Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 713

 

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

          прокурор Р.Энх-Оюун,

          ялтан Н.Б-ын өмгөөлөгч Б.Зулбаяр,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Б-ын өмгөөлөгч М.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-д холбогдох эрүүгийн 2016 2601 2125 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Н.Б, 1992 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 44 дүгээр байрны 78 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: /;

Н.Б нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын Их дэлгүүрийн орчим иргэн Г.М-өөс “аяллын журмаар БНСУ-ын виз гаргаж өгнө, виз гаргаж өгдөг хүн байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг бие болгон бэлнээр 1.000.000 төгрөгийг авч залилсан,

- 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Япон улсаас захиалгаар автомашин оруулж ирж байгаа шүү, сонирхвол холбогдоорой” гэж фейсбүүкээр мессеж бичиж холбогдон, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” төвийн нэг цэгийн үйлчилгээний газрын нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан батлуулж, цахим хэрэгсэл, баримт бичиг ашиглаж иргэн Т.М-д ““Приус 20” загварын тээврийн хэрэгсэл Япон улсаас оруулж ирнэ” гэж хуурч 7.500.000 төгрөгийг бэлнээр, Ж.Х-ын эзэмшлийн “Хаан банк”-ны 5064455335 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 8.500.000 төгрөгийг авч залилсан,

- 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан батлуулж, баримт бичиг ашиглаж иргэн Х.Б-д “Япон улсаас автомашин захиалан авчирч өгнө” гэж хуурч Ж.Х-ын эзэмшлийн “Хаан банк”-ны 5064455335 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ““Приус 20” загварын автомашин зуучилж Япон улсаас оруулж ирнэ” гэж интернэтэд зар тавин цахим хэрэгсэл ашиглаж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дархан Минж” худалдааны төвийн гадна иргэн М.Д-д “Япон улсаас “Приус 20” загварын автомашин оруулж ирж өгнө” гэж хуурч 3,000,000 төгрөгийг авч залилсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан баривчлах ялын эдлээгүй үлдсэн 3 сар 6 хоногийн ялыг хэрэгсэхгүй болгож, Н.Б-ыг хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Н.Б-ын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 126 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Н.Б нь хохирогч Г.М, Т.М, Х.Б, М.Д нарт төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Н.Б-ын өмгөөлөгч М.Энхжаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Н.Б-д оногдуулсан ял шийтгэл нь хүнд байна гэж үзэж дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолын хоёр дахь хэсэгт Эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ: “...Харин шүүгдэгч Н.Б урьд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, түүнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэв...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчмыг зөрчиж, хүндрүүлэх байр сууринаас сонгох санкцитай гэмт хэргээс хамгийн хүнд хорих ялыг оногдуулсанд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг шүүх зөрчсөн гэж үзэж байна.

Нөгөө талаар шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой дурдагдсан зүйл бол урьд шийтгүүлсэн үйлдэл холбогдол болон шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн үйлдэл холбогдолтой хамтад нь шийдвэрлэгдэх байсан ба гагцхүү хохирогч гомдол гаргаагүй, өөр хэрэгт шалгагдаж байгаа нь мэдэгдээгүй улмаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шийтгэх тогтоол гарсан. Энэ шийтгэх тогтоол гарах үед бол эдгээр гэмт хэрэг үйлдэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсоны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй.

Шүүгдэгч Н.Б нь ой хүрээгүй нялх хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруу дээр маргаагүй, учруулсан хохирлыг бүрэн барагдуулж хохирогч нараас уучлалт гуйсан байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж хөнгөрүүлж өгнө үү.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, ...бол ялаас чөлөөлөх эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх” хуулийн заалттай нийцнэ гэж үзэж байна...” гэжээ.

Ялтан Н.Б-ын өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч М.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ялтны гэмт бурууд тохирсон, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...”

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.Б нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын Их дэлгүүрийн орчим иргэн Г.М-өөс “аяллын журмаар БНСУ-ын виз гаргаж өгнө, виз гаргаж өгдөг хүн байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг бие болгон бэлнээр 1,000,000 төгрөгийг авч залилсан,

- 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Япон улсаас захиалгаар автомашин оруулж ирж байгаа шүү, сонирхвол холбогдоорой” гэж фейсбүүкээр мессеж бичиж холбогдон, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” төвийн нэг цэгийн үйлчилгээний газрын нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан батлуулж, цахим хэрэгсэл, баримт бичиг ашиглаж иргэн Т.М““Приус 20” загварын тээврийн хэрэгсэл Япон улсаас оруулж ирнэ” гэж хуурч 7,500,000 төгрөгийг бэлнээр, Ж.Х-ын эзэмшлийн “Хаан банк”-ны 5064455335 дугаарын дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 8,500,000 төгрөгийг авч залилсан.

- 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан батлуулж, баримт бичиг ашиглаж иргэн Х.Б-д “Япон улсаас автомашин захиалан авчирч өгнө” гэж хуурч Ж.Х-ын эзэмшлийн “Хаан банк”-ны 5064455335 дугаарын дансаар 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ““Приус 20” загварын автомашин зуучилж Япон улсаас оруулж ирнэ” гэж интернэтэд зар тавин цахим хэрэгсэл ашиглаж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дархан Минж” худалдааны төвийн гадна иргэн М.Д-д “Япон улсаас “Приус 20” загварын автомашин оруулж ирж өгнө” гэж хуурч 3,000,000 төгрөгийг авч залилсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Т.М-ийн “...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төв дээр уулзаад нэг цэгийн үйлчилгээний төвийн нотариат дээр уулзаад Н.Б-тай ярилцаж тохиролцоод урьдчилгаа 4,500,000 төгрөгийг бэлнээр өгөөд автомашинаа ирэхээр нь үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөхөөр болоод зээлийн гэрээ хийгээд салсан. Автомашиныг Япон улсаас 21 хоногийн дотор оруул ирнэ гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “автомашин юу болов” гэж асуухад “замдаа явж байгаа, ойрд жаахан ажил ихтэй, мөнгө хэрэг болоод байна, 3.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би түүнд тус болох үүднээс автомашины үлдэгдэл мөнгө байгаа тул би түүнд надаас ав гээд 3,000,000 төгрөгийг өөрийн гэртээ түүнийг дуудаж бэлнээр өгсөн. ...2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Н.Б над руу утсаар залгаад “автомашин чинь Замын-Үүд дээр ирчихлээ, гаалийн байцаагчид мөнгө өгөх шаардлагатай байна” гээд надаас үлдэгдэл 1,000,000 төгрөгөө шилжүүлчих гээд “Хаан банк”-ны 5064455335 тоот Ж.Х гэх хүний данс руу хийлгүүлсэн...” /1-р хх- 53-55/,

хохирогч Г.М-ийн “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн ард байрлах байрны зогсоолд дээр миний 84-38 УББ улсын дугаартай “Аксент” загварын автомашин дотор уулзсан. Тэгээд Н.Б-д өөрийн гадаад паспорт, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” /1-р хх-89-90/,

хохирогч Х.Б-ын “...Н.Б-тай 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн Прокурорын газрын урд талын нотариат ороод зээлийн гэрээ байгуулаад урьдчилгаа 2,000,000 төгрөгийг Н.Б-ын эхнэр Ж.Х-ын “Хаан банк”-ны 5064455335 дугаарын данс руу шилжүүлсэн тэгээд маргааш залгасан чинь утаснууд нь холбогдохгүй байсан...” /1-р хх-160-161/,

хохирогч М.Д-гийн “...2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр интернетээр зар үзэж байтал ““Приус 20” загварын автомашин зуучилж Япон улсаас оруулж ирнэ” гэсэн зарын дагуу “Batuka Batka” гэсэн фейсбүүк хаягаар холбогдоход 8.900.000 төгрөгөөр зарна гээд 2 автомашины зураг явуулсан. Тэгээд “30 хувийн урьдчилгааг нь өгчихвөл 14 хоногийн дотор автомашиныг чинь оруулж ирнэ, үлдсэн мөнгөө хувь лизингээр төлж болно” гэхээр нь маргааш нь 91007009 гэсэн дугаараар холбогдон Н.Б гэх залуутай Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дархан Минж” төвийн урд уулзтал “өнөөдөр мөнгөө өгчихвөл аль болох хурдан явуулна, наашаа ачигдсан байгаа учир гаалийн болон ачаа тээврийнх нь мөнгө дутаад байна” гэхээр нь бид хоёр нотариат руу орж зээлийн гэрээ байгуулаад Н.Б-д бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн...” /2-р хх-36-37, 62/,

 

гэрч Ж.Х-ын “...Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр надаас “дансныхаа дугаарыг өгчих” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэж асуухад “хүн над руу мөнгө шилжлүүлэх ёстой юм” гэхээр нь картаа өгчихсөн. Орой нь хамт дэлгүүр оронгоо Н.Б миний картанд мөнгө байгаа эсэхийг шалгуулсан чинь 1,000,000 төгрөг орчихсон байхаар нь би түүнээс “юун мөнгө юм бэ” гэхэд Н.Б “хүнд дамжуулж өгөх мөнгө байгаа юм” гэж хэлсэн. ...2016 оны 11 дүгээр сард санагдаж байна миний дансанд 2,000,000 төгрөг орсон байсан...” /1-р хх-56-57, 162-163/,

гэрч Д.А-ны “...Т.М нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр намайг ажил дээр байхад над руу орж ирээд “захирлаа надад чөлөө өгөөч би гэр лүүгээ харих хэрэгтэй байна, мөнгө авч хүнд өгөх гэж байгаа юм, би автомашин авах гэж байгаа” гэхээр нь би “чи ажлаа хий надаас 1,000,000 төгрөг түр авчих” гэж хэлээд би өөрийн “Худалдаа Хөгжлийн банк”-ны 457037668 тоот цалингийн данснаасаа “Сансар” худалдааны төвд байрлах “Худалдаа Хөгжлийн банк”-ны салбараас Ж.Х гэж хүний нэр дээр байдаг 5064455335 тоот “Хаан банк”-ны данс руу банк хоорондын гүйлгээгээр 1,000,000 төгрөг шилжүүлсэн ба утга нь дээр нь Т.М-оос төлбөр гэж шилжүүлсэн...” /1-р хх-72/,

гэрч Д.М-гийн “...Н.Б нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөртэй “Драгон” төвийн тэнд уулзаад “урьдчилгаа мөнгөө өгчих” гэхээр нь 4,500,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан Н.Б-д өгсөн байсан. Ингээд байж байтал 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Н.Б манай нөхөр лүү яриад “байрны урьдчилгаа хийх гэж байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг болоод байна, 3,000,000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь гэртээ ирээд авчих гэж хэлсэн байдаг. Тэгээд намайг гэртээ байж байтал шөнийн 00 цагийн үед Н.Б манай нөхөртэй хамт гаднаас цуг орж ирээд би хадгалсан байсан 3,000,000 төгрөгөө Н.Б-д өгөөд явуулсан. ...Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр манай нөхөр лүү Н.Б яриад “автомашин чинь гааль дээр ирчихлээ, жоохон асуудал гараад байна, үлдэгдэл мөнгөө шилжүүлчих” гэж хэлэхээр нь манай нөхөр даргаасаа мөнгө авч дансаар шилжүүлсэн...” /1-р хх-110/ гэх мэдүүлгүүд,

зээлийн гэрээ /1-р хх-67, 152, 2-р хх-43/, хохирол төлсөн баримт /2-р хх-56, 57,  70, 71, 72/, ялтан Н.Б-ын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Ялтан Н.Б-ын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба ялтны гэм буруу, хувийн байдал, учруулсан гэм хорд тохирсон, хүнд бус ялаар шийтгэсэн байна.

Ялтан Н.Б-ын өмгөөлөгч М.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд “...Шүүгдэгч Н.Б нь ой хүрээгүй нялх хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруу дээр маргаагүй, учруулсан хохирлыг бүрэн барагдуулж, хохирогч нараас уучлалт гуйсан байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Н.Б нь хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, ялтан Н.Б-ын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, шүүхээс оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Н.Б-ын өмгөөлөгч М.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Б-ын өмгөөлөгч М.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ