Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2017/02362и

 

 

 

 

 

   2017 оны 10 сарын 27 өдөр

      Дугаар 184/ШШ2017/02362

          Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,  хариуцагч Х.Б, гэрч Г.М, Г.Б, нарийн бичгийн дарга Ц.Дамба  нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н нь Х.Бтай 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 27 000 000 төгрөгийг хүү болон алданги тооцохгүйгээр зээлдүүлсэн бөгөөд гэрээний үргэлжлэх хугацаа 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Энэ өдрөөс хойш хариуцагч нь ямар нэгэн төлөлт хийгээгүй тул Х.Баас 27 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Энэхүү гэрээний тухайд 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр зээлсэн 6 500 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлдүүлсэн 20 500 000 төгрөгийг нэгтгэн тооцож 27 000 000 төгрөг болгон 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр  байгуулсан болно.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Нгээс 15 000 000 төгрөг зээлэн авсан нь үнэн. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 27 000 000 төгрөгийн гэрээг бол өөр зорилгоор, борцны үйлдвэр байгуулах гээд байна авлагатай гэсэн баримт хэрэгтэй гэхээр нь хийж өгсөн. Бид садан төрлийн холбоотой, ах дүүсийн хүүхэд байгаа юм. Би энэ хугацаанд нэхэмжлэгчид 3 000 000 гаруй төгрөг цувуулж өгсөн. Бодитоор хүлээн авсан 15 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Х.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Нэхэмжлэгч нь  хариуцагчийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж , хариуцагч нь 2014 онд нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийн зээлж авсан, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр мөнгө шилжүүлэн өгөөгүй, авлагатай гэсэн баримт хэрэгтэй гэхээр нь хийж өгсөн тул нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж  байна.

Зохигчид нь  2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг нөхөн байгуулсан, энэхүү гэрээгээр зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгөөгүй, 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 6 500 000 төгрөгийг хариуцагч зээлсэн үйл баримтын тухайд маргахгүй байгаа бөгөөд харин хариуцагч нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 20 500 000 төгрөг бус 8 500 000 төгрөгийг зээлэн авсан гэж маргадаг.

Талуудын бичгээр байгуулсан зээлийн гэрээнд 2014 оны 9 дүгээр сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зээлдэгч нь 27 000 000 төгрөгийг 35 сарын хугацаатай зээлэх, 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч мөнгийг бэлнээр авсан тухай заасан боловч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа болно.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн Хаан банк дахь 5030304199, Голомт банк дахь 2909271204 тоот дансны хуулгаас үзэхэд 2014 оны 7 дугаар сарын 9-ний  5 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 8 500 000 төгрөгийг дээр дурдсан данснуудаас Х.Бад түр зээлэв гэсэн гүйлгээний утгатайгаар бэлнээр авсан байна.

Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Б.Нтэй 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан  зээлийн гэрээ байгуулах болсон  шалтгаанаа өмнөх зээлийн үлдэгдлийг харилцан тооцож шинээр байгуулсан бус, харин нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу авлагатай болж харагдуулах зорилгоор хийсэн гэж тайлбарласан.

Гэрч Г.М нь Б.Нтэй  2014 оны 9 дүгээр сард хамт явж байхад   тэрээр Голомт банкнаас 8 500 000 төгрөг авсан, мөн өөрийн цүнхнээс бэлнээр 12 000 000 /20 000 дэвсгэртэээр 6 боодол / төгрөг, нийт 20 500 000 төгрөгийг хариуцагч Х.Бад зээлдүүлсэн талаар гэрчилсэн боловч мэдүүлэг нь өөр бусад байдлаар нотлогдоогүй, мөн гэрч нь нэхэмжлэгчтэй хувийн дотно харилцаатай тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь  2014 оны 7 дугаар сарын 9, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд өөрийн данснаасаа 5 000 000 төгрөг, 8 500 000 төгрөгийг авсан байдаг ба 12 000 000 төгрөгийг хаанаас авч хариуцагчид зээлдүүлснээ нотлоогүй,  мөн 27 000 000 төгрөгийг хүүгүй зээлэн, 35 сарын дараа авахаар тохиролцсон гэж үзэхэд эргэлзээтэй байгаа болно.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох 27 000 000 төгрөгөөс талуудын хооронд амаар тохиролцон, бодитоор зээлдэгчид шилжүүлэн өгсөн 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь  Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 282 зүйлийн 282.3, 282.4 дэх хэсгүүдэд амаар хийх хэлцлийн тухайд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хийсэн гэж үзэх, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдах, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус зохицуулсан байна.

Хариуцагч нэхэмжлэгчид 3 000 000 төгрөгийг зээлийн хүүнд өгсөн гэж дурдсан боловч баримтаар нотлоогүй, мөн  нэхэмжлэлээс 15 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281  дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Доржхандаас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2 . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 292 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                          

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.БАТСҮХ