Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1045

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2016/1045

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Энхтайван өргөн чөлөө 19 өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001006, РД:2635534/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 23 дугаар байр 40 тоотод оршин суух Цагаанчууд овогт Миширын Батжаргал /РД:ОЭ48042178/,

Хариуцагч: АНУ-ын Виржиния мужийн Сентервил хотын Кримсон Скай гудамж 5351 тоотод оршин суух Батжаргалын Энэбиш /РД:ОЭ76101978/,

Хариуцагч: АНУ-ын Виржиния мужийн Сентервил хотын Кримсон Скай гудамж 5351 тоотод оршин суух Жамбалын Заяа /РД:ХА74032868/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 78.946.164 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох,

Хариуцагч М.Батжаргал,

Хариуцагч Б.Энэбиш, Ж.Заяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Батжаргал овогтой Энэбиш, Жамбал овогтой Заяа нар тус банктай 2005 оны 8 дугаар сарын 29 өдөр № ЗГ-0026/05/08/29 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, иргэн Б.Энэбиш, М.Батжаргал, Б.Батбаяр, Б.Батцэнд нар нь № БГ- 0026/05/08/29 тоот “Орон сууцны зээлийн барьцааны гэрээ” тус тус байгуулан 48.500,000.00 төгрөгийн зээлийг жилийн 6.15 хувийн хүүтэйгээр, 10 жилийн хугацаатай зээлж авсан.

Барьцаалуулагч Б.Энэбиш. Б.Батцэнд нар нь 2005 оны 8 дугаар сарын 29 өдрийн БГ-0026/05/08/29-н тоот “Орон сууцны зээлийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гуйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202006088 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0014094  тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо  Бага тойруу  49 дүгээр байрны 48  тоот хаягт орших 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг, иргэн М.Батжаргал, Б.Батбаяр нар нь 2005 оны 8 дугаар сарын 29 өдрийн № БГ-0026/05/08/29 тоот “Орон сууцны зээлийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2203001219 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0009547-н тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг  6 дугаар хороо  23 дугаар байрны 40 тоот хаягт орших 48 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэттэлийг баталгаажуулсан болно.

Өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 48.500.000.00 төгрөгөөс 4.816.727,61 төгрөг төлж, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 41.679.058,48 төгрөгөөс 6.416.166.69  төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч Б.Энэбиш, Ж.Заяа болон барьцаалуулагч М.Батжаргал нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 5 сарын байдлаар  үндсэн зээлийн үлдэгдэл 43.683.272,39 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 32.658.632,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2.604.258,95  төгрөг нийт 78.946.164,18 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаалуулагч  М.Батжаргал, Б.Батбаяр нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2203001219 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0009547-н тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 23 дугаар байрны 40 тоот хаягт орших 48 м.кв талбайтай гурван өрөө орон сууц болон зээлдэгч Б.Энэбиш, Б.Батцэнд нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202006088 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0014094-н тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо Багатойруу 49 дүгээр байрны 48 тоот хаягт орших 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү

Хариуцагчийн тайлбарыг сонслоо, Б.Энэбиш нь ХХБанкид ажиллаж байсан үедээ хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан боловч 2006.05.26 өдөр ажлаас гарч АНУ явсан байдаг. Банк хариуцагчаас илүү төлөлт хийж төлбөр авсан бол тухайн үед зээлдэгч нар гомдол гаргах байсан, банк илүү мөнгө аваагүй. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалыг үндэслэн 91 хоногоос хойшхи хугацааны хүү авах ёсгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэсгүй. Мөн банк зээлийн хүүг 6.15 хувиар тооцож гаргасан тооцооллыг шүүхэд өгсөн бөгөөд нийт төлөх төлбөр 71.135.228 төгрөг болж буурсан боловч банк хариуцагч нараас 78.946.164 төгрөг гаргуулах шаардлага хэвээр байгаа. Гэрээний харилцааны дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч М.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Миний хүү Б.Энэбиш, эхнэр Ж.Заяагийн хамт орон сууц худалдан авах зориулалтаар Худалдаа хөгжлийн банкнаас 2005 онд 48.500.00 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийн барьцаанд Б.Энэбиш нь өөрийн өмч болох Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо Бага тойруу 49 дүгээр байрны 48 тоот хоёр өрөө байрыг барьцаалсан.

Худалдаа хөгжлийн банкны шаардлагаар нэмэлт барьцаа хөрөнгө тавих болсон тул миний өмч болох Сүхбаатар дүүрэг  6 дугаар хороо 23 дугаар байрны 40 тоот гурван өрөө орон сууцыг тавьсан. Хүү Б.Энэбиш АНУ руу явж, эхнэр хүүхдийн хамт тэнд оршин сууж байгаа.

Худалдаа хөгжлийн банк, Б.Энэбиш нарын хооронд 2005 оны 8 дугаар сарын 29 өдөр байгуулсан гэрээгээр -“ зээлийн үндсэн хүү сарын 0,5125 хувь буюу жилийн 6,15 хувь” гэж заасан байхад Худалдаа хөгжлийн банкны гаргасан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т зээлийн хүүг жилийн 7,20 хувиар тооцож, гэрээнд зааснаас илүү хүү тооцож, гэрээний заалтыг зорчиж хийсэн тооцоог үндэслэн нэхэмжлэл гаргасан байна. ХХБ-ны нэхэмжлэлд хавсаргасан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т 2005 оны 9 дүгээр сарын 15 өдөр 16 хоногийн хүүг 300.700 төгрөгөөр тооцсон нь сарын хүүнээс илүү байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1991.10.31/-ийн 24 дүгээр зүйлийн 24.4-т: Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална” гэж заасан.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 10 дугаар сары 30 өдрийн 549 дүгээр тушаалаар баталсан “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-ын “Дансны заавар” гэсэн бүлгийн 1-3.2 зээлийн хүүгийн бүртгэл гэсэн хэсэгт: “Зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулан бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлагдсан хүүг буцаана” гэж заасан байна.

Гэтэл Худалдаа хөгжлийн банк дээрх хууль, журмын заалт зөрчиж, 91 хоногоос хэтэрсэн зээлд хүү тооцож, их хэмжээний хүү нэхэмжилсэн байна.

Зээлийн хүүг зээлийн гэрээнд заасан хувь, хэмжээгээр болон Монголбанкнаас баталсан журмын дагуу тооцоход төлөх зээлийн хүүгийн нийт дүн 18.000.000 төгрөг, үүнээс төлсөн хүү 6.400.000  төгрөгийг хасахад нийт хүү 11.600.000 төгрөг байхаар тооцогдож байна. Харин үндсэн зээлийн төлбөр болох 43.683.272 төгрөгт маргахгүй.

Худалдаа хөгжлийн банк, Б.Энэбиш нарын хооронд байгуулсан 2005 оны 8 дугаар сарын 29 өдрийн гэрээгээр  зээлийн үндсэн хүү сарын 0,5125 хувь буюу жилийн 6.15% гэсэн байгаа тул үндсэн зээл 43.683.282 төгрөг, зээлийн хүү 11.600.000 төгрөгийг төлөхөөр байна.

Дээрх хууль, журам, гэрээний заалтын дагуу тооцсон хүүний тооцоо, тайлбарыг харгалзан үзэж шүүх шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                          

                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк”, хариуцагч М.Батжаргал, Б.Энэбиш, Ж.Заяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт болох нийт 78.946.164,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

     2005 оны 8 дугаар сарын  29 өдөр Худалдаа, хөгжлийн банк болон  Б.Энэбиш нарын хооронд зээлийн гэрээ байгуулж 48.500.000 төгрөгийг 10 жилийн хугацаатай сарын 0.5125 хувь буюу жилийн 6.15 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0.1025 хувиар тооцох ба хамтран зээлдэгчээр Ж.Заяатай гэрээ байгуулжээ. /х.х. 9-12 тал/

      Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 23 дугаар байр 40 тоот 80 м.кв тайлбатай 3 өрөө, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 49 байр 48 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, хамтран өмчлөгч С.Батжаргал, Б.Батбаяр, Б.Батцэнд нар гарын үсэг зурсан байна. /х.х. 13-16 тал/

     Зээлдэгч Б.Энэбиш нь зээлийн үндсэн төлбөрт нийт 4.816.727.61 төгрөг, зээлийн хүүнд 6.416.166.69 төгрөг төлсөн, үндсэн зээл 43.683.272.39 төгрөг үлдсэнд хариуцагч, түүний төлөөлөгч маргаагүй.

      Харин жилийн хүү 7.20%-иар тооцож нэхэмжлэл гаргасаныг зөвшөөрөхгүй, нийт 11.600.000 төгрөгийн хүү төлөхөөр байна гэж мэтгэлцэж байна.

     2005.08.29 өдрийн зээлийн гэрээний 2.1.-д “ үндсэн зээл 48.500.000 төгрөг, зээлийн хүү сарын 0.5125 хувь буюу жилийн 6.15 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.1025 хувь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийн дүнгээс гэрээний 6.2.4-т заасны дагуу тооцно гэж тохирсон ба гэрээний 6.2.4-д “зээлийн  төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүү (үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны) –ийн хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон төлнө” гэж тохирсон байна.

 

Мөн хэрэгт авагдсан 2005.08.29 өдрөөс 2015.08.30 өдөр хүртэлх зээлийн  эргэн төлөлтийн хуваарийг  судлаж үзэхэд,  48.500.000 төгрөгийн зээлийн хүүг, жилийн 7.20%-иар тооцож бодсон нь зээлийн гэрээнд заасан, жилийн хүү 6.15 хувь гэж талууд тохирсонтой зөрүүтэй бодогдсон байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн хуулийн 452 дугаар зүйлийн 422.2-д “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” хэмээн заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015.08.30 өдөр дууссан ба зээлдэгч 2013.03.18 өдрөөс хойш төлбөр хийгээгүй ба үндсэн зээл 43.683.272.39 төгрөг, зээлийн хүү 25.114.263.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.337.692.34 төгрөг нийт 71.135.228.69 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээний харилцаанд  М.Батжаргал оролцоогүй, зээл буюу мөнгийг М.Батжаргалд олгоогүй тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Б.Энэбиш, Ж.Заяа нараас нийт 71.135.228.69 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.810.936,18 төгрөгт холбогдох хэсэг, М.Батжаргалд холбогдох нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч сайн дураар гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Энэбиш, Ж.Заяа нараас нийт 71.135.228 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.810.936,18 төгрөгт холбогдох хэсэг, М.Батжаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552.680,84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энэбиш, Ж.Заяа нараас 513.626 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк”-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцааны зүйл болох Ү- 2203001219 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0009547 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 23 дугаар байрны 40 тоот хаягт орших 48 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202006088 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0014094 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо Багатойруу  49 дүгээр байрны 48 тоот хаягт орших 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.СОЛОНО