удаа шинэчлэн батлуулдаг баримт бичиг юм. “Ч ц” ХХК-ийн хувьд 4 дэх жилийн 3 жилийн сунгалтаа 2017 онд хийлгэх үедээ уг төлөвлөгөөг шинэчлэн батлуулах гэсэн боловч Сантмаргаз сумын Засаг дарга үндэслэлгүйгээр татгалзсанаас үүдэж маргаан эхэлсэн. Нэхэмжлэгч нь анх 2017 оны 05 дугаар сард шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, уг хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, хяналтын шатны шүүхийн шийдвэр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарч, хяналтын шатны шүүхийн тогтоолыг нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сард бичгээр авсан байдаг. 2017 оны төлөвлөгөөг 2018 онд батлуулах нь цаг хугацааны хувьд ч тэр, хуулийн шаардлагын хувьд ч тэр огт боломжгүй байсан учраас шүүх аль нэг он заасан төлөвлөгөөг батлуулахаар шийдвэрлээгүй юм. Иймд шүүх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулах ёстой мэтээр ойлгож, уг төлөвлөгөөтэй холбоотой гарсан 3 шатны шүүхийн шийдвэрийг буруу ойлгож тайлбарласан байна. Нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас 2017 оны 05 сард гаргасан нэхэмжлэл 2017 оны 12 дугаар сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, 2018 оны 01 дүгээр сар Улсын Дээд шүүхийн тогтоолыг бичгээр авсан байхад 2017 оны төлөвлөгөөг 2017 ондоо батлуулах ёстой байсан мэт үзэж, шүүх нэхэмжлэлийг 2018, 2019, 2020 онд жил бүр төлөвлөгөө батлуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах ёстой мэтээр дүгнэж байгаа нь огт ор үндэсгүй байна.

          2. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид баримтыг ирүүлж болох хангалттай хугацааг олгосон гэж үзэхээр байна хэмээн нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдлыг ойлгоогүй дүгнэлтийг шүүхээс хийжээ. Учир нь нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар биелүүлэхээр 2018 оны 01 дүгээр сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2018 ондоо 2018 он гэсэн огноотой төлөвлөгөөг батлуулахаар, 2019 ондоо 2019 он гэсэн огноогтойг, 2020 онд 2020 гэсэн огноотой байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу явуулсан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй 3 жил орчмын хугацаа өнгөрч байна. Нэхэмжлэгчийн хувьд байж болох бүх төрийн байгууллага албан тушаалтанд хүсэлт, гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. “Ч ц” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулж чадахгүй байгаа нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүйтэй холбоотой, төлөвлөгөөг шинэчлэн батлуулж чадахгүй байгаа нь 2018 онд гарсан 3 шатны шүүхийн шийдвэрийг Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг дарга биелүүлэхгүй байгаатай холбоотой байхад энэ бүх асуудал нэхэмжлэгчийн буруу мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Бодит нөхцөл байдал ийм байхад хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмуудыг тус тус зөрчсөн байхад шүүх хэрэглэх ёстой эдгээр хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

          3. Мөн анхан шатны шүүх Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаа, цаашлаад шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа асуудал нь хариуцагчид хамааралгүй, өөр төрлийн харилцаа гэж дүгнэсэн учир дутагдалтай. Төрийн нэг байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, буруутай үйл ажиллагаа явуулаагүй нэхэмжлэгч “Ч ц” ХХК хохироод үлдэх нь шударга бус байна. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг дарга ба Ашигт малтмал, газрын тосны газар хоёулаа төрийн байгууллага албан тушаалтан мөн байтал шүүх хариуцагчийг тусдаа хувийн эрх зүйн этгээд мэт хандаж, өөр төрийн байгууллагын алдаа хариуцагчид огт хамааралгүй мэт үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

          4. “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-13719 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан ч гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хүчинтэй хэвээр байлгаж байсан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэж байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсны дараа тусгай зөвшөөрлийн сунгалтаа хийлгэхээр 2017-2019 онуудад ажиллаж байсан. Гэтэл хүчинтэй байсан тусгай зөвшөөрлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрээр дуусгавар болгож, хүчингүй болгож бүртгэснээр нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийлгэх боломжгүй болгож, мөн түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаад хариуцагчид гарган өгсөн ч гэсэн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тул хүлээж авахгүй нь байх шууд үр дагаврыг үүсгэсэн. Ийм байхад шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсны дараа хариуцагчаас захиргааны акт гаргах ажиллагааг дахин явуулах боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болоод тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон тохиолдолд үүнтэй холбоотой сунгалт хийлгэх асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс дахин тавих ямар ч боломжгүй болно. Иймээс уг маргаан бүхий захиргааны акттай холбоотой нэхэмжлэгчийн эрх ноцтой зөрчигдөж байгаа болно.

          Б. “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн XV-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагын тухайд:

          5. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/4050 дугаар албан бичгээр “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-1371 тоот тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн болохыг мэдэгдсэн” байдаг. Мөн үүний дараа Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч “тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлнө үү” гэсэн утга бүхий албан бичгийг мөн нэхэмжлэгчид өгсөн. 2017 оноос эхлэн тусгай зөвшөөрлийг хүчинтэй хадгалж байгаагийн хувьд 2017, 2018, 2019 онуудад тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх шаардлагатай гэсний дагуу нэхэмжлэгч төлбөрөө төлж ирсэн. Нэхэмжлэгч Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дараа 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээг түдгэлзүүлж, хүчинтэй хэвээр хадгалуулах хүсэлт гаргах тухай” хүсэлт гаргасан ба хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр энэхүү хүсэлтийн зарим хэсгийг хангаж, тус хүсэлтээс тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс татгалзаж, харин хязгаарлалтын бүртгэлд бүртгэж хүчинтэй хэвээр хадгалсан байдаг. Харин 2019 оны 11 дүгээр сард яг ямар үндэслэлээр өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчилж цуцалсан нь тодорхойгүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй бөгөөд хариуцагчийн зүгээс сүүлийн 4 жил хайгуулын ажлаа хийж чадаагүй ч жил бүр их хэмжээний төлбөр сул төлж ирсэн нэхэмжлэгч компанийн эрх ашгийг огт бодолцож үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

          6. Шүүх Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хадгалах үр дагаврыг үүсгэхгүй гэжээ. Нэхэмжлэгч эхлээд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчинтэй байлгах хүсэлт гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргаж шийдвэрлүүл гэснийх нь дагуу нэхэмжлэгч хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр гаргахад хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хадгалах шийдвэр гаргасан ба үүнийгээ нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн талаар дүгнэлт хийсэн байгаа нь хэрэгт хамааралгүй байна. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/4050 дугаар албан бичиг нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэвээр хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн болохыг нотолсон баримт бичиг мөн бөгөөд тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хадгалах үр дагаврыг шууд үүсгэж байна.

          7. Нэхэмжлэгч “Ч ц” ХХК нь 2018, 2019, 2020 онуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явц, хүндрэлийн талаар хариуцагчид байнга мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчинтэй хэвээр байлгахыг хүсч, мэдэгддэг байсан. Гэтэл энэхүү хүсэлтийг огт хүлээж авахгүй шийдвэр гаргаж, хязгаарлалтын бүртгэлдээ үргэлжлүүлэн бүртгэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж үзсэн. Харин шүүх энэ эс үйлдэхүйг огт анхаарч үзээгүй алдаа гаргасан байна. Иймд Сантмаргаз сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас шалтгаалж хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгэж чадахгүй хүндэтгэн үзэх, өөрөөс үл хамаарах шалтгаантай байгаа нөхцөл байдлыг шүүх огт харгалзаж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

          Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 654 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ч ц” ХХК-иас анх “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компанийг “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт ирүүлээгүй” гэж үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус, Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас манай компани хохирч байна...” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

Маргаан бүхий энэхүү захиргааны актаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Ч ц” ХХК-ийн ХV-013719 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт ...” гэжээ. Хуульд заасан үүргээ нэхэмжлэгчийн зүгээс биелүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тухайд ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, хуулийн хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй байна.

Гагцхүү Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын буруутай эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгч компаниас “...Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5, 38.1.3 дахь заалтуудыг үндэслэн Сантмаргаз сумын Засаг даргаас тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өөр аргагүйд хүрч улмаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Давж заалдах шатны шүүхийн магадлал болон Хяналтын шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 540 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн авч кадастрын бүртгэлийн системд ЕХ-007684 дугаараар бүртгэсэн нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй ба харин шүүхээс хийсэн үзлэгийн явцад “Тусгай зөвшөөрлийн шилжүүлэг, барьцаа, хязгаарлалтын бүртгэл” хариуцсан мэргэжилтэн Н.Н-ын компьютер дахь “Хязгаарлалт” гэсэн файлын 961 дугаарт “Ч ц” ХХК, 2017 оны 06 дугаар сарын 02, хязгаарлалт хийх үндэслэл хэсэгт-Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны 225 дугаар захирамжаар Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн” гэж тэмдэглэл хийсэн нь тогтоогджээ.

Бодит нөхцөл байдал ийм байхад хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг харгалзан үзэлгүй захиргааны акт гаргасан байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс “... Харин Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хууль ёсоор дуусгавар болсны дараа хариуцагчаас захиргааны акт гаргах ажиллагааг дахин явуулахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна” гэсэн нь үндэслэлгүй. Нэгэнт хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд дахин хугацаа сунгах захиргааны акт гаргах боломжгүй.

Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ““Ч ц” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагчид тодорхой үйлдэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь хариуцагчийн гаргасан хууль бус эс үйлдэхүйтэй нягт шалтгаант холбоотой үүсэх ёстой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар “захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” нь тухайн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах бөгөөд ийнхүү зөрчигдсөн тохиолдолд шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан “... захиргааны актыг ... гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” шийдвэр гаргах журамтай. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан “тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг даалгуулах” шаардлагын тухайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс ямар эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.