| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 137/2017/0088/э |
| Дугаар | 2017/ДШМ/58 |
| Огноо | 2017-08-28 |
| Зүйл хэсэг | 188.3., 192.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2017/ДШМ/58
А.О, Д.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Э.Болор,
Шүүгдэгч: Д.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.О, Д.Д нарт холбогдох, эрүүгийн 201701000036 дугаартай, 2 хавтас, 334 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Д.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэлийн Прокурорын газраас;
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В1-343 тоотод оршин суух хаягтай, одоо Баянгол дүүргийн Бичил хороолол, 2а-60 тоотод ах Батбаярын гэрт түр оршин суух, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Боржигон овогт Д.Д /РД:НМ90082533/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75-36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А.О /РД:ЧГ75072815/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч А.О, Д.Д нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос 2017 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метафетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 6 хэсэг зип лок түгжээ бүхий уутны хамт 56,4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор:
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт А.Оыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Д.Дыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,
Шүүгдэгч Д.Д-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялаас хасч, А.О нь 59 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 хэсэг гялгар ууттай, 50,4 грамм мөс, 7,5 см урттай шаргал өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, 7,5 см урттай улаан өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, 6 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширэг, 5,5 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, сүүл хэсэг нь хугарсан шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, 33 см уртай өнгийн гуурс 2 ширхэг, ZN3859307 сери дугаартай Монгол Улсын 100-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, “Temeishemg А8-2” гэх бичиглэлтэй бор өнгийн цаасан хайрцганд хийгдсэн хар өнгийн 335х280х503 мм хэмжээтэй зөөврийн өсгөгч 1 ширхэгийг улсын орлого болгож, Д.Дын Е0961465 дугаарын гадаад паспорт 1 ширхэг, А.Оын Е1297278 дугаарын гадаад паспорт 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож,
Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж,
Шүүгдэгч Д.Д, А.О нарт 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн прокурорын газрын шийдвэрийг хүчингүй болгож,
А.От урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Д давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох саналтай байна. Миний бие 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил, 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил, нийт 5 жилийн хугацаагаар нээлттэй хорих шийтгэл авсан. О ах бид 2 хамт хэрэг хийсэн байхад түүнд ял оногдуулаагүй, надад 5 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би өөрийнхөө хийсэн бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаамаар байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нар давж заалдсан гомдолдоо: Шүүгдэгч Д.Дын үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл анги тохирсон, гэм буруугийн талаар маргаан байхгүй. Д.Дын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан хуулийг буцаан хэрэглэж хөнгөрүүлэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр оновчтой болсон боловч түүний үйлдэлд оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж шүүгдэгчийн өмгөөлөгчид үзэж байна. Тухайлбал Д.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын чанартай /гэнэн томоогүй, саваагүй, шохоорхлоос шалтгаалж/ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг илрүүлэхэд сайн дураараа тусалж, өөрийгөө илчилсэн, хамгийн гол нь энэ хэргийн улмаас учруулсан хохирол байхгүй тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хуульд зааснаар хөнгөрүүлэх боломжтой гэж үзнэ. Шүүгдэгч Д.Дад оногдуулсан ялыг зүйлчлэл тус бүрээр тооцож үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хүсэлт гомдлын 2 дахь хэсэгт тодорхойлсноор хууль хэрэглээний хувьд зүйлчлэл тус бүрийн ялын доод хэмжээгээр ял оногдуулах хуулийн боломжтой байх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “... тухайн зүйл ангийн ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, мөн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар түүний нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоох хуулийн бүрэн боломжтой гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Д.Дад ЭХЕА 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих, 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял оногдуулан, түүний эдлэх нийт ялыг мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нийт 1 жил 6 сар хорих ялаар тогтоож,” өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх хуралдаан дээр Даас асуулт асуухад би хариулмааргүй байна гэж хэлж байсан. О болохоор би энэ үйлдлийг хийгээгүй гэж хэлдэг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа. Шүүх бүрэлдэхүүн асуулт асууж, Отай бүлэглэж гаргасан юм уу гэхэд Д би хариулмааргүй байна гээд зогсож байсан, би тухайн үедээ Дыг энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Шүүхээс А.От холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Д.Дад 5 жилийн хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Д.Д нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэмт хэрэг үйлдсэн. Сэтгэл сэргээх бэлдмэл, мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ эд зүйл нь бага биш, их хэмжээний эд зүйлийг өөрийнхөө авч явсан тээшиндээ нууж оруулж ирсэн үйлдлийг хөнгөрүүлж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:
1. Шүүгдэгч Д.Д нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2015 оны/ 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос 2017 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метафетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 6 хэсэг зип лок түгжээ бүхий уутны хамт 56,4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болох бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-7/, материал шилжүүлсэн тухай тэмдэглэл /хх-8/, ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-9-10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17/, TRUNARC буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл /хх-22/, гэрч Л.Баасанбатын мэдүүлэг /хх-34/, шинжээчийн дүгнэлт 2017.02.21 №1895 /хх-48-50/, шинжээчийн дүгнэлт 2017.03.03 №2177 /хх-52-55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нийслэлийн Прокурорын газраас дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Д, А.О нарыг бүлэглэн үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгч А.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчим болон мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн зарчимд нийцсэн гэж үзнэ.
Тодруулбал прокурорын яллах дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Дын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд 2017.02.21 №1895 /хх-48-50/ үндэслэн шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж яллуулахаар шүүхэд ирүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд дээрх нотлох баримтуудад буюу шүүгдэгч Д.Д мөрдөн байцаалтанд нийт 1 удаа тайлбар, яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч А.Оын гэм буруугийн талаар өөр өөрөөр мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй тул түүний зөвхөн 1 удаагийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч А.Оыг гэм буруутай гэж үзэх боломжгүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.
Хэдийгээр шүүгдэгч А.Оын шээсэнд метамфетамин буюу сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр 2017.02.21 №1895 /хх-48-50/ тогтоогдсон, уг бодисын идэвхтэй үйлчилгээ нь 4 цаг, биеэс бүрэн ялгарч дуусах хугацаа нь 14-16 цаг байдаг талаар шинжээч Б.Энхмандах мэдүүлсэн /хх-57-58/ байх боловч энэ нь шүүгдэгч А.О нь метамфетамин буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн болохыг нотолсон байх ба дээрх нотлох баримтаар түүнийг шүүгдэгч Д.Дтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэм буруутайд тооцож яллах хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэдэг нь хууль зүйн агуулгаараа уг бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн, бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж авсан бэлэг, хандив, өр зээлээр гэх мэт бусад аргаар өөрийн болгох идэвхтэй үйлдэл хийж олж авсаныг орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах, саванд агуулж байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Оын үйлдэлд гэмт хэргийн энэхүү шинжүүдийг агуулаагүй байна.
2. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.Д нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “өмгөөлөгч нарын зөвлөснөөр анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй, шүүх хэргийн үнэн зөвийг тогтоогоогүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасныг хянан үзвэл анхан шатны шүүх хуралдаанд түүний эрх ашгийг хамгаалж өмгөөлөгч Ж.Батбаяр оролцсон бөгөөд мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд шүүгдэгч Д.Дын өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, улмаар түүний сонгон аваагүй өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх нөхцөл, үндэслэл тогтоогдоогүйн гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй бөгөөд түүний мэдүүлэг өгөх эрхээсээ татгалзсаныг өмгөөлөх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Улмаар шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсанаар түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулах үндэслэлгүй хэдий ч шүүгдэгч Д.Дын өөрийн гэм бурууг үнэн шударгаар хүлээн мэдүүлсэнийг болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Дад анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хэргийг зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэж байгаа явдал бөгөөд анхан шатны шүүх энэхүү ойлголтыг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт оногдуулах ял нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зааснаас тус тус үзэхэд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь шинэ Эрүүгийн хуульд хүндэрсэн байх тул шүүгдэгч Д.Дын энэхүү үйлдэл, хэргийн хувьд хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй байсан болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Дын “хэргийг мөрдөн байцаалтад буцаах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нарын “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Доржжанцагийн Дыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэснийг
“Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн /2002 оны/ Тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан”, Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн /2015 оны/ Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
3 дугаар заалтыг хасаж,
4 дүгээр заалтыг 3 гэж дугаарлан заалтын “Шүүгдэгч Доржжанцангийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг ,
“Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн /2015 оны/ Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, “Эрүүгийн хуулийн /2002 оны/ Тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
5 дугаар заалтыг 4 гэж дугаарлан заалтын “... 5 /тав/ ...” гэснийг “3 /гурав/” гэж,
6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар заалтыг 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Д.Дын анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт 36 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Н.БАТЧИМЭГ