Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, онлайнаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 587 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Б.Э 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлагадаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 2020/04 дүгээр дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “С” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ....... тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 587 дугаар шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийнАшигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 2020/04 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон,

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/18 дугаар дүгнэлтийг гаргахдаа Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 15 дугаар зүйлийн 1.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж хуульчилж өгсний дагуу Баянхонгор аймгийн Баян овоо сумын Засаг дарга Ж.Х 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаар албан бичиг, Баян овоо сумын III дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол, түүний тэмдэглэл зэргийг үндэслэсэн байдаг.

Төрийн захиргааны байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/18 дугаар дүгнэлт, Баянхонгор аймгийн Баян овоо сумын Засаг дарга Ж.Х 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 03 дугаар албан бичиг, Баян овоо сумын III дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол, түүний тэмдэглэл зэргийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 58 дугаар шийдвэрийг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр байсан.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 587 дугаар шийдвэрээр Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 58 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хэргийн оролцогчийн гомдлыг хангаж, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг зөвхөн хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд бус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр өөрчлөлт оруулан, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах нэг үндэслэл нь 56.1.5 буюу “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” байх.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/04 дүгээр дүгнэлтээр “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Х 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 3 тоот албан бичиг, мөн сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1 дүгээр тогтоол болон 1 дүгээр тэмдэглэлийг үндэслэн тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй тул “Сантавиач” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн нь дээрх хуульд заасан зохицуулалттай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид олгогдсон ......... тоот тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр цуцлахад тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгчийн явуулж буй үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, мөн байгаль орчныг нөхөн сэргээх хуулиар хүлээсэн болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй нь эрх бүхий этгээдээс тогтоогдсон байхыг шаардана.

Гэтэл “С” ХХК-ийн тухайд чухам ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, баримтаар нотлогдсон буюу тогтоогдсон зөрчил байхгүй байхад “дүгнэлтээр тогтоогдсон” гэж үзэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус болжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн үндэслэл болсон яамны дүгнэлт хууль ёсны эсэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд тодруулан нягтлах ёстой.

Энэ тохиолдолд дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүлээн зөвшөөрч, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/13 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлтийг ийнхүү хүчингүй болгосон нь уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Тухайлбал 2020/13 дугаар дүгнэлтэд “…“С” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн талбайд үйлдвэрлэлийн болон ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь холбогдох баримт бичгээр тогтоогдох тул байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйлдэл хийгээгүй байна” гэснээс үзэхэд эхний дүгнэлт хууль ёсны, зорилгодоо нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг “хүчингүй болгуулах”-ыг хүссэнээс бус шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн “хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага гаргаагүй болох нь хх-ийн 134 дүгээр талд авагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2722 дугаар тэмдэглэл, 140 дэх талд авагдсан нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлт, 144 дүгээр талд авагдсан хэрэг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдохоос гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгээ илэрхийлсэн болно.

Хууль зүйн талаасаа ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэсэнд дээрх шийдвэр үл хамаарна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангасан өөрчлөлт оруулав.

2.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц олгосон 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 01/6169 дүгээр итгэмжлэлд “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” эрх олгогдоогүй байна.

Нэхэмжлэгчээс анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан, гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөн оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/13 дугаар дүгнэлтээр дээрх дүгнэлтийг хүчингүй болгож, Сайдын 24-ний өдрийн 01/5775 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчээс дүгнэлттэй холбогдох шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн ч, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэсэн атлаа тогтоох хэсэгт эрхгүй этгээдийн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг баталсан нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 587 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/04 дүгээр дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан тус компанийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН