Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00513

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02362 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/02552 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Б-ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч Х.Б-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Б-ад 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 27 000 000 төгрөгийг хүү, алдангигүйгээр зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Энэ өдрөөс хойш хариуцагч нь ямар ч төлөлт хийгээгүй. Х.Б-аас 27 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Энэхүү гэрээгээр 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээлсэн 6 500 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлдүүлсэн 20 500 000 төгрөгийг нэгтгэн тооцож 27 000 000 төгрөг болгон 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд бичсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Б.Н-гээс 15 000 000 төгрөг зээлж авсан. Харин 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 27 000 000 төгрөгийн гэрээг өөр зорилгоор, борцны үйлдвэр байгуулах гээд байна авлагатай гэсэн баримт хэрэгтэй гэхээр нь хийж өгсөн. Бид садан төрлийн холбоотой, ах дүүсийн хүүхэд байгаа юм. Би энэ хугацаанд нэхэмжлэгчид 3 000 000 гаруй төгрөг цувуулж өгсөн. Бодитоор хүлээн авсан 15 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02362 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Доржхандаас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/02552 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02362 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “15 000 000” гэснийг “20 500 000” гэж, “12 000 000” гэснийг “6 500 000” гэж, 2 дах заалтын “232 950” гэснийг “260 450” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 

Гэрч Г.Бат-Өлзийгийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэж буй нь үндэслэлгүй бөгөөд түүнд хууль сануулж мэдүүлэг авсан. Хариуцагч нь гэрч Г.Бат-Өлзийгийн мэдүүлгийг дэмждэг буюу шүүгч хариуцагчаас “гэрч Г.Бат-Өлзий 6 500 000 төгрөг өгөхөд байлцсан гээд байна. Энэ үнэн юм уу” гэж асуухад хариуцагч “Тиймээ” гэж хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болохыг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг буруу бичсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа уг алдааг залруулаагүй нь учир дутагдалтай болсон тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Х.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бол хариуцагч Х.Б- шаардлагаас 15 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч нэхэмжлэлийн үлдэх хэсгийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Б.Н- шаардлагынхаа үндэслэлд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг заасан байна. Уг гэрээ нь Б.Н- 27 000 000 төгрөгийг 2 жил 11 сарын хугацаатай хүүгүйгээр Х.Б-ад зээлдүүлсэн гэх агуулгатай боловч энэ гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгө шилжээгүй, харин өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулсан болохыг талуудын хэн алин нь тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн байх ба анхан шатны шүүх хариуцагчаас 15 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх зээлдэгчийг 20 500 000 төгрөг зээлсэн гэж үзжээ. Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хяналтын шатны шүүх үгүйсгэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан дээрх өөрчлөлтийн үндэслэлийг магадлалдаа тодорхой тусгасан байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, эрх зүйн дүгнэлт хийжээ. Уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу авсан гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн байна. Харин гэрч Г.Бат-Өлзийгийн мэдүүлэгт тусгагдсан мэдээлэл цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хоёр шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна. Харин хариуцагчийн нэрийг ташаа бичсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2017/02552 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ““6 500 000” гэж” гэсний дараа ““Х.Доржхандаас” гэснийг “Х.Б-аас” гэж” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН