Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00226

 

Худалдаа Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,

          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/1045 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2086 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Худалдаа хөгжлийн банк,

Хариуцагч : М.Батжаргал,

Хариуцагч : Б.Энэбиш,

Хариуцагч : Ж.Заяа

Нэхэмжлэлийн шаардлага :  78.946.164 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оргодолын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, хариуцагч М.Батжаргал, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Энэбиш, Ж.Заяа нар тус банктай 2005.8.29-ний өдөр №ЗГ-0026/05/08/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ, иргэн Б.Энэбиш, М.Батжаргал, Б.Батбаяр, Б.Батцэнд нар нь №БГ-0026/05/08/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулан 48.500.000 төгрөгийг жилийн 6.15 хувийн хүүтэйгээр, 10 жилийн хугацаатай зээлж авсан. Барьцаалуулагч Б.Энэбиш. Б.Батцэнд нар нь 2005.8.29-ний өдрийн БГ-0026/05/08/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2202006088 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0014094 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо Бага тойруу 49 дүгээр байрны 48 тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, иргэн М.Батжаргал, Б.Батбаяр нар улсын бүртгэлийн Ү-2203001219 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0009547 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 23 дугаар байрны 40 тоот 48 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг тус тус барьцаалуулсан. Үндсэн зээл 48.500.000 төгрөгөөс 4.816.727 төгрөг төлж, төлбөл зохих хүү 41.679.058 төгрөгөөс 6.416.166 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Б.Энэбиш, Ж.Заяа болон барьцаалуулагч М.Батжаргал нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул   үндсэн зээлийн үлдэгдэл 43.683.272 төгрөг, хүүгийн үлдэгдэл 32.658.632 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 2.604.258 төгрөг нийт 78.946.164 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Банк зээлийн хүүг 6.15 хувиар тооцож гаргасан тооцооллыг шүүхэд өгсөн бөгөөд нийт төлөх төлбөр 71.135.228 төгрөг болж буурсан боловч 78.946.164 төгрөг гаргуулах шаардлага хэвээр гэжээ.

Хариуцагч М.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү Б.Энэбиш, эхнэр Ж.Заяагийн хамт орон сууц худалдан авах зориулалтаар Худалдаа хөгжлийн банкнаас 2005 онд 48.500.000 төгрөгийн зээл авсан. Барьцаанд Б.Энэбишийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 49-48 тоот хоёр өрөө, миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 23-40 тоот гурван өрөө орон сууцыг тавьсан. Хүү Б.Энэбиш АНУ-д эхнэр хүүхдийн хамт оршин сууж байгаа. Худалдаа хөгжлийн банк, Б.Энэбиш нарын хооронд 2005.8.29-ний өдөр байгуулсан гэрээгээр зээлийн үндсэн хүү сарын 0.5125 хувь буюу жилийн 6.15 хувь гэж заасан байхад банкны гаргасан эргэн төлөлтийн хуваарьт жилийн хүүг 7.20 хувиар тооцож, гэрээнд зааснаас илүү хүү тооцож, гэрээний заалтыг зорчиж хийсэн тооцоог үндэслэн нэхэмжлэл гаргасан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2005 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16 хоногийн хүүг 300.700 төгрөгөөр тооцсон нь сарын хүүнээс илүү байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.4-т Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж заасан. Монгол Банкны Ерөнхийлөгчийн 549 дүгээр тушаалаар баталсан “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-ын “Дансны заавар” бүлгийн 1-3.2 “зээлийн хүүгийн бүртгэл” гэх хэсэгт: Зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулан бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлагдсан хүүг буцаана гэжээ. Гэтэл Худалдаа хөгжлийн банк дээрх хууль, журмын заалт зөрчиж, 91 хоногоос хэтэрсэн зээлд хүү тооцож, их хэмжээний хүү нэхэмжилсэн. Зээлийн хүүг гэрээнд заасан хувь, хэмжээгээр болон Монгол банкнаас баталсан журмын дагуу тооцоход төлөх зээлийн хүүгийн нийт дүн 18 сая төгрөг, үүнээс төлсөн хүү 6.400.000 төгрөгийг хасахад нийт хүү 11.600.000 төгрөг байхаар тооцогдож байна. Харин үндсэн зээлийн төлбөр 43.683.272 төгрөг, зээлийн хүү 11.600.000 төгрөгийг төлөхөд маргахгүй тул дээрх хууль, журам, гэрээний заалтын дагуу тооцсон хүүний тооцоо, тайлбарыг харгалзан үзнэ үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/1045 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.Энэбиш, Ж.Заяа нараас нийт 71.135.228 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7.810.936 төгрөгийн шаардлагыг   М.Батжаргалд холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552.680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Б.Энэбиш, Ж.Заяа нараас 513.626 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ү- 2203001219 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0009547 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 23-40 тоот гурван өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202006088 дугаартай, өмчлөх эрхийн 0014094 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо Багатойруу 49-48 тоот хоёр өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2086 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/1045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. 2016.10.24-ний өдрийн шүүх хурал болохоос 6 хоногийн өмнө хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулж, хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулсан. /хх 110/. Мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр шинээр гаргаж өгөх баримт байна уу гэж шүүх асуухад байхгүй гэж талууд хариулсан байдаг. /хх-112/.  Мөн банк зээлийн хүүг 6.15 хувиар тооцож гаргасан тооцооллыг /хх108-109/ шүүхэд өгсөн бөгөөд нийт төлөх төлбөр 71.135.228 төгрөг болж буурсан боловч банк хариуцагч нараас 78.946.164 төгрөг гаргуулах шаардлага хэвээр байгаа. Гэрээний харилцааны дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байна гэсэн тайлбар байгаа /хх-114/. 2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх бөгөөд шүүх 7.810.936 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин зээл, зээлийн хүүгийн тооцоололтыг 2016.7.01-ний өдрөөр нэхэмжилсэн нь зээлдэгч нарыг хамтран хариуцагчаар татахаар шүүхэд хүсэлт /хх 84/ гаргасан өдрөөр тооцсон байдаг. 3. Зээлийн хүүг зогсоох боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий эргэлзээгүй зөв шийдвэр гарсан гэж үзэж байна. 2005.8.29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хугацаа дуусах хүртэл зээлдэгчийг шаардаж төлөх боломжийг олгоход төлөөгүй. Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж,  төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-т заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалыг үндэслэж "Орон сууцны зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэх хуулийн боломжгүй бөгөөд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ" гэж заасны дагуу зээлийн маргааныг хуулийн дагуу үнэн зөв шийдсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Худалдаа Хөгжлийн банк нь М.Батжаргал, Б.Энэбиш, Ж.Заяа  нарт холбогдуулан нэхэмжлэл /хх 1-4, 86-89/ гаргаж үндсэн зээлийн үлдэгдэл 43.683.272,39 төгрөг, зээлийн хүү 32.658.632,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.604.258,95 төгрөг нийт 78.946.164,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан байна.

Анхан шатны шүүх үндсэн зээл 43.683.272,93 төгрөг, зээлийн хүү 25.114.263,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.337.692,34 төгрөг нийт 71.135.228,69 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг  хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагчийн төлөх төлбөрийг нэхэмжлэгч гурван  өөр байдлаар /хх 37-39, 79-80, 108-109/ тооцсон, зохигчид зээлийн хүүгийн талаар маргасан байхад шүүх эдгээр үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй байдлыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан  хүүг буцаан төлөх үүрэгтэй...” гэж заасан тул нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээнд хариуцагч нар ямар хэмжээний хүү төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон нь  тогтоогдсон байх шаардлагатай юм. 

 Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн хүүд 25.114.263,93 төгрөг гаргуулсан боловч уг хэмжээг  хэрхэн тооцсон нь  шийдвэрт тодорхойгүй байх тул “...хүүгийн хэмжээг  6,15 хувь гэж тохирсон байхад 7,20 хувь түүнээс илүү хэмжээгээр бодсон...” гэх хариуцагчийн гомдол болон “...хүүгийн зарим хэсгийг 6.15 хувь үлдэх хэсгийн 7.20 хувиар бодсон...” гэх нэхэмжлэгчийн тайлбарын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Түүнчлэн, зээлийн хүүг тооцсон нэхэмжлэгчийн үндэслэлийг хариуцагч үгүйсгэж өөрийн тооцоог шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ. 

Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй бөгөөд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8, 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэх юм.

 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй буюу хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар  дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээнэ. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-г баримтлаагүй байх боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2. 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2086 дугаар магадлалыг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 513.626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ