Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2017/ДШМ/52

 

 

О.Ц-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай                                                                                               

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Мөнхтүвшин,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Цд холбогдох, эрүүгийн 201710010084 дугаартай, 1 хавтас, 151 хуудас эрүүгийн хэргийг улсын яллагч Г.Мөнхтүвшингийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 38 настай, халх, бүрэн дунд боловсролтой, нэхмэлийн сүлжигч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Амарын 1-9 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Данхар овогт О.Ц /РД:ЧА79111601/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч О.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 07-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31522 маркийн тээврийн хэрэгслээр 3 шуудай буюу 75 кг химийн их аюултай бодис болох Кальцийн хлорид зохих зөвшөөрөлгүйгээр /Монгол Улсын  хилээр нэвтрүүлсэн/ импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч О.Ц-д зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дугаар зүйлийн 2141.1 /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-г болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч О.Ц-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 182633 төгрөг 25 мөнгөний үнэ бүхий 75 кг кальцийн хлоридыг улсын орлого болгож,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 00-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31512 маркийн, 31-16 ДГО улсын дугаартай Вонго маркийн тээврийн хэрэгслүүдийг шүүгдэгч О.Ц-д буцааж олгож,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 07-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31522 маркийн тээврийн хэрэгслээр 3 шуудай буюу 75 кг химийн их аюултай бодис болох Кальцийн хлорид зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын  хилээр нэвтрүүлсэн, импортолсон гэмт хэрэгт холбогдсон.  Сум дундын шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь ойлгомжгүй болсон. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлах байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14.2-т заасныг журамласан байна. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад шүүгдэгч О.Цг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж, Эрүүгийн хуулийн ямар заалтыг зөрчсөн болохыг тусгаагүй байна. Шийтгэх тогтоолын 6-д 00-19 ТӨА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Ц-д буцааж олгохдоо Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлаагүй. Мөн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад урьд авсан батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд байхгүй таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагад шийтгэх тогтоол нийцээгүй байх тул өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч О.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 07-19 ТӨА улсын дугаартай УАЗ-315122 маркийн автомашинаар 75 кг химийн их аюултай бодис болох кальцийн хлоридийг зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн өөрийнх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Батмөнхийн, гаалийн хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч Ш.Дүүриймаагийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд,  хэргийн эд мөрийн баримт болох кальцийн хлорид нь химийн их аюултай бодис болохыг тогтоосон 2017 оны 03 дугаар сарын 10-ны шинжээчийн дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж ажилласан, хэрэгт олж авсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан гэж үзэхээр байна.

Харин шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар прокурор яллуулахаар шүүхэд шилжүүлснийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа болсон байна гэж үзлээ.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах “ гэмт хэргийг хууль бусаар эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх аргаар үйлдсэн гэмт хэргийн ял шийтгэлийн хорих ялын  хэмжээ нь 1-5 жил болж 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д заасан гэмт хэргийн 3 жил хүртэлх хорих ялаас хүнд болсон байхад 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. 

 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт  “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”  гэсэнтэй  нийцээгүй байх тул шүүгдэгч О.Цгийн үйлдэл холбогдлыг 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар гэм буруутайд тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Эдгээр нөхцөл байдлууд нь  анхан шатны шүүхийг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэл бий болж байх тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг “-т тооцохоор заасан ба  хөнгөн гэмт хэрэг үйлдэж  гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох зохицуулалт нь шүүгдэгчид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д заасан гэмт хэргийн ял, түүнд нийцэх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн ялын аль алинд нь харшлахгүй байна.

 Шүүгдэгч нь үйлдсэн гэмт  хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцогдохоор байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн анхан шатны шүүхийн хэрэглэсэн энэ заалтыг хэвээр нь үлдээх нь зүйтэй юм.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн дараах алдаануудийг гаргасан байна.

Үүнд 1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хуулийг буцаан хэрэглэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг давхар баримталсан нь буруу болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг хэрэглэх шаардлага нь 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хоёрыг шүүгдэгчид аль ашигтай байдлаар нь нийцүүлж,  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх заалт ба энэ тохиолдолд зүйлчлэлийг хөнгөрүүлж байна гэж үзэхгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг давхар хэрэглэх шаардлагагүй байсан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг тогтоосон заалтад Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” -ыг тодорхой бичсэн байхаар хуульчлагдсан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн заалтгүйгээр гэм буруутайд тооцсон.

3. Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлах байтал хууль баримтлаагүй байна.

4. Шүүгдэгчийг ял оногдуулахгүйгээр тэнссэн учир шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагдаагүй батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь буруу болсон.

 Эдгээр алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1, 1.6-д заасан шаардлагуудыг хангаагүй гэж үзэхээр байгаа ба эдгээр алдаа зөрчлүүдийн улмаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2,  39.9 дүгээр зүйлийн 1, 1.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас  шүүгдэгч  О.Ц-д  зүйлчилж  ирүүлсэн  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-г /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-г болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэснийг,

 “Шүүгдэгч Отгонцэндийн Ц-г Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн  2141 дүгээр зүйлийн 2141.1-д заасан химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр импортлосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

2 дугаар заалтын  “Шүүгдэгч Данхар овогт Отгонцэндийн Ц-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг хасаж,

2 дугаар заалтад 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн /2015 оны/ Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Цд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн /2002 оны/ Тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилж нэмж,

3 дугаар заалтад  “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай” гэж нэмэлт оруулж,   

6 дугаар заалтын “Эд хөрөнгө ...” гэсний өмнө “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 1.8-д зааснаар” гэж нэмж  тус тус өөрчилж,  бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл

нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                 А.САЙНТӨГС