Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

  2020         02         03                                   2020/ШЦТ/199

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

             улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

             шүүгдэгч Т.Т., С.Э., М.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар С. овогт Т.ын Т., Б. овогт С.ийн Э., Б. овогт М.ын Д. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1836 00163 2048 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрын дугаартай, С. овогт Т.ын Т..

            Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, регистрын дугаартай, Б. овогт С.ийн Э..

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрын дугаартай, Б. овогт М.ын Д..

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Т.Т., С.Э. нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Н.Баатарнямын фэйсбүүк хаяг руу  нэвтэрч, хохирогч С.Энхтөрөөс “Би Москвад байна, нэг хүний данс руу яаралтай 500.000 төгрөг шилжүүлж өгөөч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын автобусны буудлын хажууд байх “Хаан” банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг Э.Ариунболдын дансаар шилжүүлэн авч залилсан,

  Т.Т. нь 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө цахим хэрэгсэл ашиглаж, “Чимэдрэгзэнгийн Санжаадамба” гэх цахим хаягнаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 46-6 тоотод оршин суух хохирогч Д.Ганзолбоогоос “...400.000 төгрөг зээлээч” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун, хуурч, 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

  М.Д. нь 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Т.Т. нь бусдаас фэйсбүүк ашиглан залилж авсан гэх 400.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                 /яллах дүгнэлт бичсэнээр/

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Т., С.Э., М.Д. нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

П.Баасанжаргалын 5845251209 дугаартай “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Хохирогч С.Энхтөрийн өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 30 минутын үед манай найз Н.Баатарнямын чатаар “би Москвад байна, нэг хүний данс руу яаралтай 500.000 төгрөг шилжүүлж өгөөч” гэсэн хүсэлт ирсэн. Тэгээд би эргэлзээд Н.Баатарнямын утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан болохоор нь гадаадад явж байгаа юм байна гэж итгэсэн. Тэгэхээр нь би “надад мөнгө алга, хүнээс асуугаад өгье” гэж хариу бичсэн. Удалгүй “Юу болсон бэ? Нөгөө хүнээсээ яаралтай мөнгө асуугаад өгөөч” гэж чат ирэхээр нь “дансны дугаараа явуулчих” гэж хариу бичихэд “5630205653 дугаартай Ариунболд гэсэн дансанд хийчих” гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн юм. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Н.Баатарнямын эхнэр Цэцэгдарийн фэйсбүүк хаяган дээр нөхрийнх нь хаягаар хүн орж, нэрийг нь барьж, хуурч мэхэлж, мөнгө зээлж байгаа тул энэ хаягаар мөнгө зээлж болохгүй шүү гэсэн зар тавигдсан байсныг олж уншаад, Н.Баатарнямын гар утас руу залгаж холбогдон чатаар ирсэн хүсэлтийн дагуу Ариунболд гэдэг данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн талаараа хэлэхэд “миний хаяг руу хүн нэвтэрч, нэрийг минь бариад хүмүүсээс мөнгө залилж авсан байна, яаралтай цагдаад ханд” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч П.Баасанжаргалын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр С.Энхтөр нь “манай найз Н.Баатарням гадаадад явж байгаа гэнэ, нэг хүнд 500.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж байна, чамд мөнгө байна уу?” гэж асуусан. Тэгэхээр нь “мөнгө байна” гэж хэлэхэд “тэгвэл энэ данс руу шилжүүлээдэх” гээд 5630205653 тоот Ариунболд гэдэг хүний дансны дугаар өгөхөөр нь өөрийн 99432000 дугаарынхаа утаснаас мобайл банкаар уг данс руу 500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Яллагдагч Т.Т.ын өгсөн: “...Найз С.Э.ын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын “Веллмарт” дэлгүүрийн 2 давхарт байрлах интернэт тоглоомын газар тоглож байхдаа хоорондоо ярилцаж, хүний утасны дугаарыг нэвтрэх нэр, нууц үг хэсэгт хийж оролдоод, уг хүний хаяг руу орж идэвхитэй байгаа найз нөхөд рүү нь чат бичсэн юм. “Би Москвад байна, нэг хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч” гэж хэлээд АТМ-ээр үйлчлүүлж байсан хүний данс руу хийлгэж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 202/,

Яллагдагч С.Э.ын өгсөн: “...найз Т.Т.тай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын “Веллмарт” дэлгүүрийн 2 давхарт байрлах интернэт тоглоомын газар тоглож байхдаа ярилцаж, хүний утасны дугаарыг нэвтрэх нэр, нууц үг хэсэгт хийж оролдоход уг хүний хаяг руу орсон, юу  гэж хэлж авсан талаар нь мэдэхгүй, Т.Т. намайг данс олчих гэж хэлсэн. Тэгээд би хайгаад олоогүй. Хамт гараад АТМ-ээр үйлчлүүлж байсан хүний дансыг гуйгаад мөнгө шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 199/,

Хохирогч Д.Ганзолбоогийн өгсөн: “...үеэл дүү болох Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбын фэйсбүүкийн “Санжаадамба Чимэдрэгзэн” гэсэн нэртэй, дэвж байгаа бөхийн зурагтай, өөрийнх нь ашигладаг хаягнаас мессенжер чатаар “ах аа, танайхан сайн уу, эгч ажлаа хийж байна уу, эгчийн эмнэлгийн ажил сайн уу” гээд ойр дотны ах, дүү шиг бичиж байхаар нь үеэл дүү Санжаадамбыг өөрийг нь бичиж байгаа юм байх гэж бодоод байж байтал “ах аа, танд мөнгөний бололцоо байвал 400.000 төгрөг зээлээч” гэхээр нь “ахад нь байгаа нь 400.000 төгрөг байна. Мөнгөөр яах гэж байгаа юм?” гэж асуутал “хүнд яаралтай мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо, одоо орой болчихсон байна, би тань руу өглөө мөнгийг буцаагаад хийе” гэж чат бичихээр нь санаанд оролгүй, “за явуулъя, ямар данс руу хийх үү?” гэж асуутал одоо дугаарыг нь санахгүй байна, “Хаан” банкны дансны дугаар явуулахаар нь дүүгээ гэж бодоод өөрийн “Хаан” банкны 5099183888 дугаарын данснаас 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд орой болчихсон байсан тул шууд унтаж амраад, өглөө босоод дүү Ч.Санжаадамбын 99111999 дугаарын утас руу залгаж, “мөнгө орсон уу?” гэж асуутал “юун мөнгө, би бэлтгэлээ хийгээд байж байна, ямар учиртай мөнгө вэ?” гэхээр нь “чи өчигдөр над руу өөрийнхөө фэйсбүүк хаягнаас чат бичиж, мөнгө авсан биз дээ?” гэхэд “тийм зүйл байхгүй” гэхээр нь Ч.Санжаадамбын фэйсбүүк хаягийг хүн ашигласан байна гэж гадарласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-108/,

М.Д.гийн гэрчээр өгсөн: “...тэгэхээр нь би нээх сонирхож хараагүй ба сүүлд Т.Т.аас асуухад “Чимэдрэгзэн Санжаадамба” гэсэн хаягаар орж байгаад, ахтай чатлаад 400.000 төгрөг гуйгаад авчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/,

Гэрч Э.Хүсэлбаярын өгсөн: “...тэгээд бид гурав тэр интернэт тоглоомын газар 2 цаг тоглочихоод гарах гээд байж байх үед Т.Т. нь ахаасаа мөнгө авах хэрэгтэй байна, виза карт байна уу, дансны дугаараа өгчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь тухайн үед ах Э.Мөнх-Ертөнцийн “Хаан” банкны виза карттай явсан учир дансны дугаарыг нь Т.Т.ад өгсөн. Тэгээд Т.Т. миний картыг авангуутаа АТМ орж мөнгө авчирсан...” гэм мэдүүлэг /хх-ийн 112/,

Гэрч Э.Мөнх-Ертөнцийн өгсөн: “...миний “Хаан” банкны 5070127417 дугаарын виза картыг найзаасаа мөнгө авах гэсэн юм гээд надаас авсан. Би тэгээд Э.Хүсэлбаяраас авах гэсэн чинь миний картыг алга болгосон гээд би өөрөө захиалж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114/,

Т.Т.ын гэрчээр өгсөн “...ингээд тэр хүнээс 400.000 төгрөг авсан. Тэр мөнгөөр бид гурав ломбарданд тавьсан байсан утсаа аваад, хоол идэж, писи тоглоод дуусгасан. Мөн бид 3 гэртээ харилгүй буудалд хоноод, маргааш нь дахин писи-нд хоносон. Уг хэрэгт М.Д., Э.Хүсэлбаяр нар ямар нэгэн оролцоогүй, тэр 2 зөвхөн мөнгө авснаас хойш мөнгө үрэлцэж байхдаа хэрхэн, ямар аргаар авсныг мэдсэн. Харин М.Д. намайг фэйсбүүк рүү орсныг харсан боловч яг хэнтэй юу гэж бичиж байсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 151/,

Гэрч Э.Хүсэлбаярын өгсөн: “...тэгээд Т.Т. миний виза картыг авангуутаа АТМ орж мөнгө авчирсан. Тэгээд би энэ талаар цагдаа дуудахад л мэдсэн. Намайг цагдаа хэд хоногийн дараа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 112/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Т.Т., С.Э. нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Н.Баатарнямын фэйсбүүк хаяг руу  нэвтэрч, хохирогч С.Энхтөрөөс “Би Москвад байна, нэг хүний данс руу яаралтай 500.000 төгрөг шилжүүлж өгөөч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын автобусны буудлын хажууд байх “Хаан” банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг Э.Ариунболдын дансаар шилжүүлэн авч залилсан,

  Т.Т. нь 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө цахим хэрэгсэл ашиглаж, “Чимэдрэгзэнгийн Санжаадамба” гэх цахим хаягнаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 46-6 тоотод оршин суух хохирогч Д.Ганзолбоогоос “...400.000 төгрөг зээлээч” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун, хуурч, 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

  М.Д. нь 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Т.Т. нь бусдаас фэйсбүүк ашиглан залилж авсан гэх 400.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь П.Баасанжаргалын 5845251209 дугаартай “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Энхтөрийн мэдүүлэг, гэрч П.Баасанжаргалын мэдүүлэг, яллагдагч Т.Т.ын мэдүүлэг, яллагдагч С.Э.ын мэдүүлэг, хохирогч Д.Ганзолбоогийн мэдүүлэг, М.Дагвасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Э.Хүсэлбаярын мэдүүлэг, гэрч Э.Мөнх-Ертөнцийн мэдүүлэг, Т.Т.ын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Э.Хүсэлбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Т., С.Э. нарыг бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Н.Баатарнямын фэйсбүүк хаяг руу  нэвтэрч, хохирогч С.Энхтөрөөс “Би Москвад байна, нэг хүний данс руу яаралтай 500.000 төгрөг шилжүүлж өгөөч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын автобусны буудлын хажууд байх “Хаан” банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг Э.Ариунболдын дансаар шилжүүлэн авч залилсан,

  Т.Т.ыг 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө цахим хэрэгсэл ашиглаж, “Чимэдрэгзэнгийн Санжаадамба” гэх цахим хаягнаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 46-6 тоотод оршин суух хохирогч Д.Ганзолбоогоос “...400.000 төгрөг зээлээч” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун, хуурч, 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

  М.Д.г 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Т.Т. нь бусдаас фэйсбүүк ашиглан залилж авсан гэх 400.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Т.Т., С.Э. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.Д.д 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Д.Ганзолбоо 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...надаас худал хэлж авсан 400.000 төгрөгийг эргүүлж бэлнээр, бүрэн хүлээж авлаа. Надад ямар  нэгэн гомдол, санал байхгүй” гэж, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Т.аас гарган өгсөн хохирогч С.Энхтөрд 250.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны дансны хуулга, С.Э.аас хохирогч С.Энхтөрд 180.000 төгрөг шилжүүлсэн тухай “Хаан” банкны орлогын мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүгдэгч Т.Т., М.Д. нарыг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Э.аас 70.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Энхтөрд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 108 дугаар тал/

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Т. нь С.Э.тай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан хохирогч С.Энхтөрийг, Т.Т. ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө цахим хэрэгсэл ашиглан хохирогч Д.Ганзолбоог тус тус залилж, багаас дээш хэмжээний хохирол учруулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.Шүүгдэгч нь шүүхээр 3 удаа ял шийтгүүлсэн боловч ,түүний 2 удаагийн үйлдлийн нэг нь  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэхийн өмнө,нэг үйлдэл нь шийтгүүлсэний дараа байна.Тухайлбал түүний эхний үйлдлийг дээрхи шийтгэх тогтоолтой нэгтгэж шийдвэрлээгүйгээс түүний эрх зүйн байдал дордохоор байна.Харин Дээрхи шийтгэх тогтоолоор шийтгүүлсэний дараа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч С.Э. нь Т.Т.тай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан хохирогч С.Энхтөрийг залилан багаас дээш хэмжээний хохирол учруулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар ,

шүүгдэгч М.Д. нь 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Т.Т. нь бусдаас фэйсбүүк ашиглан залилж авсан  400.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.М.Дагвасүрэн нь 3 удаа шүүхээр шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээсэн боловч энэ үйлдэл нь түүний 3 удаагийн ял шийтгүүлэхийн өмнөх үйлдэл байр тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.Т., С.Э., М.Д. нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Т.Т. нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, М.Д. нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 49, 177, 222-226/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч С. овогт Т.ын Т., Б. овогт С.ийн Э. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т.ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар, С.Э.ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Д.д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Т.ад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Э.ад, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг М.Д. нарт тус тус тайлбарласугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Э.аас 70.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Энхтөрд олгосугай.

7. Шүүгдэгч Т.Т., С.Э., М.Д. нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т., М.Д. нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Т.ад авсан цагдан хорих, С.Э., С.Дагвасүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХТУЯА