Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 120

 

 

                                                  

 

 

 

 

 

2020         02         06                                    2020/ШЦТ/120

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Доржсүрэнгийн Эд холбогдох эрүүгийн 1911015680895 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч,    хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх,  ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1-10 тоотод оршин суух,

урьд 2012  оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 195 А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овгийн Д.Э /РД: ..............

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 1 дүгээр гудамжны 10 тоотод иргэн Б.Өлзийдэлгэр нь өөрийн “Самсунг-А6” загварын гар утсаа орхиж гээгдүүлсэн байсныг завшиж бусдад 671,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр намайг гэртээ байжа байхад миний зүс таних Б.Өлзийдэлгэр гэх эгч төрсөн өдрийн бэлэг гээд надад 0,56 литрийн савалгаатай Хараа нэртэй архи бариад орж ирэхээр нь хүн төрсөн өдөр гээд орж ирж байхад яаж үгүй хэлэхэв гэж бодоод цуг архийг нь хувааж уугаад тэр өдрөө Б.Өлзийдэлгэр эгч манай гэрт хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нисэхийн 97 жилийн ой болж байгаа ойн баярт явна гээд гарч явсан удалгүй эргэж орж ирээд заза яавахаа болилоо тэнд уусан энд уусан ялгаа юу байхав гээд орж ирэхдээ архи пивотой орж ирсэн. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд гарахдаа миний гар утас энэ гал тогооны тавиур дээр байсан алга болсон байна гээд маргалдах болсон юм. Тэгээд би тухайн үед би аваагүй гэж ойлгуулж хэлээд та маргааш сайн үзэж хар гэж хэлээд Өлзийдэлгэр эгч харьлаа гээд гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь би гэрээсээ гараад жорлон орох гэж гарч явж байгаад жорлонгийн хажууд байх “ Самсунг А-6” загварын хар өнгийн гар утас хэвтэж байхаар нь аваад урд нь Өлзийдэлгэр эгч манай хүүхэд М.Эрдэнээр ус авахуулдаг байсан тэгээд гэрээс нь мөнгө алга болсон танай хүүхэд авсан гээд би хохирч үлддэг гэж бодоод уг гар утсыг нь аваад Өлзийдэлгэр эгчид хэлэлгүй өөрөө баруун 4 замын ойролцоо байх ломбарданд 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд тэр мөнгийг өөрийнхөө эм тарианы мөнгөнд хэрэглээд дуусгасан би гар утсыг ломбарднаас авч байцаагчид өгч өөрт нь хүлээлгэн өгсөн ...” гэх /хх-ийн 41х/,

Хохирогч Д.Өлзийдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай гэрийн тэнд байдаг танил Э гэх хүн намайг дуудаж төрсөн өдөр болж байна гээд түүний гэрт нь уулзаж нэг шил архи хувааж уугаад би гэртээ орж амарсан. Харин маргааш өдөр нь 11 цагийн үед би цалин орж уу гэж үзэх санаатай түүний ажиллуулдаг “Ану” дэлгүүрт орж пос машинд картаа уншуулж үзэхэд мөнгө байхгүй байсан. Э цаанаас гарч ирээд Өлзий эгчээ үхлээ ганц юм уух уу гээд бид хоёр хамгийн жижиг 200 граммын хэмжээтэй архи аваад хувааж ууж юм ярьж хэсэг гэрт нь суусан. Тэгээд дэлгүүрийн худалдагч бид хоёрт мөн нэг жижиг архи өгч түүнийг уусан. Хүү нь хичээлдээ явж бид хоёр гэрт нь үлдсэн. Бид хоёр нэг нэг лаазтай пиво уусан.  Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад би гэр рүүгээ орсон. Гэртээ ороод гар утас картаа санаад буцаад очиход хашааны хаалга нь түгжээтэй байхаар нь дэлгүүр орж худалдагч эмээгээр Саруулыг дуудуулсан. Саруул гарч ирэхээр нь би утас, карт хоёроо мартсан байна гэхэд юу яриад байгаа юм бэ аваад гараа биз дээ гээд байсан. Тэгээд би түүнтэй муудалцаад гарсан...” гэх /xx-ийн 24-25х/,

Гэрч Т.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад 40-45 насны үл таних эмэгтэй ганцаараа орж ирээд “гар утас авах уу” гэж асуухаар нь уг эгч надад 50,000 төгрөгөөр гар утас байнга тавиад авдаг байсан болохоор нь итгээд гар устыг нь үзэхэд “Самсунг А6” загварын хар өнгийн гадаргуутай гар утсыг барьцаанд 14 хоногийн хугацаатай 250,000 төгрөгөөр тавьсан. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хугацаа нь дуусаад гар утсыг нь авах эсэх талаар асуутал боломж болохгүй байна гэхээр нь журмын дагуу нэг сарын хугацаанд хадгалсан юм. Тэгээд Э гэх хүн гар утсыг авахгүй болохоор нь би өөрийн найз Төгөлдөрийг түр барих гар утас байна уу гэхээр нь уг гар утсыг өгч бариулсан. Тэгээд найз Төгөлдөрийг бариад явж байхад нь цагдаагийн байгууллагаас залгаад дуудсан байсан. Тэгээд уг гар утсыг надад авч ирж өгөөд би өөр дээрээ байлгаж байхад Э гэх хүн өөрөө ирж надаас мөнгийг нь алдангийг нь тооцож бодоод гар утсыг аваад явсан ...” гэх /хх-ийн 30-31х/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20х/,

Дамно ХХК-ийн гар утсыг 671,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/,

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 57х/,

Шүүгдэгч Д.Эын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61-63х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Эыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э нь хохирогч Д.Өлзийдэлгэрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20х / байх ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Боржигон овгийн Доржсүрэнгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 нэгж буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД