Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 129

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        02          10                                2020/ШЦТ/129

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогтой Уранзаяагийн Ат холбогдох эрүүгийн “1911013221232” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хангай хотхоны 507-112 тоотод оршин суух хаягтай,

 урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт У..............

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч У.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.А нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим банк ашиглан “Айтем” нэртэй компьютерийн тоглоом зарна гэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Өнөрзоригоос 650,000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч У.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Анх 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр миний бие КТМС-ийн ойролцоо байлах Лоп нэртэй “Пи Си” тоглоомын газарт үйлчлүүүлж байхад Өнөрзориг гэх хүн надаас 1 сая төгрөгөнд “Айтем” нэртэй хүмүүсийн “Дота” гэх нэрээр мэдэх болсон компьютерын тоглоомыг худалдаж авья гэж хэлсэн. Би түүнд “...надад 1 сая төгрөгийн үнэтэй “Айтем” байхгүй, харин 650,000 төгрөгийн үнэ бүхий тоглоом байгаа” гэж хэлсэн. Ямар учраас Өнөрзориг нь надаас ийм төрлийн тоглоом асуусан бэ гэхээр Өнөрзориг нь надаас өмнө нь 1-2 удаа толоом мөнгөөр худалдаж авч байсан болохоор надад тоглоом байж магадгүй гэж бодоод надруу чат бичсэн байх. Харин Өнөрзориг нь надаас дахин “..чи надад 650,000 төгрөгийн үнэтэй байгаа тоглоомоо өгчих” гэхээр нь би түүнд хандаж “..эхлээд мөнгөө хийчих” гэж хэлээд тухайн үед писинд тоглож байсан Сайханбилэг гэх хүүхдийг картаа ашиглуулахыг гуйсан бөгөөд, түүнээс би дансны дугаарыг нь асуугаад Өнөрзориг руу чатаар явуулж байсан. Одоогоор ямар дансны дугаар явуулж байснаас сайн санахгүй байна. Тухайн үед дансны дугаар явуулсны дараагаар Өнөрзориг нь тус явуулсан дансруу 650,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд миний бие тухайн картнаас Өнөрзоригийн шилжүүлсэн мөнгийг нь АТМ-ээр дамжуулан авсан боловч тоглоомыг нь өгөөгүй. Яагаад гэвэл надад тухайн үед үнэн хэрэгтээ ямар ч тоглоом байгаагүй бөгөөд тухайн үед надад мөнгөний яаралтай хэрэг гараад мөнгийг нь авчихсан бөгөөд дахин Өнөрзоригтой харилцаагүй. Ингээд мөнгийг нь шилжүүлж авснаас хойш Өнөрзориг нь надруу залгаад, чат бичээд “...тоглоомоо авья” гэж хэлээд, бичээд байсан бөгөөд би тухайн үед “...хэд хоногоос тоглоомыг нь өгнө” гэж хэлж байгаад тоглоомыг нь өгөлгүй, мөнгийг нь аваад, холбоогоо тасалсан ба авсан мөнгөө хувийн хэрэгцээнд зарцуулаад, хувцас хунар аваад дуусгачихсан....” гэх /хх-ийн 32-33х/,

Хохирогч Э.Өнөрзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 04 дүгээр сард “Нирлан” гэх фэйсбүүк хаяг дээр “Айтем” их хэмжээгээр зарна гэсэн зар байсан. Уг зарын дагуу 89115455 дугаар руу холбогдоод асуухад би зардаггүй юм аа манай найз залуу зардаг юмаа гэж хэлээд удалгүй 99543330 дугаараас найз залуу гэх хүн залгаад “Айтем” авна гэсэн гээд тухайн үед бид хоёр нэг долларыг 1600 төгрөгөөр бодоод 650,000 төгрөгөөр авахаар болоод би Сансарын КТМС дээр очиход надад шалтаг хэлээд надад олдоогүй маргааш над руу яриад өчигдөр би завгүй байлаа гэж хэлсэн. Тухайн үед би ажил дээрээ байж байхад уг залуу нь чи мөнгөө шилжүүлчихээ би “Айтемаа” 20-30 минутын хүлээлгэн дээр бэлдчихлээ чи мөнгөө шилжүүлчихвэл угаасаа чам руу автоматаар шилжиж орно гэхээр нь би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ажил дээрээсээ өөрийн мобайл банкны 5000927277 гэх данснаас 5210107788 дансны дугаар луу шилжүүлсэн. Тухайн үед уг залуу би найзынхаа дансыг ашиглаж байгаа энэ данс руу хийчих гэж хэлж байсан. Тэгээд би уг данс руу хийчихээд хэлсэн чинь би гараад дансаа шалгаадахья гээд дансаа шалгачихаад надад мөнгө орсон байна гэж хэлээд би Айтемыг чинь оруулчихнаа гэж хэлээд алга болчихсон. Тэгээд миний хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй байгаа...” гэх /хх-ийн 19х/,

Хохирогч Э.Өнөрзоригийн Хаан банкны харилцагчийн дансны хуулга /хх-16/     болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч У.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.А нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 24-ны дугаар 2019/ШШТ/403 шийтгэх тогтоолоор 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосон шүүхийн шийдвэрийн биелүүлэх хугацаа дуусаагүй тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хохирогч Э.Өнөрзоригт учирсан хохирол нийт 650,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх тул шүүгдэгч У.Ааас нийт 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Өнөрзоригт олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.12 дугаар зүйлийн 1, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                    ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Бодонгууд овогт Уранзаяагийн А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын биелэгдээгүй үлдсэн 500 нэгж буюу 500,000 төгөрөгөөр торгох ялыг нэмж ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч У.А нь цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Ааас нийт 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-30 тоотод оршин суух хохирогч Мэргэд овгийн Эрдэнэбатын Өнөрзориг /УШ95090814/-т олгосугай.  

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.АРИУНБОЛД