Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 27

 

 

Т.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/0371 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ард даатгал” ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 31 042 847 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Ганцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банктай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн хэмжээ 56 574 480 төгрөг бөгөөд "Ард даатгал" ХХК, "Хаан банк" ХХК болон Т.Ганцэцэг нар гурван талт Даатгалын гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан. "Ард даатгал" ХХК нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар тогтоосон акт 6 сараар гарсан тул 6 сард хамаарах зээлийн үлдэгдлээс 56 хувиар тооцож үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгосон. Даатгуулагч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргахад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 9/1336 тоот бичгээр "Ард даатгал" ХХК-д хариу өгөхдөө “танай компани даатгуулагч Т.Ганцэцэгийг шулуун гэдэсний хорт хавдар гэсэн оношоор Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр 6 сарын хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоож даатгалын холбогдох гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсан 6 сарын хугацааны зээлийн үндсэн төлбөрийн 56 хувиар тооцож нөхөн төлбөр олгосон нь үндэслэлгүй байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгальн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хаан банктай байгуулсан Даатгалын зуучлалын үйлчилгээгээр хамтран ажиллах 833 тоот гэрээний 2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн даатгуулагч Т.Ганцэцэгт дутуу олгосон даатгалын нөхөн төлбөрийг олгож тус хороонд даатгалын нөхөн төлбөр олгосон эсэх талаараа 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дотор мэдэгдэнэ үү" гэсэн утгатай хариуг "Ард даатгал" ХХК-д өгсөн. "Ард даатгал" ХХК нь өнөөдрийг хүртэл санхүүгийн зохицуулах хороо болон даатгуулагчид хариу өгөөгүй, асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байгаа учир даатгуулагч шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн болно. Эрх бүхий байгууллага хорт хавдар оноштой тохиолдолд 6 сараар сунгалт хийж явдаг тул байнгын хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувьтай гэсэн бичиг гаргах боломжгүй. Мөн Даатгалын гэрээ болон Даатгалын гэрээт баталгаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг огт дурдаагүй, үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож нөхөн төлбөр олгохоор заасан боловч даатгалын тохиолдол үүссэний дараа ийм байдлаар даатгуулагчид нөхөн төлбөр зөв бодож олгохгүй байгааг Даатгалын гэрээний үүргээ зөрчиж байна гэж үзэж байна. Т.Ганцэцэг хавдар өвчтэй байснаа нуун дарагдуулж даатгалд даатгуулсан мэт тайлбар гаргаж байна. Т.Ганцэцэг нь өвчтэй байснаа мэдээгүй, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өвчтэй гэдгээ мэдсэн. 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр даатгал хийлгэсэн байдаг. 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болох учраас эрх бүхий байгууллага буюу эмнэлгийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг тогтоосон ба гэрээний хүчинтэй байх хугацаанд ногдох зээлийг гэрээний хэмжээгээр нөхөн төлбөр төлөх үндэстэй. Хариуцагч нь Т.Ганцэцэгт 479 415 төгрөгийг олгосон байдаг боловч яаж бодож олгосон нь ойлгомжгүй байна. "Ард даатгал" ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан Даатгалын гэрээгээ зөрчиж даатгуулагчийг хохироож байх тул гэрээний үүрэгт 31 042 847 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ганцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкнаас ипотекийн зээл авсан бөгөөд Хаан банкны даатгалын зуучлалын үйлчилгээгээр дамжуулж 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "Ард даатгал" ХХК-тай зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр иргэн Т.Ганцэцэг нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэдгийг тогтоосон. Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 6 cap байна гэжээ. Хөдөлмөрийн чадвар нь өвчин, эмгэгийн байдал, анатоми, морфологи, үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал зэрэг нь эмчилгээний үр дүнд болон тодорхой хугацааны дараа илааршин сайжирах буюу эдгэрч хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэх боломжтой юм. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь актын хугацаа сунгах бол сунгагдсан хугацаагаар тохирсон хувь хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж "Ард даатгал" ХХК-ийн нөхөн төлбөрийн албанаас шийдвэрлэсэн. Эрх бүхий байгууллага нь иргэн Т.Ганцэцэгийг хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүйгээр алдсан гэж шийдвэрлээгүй, зөвхөн 6 сараар хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэсэн байхад даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр олгох нь Даатгалын тухай хууль, даатгалын гэрээ, даатгалын ашиг олохгүй байх зарчимтай зөрчилдөх болно. Даатгалын тухай хууль, даатгалын суурь зарчмын дагуу даатгалын нөхөн төлбөрийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар буюу 6 сарын хугацааны нөхөн төлбөрийг олгохоор байна.

Т.Ганцэцэг өвчтэй байснаа нуун дарагдуулсан байх магадлалтай, Даатгалын тухай хуулийн 8.5.2-д худал мэдүүлсэн, хуурамч материал бүрдүүлсэн бол даатгалын нөхөн төлбөр авах эрхгүй болох ба нэхэмжлэгч зээлийг бүрэн хэмжээгээр төлүүлэх гэж байгаа нь ашиг олох зорилготой мэт харагдаж байгаа ба даатгуулагч нь бодит хохирлыг нэхэх эрхтэй. Хэрэв эрх бүхий байгууллага нь актын хугацааг сунгах бол сунгагдсан хугацаагаар гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгоно. Мөн гэрээнд даатгалын тохиолдол үүсэх үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс тооцон нөхөн төлбөр төлөхөөр тохирсон байгаа тул үндсэн зээлийн төлбөрийг даатгалын байгууллага төлөх ёстой. Үндсэн зээл болох 479 415 төгрөгийг бодож олгосон, гэтэл нэхэмжлэгч зээлийн гэрээ дуусах хүртэлх хугацааны төлбөрийг нэхэж байгаа нь үндэсгүй. Иймд Т.Ганцэцэгт эрх бүхий байгуулагын хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд ногдох хэмжээтэй хувь тэнцүүлэн даатгалын нөхөн төлбөр олгох нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Ард даатгал" ХХК-иас нийт 1 147 360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 895 487 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Ард даатгал" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 32 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Ганцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж өөрийн гаргасан нэхэмжлэлээ бүрэн нотолж шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх хэт нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд өвчний түүхтэй холбоотой болон "Ард даатгал” ХХК-ийн даатгалын эрсдлийг хариуцах эрх зүйн харилцаатай холбоотой бүхий л нотлох баримтууд болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүгнэлт тайлбар зэрэг тухайн хууль зүйн үр дагавар бүхий нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэх нотлох баримтуудыг хангалттай цугларсан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харахад гэрээний хүчин төгөлдөр байх хутацаанд 56 хувийн эрсдлийг даатгагч нь хариуцахаар тохирсон хэмээн үзсэн хэрнээ хөдөлмөр алдалтын хувь хэмжээг тогтоосон акт нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гарч тогтоогдож байна гээд, гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон байна гэсэн нь нэг асуудлыг хоёр өөр утга агуулгаар, өөр хоорондынх нь нарийн уялдаа холбоог сайтар дүгнэн үзэлгүй асуудлыг шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Тухайлбал, гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болж байгаа бол гэрээний хүчинтэй байх хугацаанд тухайн үйл явдал болж өнгөрч улмаар хөдөлмөрийн магадлах комиссоор орж хөдөлмөрийн чадвар алдалтыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тогтоосон байна. Гэтэл шүүхээс гэрээний харилцаа дууссаны дараа тухайн үйл явдал болж өнгөрсөн хэмээн үзэж миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Шүүх өөр хоорондоо зөрчилдсөн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаагийн зэрэгцээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, хууль болон гэрээнд зааснаар тохиролцсон эрсдлийг даатгагч хариуцаж нэхэмжлэгчид нөхөн төлбөр төлөх үүрэгтэй хэмээн үзсэн хэрнээ 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хоорондох эрсдлийг тооцож хангасан нь буруу гэж үзэж байна. Энэ нь хууль болон гэрээнд заасан агуулгуудыг бүрэн зөрчиж байна. Даатгалын 3 талт гэрээг байгуулах явцад болон гэрээнд зааснаар гэрээний хугацаанд эрсдлийг хариуцах талаар нарийн зохицуулалтуудыг огт тусгаж өгөөгүйн зэрэгцээ ийм зохицуулалт байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэсэн. Харин эрсдлийг ипотекийн зээлийн гэрээний хугацаанд нь хариуцаж барагдуулах талаар тохиролцож мөн даатгалын гэрээг жил бүр сунгаж байх нөхцлүүдийг гэрээнд тусгасан байдаг. Гэтэл бодит эрсдэл өөрөө гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд бий болчихоод байхад үүнийгээ зөв хэмээн дүгнэсэн атлаа үүргээ биелүүлэхгүй байгаа даатгалын компанийн талд хууль зөрчин байж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Шийдвэрийн “Иймд хариуцагч "Ард даатгал" ХХК-иас 1 147 360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 895 487 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна" гэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль болон гэрээнд заасан үндэслэл журмын дагуу "Ард даатгал" ХХК нь даатгалын эрсдлээ хүлээн зөвшөөрч эрсдлээ хариуцан "Хаан банк" ХХК-д төлж барагдуулах ёстой хэмээн үзэж байна. Үүнийг миний бие нотлож Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/135 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар ердийн өвчнөөс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацаа тогтоосон. Үүний 7 дугаар зүйлд Мэс заслын өвчин, 7,47, хорт хавдрын улмаас уушиг, ходоод, элэг, шулуун гэдэс зэрэг эрхтэн тайрсан ба авах хагалгаа хийлгэсэн бол хийлгэсний дараах 3-5 жилд хөдөлмөрийн чадвар алдалт 70-90 хувь байхаар тогтоосон холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Түүнчлэн эрх бүхий байгууллга эрүүл мэндийн салбарт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудад заасан үндэслэл журмын дагуу хорт хавдар оноштой тохиолдолд 6 сараар сунгалт хийж явдаг тул байнгын хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувьтай гэсэн бичиг гаргах боломжгүй байгааг хангалттай тогтоогдож байхад шүүх буруу дүгнэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд гомдлыг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Ганцэцэг нь хариуцагч “Ард даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 31 042 847 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан нь тогтоогдсон боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 6 сараар тогтоосон тул энэхүү хугацаанд тохирсон зээлийн төлбөрийн хэмжээгээр нөхөн төлбөрийг төлж, уг хугацаа сунгагдах тухай бүрт даатгалын нөхөн төлбөрийг тухайн үед шийдвэрлэнэ гэсэн үндэслэл заан маргажээ.

 

            Нэхэмжлэгч Т.Ганцэцэг нь Хаан банктай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ 574 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 56 574 480 төгрөгийн зээлийг орон сууцны зориулалтаар авсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Ард даатгал” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ, Зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээг тус тус байгуулсан тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх Зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээний зүйл нь нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн амь нас, эрүүл мэнд байсан бөгөөд нэхэмжлэгч нь шулуун гэдэсний хорт хавдар оноштойгоор мэс ажилбарт орж хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар тогтоосон нөхцөл байдал хэргийн 12, 31-33 дугаар талд авагдсан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн актаар тогтоогдож байна.

 

Дээрх байдлаар уг даатгалын гэрээнд заасан тохиолдол бий болсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон зохигчид энэ талаар маргасан байх боловч даатгалын нөхөн төлбөрийн хэмжээний талаар маргаж байна.

 

Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгаанд зааснаар даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр төлөхөөр заажээ. Нэхэмжлэгч Т.Ганцэцэг нь шулуун гэдэсний хорт хавдар оноштойгоор мэс ажилбарт орж хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар тогтоосон нь зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээний эрсдлийг даатгасан хугацаанд буюу даатгалын гэрээний хугацаанд бий болсон гэж үзнэ.

 

Хэргийн 14 дүгээр талд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 9/1336 тоот албан бичигт “талууд гэрээнд зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш алдах үед нөхөн төлбөрийг олгохоор тохиролцсон ба даатгалын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа даатгалын тохиолдол үүсэхэд олгох нөхөн төлбөрийг даатгалын тохиолдол үүсэх үеийн зээлийн үлдэгдэл дүнгээс тооцохоор тохирсон тул үндсэн зээлийн үлдэгдлээс 56 хувьд тооцож даатгуулагч Г.Ганцэцэгт дутуу олгосон нөхөн төлбөрийг олгохыг” мэдэгдсэн байна.

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар тогтоох журам тогтоосон Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/137 тоот тушаал нь даатгалын тохиолдол бий болсныг үгүйсгэх бол сайн дурын, зээлдэгчийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон хууль тогтоомж биш тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Хэргийн 34 дүгээр тал дахь 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн даатгалын баталгаат гэрээ, даатгалын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 30514002462-1 тоот гэрээний 1.12-д даатгалын тохиолдол үүсэхэд олгох нөхөн төлбөрийг даатгалын тохиолдол үүсэх үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс тооцох ба үндсэн зээлдэгч Т.Ганцэцэг 56 хувиар нөхөн төлбөрийг төлөхөөр тохирсон байна.

 

Зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээнд хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг хязгаарлахаар талууд тохиролцоогүй байх бөгөөд шүүх даатгалын гэрээний хугацаагаар хязгаарлаж нөхөн төлбөрийг гаргуулж байгаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын тохиолдол бий болосон нөхцөлд даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх зохицуулалт болон гэрээний тохиролцоонд нийцэхгүй тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагатай байна.

 

Хэргийн үйл баримтаар талууд гэрээндээ даатгалын нөхөн төлбөрийг хэлэлцэн тохиролцсон ба хэлэлцэн тохиролцсон нөхөн төлбөр нь зээлийн үндсэн үлдэгдэл төлбөрийн 56 хувь гэж заасан байх тул зээлийн үндсэн үлдэгдэл төлбөр нь даатгалын тохиолдол үүсэх үед 31 042 847 төгрөг байснаас “Ард даатгал” ХХК-ийн төлсөн 479 415 төгрөгийг хасч, үлдэгдэл 30 563 433 төгрөгийг хариуцагч “Ард даатгал” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/0371 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ард даатгал” ХХК-иас 30 563 433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 479 415 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “32 100 төгрөг” гэснийг “310 767 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ганцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ