Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/104

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Г.Золзаяа,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Э.Мг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201726010265 дугаар хэргийг 2017 оны 3 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Булган аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “С” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчний ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Э-гийн М /РД:*****/.

Сэжигтэн Э.М нь 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байх гэртээ хамтран амьдрагч Б.Бтэй “хүүхэд буруу уншууллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гуян тус газарт өшиглөж, бие махбодид нь зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор/

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчтой эвлэрсэн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Ханийгаа дахиж уурлуулж гомдоохгүй” гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 1 дүгээр сарын 08-нд Э.Мгийн дүүгийн хичээлийг уншуулж байхад намайг дүүгийнхээ хичээлийг буруу уншуулж байна гээд цохисон. Тэр үед М над руу гутал шидээгүй, харин зүүн гуя руу өшиглөсөн. Тэгээд Э.М “чамтай амьдарч чадахгүй юм байна” гээд манай ээж рүү утсаар ярьсан. Ээж өөдөөс нь “хотод байдаг хамаатны эгчийнд нь хүргэж өг” гэж хэлсэн. Одоо Мтай эвлэрсэн. Цаашид хамтран амьдрах болно. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

201726010265 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн 

Хохирогч Б.Бгийн: ...2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр би нөхрийнхөө төрсөн дүү М.Б /6 настай/-ийн хичээлийг давтуулж байтал нөхөр гаднаас орж ирээд намайг хүүхэд буруу уншууллаа гээд гараараа зүүн талын хөхний дээд талд нэг удаа цохиод авахаар нь би уурлаж өөрсдөө намайг уншуул гэж хэлчихээд одоо болохоор худлаа уншууллаа гээд байхдаа яадаг юм гэж хэлтэл М уурлаж миний зүүн талын гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд М миний ээж рүү залгаад “энэ пиздагаа ав, би энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй” гэж утсаар ярьсан тул манай ээж “эхнэр хүүхдээ ямар нэгэн аргаар хот руу оруулж өг” гэж хэлсний дагуу М хүү бид хоёрыг ээжийн хамаатан болох нэг айлд хүргэж өгсөн. Тэгээд би хүүтэйгээ хамт айлд 10 хоносон /хх-13-15/,

Насанд хүрээгүй гэрч М.Б-ийн: ...Миний хичээлийг Б эгч буруу уншуулаад байсан. Тэр үед М ах гаднаас орж ирээд “чи буруу уншуулаад байна холбож уншуулна” гэж хэлснээс болоод хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл Б эгч “намайг үхүүл таарна зайл” гэж гэрээсээ хөөж, намайг М ахын дүү нь биш гэж хэлсэн тул би уйлаад гараад явсан. Хэрэлдэж байхдаа Б эгч агааг гутлаар цохиод байсан гэх мэдүүлэг /хх-17/,

Гэрч Г.Б-ийн: “...Тэр өдөр манай гэрт үдээс хойш ирсэн. Нөхөр нь хүргэж ирсэн юм шиг байсан. Би орж ирэхэд нь юу хийж яваа юм бэ гэж асуутал нөхөр М зодсон гэж хэлж байсан. Би өөр юм асуугаагүй. Б манайд ирэхдээ уйлсан бололтой байсан. Биед нь ил харагдах гэмтэл байхгүй байсан. Зүүн хөлний гуя нь нилээд том хэмжээтэй хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч Г.С-ийн: ...Над руу М залгаад “энэ пиздагаа ирж ав, энэ бид 2 амьдарч чадахгүй юм байна” гэж хэлэхээр нь би “за чи тэгж бодож байгаа юм бол хүн чанар гаргаад Бг эгч дээр нь хүргээд өгчихөөрэй” гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй утсаа салгасан. Би хөдөөнөөс хот руу ирэх гэтэл унаа олдохгүй 8 хоногийн дараа ирсэн. Бгийн зүүн хөлний гуя нь 2 хэсэг газар хөх алаг шарлангуй туяатай болчихсон байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг /хх-21/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.01.23-ны өдрийн 1775 дугаар дүгнэлтэд: 1. Б.Бгийн биед зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-24/,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: Зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг өнгөний хувирлаар 6-10 хоногт шар өнгөтэй, 3-6 хоногт ногоон өнгөтэй, бага хэмжээний цус хуралт нь 2 долоо хоногтоо шимэгддэг тул 10 хоногийн дараа эмчид үзүүлэхэд илрэх боломжтой гэмтэл гэх мэдүүлэг /хх-22/,

Э.Мгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 2017 оны 1 дүгээр сарын 07-ны орой манай дүү Батсүлд манайд ирж хоносон. ...10 цагийн орчим гэртээ орж ирэхэд эхнэр Б дүүгийн хичээлийг уншуулж байсан. Дүүгээсээ уншиж чадаж байна уу гэж асуутал манай дүү Б аниа намайг буруу уншуулаад байна гэж хэлэхээр нь би ингэж уншуулна шүү дээ гэж эхнэртээ зааж өгсөн. Тэгтэл эхнэр уурлаж энэ гуйлгачин чинь худлаа хэлж байна гээд хэл үгээр доромжилж эхэлсэн тул би эхнэрээ энэ муухай зөрүүд зангаа засаач гэж хэлтэл галын хайчаар намайг цохиж энэ дүүгээ аваад зайл гэж хөөгөөд байхаар нь би дүүгээ дагуулаад гартал миний араас Б хүүхдийн гутал шидэхээр нь би зөрүүлээд шидсэн. Тэгээд Бгийн ээж рүү залгаад “та охиноо ирж ав манайд миний ах дүү нар ирж болдоггүй юм уу Бдээ хэлээч” гэж хэлсэн. Ээж нь Бтэй ярья гэхээр нь би утсаа Бд өгчихөөд гараад буцаад орж ирэхэд хувцсаа цүнхэнд хийж байхаар нь би яах гэж байгаа юм бэ гэж асуутал би хүүхдээ аваад явнаа гээд байхаар нь би ээж рүү нь дахин залгаад өнөөдөр амралтын өдөр унаа тэрэг олдохгүй, яах юм бэ гэхэд унаанд суулгаж өг гэхээр нь хот руу хүргэж өгсөн. Хэд хоногийн дараа ээжтэйгээ ирээд эд зүйлээ аваад явсан гэх мэдүүлэг /хх-33/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, оршин суух газрын тодорхойлолт /хх-39/, шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолт /хх-40/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.  

Шүүгдэгч Э.М 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байх гэртээ хамтран амьдрагч Б.Бтэй “хүүхдийн хичээл буруу уншууллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гуян тус газарт өшиглөж, бие махбодид нь зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан боловч хохирогч Б.Б хохирол нэхэмжлэхгүй гэснийг харгалзан шүүгдэгч Э.М бусдад төлөх төлбөргүй болно.

Түүнчлэн хохирогч “гомдол саналгүй, шүүгдэгч Э.Мтай сайн дураараа эвлэрсэн” тухайгаа илэрхийлж хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн тул хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байна гэж дүгнэн Э.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Эийн Мг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Э.Мг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Э.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Мд авсан бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Л.БААТАР