| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0019/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/21 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуут овогт Нямын Дд холбогдох 1829000890168 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 5 дугаар баг, Хашаатад оршин суух, урьд Дундговь аймгийн шүүхийн 1988 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ял, Дундговь аймгийн шүүхийн 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Дундговь аймгийн шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дундновь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Зуут овогт Нямын Д /РД:ЗЮ65091611/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт “80-13 ӨМҮ улсын дугаартай “Нордбенз” маркийн авто машин зарна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Э.Дорждэрэмд 21,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Э.Дорждэрэмийн: “...Тэгсэн 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 88049061 дугаараас залгаад “ахдаа эм тарианы мөнгө хэрэгтэй байна 2,000,000 төгрөг зээлээч манай эхнэрийн эм тариа тасалдах гээд байна” гэж хэлээд “тэгээд чи миний 80-13 ӨМҮ улсын дугаартай машиныг бариад байж бай” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 02 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны данснаасаа Д ахын 5598070377 дансруу нь 2,000,000 төгрөг шилжүүлээд 02 дугаар сарын 17-ны өдөр залгаад “манай эхнэр хагалгаанд орох болчихоод байна, яаралтай мөнгөний хэрэг болоод байна хоёулаа хурдан машинаа хүлээлгэж өгмөөр байна” гэсэн тэгээд 02 дугаар сарын 26-ны өдөр бид 2 Д ахын 19-61 УНК улсын дугаартай машинаар Улаанбаатар хотоос Цогтцэций суманд ирсэн. “Их хурд хүч” нэртэй “Цагаан хад”-д байх кеймп дээр очтол тухайн 80-13 ӨМҮ улсын дугаартай машин нь “Их хурд хүч” компанийн нэр дээр байсан тэгэхээр нь кеймпийн мененжер Батзориг гэх хүнтэй уулзаад Д ах “за би энэ машиныг дүүдээ үлдээж байна” гэж хэлсэн. тэгсэн кеймп менежер “”за тэгвэл одоо машинаа хүлээж аваад ачилтад орчихоод хүрээд ир” гэж хэлсэн. тэгээд “Цагаан хад”-аас гараад 6 дахь километр дээр байсан машин дээр нь 02 сарын 28-ны өдөр ирээд хүлээж аваад сумын төв ороод Голомт банкнаас 20,000,000 төгрөг бэлнээр аваад “машин түлшгүй байгаа түлш хийгээрэй” гэж хэлээд 500,000 төгрөгийг нь буцааж өгөөд “түлш хийгээрэй” гж хэлсэн. тэгээд Хаан банкны 5598070377 дансруу 19,500,000 төгрөгийг шилжүүлж хийсэн”, “би дахин нэг ачилтад ороод 03 дугаар сарын 17-нд очоод менежер Батзоригтой уулзтал “энэ машины үндсэн эзэнтэй уулз” гэж хэлсэн. тэгэхээр нь би очоод уулзтал Батак гэх хочтой залуу хэлэхдээ “би өөрийн машинаа ажил гараад Д гэх хүнд та миний 80-13 ӨМҮмашиныг бариад нүүрс тээвэрт явж байгаач гэж хэлж үлдээсэн юм тэгсэн цагаан сараас хойш утсаа авахгүй байхаар нь би хүрээд иртэл миний машиныг зарсан гэж сураг дуулдаад тэгээд чамтай уулзаж байна” гэж хэлсэн. тэгээд би болсон бүх зүйлээ хэлтэл тухайн Батак гэх хочтой залуу “тэгвэл чамайг Д ах залилаад мөнгө авчихсан байна” гэж хэлээд би цагдаад хандсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудаст/
Гэрч Ж.Батболдын: “...Би 80-13 ӨМҮ улсын дугаартай шланзыг түрээсэлчихээд өөрөө барьж жолоодож явж байтал надад ажил гараад Дорноговь аймагруу явсан тэгэхдээ Д гэх хүнд 80-13 ӨМҮ улсын дугаартай шланзын жолоочоор цалинжуулаад үлдээсэн тэгсэн 2018 оны 01 сарын орчим надад хэлэхдээ “чи энэ машинаа надад зарчих” гэж хэлэхээр нь би “та 25,000,000 төгрөгөөр авчих” гэж хэлсэн чинь “за би 4-5 сарын үеэр мөнгийг чинь өгнөө” гэж хэлээд таг болчихсон. Тэгсэн 2018 оны 03 дугаар сард миний ажил дуусаад “Цагаан хад”-нд иртэл Д гэдэг хний дүү Дорждэрэм гэх хүн машиныг барьж байгаа гэж сонсогдоод тэгэхээр нь би кеймп дээр хүлээж байгаад уулзтал Дорждэрэм гэх залуу 80-13 ӨМҮ улсын дугаартай машиныг барьж байсан. Тэгээд би тухайн залуугаас асуутал тухайн Дорждэрэм гэх залуу “би энэ 80-13 ӨМҮ машиныг Д гэх хүнээс 22,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудаст/
Гэрч Б.Батзоригийн: “...Д нь 80-13 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийг Дорждэрэм гэх хүнд худалдан борлуулсан байдаг. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Д надтай утсаар ярихдаа “манай эхнэр хагалгаанд орох гээд байгаа болохоор би машинаа барьж чадахгүй нь тиймээс 80-13 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн хамаатны дүү Дорждэрэм гэх хүнд бариулъя” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “за тэгвэл надад хамаа алга та дүүгээ дагуулаад ир” гэж хэлсэн. тэгсэн хэд хоногийн дараа Д, Дорждэрэм хоёр манай ажил дээр ирсэн. Тэгэхлээр нь би Дгээс ажлаас гарах өргөдөл аваад Дорждэрэмээс ажлд орох өргөдөл бичүүлж авсан. Түүний дараагаар би Дорждэрэмээс юу болсон талаар асуухад “би өөрийн байшингаа зараад Дгээс 80-13 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд би 80-13 ӨМҮ дугаартай манай Компанийн тээврийн хэрэгслийг Д нь Дорждэрэмд худалдан борлуулсныг мэдээд 80-13 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслээ Дорждэрэмээс хураан авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудаст/
Гэрч Э.Энхманлайгийн: “...Манай “Их хурд хүч” ХХК-ийн эзэмшлийн 80-13 ӨМҮ улсын дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг иргэн Н.Д нэх хүнд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авто машин түрээслэх гэрээ байгуулан хариуцуулж өгсөн. Гэтэл тухайн Н.Д нь бусдад дур мэдэн бидэнд мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан байна. Тухайн үед Н.Д нь манай кеймп менежерт хэлэхдээ “манай эхнэр хүнд өвчтэй тиймээс манай эхнэрийн өвчнийг эдгэртэл манай дүү болох Дэрждэрэм 80-13 ӨМҮ “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг барина” гэж хэлээд явсан байсан. Удалгүй Дорждэрэм кеймп дээр ирэх үед манай байгууллага болон Дорждэрэм нар нь залилуулсан талаар мэдээд Дгийн утасруу залгахад холбогдох боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудаст/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Н.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 64-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 76-р хуудаст/
Н.Дгийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 59-63, 66-74, 77-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Н.Дгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 84-100, 102-154-р хуудаст/
Үүрэн холбооны салбаруудаас гаргаж өгсөн ярианы дэлгэрэнгүй мэдээлэл /хх-н 155-169-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт “80-13 ӨМҮ улсын дугаартай “Нордбенз” маркийн авто машин зарна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Э.Дорждэрэмд 21,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Э.Дорждэрэм нь 21,500,000 /хорин нэгэн сая таван зуун мянга/-н төгрөгөө шүүгдэгч Н.Дд залилуулсан байна гэж үзэв.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авч буй үйлдлээр илэрнэ.
Шүүгдэгч Н.Дг бусдыг хууран мэхэлсэн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хүсэж үйлдсэний улмаас 21500000 төгрөгийн хохирол учруулсан байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Н.Дг “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Н.Дг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохиролд 21,500,000 /хорин нэгэн сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Н.Д нь “…бага насны 2 хүүхэдтэй, надаас харж хандах хүн байхгүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд энэ талаарх баримт ирүүлээгүй тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуут овогт Нямын Дг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Дгээс 21,500,000 /хорин нэгэн сая таван зуун мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дорждэрэмд олгуулсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Н.Дгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА