Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00269

 

 

Д.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02696 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2017/02266 дугаар магадлалтай,

Д.Лгийн нэхэмжлэлтэй

Г.Д, Д.Б нарт холбогдох

Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Г.Дийн гудамж, 12 дугаар байр, 85 тоот 1 өрөө Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Л, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Лгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Титан суурь констракшн ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын-13361, Б.Г.Дийн гудамж, 12 байрны 29 м.кв нэг өрөө орон сууцыг дүү Н.Уийн нэр дээр захиалгын гэрээ байгуулсан. Н.Уийн Голомт банкны 1105043399 тоот дансанд 18 сая төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт тушаалгахаар шилжүүлсэн. Н.У уг мөнгийг мөн өдөр данснаасаа авч 2015.06.25 өдөр Титан суурь констракшн ХХК-ийн Голомт банкны 1201185092 тоот дансанд 14 сая төгрөгийг нь шилжүүлсэн. Орон сууц захиалан бариулах гэрээнд үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөх ёстой учир би өөрийн өмчлөлийн СБД-ийн 7 хороо, 11 хороолол, Эрхүүгийн гудамж, 5А байр, 76 тоот байрыг барьцаалан 2013.08.16 өдөр Хаан банкнаас 47,6 сая төгрөгийн зээлээр авч тус банкин дахь өөрийн 5114175488 тоот данснаас дүү Н.Уийн Хаан банкны 5076232563 тоот данс уруу байрны үлдэгдэл төлбөрт хэмээн шилжүүлсэн. Уг мөнгөөр Н.У байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Д.Л миний бие ХААН банкнаас авсан дээрх 47,6 сая төгрөгийн зээлийг хүүтэй нь тасралтгүй төлсөөр байна. Тухайн үед худалдан авсан орон сууц маань бүрэн ашиглалтад ороогүй, Улсын комисс хүлээж аваагүй, худалдан авагчидтай захиалгын гэрээг дөнгөж эхлэн байгуулж байсан бөгөөд дүү Н.У нь уг компанийн борлуулагчтай уулзаж өөрийн нэрээр гэрээ байгуулж гарын үсэг зурсан байсан. Дүү Н.У нь бие муутай группд байдаг, нөхөр Г.Д нь тодорхой эрхэлсэн ажилгүй, охин Д.Б нь оюутан байсан тул уг орон сууцыг ашиглалтад орж захиалагч нараа оруулж эхлэхэд буюу 2014.09 сараас тэднийг амьдрахыг зөвшөөрч байрандаа оруулсан юм. Гэтэл дүү Н.У нь 2014.02.04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Энэхүү явдлын дараа би Титан суурь констракшн ХХК-тай очиж уулзахад орон сууц захиалгын гэрээний захиалагчийн нэрийг Г.Д, Д.Б хэмээн өөрчлөн ЭХЭУБГ-т бүртгүүлэхээр өгсөн гэж мэдэгдсэн. Үүний дагуу талийгаач дүүгийн нөхөр Г.Дтой уулзахад 2014.06.19 өдөр өөрийн болон охин Д.Бгийн нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байсан. Би энэхүү орон сууцны төлбөрийн урьдчилгааг бэлнээр, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 100 хувь төлсөн. Бүртгэлийн талаар гомдол гаргахад шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж хариу өгсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу2016.10.05-ний өдрийн 745 тоот шийдвэр гарч дээрх орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Иймд Д.Л намайг Баянзүрх дүүргийн 2 хороо Хоршооллын /13361/, 12 байр 85 тоот 1 өрөө Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Л, Н.У нар төрсөн эгч, дүүс ба ээж Даваажав нь 2001 оны 01 сарын 06-ны өдөр нас барсан. Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11 хорооллын 5А байрны 76 тоот байрыг Боржигон овогтой Найдангийн Н.У өвлөж авсан. Н.У нь Д.Лтэй 76 тоот орон сууцыг 68 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, тодорхой хэмжээний төлбөр нэхэмжлэгчээс Н.Ут шилжсэн байдаг. Үлдэгдэл төлбөрийг 2013 оны 8 сарын 08-ны өдрийн орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр мөнгө зээлж төлсөн. Д.Л энэ байрыг шаардах эрхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02696 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасныг баримтлан хариуцагч Г.Д, Д.Б нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Г.Дийн гудамж, 12 дугаар байр, 85 тоот 1 өрөө Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2017/02266 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Л, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар нар хяналтын гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02696 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2017/02266 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй асуудлаар 1. Нэхэмжлэгч Д.Л нь “Титан суурь констракшн” ХХК-ийн барьж байсан маргаан бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын-13361, Б.Г.Дийн гудамж, 12-р байрны 29 м.кв 85 тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авахын тулд: 1/ Дээрх байр нь “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан орон сууц байх, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх” гэсэн шаардлагыг хангахгүй байсан /тухайн барилга нь баригдаж дуусаагүй/ тул журамд заасан нөхцөл шаардлагад нийцүүлэх үүднээс өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 5А байрны 76 тоот 1 өрөө орон сууцыг хууль ёсоор өв залгамжлах эрхээсээ 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр татгалзаж, овог өөр төрсөн дүү болох Н.Уийн нэр дээр 2013.06.27-ны өдөр шилжүүлсэн 2. Д.Л нь өмчлөх эрхээсээ татгалзснаас хойш 10 хоногийн дараа буюу 2013.07.08-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 5А байрны 76 тоот 1 өреө орон сууцаа 68 сая төгрөгөөр худалдан авахаар Н.Утэй худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар уг байрны өмчлөх эрхээ буцаан авсан. Өөрийн амьдарч байсан өмчлөлийн байраа төрсөн дүүдээ шилжүүлээд буцаан авч буй үйлдэл нь ипотекийн зээлд хамрагдахын тулд хийсэн ажиллагаа юм. 3. Үүний үр дүнд Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 5А байрны 76 тоот 1 өрөө орон сууцаа Хаак банкны барьцаанд тавьж, тус банктай 2013.08.08-ны өдөр ипотекийн зээлийн гэрээ байгуулан 47.6 сая төгрөгийг зээлсний үндсэн дээр Д.Л Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын-13361, Б.Г.Дийн гудамж, 12-р байрны 29 мкв 1 өрөө орон сууцны үнийг төлөх боломжтой болсон. Дээрх үйл баримтаас үзэхэд Д.Л, Н.У нар нь Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, 5А байрны 76 тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авсан мэтээр зээл авахын тулд дүр үзүүлсэн хэлцэл хийсэн болно. Өөрөөр хэлбэл хэлцэл бодит үйлдлээр хийгдээгүй юм. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбар мэтгэлцээний агуулгыг нягтлан үзэж, үнэлж чадаагүйгээс сүүлийн үр дагаварт хүргээд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд тулгуурлаж хэргийг шийдвэрлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ажиллагааг дүү Н.Уийг нас барсны дараа түүний нөхөр Г.Д, охин Д.Б нар хийсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадсангүй. Хоёр. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зөв тайлбарлан хэрэглээгүй талаар:1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолын-13361, Б.Г.Дийн гудамж, 12-р байрны 29 м.кв 85 тоот 1 өрөө орон сууцны үнэд нийт 44 сая төгрөг төлснөөр тухайн орон сууцыг өмчлөх эрх Д.Лд үүссэн гэж үзнэ. Н.У нас барсны дараа Г.Д, Д.Б нар маргаантай орон сууцны хувьд өв нээгдээгүй байхад орон сууцыг өөрсдийн өмчлөлд бүртгүүлсэн нь хууль бус үйлдэл юм. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “...эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч Г.Д, Д.Б нар нь Н.Уийг маргаан бүхий орон сууцыг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр худалдаж аваагүй болохыг мэдэж байсан, тэд нарт төлөх мөнгө байгаагүй тул тухайн орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. 2. Н.У нь өвчтэй, группт байдаг, хөдөлмөрийн чадваргүй, түүний гэр бүл байр худалдаж авах нь байтугай өөрсдийн зардлаар эмчилгээ хийлгэх ч боломжгүй байсан тул эгч Д.Л дүүгээ удаа дараа Солонгос улс руу авч явж мэс засал хийлгэж байсан бөгөөд Н.Уийн зүгээс ч эгчдээ өөрийн чадлаараа тусалж байсныг өнөөдөр нөхөр, охин хоёр сайн мэднэ. Гэхдээ нөхцөл байдлыг нь овжноор ашиглаж орон сууцыг өөрсдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлснийг шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна. Г.Д нь нийгмийн тусгай хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдоггүй харин одоо бидний 10 жилийн хугацаатай ипотекийн зээлд хамрагдаж нөхөр Энхбат бид хоёр сар бүр цалингаараа төлж байгаа байрыг өөрийн болгон завшиж үүндээ шүүхийг ашиглаж байна. Манай гэр бүл Г.Д, Д.Б нарын луйвардсан байрыг 2023 он хүртэл төлж цалин орлогоо алдаж буйг анхан болон давж заалдах шатныхан анхаарсангүй. / хх12 ху/ Ийнхүү хууль бус аргаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийсэн асуудлыг шүүх шударга өмчлөгчийн хэмжээнд үнэлэн дүгнэж буй нь бодит шалтгаан нөхцөлтэй холбон эрх зүйн зөв дүгнэлт хийгээгүй, мөн чанартаа хууль бус ажиллагааг дэмжсэн шийдвэр боллоо. Маргаан бүхий орон сууцыг худалдаж авахдаа Д.Л өөрөө баригдаж байсан барилга дээр очиж захиалга өгөхөд захирал Д.Тамир “төлбөрөө л яаралтай төл” гэсэн шаардлага тавьснаас биш “Титан суурь констракшн” ХХК хэнтэй ч бичгээр гэрээ, хэлцэл байгуулаагүй. Тус компани энэхүү хариуцлагагүй үйлдэл дээрээ нэмээд орон сууцны үнийг бодитоор төлсөн этгээдтэй бус, огт хамааралгүй Д.Бтай “Орон сууцанд хөрөнгө оруулалт, захиалга, гүйцэтгэлийн гэрээ”-г 2014.06.18-ны өдөр нөхөж хийгээд 2014.06.19 буюу нэг хоногийн дараа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан үйл баримт нь Д.Б, Г.Д нарын зохион байгуулалттай, захиалгаар явуулсан ажиллагаа гэж үзэхээр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн баримтыг эрх бүхий байгууллага хүлээж аваад нэг хоногт гэрчилгээг шууд гаргадаг хууль ёсны ажиллагаа огт байхгүй. / хх132 ху/ Үүнээс үзэхэд Н.У орон сууцны захиалга ч өгөөгүй, төлбөр ч төлөөгүй нь үнэн тул Г.Д, Д.Б нарыг тухайн орон сууцны өмчлөгч байх эрх зүйн боломжгүй. Иймд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрөл, тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий тодорхойлж чадаагүйн зэрэгцээ эд хөрөнгийн эзэмшлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 89, 90, 94, 96, 105, 106 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан гэж үзнэ. Шүүх маргааны агуулгыг нягталж үзэлгүй, маргаан бүхий орон сууц улсын бүртгэлд хэний нэр дээр бүртгэгдсэнийг л дагаж хэлбэр талаас нь харж хэргийг шийдвэрлэснийг шүүх эрх мэдэл маргааныг бүрэн утгаар нь шийдвэрлээгүй гэж үзнэ. Гурав. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага, агуулга, үндэслэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг зөрчсөн байна. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадсангүй. Тухайлбал, 1. Нотлох баримт үнэлэх талаар: “Титан суурь констракшн” ХХК-ийн захирал Д.Тамирын маргааны зүйл болсон орон сууцыг Д.Бгийн өмчлөлд шилжүүлэхдээ зөвхөн Н.Уийн нас барсны гэрчилгээг үндэслэл болгож, орон сууцны төлбөрийг бодитоор төлсөн Д.Лгийн өмчлөх эрхийг зөрчсөн нөхцөл байдлыг үндэслэж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д нийцсэнгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...Д.Л, Д.Энхбат нар төлбөр төлсөн баримтуудыг шилжүүлэхдээ Н.Уээс байрны төлбөрт гэсэн утгатай шилжүүлж байсан тул Д.Лг “Титан суурь констракшн” ХХК-тай гэрээ байгуулж орон сууцыг худалдаж авсан гэж үзэх үндэслэлгүй... “ гэж дүгнэсэн. /Санхүүгийн баримтууд 114-118 хуудас үүний зөвхөн баримт Н.Уээс гэжээ/ Гэтэл маргаан бүхий орон сууцны төлбөрийн эх сурвалж хаанаас үүссэн, Д.Л нь Хаан банкнаас зээл авахаас 1 сарын өмнө өөрийн өмчлөлийн байрыг дүүгийнхээ нэр дээр шилжүүлээд дараа нь 10-хан хоногийн дараа дүүгээсээ худалдаж авсан зорилго, дүү нь эгчийнхээ өөрийнх нь данс руу шилжүүлсэн мөнгөнөөс Д.Лгийн Голомт банкны зээлийн төлбөрийг шилжүүлээд үлдсэн мөнгийг буцаагаад Д.Л рүү шилжүүлсэн байдал, орон сууц захиалах гэрээг Н.Уийг нас барсны дараа Г.Д болон охин Л.Д.Б нараас нууцаар яаран хийсэн нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй юм. Тэр ч байтугай маргааш нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан, худалдах-худалдан авах гэрээг байгуулах талуудын хүсэл зориг, Н.Уийн гэр бүл орон сууц худалдаж авах төлбөрийн чадвартай байсан эсэх, өв нээгдсэн эсэх талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй болно. Мөн шүүх 44 сая төгрөгийн үнэтэй байрны үнэд 48 сая төгрөг төлсөн нь тогтоогдож байна гэж ойлгомжгүй дүгнэсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь судалсны үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт гаргаж чадаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй. 2. Мэтгэлцэх зарчмыг хангах талаар: Нэхэмжлэгч Д.Л орон сууцны төлбөр төлөгчийн талаар тодруулах зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан “Титан суурь констракшн” ХХК-ийг гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг шүүх 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд гэрч асуулгах хүсэлтэд “...“Титан суурь констракшн” ХХК-ийн ямар албан тушаалтныг гэрчээр асуух нь тодорхойгүй байна” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн алдааны талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт гаргалаа. Үүнээс үзэхэд хэргийн 147 дугаар талд авагдсан гэрч асуулгах хүсэлтэд нэхэмжлэгч гэрчээс тодруулах зүйлийг 3 багцалж гаргасан байдаг. Анхан шатны шүүхээс гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэлдээ: Титан суурь констракшн” ХХК-ийн ямар албан тушаалтныг гэрчээр асуух нь тодорхойгүй байна” гэж үзсэн бол, давж заалдах шатны шүүх “...ямар албан тушаалтнаас юу тодруулах гэж байгаа нь тодорхойгүй, хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг гэрчлэх талаар дурдаагүй байна”гэсэн үндэслэлийг зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүх хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй гэж үзэхээр байна. Дээрх байдлаар хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг анхан шатны шүүх хангасан эсэхийг хянах үүрэг бүхий давж заалдах шатны шүүх нь асуудалд хайхрамжгүй байдлаар хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг удирдах этгээд гэж ойлгож болох, мөн давж заалдах гомдолд дурдсанчлан шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа нөхцөлд нэхэмжлэгчээс тухайн компанийн ямар албан тушаалтныг асуулгах талаар тодруулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Энэ хуралд Г.Д болон Д.Б нарыг шүүх хуралд заавал оролцуулахыг хүсэж байгаа бөгөөд энэ хүн хууль бусаар байрны гэрчилгээ бичүүлсэн цагаас хойш хулгайч шиг надаас зугтаж миний царайг ч харж чадахгүй бөгөөд миний дүүг нас бараад хэдэн сар болоогүй байхад эхнэр авсан. Ийм хүн бидний мөнгөөр авсан бидний өмчийг завших гэж буй нь байж боломгүй зүйл юм. Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02696 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2017/02266 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Г.Д, Д.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Г.Дийн гудамж, 12 дугаар байр, 85 тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “...уг сууцыг худалдаж авсан...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын 13361/ Б.Г.Дийн гудамж, 12 дугаар байрны 85 тоот сууцыг худалдаж авахдаа, өөрийн төрсөн дүү Н.Уийн нэр дээр захиалгын гэрээ байгуулан, сууцны үнэ 47 600 000 төгрөгийг өгч, Н.Уээр дамжуулан төлсөн. Уг сууцны ашиглалтын зардлыг төлж, гэр бүлийн хамтаар түр суухыг дүүдээ зөвшөөрсөн байсан. Гэтэл дүүг нас барсны дараа түүний нөхөр Г.Д, охин Д.Б нар нь орон сууцны захиалгын гэрээг өөрсдийн нэр дээр шилжүүлж, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авчээ. Уг орон сууцыг би худалдан авч, үнийг төлсөн тул өмчлөх ёстой...” гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Н.У, Титан суурь констракшн ХХК-ний хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Д.Лгээс 47 600 000 төгрөгийг Н.Ут шилжүүлсэн, Н.У 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр нас барсан, түүний нэр дээр байсан ...85 тоот сууцыг захиалан бариулах гэрээг Титан суурь констракшн ХХК нь Г.Д, Д.Б нарын нэр дээр шилжүүлэн байгуулж, хариуцагч нар орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хэлбэрийн хувьд Титан суурь констракшн ХХК болон Н.У нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч бодит байдалд худалдан авагч нь Д.Л эсэх, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5А байрны 76 тоот орон сууцыг нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан эсэх, эсвэл зээл авахын тулд Н.Утэй дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан эсэх асуудал зохигчдын маргааны зүйл болжээ.

Хариуцагч нар “...Сүхбаатар дүүргийн 7-р хороо 5А байрны 76 тоот орон сууцыг Д.Лд худалдсан, Д.Лгээс орон сууцны үнэд авсан мөнгөөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын 13361/ Б.Г.Дийн гудамж, 12 дугаар байрны 85 тоот сууцыг худалдан авсан” гэж маргасан, харин нэхэмжлэгч нь орон сууцны зээл авахын тулд ...76 тоот орон сууцаа дүү Н.Уийн нэр дээр шилжүүлэн, түүнээс орон сууц худалдан авсан гэрээг дүр үзүүлэн хийсэн...” гэж маргасан тул дээрх 2 байрны асуудал маргааны үйл баримтад ач холбогдолтой байна.

Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

1.Нэхэмжлэгч нь ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бгийн хамт хамтран өмчлөгчөөр тогтоолгох агуулгыг илэрхийлснээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үндэслэл бий болсон байна. Дангаар эсвэл хамтран өмчлөх эрх нь эрх зүйн өөр өөр асуудал тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай болно.

2. Хариуцагч нар “...Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5А байрны 76 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.Лд худалдсан тул Д.Л нь орон сууцны үнийг Н.Ут шилжүүлсэн, уг мөнгөөр ....85 орон сууцыг худалдан авсан, энэ бидний өмч гэж мэтгэлцсэн.

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 745 дугаар шийдвэрт  “...Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5А байрны 76 тоот орон сууцны өмчлөгч Д.Л, түүний ээж С.Даваажав нар байсан, 2000 онд Д.Лгийн өмчлөлд, 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Н.Уийн өмчлөлд шилжсэн, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Н.Уээс Д.Лгийн өмчлөлд шилжсэн, уг байр нь орон сууцны зээлийн барьцааны зүйл болсон баримт хэрэгт авагджээ.

Шүүх зохигчдын мэтгэлцсэн асуудал буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5А байрны 76 тоот орон сууцны өмчлөгч нь Д.Л байсан, өмчлөх эрхээ Н.Ут шилжүүлсэн, үүний дараа Н.У нь Д.Лд худалдах худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн үйл баримтыг дүгнээгүй нь буруу байна. Нэхэмжлэгч нь энэ талаар мэтгэлцэхдээ “...орон сууцны зээл авахын тулд өөрийн өмчлөлийн байраа дүү Н.Ут шилжүүлсэн, Н.Уийн овог өөр байсан бөгөөд Н.Уээс уг орон сууцыг худалдаж авсан гэрээг бүрдүүлж, орон сууцны зээл авсан, уг зээлээр ...85 тоот орон сууцны үнийг төлсөн...” гэж тайлбар гаргасныг хэрэгт байгаа бусад баримттай харьцуулж дүгнээгүй байна.

3. Нэхэмжлэгч Д.Л нь ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу 47 600 000 төгрөгийг авч, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Н.Уийн дансанд шилжүүлсэн, харин Н.У нь мөн өдрөө 6 000 000 төгрөгийг Титан суурь ХХКомпанид, 27 444 833 төгрөг, 14 155 161 төгрөгийг тус тус 2 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн дансанд буцааж шилжүүлсэн үйл баримтыг нотлохоор баримтыг гаргасныг шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна. Н.У нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Лгээс орон сууцны үнийг авсан эсэх, тэдгээрийн хооронд гэрээ бодитой байгуулагдсан эсэх үйл баримтыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байжээ. Үүний зэрэгцээ Титан суурь констракшн ХХКомпанид орон сууцны үнэд төлсөн баримт нэхэмжлэгчийн гаргасан баримттай зөрсөн, хариуцагч нь Титан суурь констракшн ХХК-д 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 8 000 000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 25-нд 14 000 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 04-ны өдөр 5 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 6 000 000 төгрөгийг төлсөн баримт гаргасан, эдгээр баримтуудыг шүүх харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. /хх-113-123/

4.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.9-д заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр төлсөн үйл баримтыг тодруулах зорилгоор Титан суурь констракшн ХХК-ийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ. Гэрчээр тус компанийн ямар албан тушаалтныг оролцуулахыг шүүх нэхэмжлэгчээс тодруулах боломжтой ба гэрчийг асуугаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэх этгээд мөн эсэхийг тогтоох боломжгүй юм. Титан суурь констракшн ХХКомпани орон сууцны үнэд Н.У нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 22 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 16 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 6 000 000 төгрөгийг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтыг бичиж өгсөн, уг баримт нотлох баримтын шаардлага хангаагүй /хх-108/ боловч нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны үнэд төлсөн баримтууд эдгээр баримтаас зөрүүтэй тул энэ талаар тодруулж, гэрч асуулгах тухай хүсэлт гаргасан нь хэрэгт ач холбогдолтой байжээ.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02696 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2017/02266 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмараа гомдол гаргахдаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА