Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 27

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

           Прокурор:  Д.Ганчимэг /Өмнөговь аймаг, Ханбогд сумаас онлайнаар/

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа, П.Одонтунгалаг

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолтой Б.Н, Ж.О нарт холбогдох 1929001380080 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн гомдол, прокурор Д.Ганчимэгийн эсэргүүцлийг үндэслэн  2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Бүгд найрамдах Хятад ард улсын харьяат, 44 настай,  ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ял, 500000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлж, хорих ялыг хойшлуулж байсан.

Монгол Улсын иргэн, 37 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй.

Шүүгдэгч Ж.О нь хамтран амьдрагч Б.Н байнга буюу 2018 оны 06 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 1-2, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Н  2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч  Ж.Отэй маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч Ж.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох хэргийн зүйлчлэлийг 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Н, Ж.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Оийг 100  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Шүүгдэгч Ж.О, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ганчимэг нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:                             “...Прокуророос яллагдагч Ж.Оийг  хамтран амьдрагч Б.Н байнга буюу 2018 оны 06 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 01-02, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, яллагдагч Б.Н 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Ж.Отэй маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хэрэгт авагдсан Б.Н-ийн гэрч, хохирогчоор нийт 4 удаа өгсөн мэдүүлэгт “Ж.Отэй 2017 оны 08 дугаар сараас хамт амьдарч байсан. Хамтран амьдрагч” гэх /1хх- ийн 33-37, 47, 125х, 2хх-ийн 72-76х/, Ж.Оийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “Сэлбэгийн дэлгүүр Б.Н бид хоёрын дундын дэлгүүр ... Б.Н 2017 оноос 2019 оны 04 сар хүртэл хамт амьдарсан” гэх /1хх-ийн 49х, 2хх-ийн 69-71 х/, гэрч Ч.Б “Ж.О, Б.Н нар хамтран амьдардаг байсан” гэх /1хх-ийн 54-55/, гэрч Б.Н “2016 оноос манай хажуу талд газар авч хөрш болсон. 2018 оноос Б.Н болон Ж.О нар нь хамтарч сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг болсон” гэх /1хх-ийн 56х/, гэрч Ш.Эр “Энэ хоёр хүн хамт ажиллаж, хамт амьдардаг хүмүүс. Би энэ хоёр хүнийг эхнэр, нөхөр гэж боддог” гэх /1хх-ийн 59х/, гэрч Р.А “Тэр хоёр хамт бизнес хийж, хамт амьдардаг байсан” гэх /1хх-ийн 63-64/, гэрч А.Н “Б.Н, Ж.О нар хоёр жилийн өмнөөс хамтран амьдарч байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 52, 2хх-ийн 48/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар Ж.О, Б.Н нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулаагүй ч, хамт амьдарч байсан хамтран амьдрагч буюу “гэр бүлийн хамаарал бүхий этгээд” болох нь тогтоогддог.

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “Б.Н нь иргэн Э.А, Ж.О нь иргэн Б.Б гэрлэлтийн баталгаатай гэснийг үндэслэн шүүгдэгч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч байсан гэх үйл баримтыг үгүйсгэж, Ж.От холбогдох Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн зүйлчлэлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй. 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулаагүй ч хамт амьдарч байсан хамтран амьдрагч буюу “гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэнэ”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар ““хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд түүний шалгуур шинж /гэрлэлтийн баталгаагаа салгуулсан байх/-ийг хуульчлаагүй.

Хохирогч Б.Н нь Ж.Отэй хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2018 оны 06 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 01-02, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчимд, мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодуулсан талаар мэдүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрч А.Н мэдүүлэг /1хх-ийн 52х/, гэрч Б.Н мэдүүлэг /2хх-ийн 48х/, гэрч Б.Э мэдүүлэг /2хх-ийн 5х/, гэрч П.О мэдүүлэг /2хх-ийн 10х/ зэрэг нотлох баримтуудаар Ж.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байхад прокуророос зүйлчлэн ирүүлсэн яллах талын дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, түүний үндэслэл нь тодорхой бус, ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн  2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд, Ж.О, Б.Н нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч байсан гэсэн баримт үгүйсгэгдэж тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ойлголт, шинж болсон ухагдахууныг тайлбарлахад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг баримтлахгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хамаарал харилцаатай хүн" гэсэн нэр томьёо, ухагдахуун, харилцааг нь тайлбарлаж гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас,  эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх  зүйн үндсийг зохицуулсан байна.

Анхан шатны шүүх Ж.О, Б.Н нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч байсан гэсэн үйл баримтыг  үгүйсгэж, тогтоогдоогүй гэсэн үндэслэл болгож дараах нотлох баримтыг нэрлэн заажээ. Үүнд:

1. БНХАУ -ын иргэн Б.Н нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Э.А гэр бүл болж бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

2. Шүүгдэгч Ж.О эхнэр Б.Б, охин О.Х охин О.Х, О.Э нарын хамт оршин сууж байгааг тодорхойлсон Засаг даргын тодорхойлолт,

3. Б.Наас авсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд ... одоо нөхөр Э.А, охин Э нарын хамт оршин оршин суудаг гэж мэдүүлсэн байна....гэжээ.

Шийтгэх тогтоолд заасан дээрх 3 үндэслэл болгосон нотлох баримтууд нь Ж.О, Б.Н нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд, эсхүл хамтран амьдрагч байсан, байгаагүй талаарх үйл баримтыг шууд нотлох, эсхүл үгүйсгэх нотолгоо биш юм.

Тодруулбал Б.Б, А.Н, Ч.Н, О нараас болон бусад гэрчийн хууль сануулж авсан мэдүүлэг болон хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр гэр бүлийн харилцаатай байсан эсэх, хамтран амьдрагч байсан эсэх нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх дээрх 3 нотлох баримтаас бусад нотлох баримтыг үнэлэхгүйгээр Ж.О Б.Н нарыг хамтран амьдрагч байсан, байгаагүйг, эсхүл гэр бүлийн харилцаатай байсан байгаагүйг нотлохгүй буюу үгүйсгэж эсхүл батлах нотлох боломжгүй Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж хороонд иргэний бүртгэгдсэн оршин суух хаягийг тодорхойлсон Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгүүлсэн лавлагаа, гэрчийн түр оршин суух хаяг мэдүүлсэн мэдүүлгийг үнэлж нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхэд хийсэн хууль  зүйн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Гэрчээр мэдүүлсэн хаяг дээрээ амьдардаггүй. Харин Б.Нийн гэрт уг гэмт хэрэг гарсан. Б.Н уг газарт түр оршин сууж бизнес эрхэлж байсан нь гэрчүүд болон бусад нотлох баримт мөн Ж.О мэдүүлгээр нотлогдсоор байтал Э.А гэр бүлийн баталгаатай, дундаасаа хүүхэдтэй, нөхөр, охины хамт түр оршин суудаг, Ж.Отэй хамтран амьдарч байсан нь тогтоогдоогүй гэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодит байдлаар дүгнэх хуулийн шаардлагад нийцээгүй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд гэр бүл, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад  гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд хамаарна гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг нь халдашгүй байх эрх, эрх чөлөө, ашиг сонирхол, аюулгүй байдал, эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн ёс суртахуун зэрэг давхар объекттой ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд нэрлэн заагдсан субъектүүдийн хооронд үүсэж чиглэгддэг нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн ойлголт шинж хангагддаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хамтран амьдарч байсан байгаагүй хүмүүсийн хооронд үүссэн харилцаанаас гадна хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай этгээд амин хувийн харилцаа үүссэн буюу дотно харилцаатай хүнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эсхүл байнга зодсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэм буруутай үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг байхаар тодорхойлсон.

Ийнхүү хамт амьдарч байсан байгаагүйгээс гадна, гэр бүлийн харилцаатай этгээдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж хохирол учруулсан эсхүл зодох үйлдлийг байнга гаргаж зодсон зэрэг гэр бүлийн хүчирхийлэлд хамаарал бүхий этгээдийг хуульд тодорхой заасан байхад үндэслэлгүйгээр хуулийг буруу хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ял завших боломж олгосон анхан шатны шийтгэх тогтоолд гомдолтой байна.

Ж.О Б.Н нар хамтран амьдарч байсан талаар хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ж.О өөрийнх нь мэдүүлсэн би яалт ч үгүй 3 удаа Б.Нтай бэлгийн харилцаанд орж байсан гэсэн мэдүүлгээр нэг жил гаруйн хугацаанд нэг гэрт хамт бизнес эрхэлж гэр бүлийн харилцаатай амьдарсан .. гэсэн мэдүүлгээр нотлогдсоор байтал Гэр бүлийн буюу амин хувийн дотно харилцаа нь 3 удаа юм байна гэж шүүх тоог нь чамлаад байгаа эсэх нь ойлгомжгүй ...Мөн шүүх хуралдаан дээр Б.Нийн мэдүүлсэн Ж.О  бид 2 хамт амьдарч байсан, би түүнд хайртай байсан.

Ж.О ч надад хайртай гэдэг байсан. Ж.Оийг эхнэр, хүүхэдтэйг мэднэ хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг. Хааяа очоод ирдэг байсан.

Би Э.А гэр бүл болж дундаасаа охинтой боловч тусдаа амьдардаг гэж хохирогчоор мэдүүлсэн.  Ж.Оийг Б.Нтай тогтоосон гэр бүлийн амин хувийн дотно харилцаа гэр бүлийн харилцаатай байсан гэж үзэхгүй нотлогдоогүй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн шийтгэх тогтоолын үндэслэл хэргийн бодит байдлаас илэрхий зөрүүтэй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүх өөр хоорондоо Ж.О, Б.Н нарын мэдүүлэгийг бусад нотлох баримтын хүрээнд нягтлан шалгаж шийдвэрлэлгүй зөвхөн Ж.Оийн мэдүүлэг, түүний гарган өгсөн баримтад тулгуурлан үнэлж бусад хэрэгт авагдсан хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүйгээс архи уусан агсам тавьж бусдыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан, эд хөрөнгийг нь устгаж бие махбодын болон сэтгэл санаа эд хөрөнгийн хувьд хохирол учруулсан, хүчирхийлэл үйлдэгч Ж.О үндэслэлгүйгээр ял завших, зүйлчлэл хөнгөрөх боломжийг олгосон шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Б.Н нь өөрийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгийн эсрэг  Ж.Оийн хууль бус хүчирхийлэл довтолгооны эсрэг чиглэсэн үйлдэл хийх явцдаа Ж.От хөнгөн хохирол учруулсан байхад шүүх өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх нөхцөлд байжээ гэсэн хууль зүйн дүгнэлт өгч эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна

Б.Н нь Ж.О задалж ууж байгаад уг пивотой лаазаа машины урьд байгаа тавцанг цохиж, пиво нь асгарч пивоны лааз урагдан үзүүртэй болоход уг лаазаар Б.Н цохихоор довтлоход Б.Н өөрийгөө хамгаалж пивоны лаазыг булааж аваад машинаас түлхэн буулгасан гэж мэдүүлдэг. Хэргийн бодит байдалд Б.Н нь архи пиво уугаагүй байсан болох нь цагдаад дуудлага өгсөн, өргөдөл гаргасан үйл баримтаар архи пиво уусан хэрэглэсэн хүн нь Ж.О байсан тодорхой байдаг.

Ж.О өөрийн задлан уусан пивоны лаазыг базаж цохиж үзүүртэй болгон Б.Н руу чиглэсэн довтолгоо хийх явцад уг тулгарсан довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалж уг лаазыг булааж авсан.

Ийнхүү авч довтолгоог таслан зогсоохоор машинаас түлхэн буулгах явцад учруулсан үйлдэл бөгөөд аргагүй хамгаалалт хийсэн байхад хууль бус халдлагаас өөрийгөө хамгаалсан хүчирхийлэлд өртөгч хохирогч Нандингид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д өөрийн ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Мөн зүйлийн 2-т аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл  хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж заасан байхад уг зүйл хэсгийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүх аргагүй хамгаалалтыг үгүйсгэж байгаа үндэслэлээ гэм буруугийн санаатай хэлбэр байх нөхцөлийг дурдсан байх бөгөөд аргагүй хамгаалалт нь гэмт хэргийн шинжтэй халдлагад өртөгчийн тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл байдаг ба уг үйлдлийг болгоомжгүй бол аргагүй хамгаалалт, харин санаатай бол аргагүй хамгаалалт гэж тооцохгүй гэж хуулиар зохицуулаагүй.

Харин бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй  үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэнд тооцно гэж гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж хуульчилсан байдаг.

Гэтэл хууль бус довтолгоо бодитой байсан уу, харин төгссөн байсан уу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийхгүй, гэм буруугийн сэдэлт санаа зорилго гэм буруугийн хэлбэрийн талаар дүгнэлт хийсэн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд Б.Нид үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07 өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн хэлэлцүүлэгт             хэргийг буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Ганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: ”...Ж.От холбогдох хэргийн зүйлчлэлийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа.

Шүүхийн шийтгэх тогтоолд “Ж.О, Б.Н нарт хамтран амьдрагч биш гэх” дүгнэлтийг хийхдээ тус бүрдээ гэр бүлийн баталгаатай тусдаа амьдралтай гэсэн Улсын бүртгэлийн лавлагаа, оршин суугаа тодорхойлолтыг гагцхүү үндэслэл болгож тухайн шийдвэрийг гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж тус шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг  анхан шатны шүүхээр  дахин хэлэлцүүлэхээр буцаалгах санал дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:”... Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Яагаад хэвээр үлдээж өгөөч гээд байгаа гэвэл өнөөдөр сэлбэг зараад хамт амьдарч байсныг хамтран амьдрагч гэж шийдүүлэх гээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...Б.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилье гэж ярьдаг. Б.Н  Ж.О би  гэр бүлийн хамааралтай юм гэж тайлбарлаад байгаа. Б.Н гэдэг хүн чинь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ гэж орж ирмээр байдаг. Тэгэхээр хэргийн зүйлчлэл нь өөрөө хоёр янзын байдлаар орж ирж байгаа нь өнөөдөр энэ хэргийг шийдэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж тайлбарлаж байна” гэв.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Г.Одонтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүгдэгч бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан уу, өөрийгөө хамгаалсан нь үнэн байна уу гэдэг дээр үнэлдэг. Гэтэл энэ үйлдлийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзлээ гээд шийдвэрлэсэнд гомдолтой байна. ....Тэр машиныг нь Б.Н бичиг баримтгүй учраас Ж.О нэр дээрээ авсан. Өмчлөх эрхийн хувьд гомдолтой байна. Хүчирхийлэлд өртөж байгаа хүнээ буцаагаад хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гээд хохирогчоо шийтгээд байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт л гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа юм чинь тэнд аргагүй хамгаалалтын үйлдэл байх нь ойлгомжтой гээд давж заалдах гомдолдоо  дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн боловч одоо энэ хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Б.Н Монгол хэлтэй хүн шүү Монголоор уншиж чаддаг. Тийм учраас орчуулагчгүйгээр гадаад хэл мэдэхгүй бол өмгөөлөгчөөр хангуулна гэснээр өмгөөлөгчөөр хангуулсан байгаа” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бичсэн давж заалдах гомдол, хяналтын прокурор Д.Ганчимэгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/03 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын прокурор нь Ж.О, Б.Н нарыг харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан үйлдлүүдийг зүйлчлэхдээ Ж.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн атлаа Б.Нид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж /1 хх-8-9/ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5/06 дугаартай тогтоолоор “...Lexus 470 маркийн 80-88 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаагаар Ж.О нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд Б.Н, Ж.О нарын мэдүүлэг, Б.Нийн эзэмшлийн, Ж.Оийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар иргэд хоорондын эд хөрөнгийн эрхтэй холбоотой маргаан байна” гэж дүгнээд яллагдагч Ж.Оийн  2019 оны 05 дугаар сарын 17-ны өглөө БНХАУ-ын иргэн Б.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Lexus 470 маркийн 80-88 улсын дугаартай тээврийн хэрэгслийг устгасан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ж.От холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч энэ хяналтын прокурор нь хохирогч Б.Нид 7 хоногийн дотор гардуулаагүй /2хх-66/, прокурорын дээрх тогтоолд гомдол гаргах журмыг заагаагүйгээс яллагдагч, хохирогч нарын прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан байна.

Шүүхийн шийдвэрийг хянахад “шүүгдэгч Ж.Оийг хамтран амьдрагч Б.Нийг байнга буюу 2018 оны 06 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 01-02, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэж Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Н 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж, “...иргэн Б.Н нь Э.А, Ж.О нь Б.Б гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн, Ж.О, Б.Н нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч  байсан гэсэн үйл баримт үгүйсгэгдэж байна” гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлээгүй, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаагүй, бусад нотлох баримтуудтай харьцуулалгүйгээр Ж.От холбогдох Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай“ прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 32.6 дугаар зүйл, 32.7 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул Б.Н, Ж.О нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч  Б.Н, Ж.О нарт холбогдох 1929001380080 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Н, Ж.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

               

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ