Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00555

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02650 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2550 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох,

1 503 860 293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Б.Байгалмаа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Зам тээвэр хөгжлийн яам нь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5/2545 тоот албан тоотоор урилга хүргүүлж, манай компанитай 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №С-А3-Б 2013-65/104 тоот Хөгжлийн банктай хамт гурвалсан гэрээ байгуулж, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын багц №3 болох 27.75 км асфальтобетон хучилттай замын барилгын ажил гүйцэтгүүлэхээр болсон. Дээрхи замыг гэрээний хугацаанд барьж байгуулах явцад захиалагч тал болон хяналтын компанийн шаардлагын дагуу гэрээнд өөрчлөлт оруулахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №С-А3-Б 2014-35/23 тоот гэрээ хийж, анх гэрээнд тусгагдсан асфальтобетон хучилттай замын өргөн 7 м байсныг 8 м болгон өөрчилснөөр манай компанийн төсөв нэмэгдэж, өөрөөр хэлбэл үнийн өсөлт үүсэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Битумын орц цемент бетон суурийн орцыг нэмэгдүүлсэн, гэрээний үүргийн дагуу санхүүжилтээ бүрэн хийгээгүй буюу материалын урьдчилгааны санхүүжилтыг 60 хоног саатуулсан. Манай талаас цаг агаарын нөхцөл байдал буюу бороотой байсан /42 хоног/, улс орон даяар эдийн засгийн хямрал бодитоор бий болж, валютын ханш огцом өсч, бараа материалын үнийн огцом өсөлтүүд гарсны улмаас замыг бүрэн барьж, хугацаандаа ашиглалтанд хүлээлгэн өгөх боломжгүй болсон.

Иймд захиалагч тал болох Зам тээвэр хөгжлийн яам, гүйцэтгэгч тал болох “Г” ХХК харилцан тохиролцож, замын барилгын ажлыг ашиглалтанд оруулах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, нэмэлт гэрээ байгуулан сунгасан. Хэдийгээр хариуцагч тал гэрээнд өөрчлөлт оруулж, ажлын хэмжээг нэмэгдүүлсэн санхүүжүүлэлтээ бүрэн хийх үүргээ биелүүлээгүй, үнийн огцом өсөлт бий болсон. Валютын ханшийн зөрүү анх гэрээ хийх үеэс огцом өссөн байсан ч манай компани гэрээний үүргээ биелүүлэн замыг хугацаанд нь барьж дуусгасан. Энэ тухайгаа хариуцагч талд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр техник ашиглалтын түвшингийн комисс ажиллуулах хүсэлтээ хүргүүлсэн. Хариуцагч тал 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улсын комисс хуралдуулж, тухайн авто замыг улсын байнгын ашиглалтанд хүлээн авч авто замын хөдөлгөөнийг нээсэн. 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авто замын барилгын ажлыг дүгнэх хуралдаан болж хурлын тэмдэглэл үйлдэж, акт гаргасан. Уг хурлын тэмдэглэлд захиалагч тал түүний хяналтын зөвлөх компанийн багийн ахлах З.Болдбаатар анхны гэрээнд яагаад өөрчлөлт оруулсан, түүний шалтгаан, нэмэлт ажлын тухай тодорхой тайлбарлаж, комиссын гишүүдэд танилцуулсан. Мөн гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч талын захирал гэрээнд өөрчлөлт оруулснаар үнийн зөрүү, валютын ханшны өсөлт үүсч, санхүүгийн бодит алдагдал, хүндрэл үүссэн тухайгаа мэдэгдэж, асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлж өгөхийг хүссэн ба захиалагч тал буюу Зам тээвэр хөгжлийн яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга нь уг үнийн зөрүү, үүссэн зардлын талаар холбогдох газарт уламжлахаар болсон.

Манай компани хариуцагч талд №С-А3-Б 2013-65/104 тоот гэрээний тусгай нөхцлийн 43-1-д нөхөн төлбөр нь магадлашгүй ажлын зардлын дүнгээс хэтэрсэн тохиолдолд захиалагч нь төсөвт тодотгол хийн төлбөрийг улсын төсвөөс гүйцэтгэгчид шилжүүлнэ, гэрээний ерөнхий нөхцлийн 1.1-д магадлашгүй ажил гэж ажил гүйцэтгэх явцад зураг төсөл, техникийн баримт бичигт тусгагдсан шийдэл ба обьектын барилгын ажлын нөхцөлд нарийвчилсан дүн шинжилгээ тооцоог хийсний үр дүнд гарч болох нэмэлт ажлыг хэлнэ хэмээн заасны дагуу бодит үнийн өсөлт бий болсон байна. Иймд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн Зам тээвэр хөгжлийн яамны сайдад 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №150 тоот, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №167 тоот албан бичигүүдээр хандаж байсан боловч гэрээнд үнийн зөрүүгээс үүсэх нөхөн төлбөрийг олгох талаар зохицуулалт тусгагдаагүй тул захиалагчийн зүгээс асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. 2013 оны №С-А3-Б 2013-65/104 тоот гэрээ, 2014 оны №С-А3-Б 2014-35/23 тоот нэмэлт гэрээний дагуу зам барьж дуусгах явцад буюу 2013 оны 6 сараас, 2014 оны 9 сар хүртэлх ажлын хэмжээнд цемент худалдан авалтын хугацаанд үүссэн валютын ханшийн өсөлтийн зөрүү 249 003 466 төгрөг, битум худалдан авалтын хугацаанд үүссэн валютын ханшийн өсөлтийн зөрүү 1 254 856 827 төгрөг болно.

Бидний зүгээс үнийн өсөлтийг шийдвэрлэж өгөхийг хариуцагч талд хүссэн боловч асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн тул шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Иймд хариуцагч Зам тээвэр, хөгжлийн яамнаас №С-А3-Б 2014-65/104 тоот гэрээний хугацаанд бий болсон үнийн өсөлт, зөрүү өртөг болох 1 503 860 293 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Г” ХХК нь нэхэмжлэлдээ ...авто замыг улсын байнгын ашиглалтанд хүлээн авч, авто замын хөдөлгөөн хийсэн гэж дурдаж Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тухайн үед талууд үүргээ биелүүлсэн гэдгийг нотолжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...бусад компаниудтай хийсэн зээлээр буцаан төлөх төлөлт нь валютын ханшийн зөрүүгээс болж ихээхэн алдагдал хүлээж байсан гэсэн нь Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээнээс алдагдал хүлээгээгүйг нотолж, мөн үнийн зөрүү шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар эүйлийн 497.1 дэх хэсэгт “...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэлдээ ...Хэдийгээр гэрээнд тусгагдаагүй боловч гэж дурдсан нь Зам, тээврийн яамтай /хуучнаар/ байгуулсан №С-А3-Б2013-65/104 тоот гэрээнд үнийн өсөлтийн зөрүүг нөхөн төлөх заапт байхгүй гэдгийг нотолж, үндэслэлгүйгээр нэмэлт үнийн зөрүү шаардсан нь гэрээнээс гадуур тавьж буй шаардпага төдийгүй Иргэний хуулийн 343 дугаар зүйлд “...эсхүл захиалагчийн буруугаас ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад №С-А3-Б2013-65/104 гэрээний хугацаанд бий болсон үнийн өсөлт зөрүү өртөг болох 1 503 860 293 гаргуулахаар нэхэмжилсэн нь №С-А3-Б2013-65/104 гэрээний 4.5-д “Гэрээний дүнгээс илүү гарсан аливаа зардалд Санхүүжүүлэгч хариуцлага хүлээхгүй болно” гэж, мөн гэрээний 42.10-т “Гэрээний үнэд өөрчлөлт орсон тохиолдолд санхүүжүүлэгч төлбөр хийхгүй...” гэж заасантай тус тус нийцэхгүй байгаа нь үнийн зөрүү шаардах эрхгүй болохыг нотолж байна. Нэхэмжлэгч “Г” ХХК болон Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан №С-А3-Б2013-65/104 тоот гэрээнээс үүссэн үнийн өсөлтийн зөрүү шаардсан нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлээд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8172 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 244 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/хт2016/00325 дугаартай тогтоол тус тус гарч “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн байтал дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6-д заасныг ноцтой зөрчсөн байна.

“Г” ХХК нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хянан шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр байхад энэ асуудлаар дахин дахин шүүхэд хандаж Зам, тээврийн яамыг удаа дараа хариуцагчаар татаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш зарчимд үндэслэн явагдана” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд “Г” ХХК нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02650 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын Багц-III болох 27.75 км хатуу хучилттай авто зам барих ажлын үнийн зөрүү 896 751 351 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 607 108 932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 677 251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 4 641 707 гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2550 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Өндөрхаан-Чойбалсон чиглэлийн 95.4 км хатуу хучилттай авто замын Багц-III болох 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын үнийн зөрүү 1 503 860 293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 200 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8172 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны өдрийн 244 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 325 дугаар тогтоолоор үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлэсэн байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор үнийн өсөлтийн зөрүүг шийдвэрлээгүй буюу зөвхөн гэрээний дагуу авто замын ажил хийж гүйцэтгэх явцад хариуцагчийн буруутай үйлдлээс үүссэн нэмэлт зардал буюу илүү ажил хийж гүйцэтгүүлсний төлбөрийг л шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх хэргийг олон талаас нь бодитой судлан шинжилж хариуцагчийн ажлын хариуцлагагүй буруугаас болж гэрээний хугацааны хувьд олон хоног хэтрүүлсэн, үүнээс үүдэн ажлын гол түүхий эд болох битум, цемент худалдан авсан зардлын валютын ханш огцом нэмэгдэж, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан нөхцөл, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол учирсан байна гэж дүгнэн шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэргийг шинжлэн судлахгүйгээр, бодит байдлыг үнэлэхгүйгээр, нэхэмжлэлийн огт өөр шаардлагатай шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн магадлал гаргасан болно.

Иймд дээрх тайлбарууд, хэргийн нотлох баримтуудыг нягтлан судлан үзэж давж заалдах шатны магадлалыг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхэд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал шийдлийн хувьд зөв болсон боловч шүүх хууль хэрэглээний болон найруулгын алдаа гаргаснаас гадна хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан цемент болон битум худалдан авахад гарсан валютын ханшийн зөрүүд 1 503 860 293 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тухайн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж маргажээ.

Зохигч нь Хөгжлийн банктай хамтарч 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр  гурвалсан гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Г” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27,75 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам захиалагчийн хувьд ажлыг хүлээн авч, хөлс төлөх, Хөгжлийн банк нь ажлын санхүүжилтийг хариуцах үүрэг тус тус хүлээсэн байна. Шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Талууд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулан асфальтобетон хучилттай замын өргөн 7 м байсныг 8 м болгон анхны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан ба 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ.  

Нэхэмжлэгч “Г” ХХК нь ийнхүү гэрээний нөхцлийг өөрчилснөөр ажил гүйцэтгэх хугацаа сунгагдаж, улмаар ажил гүйцэтгэхэд ашиглах бараа материалын үнэ валютын ханшийн өсөлтөөр ихэссэн гэж үзэж, ханшны зөрүүгээс өөрт учирсан хохирлыг ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаас шаардсан байна.

“Гашуун гол групп” ХХК нь гүйцэтгэх ажлын нөхцөл өөрчлөгдсөнөөр ажлын төсөв нэмэгдсэн учир нэмэлт зардлаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулахаар нэхэмжилснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8172 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 244 дүгээр магадлал, Улсын Дээд шүүх 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001\292016\00325 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ний хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан урьд гаргасан болон одоо гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл нэг боловч шаардлага нь өөр байх тул анхан шатны шүүх шинэ шаардлагаар иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ байдал шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6., 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан үндэслэл тухайн маргаанд хамааралгүй болно.

Давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл муутай дүгнэлт хийснээс гадна  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тус тус алдаатай болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг хэрэглээгүй, хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Зохигч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учир ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт тухайн эрх зүйн харилцаанд хамаарна. Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь ямар үр дүнг хүсч ажил гүйцэтгүүлэхээр захиалга өгөхийг хүсэл зоригоороо шийдвэрлэж, гэрээний явцад захиалгынхаа нөхцлийг өөрчлөх эрхтэй.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3.-т зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн зааварчилга ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр бол захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй, харин  хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4.-т зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.-т зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэгчээс ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч  гэрээг цуцлах эрхтэй буюу гэрээнээс бүхэлд нь татгалзах эрхтэй байдаг учир гэрээний зарим заалтаас татгалзаж,  анх тохиролцсон нөхцлийг ажил гүйцэтгэж дуусахаас өмнө өөрчлөх эрхтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн талаарх нөхцлийг захиалагч өөрчлөх эрхтэй бөгөөд ийнхүү өөрчилсөн явдлыг буруутай ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм.  

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2.-т зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг захиалагч өөрчилснөөс гарсан нэмэлт зардлын асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

Харин ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчлэхээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1.-д заасан тул валютын ханшний зөрүүгээс өөрт учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн нийтлэг шинжийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэнэ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна. Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам гэрээгээр хүлээсэн ямар үүргээ гүйцэтгээгүй болохыг тодорхойлох шаардлагатай болно. Анхан шатны шүүх хариуцагчийн ажлын зохион байгуулалт муу байсныг буруутай ажиллагаа гэж үзжээ. Нэхэмжлэгч тал хариуцагчийн ажлын зохион байгуулалтыг бус харин гэрээнд өөрчлөлт оруулсныг шаардлагынхаа үндэслэлд заасан байна. Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэрээний нөхцлийг өөрчилж, гэрээний хугацааг сунгаснаас валютын ханшны өсөлт зардалд нөлөөлсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурджээ.

Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн явдал гэрээний үүрэгт нөлөөлсөн байдлыг Иргэний хуулийн 224 дүгээрт зүйлд зохицуулжээ.

Хуулийн 223 дугаар зүйлийн 223.1.-д зааснаар хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг байна. Хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Хохирол хариуцах явдал нь зайлшгүй гэм буруу шаарддаг хуулийн зохицуулалтыг шүүх анхаараагүй, ажил гүйцэтгэх гэрээний захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Захиалагч ямар нэг үйлдэл хийгээгүйгээс хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.-д заасан зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь алдаатай болжээ. Энэ зүйлд зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй. Ийнхүү гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхийг хохирол гаргуулах шаардлагын эрх зүйн үндэслэл гэж үзэхгүй.  

Нөгөө талаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4.-т зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй байна. Нэхэмжлэгч “Г” ХХК нь гэрээнээс татгалзаагүй, татгалзах санал захиалагчид гаргаагүй байна.

Валютын ханш өссөнтэй холбогдуулан гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага нэхэмжлэгч талаас гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, маргааны зүйлийн талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2550 дугаар магадлалын тогтоох хэсгийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1. дэх хэсэгт зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж, “барилгын ажлын үнийн зөрүү” гэснийг “барилгын ажил гүйцэтгэхэд валютын ханшны өсөлтөөс үүссэн хохирол” гэж тус тус өөрчлөн магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 677 251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН