Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа, Г.Мөнгөнцэцэг, П.Одонтунгалаг

Хохирогч, Шүүгдэгч: Ж.О, Б.Нг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат-Өлзийгийн Нг, Тайж овогт Жанцандоржийн О нарт холбогдох 1929001380080 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч Ж.О нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт хамтран амьдрагч Б.Нг байнга буюу 2018 оны 06 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 1-2, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Нг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Ж.Отэй маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.О мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгаас Цагаан хаданд ирсэн. Том охиныхоо хонхны баярт орчихоод 16-ны орой цагаан хаданд ирсэн. 05 дугаар сарын 17-ны өглөө 04 цаг өнгөрч байхад Б.Нг хотоос цагаан хаданд ирсэн. Намайг дэлгүүрт унтаж байхад Б.Нг ирээд хаалга маш хүчтэй цохисон, намайг онгойлоход маш ууртай орж ирсэн. Ямар удаан хаалга нээдэг юм бэ? гээд цүнхээ шидэж эхэлсэн. Би бодохдоо нөхөртэйгөө муудсан юм байхдаа гээд нээх тоогоогүй. Буцаад орондоо хэвтээд өглөө 06 цаг болж байхад би босоод хашаагаа цэвэрлээд буцаж орж ирэхэд Нг намайг элдвээр хэлээд “п.... минь, гөлөг минь” гэж харааж эхэлсэн. Би “чи одоо болио, яриа чинь хэтэрлээ гэсэн чинь над руу юм авч шидсэн. Тэгээд миний утас дугараад урдаас ачаа ирчихлээ ирж ав гэсэн. Тэгээд явж сэлбэгээ авчраад дэлгүүрт оруулахад над руу юм шидэж сандлаар гарлуу цохисон. Намайг сандлыг нь булааж авахад над руу дорцов барьж дайрсан. Гар, мөрлүү шууд цохиж авсан. Би дорцовыг булааж аваад шидэхэд лангууны шилийг цохиж хагалсан. Намайг гарах гэхэд хоолой боогоод цамцнаас зулгаагаад үлдсэн. Тэр үед муудалцаж байх үед манай худалдагч Буд эгч орж ирээд маргаан зогссон. Бид 2-ын хооронд мөнгө төгрөгний хэрүүл байсан. Би 2-уулаа банк ороод чамд дансны хуулгаа үзүүлье гэсэн гээд бас нэг хужааг авч явахаар засварын гадаа очсон тэнд машин дотор мөн хэрэлдэж байгаад,машины голд байсан лаазтай пиво надруу авч шидсэн. Тэр нь хагараад задарсан байсан. Би жолоочийн эсрэг суудал дээр, Нг жолооны ард суусан байсан. Би лаазыг нь булаацалдаж байсан чинь мөрний ард лаазаараа зүсээд байсан...“  гэв.

Б.Нгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 33-37-р хуудас/ 

Б.Нгийн гэрч, хохирогчоор өгсөн: “...Улаанбаатар хотоос замын унаагаар Цагаанхаданд 05 дугаар сарын 17-ны өглөө 05 цагт гэртээ ирээд унтахаар орондоо ороход О зөрж босоод хашаан дотор төмөр шидээд, нохой орилуулж байгаад эргээд ороод ирсэн ... О миний толгойруу гараараа олон удаа, баруун шанааруу нэг удаа, толгойны ар дагзруу 2 литрын савтай маслоор олон удаа цохиж, гуяруу өшиглөж, үснээс зулгаасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36, 47-р хуудас/ 

Ж.Оийн гэрч, хохирогчоор өгсөн: “...Миний биед тархи доргилт, зүүн гарын шуу, мөр, зүүн гуяны дотор талд хөхрөлт, зүүн тохой хавдаж хөхөрсөн байсан. Мөн биеийн нилээд хэсэгт гүн зүсэгдсэн олон тооны шарх гэмтлүүд учирсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43, 61-р хуудас/ 

Гэрч Ч.Буджавын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 05 цагийн үед Нг ирсэн. Тэгээд удаагүй байж байтал дуу чимээ гараад хүн орилоод байсан. Ямар ч байсан Нг “болиоч” гээд орилоод байсан. О юм шидлээд байх шиг байсан ... Оийг анзаараагүй. Нгийн үс нь сэгсийсэн байсан. Тэгэхээр нь энэ хоёрыг зодолдсон юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаартай:

1. Б.Нгийн биед толгойн дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой гуянд зулгаралт, баруун бугалга, шуу, бугуй, зүүн бугалга, шуу цээж, баруун гуя, өвдөг, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 69-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаартай:

1. Ж.Оийн биед цээж, зүүн мөр, бугалга, шуу гуянд зулгаралт, толгойн дагзны хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 70-р хуудас/

Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...Ж.Оийн биед үүссэн зулгаралт нь мохоо эд болон хурц өнцгөөр шүргэх, нидрэх мөн дарах, шахах үйлчлэлээр үүсгэгдэх арьсны өнгөц давхарга эпидермис болон салст бүрхүүлийн хучуур эсийн давхаргын гэмтэл юм. Иймд зулгаралт нь лаазаар үүсгэгдэж боломжтой...” /1-р хх-ийн 104-105-р хуудас/

Ж.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 121-122-р хуудас/

Б.Нгийн яллагдагчаар өгсөн: “ ...Ж.Оийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ... Ж.О пивоны лааз ураад уранхай хэсгийг нь бариад надруу дайрсан. Би өөрийн биеэ хамгаалахын тулд лаазыг булааж авсан. Ж.О уг пивоны лаазыг надаас булааж авахаар надруу дайрсан. Бид хоёр пивоны лаазыг булаацалдаж байх үед Оийн биед нь лаазаар зүсэж гэмтэл учруулсан...” /1-р хх-ийн 125-р хуудас/

Гэрч П.Отгондалайн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний орой Насанбум эгчийн гэрт байхад Нг их сандарсан байдалтай, үс болон биеийн хэсгээс нь бензин үнэртэж, нүүрний орчим нь баруун талаараа цус болчихсон байсан. Нг “Очироо чинь бензин цацаж шатааж ална гээд байна шдээ” гэж хэлсэн...” /2-р хх-ийн 10-р хуудас/

Гэрч А.Насанбумын мэдүүлэг /1-р хх-ийн 52, 2-р хх-ийн 47-р хуудас/

Гэрч Б.Наранбатын мэдүүлэг /2-р хх-ийн 48-р хуудас/

Гэрч Ч.Буджавын дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 7-8-р хуудас/

Яллагдагч Ж.Оийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 69-71-р хуудас/

Яллагдагч Б.Нгийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 72-76-р хуудас/

Шүүгдэгч Ж.Оийн хувийн байдлын талаар

Шүүгдэгч Ж.Оийн арилжааны банкуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /1-р хх-ийн 137-182-р хуудас/

Шүүгдэгч Ж.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 131-р хуудас/

Шүүгдэгч Ж.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 132-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Нг хувийн байдлын талаар

Шүүгдэгч Б.Нг арилжааны банкуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /1-р хх-ийн 203-205-р хуудас/

Шүүгдэгч Б.Нг гадаад паспортын хуулбар /1-р хх-ийн 186-193-р хуудас/

Шүүгдэгч Б.Нг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 35-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.О нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт хамтран амьдрагч Б.Нг байнга буюу 2018 оны 06 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 1-2, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 Шүүгдэгч Ж.Оийг хамтран амьдрагч Б.Нг байнга буюу 2018 оны 06 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 1-2, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэж эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар,   эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Нг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.  

 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг/ эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/-ийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг/ эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл/-ээс  обьектив талын үндсэн шинж болох хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн, халдлагад өртөгчөөр нь ялгаж зүйлчлээгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан БНХАУ-ын иргэн Б.Нг нь 2014 оны 05 сарын 01-ны өдөр Монгол улсын иргэн Энхбаатарын Алтанбаганатай гэр бүл болж бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/ 2-р хавтас 140-рт/ , шүүгдэгч Ж.О нь эхнэр Б.Бадамханд, охин Оийн Хүслэн, охин Оийн Хулан, Оийн Эмүжин нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уулын 18-2 тоотод 2010 оноос хойш оршин сууж байгааг тодорхойлсон Даланзадгад сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолт /2-р хавтас 141-рт/, Б.Нгаас мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 сарын 17-ны өдрийн гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд “…одоо нөхөр Алтанбагана охин Энхрий нарын хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 19-р хороо доод салхитын 154 тоот түр оршин суудаг…” / 1-р хавтас 44-рт/  гэсэн хэрэгт авагдсан баримтуудаар Ж.О, Б.Нг нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч байсан гэсэн үйл баримт  үгүйсгэгдэж байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгч Ж.От холбогдох хэрэг нь тогтоогдохгүй байна гэж үзээд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Ж.О нь Б.Нг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Нг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Нг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас Б.Нг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Ж.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 -Шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ж.О нь хавтаст хэргийн хүрээнд орлогоо нотолсон тул 450 нэгжээр торгох саналыг оруулж байна гэсэн дүгнэлтийг

-Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгчөөс хүчирхийллийн эсрэг хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй боловч  өөрийгөө хамгаалах гэсэн үйлдэл тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх өгнө үү  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Нг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял   оногдуулав.

Бусад асуудлаар: Шүүгдэгч нар нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх

хэсгийн 1.1-д зааснаар Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох хэргийн зүйлчлэлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

  1. Шүүгдэгч Б.Нг, Ж.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Оийг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Ж.О, Б.Нг нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА