Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 531

 

У.А-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч У.А-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч У.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 19110132211232 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             У.А-, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            У.А- нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим банк ашиглан “...“Айтем” нэртэй компьютерийн тоглоом зарна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Өнөрзоригоос 650.000 төгрөг авч залилах  гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: У.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.А-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолын биелэгдээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.А-аас 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Өнөрзоригт олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч У.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Хан-Уул дүүргийн болон Төмөр замын цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Энэ талаар шүүх хуралдаанд оролцохдоо хэлсэн боловч нотолсон баримт бичиг байгаагүй. Цагдан хоригдох хугацаанд мөрдөгчид ирж надаас байцаалт авсан. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд бүх хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт өөр газруудад шалгагдаж байгаа хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлж байсан нь тэмдэглэлээс харагддаг. Улсын яллагчийн зүгээс уг асуудлыг шалгахаар цагдаагийн газрууд болон нэгжүүд рүү албан бичиг хүргүүлсэн боловч хэдхэн газраас л хариу ирсэн байдаг. Миний бие хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас хойш Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцын 2020 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдөр, мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагийн 2020 оны 4 дүгээр сарын 6 өдөр, мөн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, У.А-ыг яллагдагчаар татсан тогтоолуудыг авсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйл /Шударга ёсны зарчим/-ийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус заасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад эдгээр нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байсан. Гэвч шийтгэх тогтоол нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа учир У.А-ын үйлдлүүдийг нэмж нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор түүнд ял оногдуулж өгнө үү.” гэв.

            Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад У.А-ын өөр гэмт хэрэгт холбогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байсан. Мөрдөгчийн зүгээс энэ талаарх баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч тогтоогдоогүй. Иймээс шүүх У.А-т тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 500.000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан бөгөөд уг заалтыг У.А-ын дараагийн үйлдсэн гэмт хэргүүдэд хэрэглэж, түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой. Учир нь У.А-ын өөр бусад газар үйлдсэн гэмт хэргийн төрөл ижилхэн, зүйлчлэл өөрчлөгдөхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил тогтоогдлоо.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл /Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:/-ийн 14 дэх хэсэгт “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн ... өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд тусгайлан зохицуулсан. 

Хэдийгээр шүүгдэгч У.А- нь шүүх хуралдаанд “өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” /хх 96/ гэдгээ илэрхийлсэн боловч энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаагүй байхад шүүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзлээ.

            2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор У.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Гэтэл У.А- нь мөн өдрөө энэ төрлийн гэмт хэрэгт дахин холбогдсон ба шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг огт биелүүлээгүй, шүүх хуралдаанд “...надад мөнгөний боломж байгаагүй, ээж зээл авч хохирлыг төлнө...” /хх 98/ гэж мэдүүлсэн нь түүний үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй хувийн байдлыг илтгэж байна.       

            Ийм байхад, анхан шатны шүүх У.А-ын хувийн байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүйн гадна, нийт эдэлбэл зохих ялын төрөл, хэмжээг буруу тогтоожээ.

Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тул “...эрүүгийн хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхийг...” хүссэн шүүгдэгч У.А-ын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй ба түүний өмгөөлөгч П.Дэлгэрийн тус шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн, анхан шатны шүүхээр хэлэлцээгүй баримт бичгүүдийг давж заалдах шатны шүүхээс үнэлээгүй болно.

             Түүнчлэн хэрэгт авагдсан Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 38/-аар У.А- нь /УИ 99111931/ гэсэн регистрийн дугаартай болох нь тогтоогдсон байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт регистрийн дугаарыг /ВП 92092118/ гэж буруу тэмдэглэсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 5 дугаар сарын 29-нөөс 31-ний өдөр хүртэл хугацаанд 2 хоног сэжигтнээр баривчлагдсан байхад энэ хугацааг эдлэх ялд оруулж тооцолгүй орхигдуулсан хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл У.А-т урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

                      ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН