Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00581

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03461 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02564 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3108 дугаар шийдвэрээр “Эфремгейт констракшн” ХХК-иас 60 457 950 төгрөгийг гаргуулж “Карьер” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг явуулахаар болж тухайн орон сууцны үнэлгээг 69 200 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшнаас илт доогуур байгаа бөгөөд манай байгууллагын өмчийг үнэгүйдүүлсэн бодит бус үнэлгээ болсон байна. Шинжээч 2001-2017 оны хооронд хэрэглэх үнийн өсөлтийн индексээр хөрөнгийн үнэлгээг бодож гаргасан байна. Объектын бодит үнэ цэнэ өртгийг 69 200 000 төгрөгөөр бодсон нь тухайн обьектыг хэт үнэгүйдүүлсэн байх бөгөөд зах зээлийн өртгийн үнэд ашиглалтанд орсон он, барилгын бүтэц хийц, ашигтай байрлал, хотын зэрэглэлийн бүс, дуу чимээ агаарын бохирдлын хэмжээ зэрэг бусад хүчин зүйлийг нөлөөлдөг байхад энэ байдлыг огт тооцоолоогүй байна. Дээрх үнэлгээг хийсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн бусад орон сууцны барилгуудад хийсэн үнэлгээний байдлыг www.unegui.mn сайтаас харахад нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн орон сууцтай адил бүтэц хийц, байршилтай орон сууцанд хийсэн үнэлгээгээр 1 мкв сууцны талбайд ногдох үнэ 1 784 900 төгрөг байна. Энэхүү үнийг 43,12 мкв-аар бодвол 76 964 888 төгрөг болж байна. Дээрх хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хамгийн бага ханшаар бодогдсон байхад доод үнэнд хүрэхгүй байна гэдэг нь хэтэрхий бодит бус үнэлгээ болсон нь харагдаж байна. Хуучин орон сууцны 1 мкв-ын дундаж үнийг тодорхойлсон “Мастер пропертис” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн худалдааны гаргасан судалгаагаар Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байршилтай 2 өрөө байрны 1 мкв-ын үнэ 2 100 000 төгрөг байна, үүнийг 43.12 мкв-аар бодоход 90 552 000 төгрөг болж байна. Үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээтэй харьцуулахад даруй 21 000 000 гаруй төгрөгийн зөрүүтэй байгаа нь манай байгууллагын өмчийг хэтэрхий багаар үнэлж бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөөд байна. 

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3108 дугаар шийдвэрээр “Эфремгейт констракшн” ХХК-иас 45 457 900 төгрөгийг гаргуулж “Карьер” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч “Эфремгейт констракшн” ХХК-ийн нэр дээрх эд хөрөнгө тодруулах зорилгоор холбогдох газруудад албан бичгээр хандахад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80А байр, 158 тоот хаягтай 43.12 м.кв талбайтай орон сууц тогтоогдсон. Дээрх үл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн, хурааж, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал 129 360 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Карьер” ХХК зөвшөөрөхгүй, дээрх хөрөнгөнд шинжээч томилуулж, албадан дуудлага худалдааны үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн тул үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар тохиролцоогүй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл болон 37 дугаар зүйлийг тус тус үндэслэн шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон. Шинжээч дээрх хөрөнгийг 69 200 000 төгрөгөөр үнэлэн, тайлангийн хамтаар ирүүлсэн. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нөлөөлөх боломжгүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байна. Шинжээчийн үнэлгээг болон албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 48 440 000 төгрөгөөр тогтоосон тухай тус албаны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3/19994 дүгээр албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03461 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Эфремгейт констракшн” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02564 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 101/ШШ2017/03461 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг буруу ойлгосон, шинжээчээр ажилласан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн орон сууцны барилгуудад үнэлгээ хийсэн байдлыг илэрхийлсэн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгч байгууллагын өмчийг үнэгүйдүүлж, зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн болохыг адил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бусад компанитай харьцуулсан байдлыг анхаарч үнэлээгүй нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж дүгнээгүй байна гэж үзэхэд хүргэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд ямар үндэслэлээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг сонгосон, хөрөнгөд үнэлгээ хийлгэх компанийг ямар журмаар сонгодог тухайгаа тайлбарлаагүй, түүнийгээ нотолж чадаагүй. Хэдийгээр хөндлөнгийн шинжээчийн үнэлгээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нөлөөлөх боломжгүй ч хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах журам стандарт, хөрөнгийн үнэлгээ хийх байгууллагыг сонгох, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, үнэн зөв гаргах зэрэг ажиллагааг зохион байгуулах үүрэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан болохоо хангалттай нотолж чадаагүй байхад шүүх хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэр гаргасан.

...Шинжээч 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан үнэлж гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байхаас гадна ойлгомжгүй, тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2001-2017 оны хооронд хэрэглэх үнийн өсөлтийн индексийг судалж, түүнд дүн шинжилгээ хийгээгүй байж, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэн зөв гаргаснаа баталж чадаагүй компанийг Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан үнэлгээ хийсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Харин хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь алдаатай болсон тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Эфремгейт констракшн” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны албадан дуудлага худалдаанд орох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй гэж шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

“Эфремгейт констракшн” ХХК нь шүүхийн шийдвэрээр “Карьер” ХХК-д 45 457 900 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх ба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалддаг болно. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог бөгөөд үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилдог байна.

Дуудлага худалдаанд орох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч тал харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилсон нь хууль зөрчөөгүй байна.

Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд байна. Шинжээчийг эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн дүгнэлт гаргасан, түүний үнэлгээг буруу гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн эрх зүйн хамгаалалтын арга, хэлбэрийг тодорхойлсон ерөнхий зохицуулалт бүхий зүйл, заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болсон тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй, шүүх ямар хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ямар байдлаар зөрчсөн болохыг заагаагүй байх тул гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02564 дүгээр магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03461 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7.-д” гэснийг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН