Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2017/ДШМ/54

 

 

 

Ц.А-д  холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай                                                                                               

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Мөнхтүвшин,

            Хохирогч: П.Байнахүү,

            Хохирогчийн өмгөөлөгч: С.Энхзул,

            Шүүгдэгч: Ц.А,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.А-д холбогдох, эрүүгийн 201610010185 дугаартай, 2 хавтас, 508 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.А-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр б аг, 64 айлын 32-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 04 сарын 01-ний өдрийн 51 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.4-т зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Хөвсгөл овогт Цэентогтохын А /РД:ЕЭ78090172/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.А нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын сарын 11-ний орой 23 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн 2-37 тоотод П.Отгонбаярыг согтуу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, гар, хөлөөрөө нүүр, толгой, цээжин тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөн, толгойгоор нь хоёр удаа шал мөргүүлж бие махбодид нь олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хөвсгөл овогт Цэентогтохын А-г онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Центогтохын Аыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ц.Аад оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон 291 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн богино ханцуйтай ХL өмсгөлтэй фудболка 1, цэнхэр өнгийн  фудболка 1, цагаан өнгийн канттай улаан өнгийн бэлтгэлийн өмд 1, nike гэсэн бичигтэй  цагаан өнгийн бэлтгэлийн өмд 1, 0,75 гр архины шил 2 ш, ногоон өнгийн шилний хагархай 4, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн суурь хэсэгтээ made in china гэсэн бичигтэй хүрэн өнгийн хуванцар иштэй, иш нь хугарсан шанага 1 ш, цаас зүсэгч 1 ш, 8 см урттай хүрэн өнгийн шанаганы иш 1 ш,  хүрэн бор өнгийн эрх 1 ш /бугуйны/, 27,5 см урттай ажлын хэсгийн урт 14,5 см ишний урт 13 см саарал өнгийн иштэй заазуур 1 ш, тод ягаан өнгийн гадна ирмэгээрээ эмжээргүй даавуу 1 ш, 168х188 см хэмжээтэй бараан өнгийн дунд хэсгээрээ шаргал өнгийн цэцгэн хээтэй ширмэл даавуун хөнжил 1 ш, 190х160 см хэмжээтэй шар бор улаан өнгийн шоо хээтэй хөнжил 1 ш 140х200 см хэмжээтэй цайвар ягаан өнгийн 4 талаараа эмжээртэй бүтээлэг 1 ш, эмэгтэй хүний жинсэн өмд 1 ш, хөх өнгийн хөхний даруулга 1 ш, дугуй захтай цэнхэр өнгийн цамц 1 ш, улаан өнгийн дугуй захтай фудболка 1 ш, цагаан өнгийн фудболка 1 ш, хар өнгийн ташаа хэсэг нь торон эмэгтэй хүний дотоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ааас 9002100 төгрөгийг гаргуулан хохирогч П.Байнахүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6279778 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүйг, хохирогч нь 240000 төгрөгийн нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Аад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016.09.11-ний өдөр хамтран амьдрагч бүсгүйг алсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Намайг унтахаас өмнө талийгаач эрүүл байсан, намайг унтаж байхад хэр их архи уусан талаар мэдэхгүй. Надад талийгаачийг алъя гэсэн санаа зорилго байгаагүй. Алъя гэсэн санаа зорилго байсан бол би заазуурыг хаях шаардлагагүй байсан. Намайг өмнө нь удаа дараа доромжилж байсан болохоор би уурласан. Онц харгис гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүх Ц.Ариунбатыг 2002 оны Эрүүгийн хуулиар 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буюу санаатайгаар онц харгис аргаар бусдыг биеэ хамгаалах чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алсан гэж дүгнэж ял оногдуулсан. Шүүх олон тооны шарх үүсгэж хүнийг алсан учраас энэ нь онц харгис арга гэж дүгнэсэн байгаа. Онц харгис аргыг сонгож авсан уу, онц харгис аргыг хэрэглэх санаа сэдэлт байсан уу, олон төрлийн шарх үүсгэж, хохирогчийг зовоох зорилго байсан уу гэдэг дээр шүүх анхаараагүй юм. Онц харгис аргаар үр дагаврыг хүсч үйлдсэн байх юм бол энэ нь онц харгис аргаар үйлдсэн гэж үзнэ гэж тайлбарласан байдаг. Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байхад буюу согтолттой байгааг нь мэдсээр байж санаатай алсан гэж дүгнэсэн бол хохирогчийг согтолттой байсныг мэдэх боломж байсан уу гэдгийг тогтоох ёстой. Хамт архи ууж байгаад А түрүүлээд унтчихсан байсан, унтсанаас хойш талийгаач хэр их архи уусан талаар мэдээгүй гэж А хэлж байна. Тэгэхээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж гэдэг нь үндэслэлгүй юм. Хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд шинжээч эмч Анхбаярын мэдүүлэг байдаг. Шинжээч эмч хүнд зэргийн согтолтыг харьцуулахад биеэ хамгаалах чадвар харьцангуй муу байдаг гэж мэдүүлсэн болохоос биш энэ хүн ямар ч биеэ хамгаалах чадваргүй байж гэж мэдүүлээгүй гэдгийг анхаарч үзээсэй. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр зүйлчилж шийдвэрлэнэ үү гэв.

Хохирогч П.Байнахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач өөрийгөө авч явах чадваргүй байсан гэдэг нь үнэн. Өөрийгөө авч явах чадвартай байсан бол ямар нэгэн хариу үйлдэл хийх байсан. Гомдолтой байна. Хохирол төлбөрийг нэг ч төлөөгүй. Ойрын хугацаанд төлж өгнө үү. 2 хүүхэд нь ээжийнхээ нэрээр овоглодог бүтэн өнчин. Хохирол төлбөрөө төлүүлмээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдэж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Энхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч А нь хүндрүүлэх нөхцөл байдлын талаар маргаж байгаа. Хохирогч биеэ хамгаалж чадахгүй байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хохирогчийн биед олон тооны шарх учруулж онц харгис хэрцгий аргаар хохироосон байдаг. Энэ нь хохирогчийн биед задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр хангалттай тогтоогддог. Аын үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэж, 2 хүүхдийн хувьд заяа орвонгоороо эргэсэн. Хэдийгээр талийгаач архи уудаг ч гэсэн 2 хүүхдэдээ хайр халамжтай, ямар ч байсан элэг бүтэн амьдарч байсан юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч А нь П.Отгонбаярыг согтуу, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, гар, хөлөөрөө нүүр, толгой, цээжин тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөн, толгойгоор нь хоёр удаа шал мөргүүлж бие махбодид нь олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч насанд хүрээгүй Аминаагийн мэдүүлэг /хх59-63/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 83 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 152 дугаар дүгнэлтүүдээр тогтоогддог тул шүүхээс оногдуулсан 20 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Аын давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

1. Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай буюу 2016 оны 09 дүгээр сарын сарын 11-ний орой 23 цагийн үед согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн 2-37 тоотод П.Отгонбаярыг согтуу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, гар, хөлөөрөө нүүр, толгой, цээжин тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөн, толгойгоор нь хоёр удаа шал мөргүүлж бие махбодид нь олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болох хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-26-31/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-34/, гэрч  Д.Цэентогтох /хх-54/, насанд хүрээгүй гэрч Б.Амина /хх-59-63/, П.Түмэндэмбэрэл /хх-66-67/, Ц.Бат-Эрдэнэ /хх-74/, Т.Баярбаатар /хх-79/, Ч.Орхонтуул /хх-81-83/, нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт 2016.10.10 №38 /хх-89-93/, 2016.09.20 №7999 /хх-102/, 2016.09.20 №8000 /хх-103/, 2017.01.25 №152 /хх-153-156/ зэргээр нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ц.А нь амь хохирогч П.Отгонбаярыг гар, хөлөөрөө нүүр, толгой, цээжин тус газарт нь удаа дараа цохиж, өшиглөн, толгойгоор нь удаа дараа шал мөргүүлж бие махбодид нь олон тооны шарх, гэмтэл учруулсан, мөн амь хохирогч П.Отгонбаяр нь согтуурсаны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүйг шүүгдэгч Ц.А нь мэдсээр байж түүний амь насыг хохироосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүний энэ талаарх буюу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх тухай агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй болно.

2. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэл зарчимд нийцэх тул  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийуүүлэн хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Аад оногдуулсан ялыг дээрх хуульд нийцүүлэн хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй.

Тодруулбал 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д заасан онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж тогтоогдсон байх ба энэхүү хуулийн зүйл хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 12 жилээс 20 жил болж багассан тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Ц.Аад оногдуулсан хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасахаар шийдвэрлэв.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Аын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар шүүгдэгч Цэентогтохын А-г 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2015 оны/ Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цэентогтохын Аыг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ц.Аад оногдуулсан оногдуулсан 20 /хорь/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2015 оны/ Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Аын давж заалдсан гомдыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ын анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт 47 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Н.БАТЧИМЭГ