Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Л.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганжолоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Лхамсүрэнгийн Аод холбогдох 1929000590164 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн газаргүй атлаа газартай мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус сумын төвөөс зүүн хойд зүгт байрлах өмчлөлийн бус газрыг “миний өмчлөлийн газар” гэж залилан мэхэлж иргэн О.Тогтоолд худалдан 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ: ” Би банкны өртэй байсан. Яваандаа газар олдох байх гэж бодоод тухайн газрыг зарсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч О.Тогтоолын: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Л.А гэх хүн Ханбогд сумын төвийн хойд хэсэгт байх газрыг “Миний газар байгаа юм гэрчилгээ нь Номгон багийн дарга Гантөмөрт байгаа би авч явж байгаад алга болгочих байх гэж бодоод хадгалуулчихсан юм, газрын гэрчилгээ бичиг баримт нь ямар нэгэн асуудал байхгүй” гэж хэлээд 1,500,000 төгрөгөөр зарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудаст/

Гэрч Б.Галбадрахын: “...Л.А О.Тогтоол гэдэг хүнд газар зарах гэж Баян-Овоо сумаас Мөнгөншагай бид 3 ирсэн. Тэгээд шууд О.Тогтоол гэдэг хүний Ханбогд сумын төвд байдаг гэрт ирж цай уучихаад Ханбогд сумын төвөөс зүүн хойд хэсэгт О.Тогтоол “Энэ манай газар” гэж хэлээд буцаад О.Тогтоолыг гэрт нь хүргэж өгсөн”, Л.А О.Тогтоолоос бэлэн мөнгө авна. О.Тогтоол Л.Аод “бэлэн байгаа нь энэ, араас чинь үлдсэн мөнгийг шилжүүлье” гэж хэлж сонсогдсон. Яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг би сайн мэдэхгүй.”  Гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудаст/

Гэрч мөнгөншагайгий: “...Л.А 2017 оны зун Баян-Овоо суманд байдаг манай гэрт ирээд “Ханбогд суманд миний өмчлөлийн газар байгаа тэрийгээ зараад ирье, машинаараа хамт яваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд Галбадрах, Л.А бид 3 Ханбогд суманд ирсэн. Ханбогд сумын зүүн хойд талд хүрээлсэн хашаа, тэмдэглэсэн тэмдэглэгээ байхгүй газрыг Л.А О.Тогтоолд зааж өгөөд ”энэ миний өмчлөлийн газар” гэж хэлж байсан. тэгээд тэндээсээ О.Тогтоолын гэрт очоод удалгүй буцаад Баян-Овоо сумруу явсан”, Л.А “О.Тогтоол гэдэг хүн миний дансруу 300,000 төгрөг хийлээ. Мөнгөтэй болчихлоо Ханбогд яваад газраа шилжүүлчихээд ирье” гэж хэлсэн. тэгээд Баян-Овоо сумаас гарахдаа миний машинд 20 литр бензин хийж гараад Ханбогд суманд ирээд буцсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудаст/

Гэрч С.Оюунбаатарын: “...2017 оны 12 сард О.Тогтоол гэдэг хүний 20 гаран бог мал манай маланд байсан. тэгээд Л.А О.Тогтоол хоёр наймаа хийгээд манайхаас ирж мал авсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудаст/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын даамал Ж.Наранхүүгийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 57-р хуудаст/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Л.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44-р хуудас/,

Л.Аын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 45-48-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Л.Аын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 50-61, 65, 68-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн газаргүй атлаа газартай мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус сумын төвөөс зүүн хойд зүгт байрлах өмчлөлийн бус газрыг “миний өмчлөлийн газар” гэж залилан мэхэлж иргэн О.Тогтоолд худалдан 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч О.Тогтоолын 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөө бусдад залилуулсныг гэмт хэргийн хохиролд тооцно.

 Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авч буй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч Л.Аын бусдыг хууран мэхэлсэн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрахыг мэдэж  түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Л.Аыг  “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Тогтоол  нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд зардлын талаар баримт ирүүлээгүй болно. Харин шүүгдэгч Л.Атой 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлөх эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлснийг дурьдах зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

- Улсын яллагчаас Л.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж  1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ялын саналыг гаргасан байна.

            Шүүх шүүгдэгч Л.Аыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг санал болгосныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлдэг, хохирогчийн хувьд гомдол саналгүй гэж байгаа ч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 1,500,000 төгрөг төлөгдөөгүй, шүүгдэгч нь цалингаасаа төлнө гэж байгаа ч ямар байгууллагад ажилладаг, хэдэн төгрөгний цалин хөлс авдаг нь тодорхой биш, энэ талаараа нотолсон баримтыг мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд гаргаж ирүүлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн боломжгүй гэж дүгнэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Лхамсүрэнгийн Аыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Аыг 6 /зургаан сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аод оногдуулсан  6 /зургаан сар/-ын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Аоос 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч О.Тогтоолд олгуулсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Л.Аын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА