Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 591

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.М даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т.У” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т.У” ХХК-нд NE-******* дугаар өргөдлийн дагуу L-******* дугаар планшетийн кодтой, Д******* аймгийн Г*******, Өлзийт сумдын нутагт байрлах “Хад овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Т.У” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2015 оны 09 дүгээр сард зохион байгуулагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр уртрагийн 104 градусаас зүүн хагаст 11,94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1,95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл дугаарыг цахимаар олгох уралдаанд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр оролцож дугаар авч, Д******* аймгийн Г******* болон Өлзийт суманд байрших L/48/106 кодтой 3186 тоот талбайтай Хад овоо нэртэй газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан. Тус өргөдлийг хүлээн авсан тухай мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч тодорхойлолтыг “Т.У” ХХК-д гаргаж өгсөн. 

Түүнчлэн, Ашигт малтмал, газрын тосны газраас Хад овоо нэртэй талбайд зураг зүйн шүүлт хийн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн орон нутгаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар Д******* аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэл хүргүүлэхэд “...орон нутгийн тусгай хамгаалалтад авсан учир хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариуг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр саналаар хүргүүлсэн. Гэтэл уг саналын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж байна” гэсэн саналаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн байдаг. 

“Т.У” ХХК-аас маргаан бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан боловч уг хайгуулын талбайд цахимаар өргөдлийн дугаар олгох журамтай холбогдуулаад хэд хэдэн компаниуд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байх тул тусгай зөвшөөрөл олгохдоо холбоотой ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гаргасан учраас энэхүү ажиллагаа нь түдгэлзсэн,  тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн хариуг “Т.У” ХХК-нд аман хэлбэрээр өгч байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс аман хэлбэрээр өгсөн тайлбарыг бичгийн хэлбэрээр авахаар удаа дараа албан бичгээр хандсан боловч албан бичгийн хариуг огт ирүүлж байгаагүй. 

“Т.У” ХХК-аас маргаан бүхий хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгохыг жил гаран хугацаанд хүлээсэн. Тусгай зөвшөөрөл олгохгүй байсан учраас дахин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандахад мөн тайлбар өгөөгүй. 

Мөн нэхэмжлэл гаргаснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл олгох, олгохгүй талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан учраас дахин тус газарт албан бичгээр хүсэлт гаргахад “...тус талбайн тодорхой хэсгийг нь тусгай хамгаалалтад авсан учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. Уг албан бичгийн хариуг эс зөвшөөрч дээд шатны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдлоо гаргахад “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн. Иймд “Т.У” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч “Т.У” ХХК-ийн НЕ02******* дугаар өргөдлийн дагуу L/48/106 кодтой Д******* аймгийн Г******* болон Өлзийт сумын нутаг Хад овоо нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд нэхэмжлэлээ гаргасан.

Мөн түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дэмжихгүй санал, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дэмжиж байна гэсэн аймгийн Засаг даргын зөрүүтэй 2 санал хавтаст хэрэгт авагдсан байдаг. 

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дэмжихгүй гэсэн саналын хувьд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан бичгийг хавсаргасан байх хэдий ч  орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талаар тогтоолоо явуулаагүй. Тухайн тогтоол нь өөр журмаар Ашигт малтмал, газрын тосны газарт ирсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, 19.6 дахь хэсэгт зааснаар Аймаг, Нийслэлийн Засаг даргын санал эрх зүйн үр дагавартай захиргааны акт юм. Нэхэмжлэгчийн зүгээс өөрт нь сөргөөр нөлөөлж байгаа захиргааны акттай холбогдуулаад захиргааны журмаар гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлэх бүрэн боломжтой. 

Уг хүсэлт, гомдлын дагуу аймгийн Засаг даргаас захиргааны актаа дахин гарган “дэмжиж байна” гэсэн саналыг ирүүлсэн байдаг. Үүнийг захиргааны актыг дахин шинээр гаргаж, алдааг засах захиргааны акт гэж хууль зүйн хувьд дүгнэх боломжтой гэж үзэж байгаа. Нэгэнт аймгийн Засаг дарга “дэмжсэн санал” өгсөн учраас нэхэмжлэгчийн хувьд цаашид аймгийн Засаг даргын хувьд дэмжээгүй гэсэн саналтай холбогдуулаад шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт захиргааны актын үйлчлэл ямар тохиолдолд хүчин төгөлдөр байх, ямар тохиолдолд дуусгавар болохыг энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зохицуулсан. Хэрвээ захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох бол захиргааны актын үйлчлэл дуусгавар болно гэж үзнэ. Аймгийн Засаг даргын хувьд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дэмжсэн санал өөрөө өгснөөр өмнөх захиргааны акт болох 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дэмжээгүй гэсэн саналаа үгүйсгэсэн учраас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дэмжээгүй гэдэг санал буюу захиргааны актын үйлчлэл хууль зүйн хувьд дуусгавар болсон учраас тэр дэмжээгүй гэдэг саналыг үндэслэж хариуцагч буюу захиргааны байгууллага шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт хэрвээ дэмжсэн санал өгсөн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэсэн зохицуулалтыг тодорхой заасан байгаа. Аймгийн Засаг даргын саналыг хууль ёсны буюу хууль зүйн үндэслэлтэй байгаа эсэх дээр тогтоох газар нь шүүх гэж үзэж байгаа. Аймгийн Засаг даргын дэмжсэн гэдэг саналын хууль зүйн үндэслэлийг, хууль бус захиргааны акттай гэдгийг хариуцагч захиргааны байгууллага хянаж үзэх эрх хэмжээ байхгүй. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсгийг үндэслэсэн байх боловч мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Т.У” ХХК-аас өргөдөл гаргахад маргаан бүхий талбайд ямар нэгэн байдлаар орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байсан. “Т.У” ХХК-ийн өргөдөл бол хуульд заасан шаардлагыг хангасан, хамгийн түрүүлж өргөдөл гаргасан. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг бол өргөдлийг хянаж үзэх явцад гаргах шийдвэр болохоос биш аймгийн Засаг даргаас санал ирсний дараа буцааж 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг хэрэглэж нэхэмжлэгчийг давхцалтай өргөдөл гаргасан гэж буруутгаж шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Т.У” ХХК нь Д******* аймгийн Г******* болон Өлзийт сумын нутаг Хад овоо нэртэй 3986 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл гаргаад өргөдлийн бүртгэлийн 2******* тоот дугаарт бүртгэсэн байдаг. Өргөдлийн материалыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг үндэслээд тусгай зөвшөөрөл олгох боломжтой юм байна гэж үзэн Д******* аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр дэмжих эсэх санал авахаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6/7777 дугаарт албан бичгээр хүргүүлсэн байдаг. Үүний дагуу Д******* аймгийн Г******* болон Өлзийт сумын нутаг Хад овоо нэртэй талбайд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 05 дугаар тогтоолд заасан газартай зарим хэсгээр давхцалтай, боломжгүй гэсэн аймгийн Засаг даргын санал ирсэн байдаг. Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д зааснаар хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон. Үүний дараа 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 7/1901 дугаараар сонсох ажиллагаа явуулж мэдэгдсэн байдаг. 

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т.У” ХХК-д олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. “Т.У” ХХК-ийн нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.”гэжээ. 

                                                     ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Т.У” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр L-******* дугаар планшетийн кодтой, Д******* аймгийн Г*******, Өлзийт сумдын нутагт байрлах “Хад овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх тухай өргөдлийг  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ гаргасныг  тус хэлтэс 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр бүртгэжээ .

Нэхэмжлэгчээс уг өргөдлийг шийдвэрлүүлэх талаар хариуцагчид болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж 2016 оны 01 дүгээр сарын 20, 2016 оны 5 дугаар сарын 20, 2016 оны 10 дугаар сарын 26, 2016 оны 12 дугаар сарын 08, 2017 оны 01 дүгээр сарын 25, 2017 оны 05 дугаар сарын 26, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд өргөдөл, гомдол  гаргаж байжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс /хуучин нэрээр/ уг өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар Д******* аймгийн Засаг даргаас санал авахад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 24 дугаар саналаар3 “дэмжихгүй” гэсэн хариуг өгчээ.

 Харин хариуцагчийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн нотлох баримтад мөн аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 1/1578 дугаар  “Дэмжиж байна” гэсэн саналыг хавсаргажээ.

Тус шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн 2015 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр тус дэвтрийн № 9641 дүгээрт Д******* аймгийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн № 24 тоот албан бичгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл өгөх” саналыг хүргүүлсэн байх бөгөөд мөн дэвтрийн № 10683 дугаарт Д******* аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 1/1578 тоот албан бичгээр “Газрын зарим хэсгийг тусгай хамгаалалтад авсан тогтоол”-ыг хүргүүлжээ .

Мөн Д******* аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн № 2/494 тоот албан бичигт “2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн № 24 дүгээр саналаас өөр санал Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж байгаагүй” болохыг дурьдсан байх тул тус аймгийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн № 24 тоот албан бичгийг /дэмжихгүй/  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан хуулийн хүчин төгөлдөр санал гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Д******* аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн № 05 дугаар тогтоолоор  “зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад” авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбайтай хэсэгчлэн давхацжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна”, гээд хуулийн 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд хуулийн 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж тус тус заажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 295 дугаар шийдвэрээр  дээр үндэслэлээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19,5-д заасныг тус тус баримтлан “Т.У” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т.У” ХХК-нд NE-******* дугаар өргөдлийн дагуу L-******* дугаар планшетийн кодтой, Д******* аймгийн Г*******, Өлзийт сумдын нутагт байрлах “Хад овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.М