Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 414

 

М.Д, Т.Т, С.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

            шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоор М.Д, Т.Т, С.Э нарт холбогдох эрүүгийн 1836001632048 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ..................., 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 56 дугаар гудамжны 788-4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ИЭ.................../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн;

 

            2. ............................., 1998 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Их Дарь эхийн 3 дугаар гудамжны 50 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЖЮ......................./;

 

            3. ......................, 1999 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 28 дугаар гудамжны 358 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....................../,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн;

 

            Т.Т, С.Э нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Н.Баатарнямын фэйсбүүк хаяг руу нэвтэрч, хохирогч С.Энхтөрөөс “Би Москвад байна, нэг хүний данс руу яаралтай 500.000 төгрөг шилжүүлж өгөөч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын автобусны буудлын хажууд байх “Хаан” банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг Э.Ариунболдын дансаар шилжүүлэн авч залилсан,

            Т.Т нь 2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө цахим хэрэгсэл ашиглаж, “Чимэдрэгзэнгийн Санжаадамба” гэх цахим хаягнаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 46-6 тоотод оршин суух хохирогч Д.Ганзолбоогоос “...400.000 төгрөг зээлээч” хэмээн зохиомол байдлыг нуун хуурч 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

            М.Д нь 2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Т.Т нь бусдаас фэйсбүүк ашиглан залилж авсан 400.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Т, С.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........................., .................................. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тыг 6 сарын хугацаагаар хорих ялаар, С.Эыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Тад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Эад, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг М.Дд тус тус тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Эаас 70.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Энхтөрд олгож, шүүгдэгч Т.Т, С.Э, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т, М.Д нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Тад авсан цагдан хорих, С.Э, С.Давгасүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Э нь ам бүл 3, эцэг С.Алтангэрэл нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, эх Н.Саранцэцэг нь ажилгүй, гэртээ өөрийн нөхрийг асран халамжилдаг. С.Э нь ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Анхан шатны шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь 8-9 сар үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ажил хийж гэр бүлээ тэжээх боломжгүй нөхцөл байдалд хүрч байна. С.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолоор тогтоосон 70.000 төгрөгийг хохирогч С.Энхтөрд төлсөн бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа юм. Иймд С.Эад оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулын ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа учир нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хэргийг 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Энэхүү хэрэг шүүхээр хэлэлцэгдэж байх явцад хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж, 70.000 төгрөг төлөөгүй үлдсэн. Мөн шүүх тухайн ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан зарчимд нийцүүлэн оногдуулсан гэж үзэж байна. Учир нь, С.Э нь Т.Ттай бүлэглэн, мөнгө олохын тулд бусдыг хуурч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Мөнгө олохын тулд гэмт хэрэг үйлдсэн хүнд дахин мөнгөн торгууль оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцэхгүй тул шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь хуульд заасан зорилго, зарчимд нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Т.Т, С.Э нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Н.Баатарнямын фэйсбүүк хаяг руу нэвтэрч, хохирогч С.Энхтөрөөс “Би Москвад байна, нэг хүний данс руу яаралтай 500.000 төгрөг шилжүүлж өгөөч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын автобусны буудлын хажууд байх “Хаан” банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг Э.Ариунболдын дансаар шилжүүлэн авч залилсан,

            Т.Т нь 2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө цахим хэрэгсэл ашиглаж, “Чимэдрэгзэнгийн Санжаадамба” гэх цахим хаягнаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 46-6 тоотод оршин суух хохирогч Д.Ганзолбоогоос “...400.000 төгрөг зээлээч” хэмээн зохиомол байдлыг нуун хуурч 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

М.Д нь 2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Т.Т нь бусдаас фэйсбүүк ашиглан залилж авсан 400.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.Энхтөрийн “...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 30 минутын үед манай найз Н.Баатарнямын чатаар “Би Москвад байна, нэг хүний данс руу яаралтай 500.000 төгрөг шилжүүлж өгөөч” гэсэн хүсэлт ирсэн. Тэгээд би эргэлзээд Н.Баатарнямын утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан болохоор нь гадаадад явж байгаа юм байна гэж итгэсэн. Тэгэхээр нь би “надад мөнгө алга, хүнээс асуугаад өгье” гэж хариу бичсэн. Удалгүй “юу болсон бэ, нөгөө хүнээсээ яаралтай мөнгө асуугаад өгөөч” гэж чат ирэхээр нь “дансны дугаараа явуулчих” гэж хариу бичихэд “5630205653 дугаартай Ариунболд гэсэн дансанд хийчих” гэсэн. Би данс руу нь 500.000 төгрөг шилжүүлсэн юм. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Н.Баатарнямын эхнэр Цэцэгдарийн фэйсбүүк хаяган дээр нөхрийнх нь хаягаар хүн орж, нэрийг нь барьж, хуурч мэхэлж, мөнгө зээлж байгаа тул энэ хаягаар мөнгө зээлж болохгүй шүү гэсэн зар тавигдсан байсныг олж уншаад Н.Баатарнямын гар утас руу залгаж холбогдон чатаар ирсэн хүсэлтийн дагуу Ариунболд гэдэг данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн талаараа хэлэхэд “миний хаяг руу хүн нэвтэрч, нэрийг минь бариад хүмүүсээс мөнгө залилж авсан байна, яаралтай цагдаад ханд” гэж хэлсэн. ...” /1хх 20-21/,

хохирогч Д.Ганзолбоогийн “...үеэл дүү болох Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбын фэйсбүүкийн “Санжаадамба Чимэдрэгзэн” гэсэн нэртэй, дэвж байгаа бөхийн зурагтай өөрийнх нь ашигладаг хаягнаас мессенжер чатаар “ах аа танайхан сайн уу, эгч ажлаа хийж байна уу, эгчийн эмнэлгийн ажил сайн уу” гээд ойр дотны ах дүү шиг бичиж байхаар нь үеэл дүү Санжаадамбыг өөрийг нь бичиж байгаа юм байх гэж бодоод байж байтал “ах аа танд мөнгөний бололцоо байвал 400.000 төгрөг зээлээч” гэхээр нь “ахад нь байгаа нь 400.000 төгрөг байна. Мөнгөөр яах гэж байгаа юм” гэж асуухад “хүнд яаралтай мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо, одоо орой болчихсон байна, би тань руу өглөө мөнгийг буцаагаад хийе” гэж чат бичихээр нь санаанд оролгүй “за явуулъя, ямар данс руу хийх үү” гэж асуутал одоо дугаарыг нь санахгүй байна, Хаан банкны дансны дугаар явуулахаар нь дүүгээ гэж бодоод өөрийн Хаан банкны 5099183888 дугаарын данснаас 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой болчихсон байсан тул шууд унтаж амраад өглөө босоод дүү Ч.Санжаадамбын 99111999 дугаарын утас руу залгаж “мөнгө орсон уу” гэж асуухад “юун мөнгө, би бэлтгэлээ хийгээд байж байна, ямар учиртай мөнгө вэ” гэхээр нь “чи өчигдөр над руу өөрийнхөө фэйсбүүк хаягнаас чат бичиж мөнгө авсан биз дээ” гэхэд “тийм зүйл байхгүй” гэхээр нь Ч.Санжаадамбын фэйсбүүк хаягийг хүн ашигласан байна гэж гадарласан. ...” /1хх 103-108/,

гэрч П.Баасанжаргалын “...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр С.Энхтөр нь “манай найз Н.Баатарням гадаадад явж байгаа гэнэ, нэг хүнд 500.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж байна, чамд мөнгө байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “мөнгө байна” гэж хэлэхэд “тэгвэл энэ данс руу шилжүүлээдэх” гээд 5630205653 тоот Ариунболд гэдэг хүний дансны дугаар өгөхөөр нь өөрийн 99432000 дугаарынхаа утаснаас мобайл банкаар уг данс руу 500.000 төгрөг шилжүүлж өгсөн. ...” /1хх 23/,

гэрч Э.Хүсэлбаярын “...тэгээд бид гурав тэр интернэт тоглоомын газар 2 цаг тоглочихоод гарах гээд байж байх үед Т.Т нь “ахаасаа мөнгө авах хэрэгтэй байна, виза карт байна уу, дансны дугаараа өгчих” гэж хэлсэн. Би тэгэхээр нь тухайн үед ах Э.Мөнх-Ертөнцийн Хаан банкны виза карттай явсан учир дансны дугаарыг нь Т.Тад өгсөн. Тэгээд Т.Т миний картыг аваад АТМ орж мөнгө авчирсан. ...” /1хх 112/,

шүүгдэгч С.Эын яллагдагчаар өгсөн “...найз Т.Ттай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын “Веллмарт” дэлгүүрийн 2 давхарт байрлах интернэт тоглоомын газар тоглож байхдаа хоорондоо ярилцаж, хүний утасны дугаарыг нэвтрэх нэр, нууц үг хэсэгт хийж оролдоход уг хүний хаяг руу орсон. Юу гэж хэлж авсан талаар нь мэдэхгүй. Т.Т намайг “данс олчих” гэж хэлсэн. Тэгээд би хайгаад олоогүй. Хамт гараад АТМ-ээр үйлчлүүлж байсан хүний дансыг гуйгаад мөнгө шилжүүлж авсан. ...” /1хх 199/,

шүүгдэгч М.Дгийн яллагдагчаар өгсөн “...маргааш нь Т.Т мөнгөтэй болчихсон үрээд байхаар нь лавлаж асуугаад мэдсэн. ...” /1хх 208-209/,

шүүгдэгч Т.Тын яллагдагчаар өгсөн “...найз С.Эын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын “Веллмарт” дэлгүүрийн 2 давхарт байрлах интернэт тоглоомын газар тоглож байхдаа хоорондоо ярилцаж, хүний утасны дугаарыг нэвтрэх нэр, нууц үг хэсэгт хийж оролдоод уг хүний хаяг руу орж, идэвхитэй байгаа найз нөхөд рүү нь чат бичсэн юм. “Би Москвад байна, нэг хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч” гэж хэлээд АТМ-ээр үйлчлүүлж байсан хүний данс руу хийлгэж авсан. ...” /1хх 202-203/ гэх мэдүүлгүүд,

депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 15, 32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Т.Т, С.Э нарыг цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Дг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Т.Т, С.Э нарын цахим хэрэгсэл ашиглан иргэн Н.Баатарнямын фэйсбүүк хаягаар хохирогч С.Энхтөрөөс 500.000 төгрөгийг Э.Ариунболдын дансаар шилжүүлэн авсан, шүүгдэгч Т.Тын цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Д.Ганзолбоогоос 400.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Дг Т.Тын бусдаас залилж авсан 400.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олж авсан гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүхээс Т.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

            Шүүгдэгч М.Д өмнө нь нэг төрлийн гэмт хэрэгт 3 удаа холбогдож, нийтэд тустай ажил хийлгэх ял болон торгуулийн ял шийтгүүлж байсан бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь түүний хувийн байдалтай тохироогүй байна.

            Гэвч давж заалдах шатны шүүхээс энэ удаад түүний эрүүгийн хариуцлагыг хөндөхгүй орхив.

            Цаашид анхан шатны шүүх энэ байдалд анхаарвал зохино.

            Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Б.Энхболд “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулын ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч С.Э нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлогогүй байх тул түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.                  

            Харин, шүүгдэгч С.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс түүний гэм буруугаа зөвшөөрсөн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээний дотор багасгаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч С.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хохирогч С.Энхтөрд хохирлын 70.000 төгрөг төлсөн болохыг дурдав. /2хх 27/

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...С.Эыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар...” гэснийг “...С.Эыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ““Шүүгдэгч С.Э нь хохирогч С.Энхтөрд хохирлын 70.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ