Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 429

 

 

 

 

 

 

  2020             4              7                                          2020/ДШМ/429

 

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр Д.Эд холбогдох 1911 0156 80895 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Доржсүрэнгийн Э, 1975 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Сурагчийн ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, /РД:.............../,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 195А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжаар 2 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1 дүгээр гудамжны 10 тоотод иргэн Б.Өлзийдэлгэрийн гээгдүүлсэн “Самсунг-А6” загварын гар утсыг мэдсээр байж завшиж, бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Доржсүрэнгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолтой танилцахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Энэ нь шүүгдэгч Д.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргээс өөр зүйл, хэсгээр ял оногдуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээний талаар тусгасан байна” гэснийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Иймд, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1 дүгээр гудамжны 10 тоотод иргэн Б.Өлзийдэлгэрийн гээгдүүлсэн “Самсунг-А6” загварын гар утсыг мэдсээр байж завшиж, бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Өлзийдэлгэрийн “2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би Этай уулзсан. Маргааш өдөр нь 11 цагийн үед би цалин орсон эсэхийг мэдэх гээд түүний ажиллуулдаг “Ану” дэлгүүрт орж пос машинд картаа уншуулж үзсэн. Э бид хоёр 200 грамм архи аваад түүний гэрт хэсэг ууж суусан. Хүү нь хичээлдээ явж бид хоёр гэрт нь үлдсэн. Би гэр рүүгээ ороод гар утас, картаа санаад авах гээд буцаад очиход хашааны хаалга нь түгжээтэй байхаар нь дэлгүүр орж худалдагчаар Эыг дуудуулсан. Э гарч ирэхээр нь би утас, карт хоёроо мартсан байна гэхэд “юу яриад байгаа юм, аваад гарсан биз дээ” гэхээр нь бид хоёр муудалцсан. ...” /хх 24-25/,

гэрч Т.Батболдын “....би 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад 40-45 насны үл таних эмэгтэй ганцаараа орж ирээд “гар утас авах уу” гэж асуухаар нь гар утсыг нь үзэхэд “Самсунг А6” загварын хар өнгийн гадаргуутай утас байсан бөгөөд уг утсыг 250.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр барьцааны хугацаа нь дуусч гар утсыг нь авах эсэх талаар Эаас асуухад “боломж болохгүй байна” гэхээр нь журмын дагуу нэг сарын хугацаанд хадгалсан. ...” /хх 129/,

шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр намайг гэртээ байж байхад зүс таних Б.Өлзийдэлгэр гэх хүн ирээд, бид хоёр архи ууж манайд хоносон. 2019 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд гарахдаа “миний гар утас гал тогооны тавиур дээр байсан алга болсон байна” гээд маргалдсан. Маргааш өглөө нь би гэрээсээ гараад жорлон орох гээд явж байгаад жорлонгийн хажууд “Самсунг А-6” загварын хар өнгийн гар утас хэвтэж байхаар нь аваад Өлзийдэлгэрт хэлэлгүй өөрөө баруун 4 замын ойролцоо байх ломбарданд 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгийг нь өөрийнхөө эм тарианы мөнгөнд хэрэглээд дуусгасан. Би гар утсыг нь ломбарднаас аваад мөрдөн байцаагчид өгч, хүлээлгэн өгсөн. ...” /хх 41/ гэх мэдүүлгүүд,

Эд зүйл авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 19-20/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33-34/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож шүүгдэгч Д.Эыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Эын хохирогч Б.Өлзийдэлгэрийн гээгдүүлсэн “Самсунг-А6” загварын гар утсыг мэдсээр байж түүнд өгөлгүйгээр барьцаалан зээлдүүлэх газарт 250.000 төгрөгийн барьцаанд өгч, мөнгийг нь ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Прокурор А.Нямсүрэнгийн “...шүүгдэгч Д.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргээс өөр зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь;

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Харин ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн нь техникийн шинжтэй алдаа байна гэж үзэв. Иймд, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Эд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулахдаа уг ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

 

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Иймд, шүүгдэгч Д.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурор А.Нямсүрэнгийн гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ