Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 23

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

             Прокурор: В.Төгсбаяр

             Шүүгдэгч: Л.А

             Өмгөөлөгч: Б.Энхбат

             Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.Ад холбогдох 1829001840131 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 46 настай, ам бүл 1, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлийн газаргүй атлаа газартай мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус сумын төвөөс зүүн хойд зүгт байрлах өмчлөлийн бус газрыг “миний өмчлөлийн газар” гэж залилан мэхэлж иргэн О.Т худалдаж 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Л.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн  Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Л.А бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Аыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  шүүгдэгч Л.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аод оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Аоос 1500000  төгрөгийг гаргуулж хохирогч О.Т олгуулж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Л.Аын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Би 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр О.Т хуурч мэхлэн 1500000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.  Харин хорих ялыг биечлэн эдлүүлэх болсонтой санал нийлэхгүй байна. Хохирол 1500000 төгрөгийг сар бүр 300000 төгрөг төлөх байдлаар төлж барагдуулахаар хохирогчтой сайн дураараа харилцан тохиролцсон, хохирогч хүлээн зөвшөөрсөн байсан. Энэ тохиолдолд хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэх шаардлагагүй байсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан.

Хохирогчтой сайн дураараа эвлэрэн хэлэлцэж хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг үл харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх болсон нь үндэслэлгүй. Нэгэнт хохирогч болон шүүгдэгч нар харилцан тохиролцсон нөхцөлд тухайн хэлцлийн үүргийг гүйцэтгэх чадвартай эсэхийг үнэлэх, ирээдүйд үүсч болох нөхцөл байдлыг үнэлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна.

Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн илэрхийлэл нь хуульд харшилсан эсэхийг хянах болохоос тухайн хэлцэл нь биелэгдэх санхүүгийн боломжтой эсэхийг үнэлж дүгнэх нь зохисгүй байна. Хэт өндөр хохирол төлбөрийг хэт богино хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Энэ нь илэрхий тохиолдолд шийтгэх тогтоолд дурдсан байдлаар шийдвэрлэж болох ч гэлээ 1500000 төгрөгийг сар бүр 300000 төгрөг төлөх хэлбэрээр барагдуулах тухай харилцан тохиролцсон нь илэрхий харшлах, хохирогчийн эрхийг зөрчих нөхцөл биш юм.

Хохирогчтой харилцан тохиролцсоны дагуу хохирлыг төлж чадахгүй тохиолдолд хорих ял эдлүүлэх эсэх асуудлыг жич хэлэлцэх боломжтой байсан. Би хохирлыг бүрэн төлж барагдуулж чадна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21 -ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэнэ үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Энэ хэрэг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болсон. Үүнээс хойш  2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  хүртэл 3 жилийн хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд шүүгдэгч Л.А хохирлоо төлөх бүрэн боломжтой байсан. Хохирлоо одоог хүртэл төлөөгүй. Хохирлоо төлөхөө илэрхийлсэн болон хохирлоо төлсөн баримт байгаагүй учраас энэ хэрэг ердийн журмаар хянан шийдвэрлэгдсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан асуудал байхгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна” гэв.      

Шүүгдэгч Л.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Үлдсэн ялыг минь тэнсэн болгож өгөөч гэж хүсэж байна. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Тэр газрыг зарсан нь үнэн. Надад бол төлбөр төлөх чадвар байгаа, ажил төрөл хийгээд төлнө. Цагдан хоригдсоноос хойш миний бие өвдөөд байгаа тэрийг минь харгалзан үзэж үлдсэн ялыг тэнсэн болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан энэ шийтгэх тогтоолыг гарах хүртэл шүүгдэгч Л.А нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг, тайлбар өгөхгүй байх, шүүхээс өөрийнх нь эсрэг хэрэглэгдэх, тайлбарлагдаж болзошгүй  нотлох баримтыг өөрөө гаргаж өгөхгүй байх  эрх шүүгдэгч Л.Аод байгаа. Эцсийн байдлаар өөрийг нь гэм буруутайд тогтоогдох хүртэл шүүгдэгчид  мэтгэлцэх эрх нь байгаа. Тийм байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүр түүнээс ч өмнө хохирлоо  барагдуулах ёстой байсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлнэ гэдэг нь шүүх хурлын шийтгэх тогтоол гарахад төлбөр бодит байдлаар төлөгдөөгүй ч гэсэн мэтгэлцэх хүсэлтээ илэрхийлэхийг л хэлж байгаа юм. Иймээс улсын яллагч тайлбарт хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Аын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бичсэн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлийн газаргүй атлаа газартай мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус сумын төвөөс зүүн хойд зүгт байрлах өмчлөлийн бус газрыг “миний өмчлөлийн газар” гэж залилан мэхэлж иргэн О.Т худалдаж 1500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Т /хх-22/, гэрч Б.Г х /хх-30/, O.М /хх-32/, С.О /хх-35/, газрын даамал Ж.Н тодорхойлолт /хх-57/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж  анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Аыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Л.Аод оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх  “шүүгдэгч Л.А нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 1500000 төгрөгийг төлөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогчтой байгуулсан “эвлэрлийн гэрээний 3.3-т  ...Л.А нь иргэн О.Т ХААН банкны  дансанд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 05-нд 300000 төгрөг төлж 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцов /хх-65/ гэж бичигдсэн боловч шүүгдэгч Л.А нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн давж заалдах шатны шүүх хуралдаан хийх өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нийт хэдэн төгрөгийг хохирогчид төлсөн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч Л.Аын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Аын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян таван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ