Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/02266

 

Д.Л нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02696 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Л нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Д, Д.Б нарт холбогдох

 

*** дүүрэг, ** дугаар хороо, Хоршооллын /13361/************ гудамж, ** дугаар байр, ** тоот 1 өрөө Ү-2204******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Титан суурь констракшн ХХК-ийн барьсан ******* дүүргийн 2-р хороо, Хоршооллын-13361, ****** гудамж, **** байрны 29 м.кв нэг өрөө орон сууцыг  дүү Н.У нэр дээр захиалгын гэрээ  байгуулсан. Н.У Голомт банкны 1105043399 тоот дансанд 18 сая төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт тушаалгахаар шилжүүлсэн. Н.У уг мөнгийг мөн өдөр данснаасаа авч 2015.06.25 өдөр Титан суурь констракшн ХХК-ийн Голомт банкны 1201185092 тоот дансанд 14 сая төгрөгийг нь шилжүүлсэн. Орон сууц захиалан бариулах гэрээнд үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөх ёстой учир би өөрийн өмчлөлийн СБД-ийн 7 хороо, 11 хороолол, Эрхүүгийн гудамж, 5А байр, 76 тоот байрыг барьцаалан 2013.08.16 өдөр Хаан банкнаас 47,6 сая төгрөгийн зээлээр авч тус банкин дахь өөрийн 5114175488 тоот данснаас дүү Н.У Хаан банкны 5076232563 тоот данс уруу байрны үлдэгдэл төлбөрт хэмээн шилжүүлсэн. Уг мөнгөөр Н.У байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Д.Л миний бие ХААН банкнаас авсан дээрх 47,6 сая төгрөгийн зээлийг хүүтэй нь тасралтгүй төлсөөр байна. Тухайн үед худалдан авсан орон сууц маань бүрэн ашиглалтад ороогүй, Улсын комисс хүлээж аваагүй, худалдан авагчидтай захиалгын гэрээг дөнгөж эхлэн байгуулж байсан бөгөөд дүү Н.У нь уг компанийн борлуулагчтай уулзаж өөрийн нэрээр гэрээ байгуулж гарын үсэг зурсан байсан. Дүү Н.У нь бие муутай группд байдаг, нөхөр Г.Д нь тодорхой эрхэлсэн ажилгүй, охин Д.Б нь оюутан байсан тул уг орон сууцыг ашиглалтад орж захиалагч нараа оруулж эхлэхэд буюу 2014.09 сараас тэднийг амьдрахыг зөвшөөрч байрандаа оруулсан юм. Гэтэл дүү Н.У нь 2014.02.04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Энэхүү явдлын дараа би Титан суурь констракшн ХХК-тай очиж уулзахад орон сууц захиалгын гэрээний захиалагчийн нэрийг Г.Д, Д.Б хэмээн өөрчлөн ЭХЭУБГ-т бүртгүүлэхээр өгсөн гэж мэдэгдсэн. Үүний дагуу талийгаач дүүгийн нөхөр Г.Д уулзахад 2014.06.19 өдөр өөрийн болон охин Д.Б нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байсан. Би энэхүү орон сууцны төлбөрийн урьдчилгааг бэлнээр, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 100 хувь төлсөн. Бүртгэлийн талаар гомдол гаргахад шүүхэд хандаж шийдвэрлүүл  гэж хариу өгсөн.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу  2016.10.05-ний өдрийн 745 тоот шийдвэр гарч дээрх орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Иймд Д.Л намайг Баянзүрх дүүргийн 2 хороо Хоршооллын /13361/, 12 байр 85 тоот 1 өрөө Ү-2204061737 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Д.Л, Н.Уг нар төрсөн эгч, дүүс ба ээж  Даваажав нь 2001 оны 01 сарын 06-ны өдөр  нас барсан. Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11 хорооллын 5А байрны 76 тоот байрыг Боржигон овогтой Найдангийн Уранчимэг өвлөж авсан. Н.Уранчимэг нь Д.Л 76 тоот орон сууцыг 68 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, тодорхой хэмжээний төлбөр нэхэмжлэгчээс Н.Уранчимэгт  шилжсэн байдаг. Үлдэгдэл төлбөрийг 2013 оны 8 сарын 08-ны өдрийн орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр мөнгө зээлж төлсөн. Д.Л энэ байрыг шаардах эрхгүй. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасныг баримтлан хариуцагч Г.Д, Д.Б нарт холбогдуулан гаргасан ******* дүүрэг, *** дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Д***** гудамж, *** дугаар байр, ** тоот 1 өрөө Ү-2204***** тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Л нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Л болон түүний өмгөөлөгч Б.Г нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь төрсөн дүү Н.Уранчимэгийн нэр дээр орон сууц захиалан урьдчилгаа төлбөрийг өөрсдөө төлж, ипотекийн зээлийг одоо хүртэл төлсөөр ирсэн байхад, дүү Н.Уранчимэгийг нас барснаас хойш 4 сарын дараа "Өвлөх эрхийн гэрчилгээ" олгогдоогүй байхад түүний нөхөр Т.Д, охин Д.Б нар уг орон сууцны захиалгын гэрээг шууд өөрчлөн өмчлөлдөө бүртгүүлэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэнээс үүдэлтэй. Талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу "Титан суурь констракшн" ХХК-ийн барьсан БЗД-ийн 2 хороо, Хоршооллын-13361, Б.Доржийн гудамж, 12 байрны 86 тоот 29 м.кв 1 өрөө орон сууцыг одоогийн өмчлөгч болох хариуцагч Г.Д, Д.Б нар захиалаагүй, ямар ч мөнгөний төлбөр хийгээгүй, төлбөрийн эх үүсвэрийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс гаргаагүй учир хууль бус аргаар орон сууцыг   өмчлөлдөө шилжүүлсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгохыг хүссэн. Энэ харилцаа бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан харилцаанд хамаарах тул шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь талуудын хооронд үүссэн маргааны харилцааг зөв тодорхойлж чадаагүй.  

Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг худалдаж авахын тулд Монгол улсын Засгийн газрын 2013.05.30 өдрийн 200-р тогтоолоор батлагдсан "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам"-д заасан нөхцөл шаардлагад нийцүүлэх шаардлагатай болсон юм. "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам"-ын 3.2.3-т: "Инженерийн дэд бүтэц бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц байх" гэсэн шаардлагыг тавьж байсан. Ийнхүү нэхэмжлэгч нь ипотекийн зээлд хамрагдахын тулд өөрийн эх С.Даваажавтай хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй, хамт амьдарч байсан 50 сая төгрөгний үнэ бүхий СБД 7 хороо 11 хороолол, 5А байрны 76 тоот 1 өрөө орон сууцаа хууль ёсоор өв залгамжлах эрхээсээ 2013.06.24 өдөр татгалзан байж, хамтран өмчлөгчөөс хасуулах хүсэлтийг эрх бүхий этгээдэд  гаргаж, орон сууцны өмчлөлийг 2013.06.27 өдөр  овог өөр төрсөн дүү болох Н.Уранчимэгийн нэр дээр шилжүүлсэн. Уг орон сууцыг  Н.Уранчимэгт шилжүүлснээс хойш 10-хан хоногийн дараа буюу 2013.07.07 өдөр дээрх 1 өрөө орон сууцаа 68 сая төгрөгөөр буцаан авахаар худалдах-худалдан авах гэрээг Н.Уранчимэгтэй байгуулснаар нэхэмжлэгч нь Хаан банктай 2013.08.08 өдөр №ОСИЗГ906 тоот "Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ" байгуулан 47,6 сая төгрөгийг зээлж, БЗД-ийн 2 хороо, Хоршооллын-13361, Б.Доржийн гудамж, 12 байрны 86 тоот 29 м.кв, 1 өрөө орон сууцны үнийг төлөх нөхцлийг бүрдүүлсэн. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг захиалан авахын тулд банкнаас зээл аваад 2013.08.16 өдөр Уранчимэгт шилжүүлсэн зээлийн 47,6 сая төгрөгөөс нь дүү Н.Уранчимэг байрны төлбөрт 6,0 сая төгрөгийг "Титан суурь констракшн" ХХК-ийн дансанд 27 444 838,35 төгрөгийг нэхэмжлэгчийн зээлийн өрийг хааж Голомт банкинд 14 155 161,65 төгрөгийг нэхэмжлэгч рүү буцааж шилжүүлсэн. Мөн "Титан суурь констракшн" ХХК-ийн данс руу байрны нийт 24 сая төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч өөрөө төлсөн бөгөөд 8 сая төгрөгийг 2013.06.24 өдөр, 11 сая төгрөгийг 2013.07.30 өдөр, 5 сая төгрөгийг 2013.08.04 өдөр нэхэмжлэгчийн нөхөр Д.Энхбатаар  тус тус төлсөн болох нь нотлогдсон. Эх С.Даваажавын хамтаар өмчилж, амьдарч байсан СБД 7 хороо 11 хороолол 5А байрны 76 тоот 1 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг гагцхүү ипотекийн зээлд хамтрагдах болзол шаардлагыг хангахын тулд дүүгийнхээ нэр дээр дүр үзүүлэн шилжүүлж, үл хөдлөх хөрөнгө худалдсан 2%-н татвар болон орон сууцны төлбөрийг захиалга хийсэн хүний нэр дээр өөрөө төлж байгаа зэргээр давхар нотлогдож байна. Энэхүү БЗД-ийн маргаан бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахын тулд ХААН банкнаас авсан зээлийг нэхэмжлэгч нь 2023.08.02 өдөр хүртэл төлж дуусах үүрэгтэйг нягтлан үзсэнгүй. Гэтэл шүүх Н.Уранчимэг нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хаах болон буцаагаад нэхэмжлэгч рүү шилжүүлсэн байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгч ипотекийн зээлд хамрагдаж, шинэ байр авах зорилгоор өөрийн амьдарч байсан байрыг Н.Уранчимэгийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож, Худалдах-худалдан авах гэрээ хийсэн нь Д.Л өөртөө байргүй байх шаардлагыг хангах, банктай зээлийн гэрээ байгуулах, Н.Уранчимэгийг түрээсийн байранд амьдардгийг болиулж,  тодорхой хугацаанд зөвхөн ашиглалтын зардал төлдөг байлгахаар тохирсон зэрэг үндэслэлийн талаар гаргасан тайлбарыг шүүх анхаарсангүй. Энэ талаар хариуцагч нар  маргаагүй. Мөн хариуцагч Г.Д, охин Д.Б нар орон сууцны төлбөр огт хийгээгүй, энэ тал дээр талууд маргаагүй.  2013.07.07 өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдах болсон нөхцөл нь нэхэмжлэгч ипотекийн зээл авч дээрх орон сууц авах зорилготой бөгөөд талуудын хооронд орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй, 2013.06.24 өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хийхэд талуудын хүсэл зориг байгаагүй, уг хэлцэл нь бодит үйлдлээр хийгдээгүй дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан байхад шүүх эсрэгээр дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж чадаагүйтэй холбоотой. Шүүх гэрч оролцуулах хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэж байгаа нөхцөлд нэхэмжлэгчээс тухайн компанийн ямар албан тушаалтныг асуулгах талаар тодруулах бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Г.Д, Д.Б нарт холбогдуулан ****** дүүрэг, ** дугаар хороо, Хоршооллын /13361/ **** гудамж, ** дугаар байр, ** тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч “...Д.Л 76 тоот, 1 өрөө орон сууцаа худалдаж олсон мөнгөн хөрөнгөөрөө 85 тоот сууцыг худалдаж авсан” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “..,******* дүүргийн ** дугаар хороо, Хоршооллын /13361/ ******н гудамж, ** дугаар байрны ** тоот сууцыг өөрийн төрсөн дүү Н.Уранчимэгийн нэр дээр захиалгын гэрээ байгуулан, сууцны үнэ 47 600 000 төгрөгийг Н.Уранчимэгээр дамжуулан төлж, худалдан авсан. Уг сууцны ашиглалтын зардлыг төлж, гэр бүлийн хамтаар түр суухыг дүүдээ зөвшөөрсөн байсан. Гэтэл дүү маань нас барсаны дараа түүний хууль ёсны өвлөгчид болох нөхөр Г.Д, охин Д.Б нар нь дүүгийн нэр дээр байсан орон сууцны захиалгын гэрээг өөрсдийн нэр дээр шилжүүлж, улмаар өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авчээ. Худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийг бүрэн төлсөн тул өмчлөгч болох ёстой” гэсэн агуулга бүхий үндэслэлийг гаргажээ.

 

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх нь хууль буюу гэрээнд зааснаар үүсдэг. Н.Уранчимэгээр дамжуулан байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр сууцны үнийг нэхэмжлэгч бүрэн төлсөн тул өмчлөгч болох ёстой гэсэн үндэслэл гаргасан гэж нэхэмжлэлийг  тодорхойлсон  анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг.

 

Хэрэгт нэхэмжлэгч Д.Л Н.Уранчимэгт Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар олгосон итгэмжлэл байхгүй, “Титан суурь констракшн” ХХК-тай Н.Уранчимэг өөрийн нэрээр гэрээг байгуулсан тул “нэхэмжлэгч нь Н.Уранчимэгээр хэлцэлд төлөөлүүлсэн гэх байдал тогтоогдоогүй“ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Харин маргааны зүйл болох 85 тоот сууцны үнэ 47 600 000 төгрөгийг нэхэмжлэгч  Д.Лс  Н.Уранчимэгт 14 000 000 төгрөгөөр, 8 000 000 төгрөг, 11 000 000 төгрөг, 5 000 000 төгрөгөөр тус тус шилжүүлж, уг мөнгөн хөрөнгийг Н.Уранчимэг нь цааш нь дамжуулж “Титан суурь констракшн” ХХК-д шилжүүлэн төлсөн үйл баримт тогтоогджээ. Түүнчлэн Н.Уранчимэг 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нас барсан, түүний нэр дээр байсан 85 тоот сууцыг захиалан бариулах гэрээг “Титан суурь констракшн” ХХК нь Г.Д, Д.Б нарын нэр дээр шилжүүлэн байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч нар олж авсан үйл баримт тогтоогдсон байна. 

 

Маргааны зүйл болох 85 тоот сууцыг худалдах худалдан авах гэрээг  Н.Уранчимэг барилгын компанитай байгуулсан, нэхэмжлэгч Д.Л “үнийг төлснөөр” өмчлөгч болохгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул энэ талаарх гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Харин нэхэмжлэгч Д.Л нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахад өөрийн оруулсан мөнгөн хөрөнгийг шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь  зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан хэдий ч “Титан суурь констракшн” ХХК-ийг гэрчээр оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлт нь хэнээс, ямар албан тушаалтнаас юу тодруулах гэж байгаа нь тодорхойгүй, хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг гэрчлэх талаар дурдаагүй, нэхэмжлэгч хүсэлтээ өөрөө тодорхойлох  үүрэгтэй  тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Л давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

           ШҮҮГЧИД                                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                   Ш.ОЮУНХАНД