Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 30

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Иргэн Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох 

“Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад  даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  

Нэхэмжлэгч:                                 Д.Энхжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:         Ч.Дашням

Хариуцагч:                                    С.Отгонжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч :           Р.Атарцэцэг                                                   

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар: Б.Болормаа  нар оролцов.

 

Тодорхойлох  нь :

Нэхэмжлэгч иргэн Д.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байтал аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Отгонжаргал 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаар тушаал гаргаж үүрэгт ажлаас минь чөлөөлж, намайг ажилд томилсон 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгосон байв.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаар тушаал нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн хууль бус шийдвэр болж миний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна.

1.Би аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын томилсны дагуу Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн  даргын ажлыг хууль журамд заасны дагуу хүлээн авч, хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Гэтэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан, захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх ямар нэг үндэслэл заагаагүй нь намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг нотолж байгаа болно.

2.Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан тушаалд эрхлэх хүсэлтэй иргэдээс мэргэшлийн шалгалт авч нөөцийн жагсаалтад бүртгэх, эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх тухай 17 дугаар зүйлийн 17.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хувийн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх тухай Авилгатай тэмцэх байгууллагын үүргийг заасан 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг тус тус үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүйн нэг нотолгоо гэж үзэж байна.

3.Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээр дурдсан хууль зүйн үндэслэлгүй тушаал гарах хүртэл хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн хууль зүйн үйл баримтыг үгүйсгэж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн явдал боллоо гэж үзэж байна.

Миний бие ийнхүү ажлаас чөлөөлөгдсөн Хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хууль зүйн үндэслэлгүй уг шийдвэрийг урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч элдэв шалтгаан заан шийдвэрлэж хариу өгөхгүй байсан тул Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах 3 талт салбар зөвлөлд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөн гомдол гаргасан. Гэтэл Төрийн албаны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөл миний гомдлыг шийдвэрлэж, надад хариу өгөөгүй атлаа уг салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа нь Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар зөвлөлийн дарга гэж гарын үсэг зурсан 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот албан бичгээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад “Зөвлөмж” хүргүүлснийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олж мэдээд ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд намайг Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж өгнө үү  гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Энхжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 99 тоот тушаалаар 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын хэлтэст нарийн бичгээр томилогдож ажилласан. 2016 оны 04 сарын 29-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/90 тоот “Бүтэц, орон тоо, жагсаалт шинэчлэн батлах” тухай тушаал гарсан. 2016 оны 08 сарын 20-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар томилогдон ажилласан. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, хууль дүрэм журмын дагуу ажлаа гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 10 сарын 06-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга дуудаж, 10 сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх болсон тухай хэлсэн. Ажлаас чөлөөлөх шалтгаан нь “Нэгдүгээрт Нийгмийн даатгалын хэлтэст 3-с дээш жил ажилласан байх ёстой. Хоёрдугаарт, дэс түшмэлийн орон тоонд төрийн албаны шалгалт өгсөн ангилал чинь зөрж байна гэсэн. Гуравдугаарт Авлигатай тэмцэх газарт явуулсан албан бичгийн хариу ирсэн” гэсэн тайлбарыг хэлсэн. Улмаар 10 сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гомдлоо өгсөн. Төрийн албаны салбар зөвлөлөөс хариу ирэхгүй байсан учраас 2017 оны 01 сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандаж гомдол гаргасан. Уг хорооноос 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 04 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Отгонжаргалд хаяглаж хүргүүлсэн байдаг. Энэ зөвлөмж бичгийг барьж өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан тухай шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Нийт ажилгүй байсан хугацааны 9.713.299 төгрөгийн цалингаа төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр нөхөн бичилт хийлгэх, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн  Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Энхжаргал нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс бичиг хэрэг, дотоод хяналт хөрөнгө хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн  Б/56 тоот тушаалаар Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар томилсон. Б/56 тоот тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б/65 тоот тушаалаар давхардуулан 2 удаа гаргасан байна.

Тодруулбал: Д.Уртсайхан дарга нь ижил утгатай үг үсэг адил 2 тушаалаар Д.Энхжаргалыг Тасгийн даргаар томилсон юм. Ингэхдээ Б/56, Б/65 тоот тушаалуудын Хуулийн үндэслэлүүд нь томилох заалт хэрэглээгүй /Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.17.1 Төрийн албаны зарчим/ гэсэн зүйл заалтыг баримтлан томилсон байдаг.

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 тоот тушаалаар давхардан гарсан 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгосон.

Мөн Д.Энхжаргалын материалыг Авлигатай тэмцэх газарт явуулж хянуулахад хянах боломжгүй байна гэсэн хариу ирсэн. Иймд Д.Энхжаргал нь тухайн албан тушаалын ангилалд нийцсэн шалгалтанд ороогүй, тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээр хянах боломжгүй гэсэн Авлигатай тэмцэх газрын хариу, мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Тасгийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтыг зааж өгсөн байдаг. Үүнд: Тасгийн даргын тавигдах шаардлагад Улсын байцаагчийн болзол хангасан байх мөн нийгмийн даатгалын салбарт 3 ба түүнээс дээш жил ажилласан байх зэрэг шаардлагууд тавигддаг. Гэтэл Д.Энхжаргал нь дээрхи шаардлагуудыг хангахгүй байх тул тус хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 тоот “Д.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх” тухай тушаал гаргасан.

Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар зөвлөмжинд “Тухайн тушаалын хууль зүйн заалтанд төдийлөн тэр болгон ач холбогдол өгөлгүйгээр гол нь тушаалын агуулга нь тэр хүнийхээ зөрчил үйл явдалтай нийцсэн эсэхийг шалган тогтоож шийдвэр гаргах нь зүйтэй” гэж заасан байдаг.

Д.Энхжаргал уг албан тушаалыг эрхлэх тусгай шаардлагуудыг хангаагүй байх тул цаашид ажиллах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Энхжаргалын гаргасан нэхэмжлэлийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурьдсанаар ажлаас чөлөөлөх 3 үндэслэл байсан. Туслах түшмэлийн албан тушаалд 2015 онд шалгалт өгч тэнцсэн байдаг. Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн дарга бол ТЗ-7 буюу удирдах албан тушаал бөгөөд энэ болзлыг хангаагүй. Авлигатай тэмцэх газрын ТЗ-6 дээш бол тухайн албан хаагчаас урьдчилсан мэдүүлэг авах ёстой бөгөөд уг мэдүүлгийг аваагүй. 09 сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газраас “хянах боломжгүй” гэсэн хариу ирсэн байдаг. Мөн ээлжийн амралт эдэлж байх үедээ дээрх албан тушаалд томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар энэ тушаал нь хууль бус юм. 07 сарын 18-ны өдөр Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар томилсон тушаал гарсан байдаг ба энэ тушаалаа хүчингүй болголгүй дахин 08 сарын 20-ны өдөр Б/65 тоот он, сар, өдөр нь өөр болохоос үг үсгийн хувьд яг ижил дахин нэг тушаал гарсан. Ийм хоёр тушаалтай. Өмнөх тушаалаа хүчингүй болгоогүй. 2015 оны 12 сарын 31-ний өдөр ажилд томилогдсон тушаалын дугаар, нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн дугаар зөрдөг. Үүнийг шүүхийн шинжилгээнд өгч шинжилгээ хийлгэсэн. Мөн шүүхэд гаргаж өгч буй нийгмийн даатгалын дэвтэр нь хавтаст хэрэгт авагдсан дэвтрээс зөрүүтэй. Ажилд томилсон, чөлөөлсөн шийдвэрийн дугаарууд хоорондоо зөрүүтэй байна. Хавтас хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээ нь хуурамч гэдэг нь шүүх шинжилгээгээр тогтоогдсон. Одоо гаргаж өгч байгаа гэрээний нэг хувь манай байгууллагад байхгүй, гэрээг баталгаажуулсан тамга байхгүй, хэзээ байгуулсан нь тодорхойгүй баримтыг нотлох баримтаар гаргаж өгч байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажилгүйдлийн тэтгэмж авсан тухай ярихад Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор ажилтан ажлаас халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг учраас ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Хүлээн зөвшөөрөхгүй бол гомдлоо гаргаад шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан авдаг. Нийгмийн даатгалын тухай хуульд “ажлаас халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэтгэмж авна” гэсэн заалт байгаа. Түүнийг хүлээн зөвшөөрч ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байдаг. Эхний 2 удаагийн тэтгэмжийг бэлнээр, сүүлийн 4 удаагийн тэтгэмжийг Хаан банкны дансаар авсан. Нийгмийн даатгалын тухай хуулиар ажилтан ажилгүй болсноо эс хүлээн зөвшөөрвөл шүүхийн байгууллагад хандаж, хэн буруутайгаа тогтоолгох ёстой. Ажлаас халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсдэг. Төрийн албаны шалгалт өгсөн боловч албан ёсоор тангараг өргөөгүй гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлөөс албан тоотоор ирүүлж түүнийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан.               

            Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Үндэслэх  нь :

Нэхэмжлэгчээс 1. Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2.2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, 3. нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгах гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.  

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын  хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Д.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх тухай Б/72 дугаартай тушаалд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сургийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 05/6260 тоот албан бичгийг үндэслэн тушаах нь гээд тушаалын нэгдүгээр хэсэгт албан тушаалын ангилалд нийцсэн шалгалтанд ороогүй, тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээр хянах боломжгүй тухай албан тоот ирсэн гэж Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн дарга Доржийн Энхжаргалыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гээд дараагийн заалтуудаар  ажил хүлээлцэх болон холбогдох тооцоог хийхийг холбогдох албан тушаалтнуудад хариуцуулж, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч талаас Д.Энхжаргал нь Туслах түшмэлийн албан тушаалд 2015 онд шалгалт өгч тэнцсэн  Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн дарга бол ТЗ-7 буюу удирдах албан тушаал бөгөөд энэ болзлыг хангаагүй. Авлигатай тэмцэх газраас ТЗ-6 дээш бол тухайн албан хаагчаас урьдчилсан мэдүүлэг авах ёстой бөгөөд уг мэдүүлгийг аваагүй. 2017 оны 09 сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газраас “хянах боломжгүй” гэсэн хариу ирсэн мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Тасгийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтыг зааж өгсөн байдаг. Үүнд: Тасгийн даргын тавигдах шаардлагад Улсын байцаагчийн болзол хангасан байх мөн нийгмийн даатгалын салбарт 3 ба түүнээс дээш жил ажилласан байх зэрэг шаардлагууд тавигддаг. Гэтэл Д.Энхжаргал нь дээрхи шаардлагуудыг хангахгүй байх тул ажлаас нь чөлөөлснөөс гадна ээлжийн амралт эдэлж байх үедээ дээрх албан тушаалд томилогдсон, Нийгмийн даатгалын тухай хуульд “ажлаас халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэтгэмж авна” гэсэн заалт байгаа. Түүнийг хүлээн зөвшөөрч ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байдаг. Эхний 2 удаагийн тэтгэмжийг бэлнээр, сүүлийн 4 удаагийн тэтгэмжийг “Хаан банк”-ны дансаар авсан гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь 2014 оны 12 дугаар сард Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд Нийгмийн даатгалын хэлтсийн Бугант тосгоны нийгмийн даатгалын байцаагч /Х.х-47/-ийн албан тушаалд өрсөлдөж тэнцэн төрийн албанд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтанд бүртгэлтэй байж байгаад Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/100 дугаар тушаал /Х.х-34/-аар тус хэлтсийн бичиг хэрэг, дотоод хяналт хөрөнгө хариуцсан ажилтнаар /ТY-5 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар цалинжин/ төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын  2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Бүтэц, орон тоо, жагсаалт шинэчлэн батлах тухай” А/90 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт /Х.х- 69-70/-аар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаал /ажлын байрны жагсаалтаар нийт 62 орон тоотой үүнээс Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасаг нь 4 орон тоотой  байхаар заасан боловч 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн  “Бүтэц, орон тоо батлах тухай “А/03 дугаар тушаалын 1 дэхь хэсэгт дөрөвдүгээр хавсралтаар “Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зохион байгуулалтын бүтэц”-ийг баталж 3 дахь хэсэгт “... ажлын давхардал гаргахгүй байхаар ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх, батлагдсан орон тооны дээд хязгаарын хүрээнд ажилтан албан хаагчдын мэргэжил, туршлага, мэдлэг, ур чадварыг харгалзан ажил албан тушаалд томилон ажиллуулах зохион байгуулалт хийхийг аймаг, хэлтэс, газрын дарга нарт даалгаж 5 дахь хэсэгт А/90 дугаартай тушаалыг хүчингүй болгосонд тооцож тушаалын 4 дүгээр хавсралтаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтаар нийт орон тоотой үүнээс Алтанбулаг сумын Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын тасгийн бүтэц орон тоо нь  тасгийн дарга 1 /шинээр батлагдсан/ албан тушаалын ангилал зэрэглэл нь ТЗ-7, Тэтгэвэр тэтгэмжийн байцаагч 1, Орлого, шимтгэл, сайн дурын  даатгал хариуцсан байцаагч 1, гэрээт ажилтан 1 гэж нийт  4 орон тоотой байхаар баталжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Д.Энхжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “тус хэлтсийн орон тооны бүтэц ирсэнтэй холбогдуулан Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн ажилтнаар гээд хаалтан дотор тасгийн даргаар явуулж өгнө үү гэсэн” /Х.х-ийн 67/ өргөдлийг гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Д.Энхжаргалыг ажилд томилох тухай Б/56 дугаар тушаал /Х.х-ийн 35/-аар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.17.1 дэх хэсэгт заасныг болон Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны А/90 тоот тушаал өөрийн өргөдлийг үндэслэл болгон нэхэмжлэгч Д.Энхжаргалыг төрийн үйлчилгээний албан тушаалаас чөлөөлөлгүй дараагийн албан тушаал болох  тасгийн  даргаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс  томилж, ажил албан тушаалын үндсэн цалинг ТЗ-7-5 шатлалаар тогтоож цалин олгохыг зохих этгээдэд зөвшөөрч шийдвэрлэжээ. Гэтэл дээрхи тушаалаа хүчингүй болголгүй нэхэмжлэгч Д.Энхжаргалыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ээлжийн амралт /Х.х-ийн 118-120/-аа эдэлж байх үед нь дахин  2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б/65 дугаартай тушаал /Х.х-ийн 4/-аар тасгийн даргаар томилсон нэг ижил утга агуулгатай нэг албан тушаалд 2 тушаал гаргасан болох нь тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтанг сонгон шалгаруулах журмын 14-ийн а-д “...тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно. 14-ийн б-д “...удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавих шаардлагыг харгалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уг орон тоог нөхөж болно” гэж заасныг зөрчин Алтанбулаг сумын Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын тасгийн даргын албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгч Д.Энхжаргалыг томилсон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Аймаг, /нийслэл/ дүүргийн нийгмийн даатгалын /газар/ хэлтсийн дарга нарт 1/159 /Х.х-ийн 26-31/ “Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, аймаг дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг салбарын хэмжээнд нэг стандартын дагуу Төслийн зөвлөхөөс өгсөн чиглэл, зөвлөмжийн хүрээнд шинэчлэн боловсруулсан. Иймд газар, хэлтсийнхээ орон тооны болон ажил хавсран гүйцэтгэж байгаа ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг өөрийн хэлтэс, газрын онцлогт тохируулан боловсруулж, хянан баталгаажуулах ажлыг зохион байгуулж, үр дүнг ирүүлэхийг мэдэгдэж байна гэсэн 1/159 дугаартай албан тоот, Ажлын байрны тодорхойлолтуудыг батлахад бэлэн болгох ажлын удирдамж, ажлын байрны загвар тодорхойлолтуудыг цахим сайтаар байгууллагын дотоод сүлжээгээр файл хэлбэрээр байршуулан тасгийн даргын ажлын байрны тодорхойлолт /Х.х-ийн 27-31/-д Тавигдах шаардлагын чухал шаардлагатай үзүүлэлтийн туршлага гэх шаардлагад Төрийн албанд 2 ба түүнээс дээш жил, Нийгмийн даатгалын салбарт 3 ба түүнээс дээш жил, мэргэжлийн мэдлэг ур чадвар гэх шаардлагад улсын байцаагчийн болзол хангасан байхыг шаарджээ.

Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь дээрхи шаардлагыг хангаагүй төрийн албанд болон нийгмийн даатгалын салбарт ажилд ороод 8 сар болсон, улсын байцаагчийн болзол хангаагүй, албан тушаалын ангилалд нийцсэн шалгалтанд ороогүй  болох нь тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах зааврын 3-т Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах ажлын зорилго нь мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, Төсвийн байгуулагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3, 48.1-д заасан шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадавхитай ажилтныг шилж сонгоход , 4-т ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус тухайн байгууллагын зорилт чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулахаар зохицуулжээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний албаны даргаар тухайн үед ажиллаж байсан Г.Сэржмядаг нь нэхэмжлэгч Д.Энхжаргалд тохируулан ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан хэлтсийн дарга Д.Уртсайханаар баталгаажуулан гарын үсэг зуруулсан  болох нь хэрэгт авагдсан Алтөнбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргын  ажлын байрны тодорхойлолт /Х.х-ийн 48-53/-оор тогтоогдож байх бөгөөд Төрийн албанд 2 ба түүнээс дээш жил, Нийгмийн даатгалын салбарт 3 ба түүнээс дээш жил, мэргэжлийн мэдлэг ур чадвар  гэх шаардлагад улсын байцаагчийн болзол хангасан гэснийг хасах  ямар зайлшгүй шаардлага байсан нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг буюу багийн ахлагчийн санал дүгнэлт байхгүй, журмын дагуу хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хзргүүлнэ” 23.6-д “....ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Алтанбулаг сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасгийн даргад томилогдохоор нэр дэвшсэн үедээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх ёстой байтал өгөөгүй харин 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай тушаал гарснаас хойш өгсөн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Уртсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 542 тоот албан тоот /Х.х-ийн 68/-оор Д.Энхжаргалд холбогдох материалуудыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэхэд Авлигатай тэмцэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05/6260 дугаартай албан тоот/ Х.х-ийн 36/-оор “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Иймд хууль тогтоомжид заасны дагуу танай байгууллагын бүтэц өөрчлөгдсөн байх тул материалыг хянах боломжгүй байна гээд материалыг буцаан хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаартай  “Д.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх тухай”  тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өргөдөл гарган материалаа бүрдүүлж өгсөн байх бөгөөд  2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 6 удаагийн олголтоор нийт 1.598.280 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-т заасантай нийцсэн шийдвэр болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж  үзлээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нь шүүх хуралдаан дээр Д.Энхжаргал Захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 04 сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлдээ 2016 оны 10 сарын 10-ны өдөр Б/72 тоот тушаалаар халагдаж, 10 сарын 21-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны салбар зөвлөлөөс хариу ирэлгүй 3 сарын хугацаа өнгөрхөөр нь 2017 оны 01 сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороонд гомдол гаргасан” гэсэн тайлбар бичсэн байдаг. Хууль мэдэхгүй гэсэн байдлаар хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Хуулиа судалсан байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу 30 хоногт хариу өгөөгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хуулиараа олгогдсон. Энэ хуулийн шаардлагыг биелүүлэлгүй Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасан нь буруу юм. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг  мэдэгдсэнээс хойш  захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1, 12.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” гэж тус тус зааснаар ямар нэгэн шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай.                

            Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь 2016 оны 10 дугаар  сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж,  тус Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлт /Х.х-ийн 73-75/ гаргасан боловч нэхэмжлэгчид албан ёсоор хариу өгөөгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороонд гомдол гаргаж 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 04 тоот Зөвлөмжийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад хүргүүлсэн болох нь нотлогдож байгаа тул  шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад  даалгах” тухай нэхэмжлэгч Д.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч ,тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.БУРМАА