Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/03461

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр            Дугаар 101/ШШ2017/03461          Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 0 дугаар байр, 00 тоотод байрлах Э ХХК-ийн /РД:**********/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0, тоотод байрлах, НШШГГт холбогдох,

           

Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол 0 дугаар байрны *** тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Y-*********** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай 43.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 69 200 000 төгрөгөөр тооцон түүний 70 хувиар 48 440 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулахаар үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрээр Э ХХК-аас 60 457 950 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг явуулахаар болж тухайн орон сууцны үнэлгээг 69 200 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшнаас илт доогуур байгаа бөгөөд манай байгууллагын өмчийг үнэгүйдүүлсэн бодит бус үнэлгээ болсон байна. Үүнд:

1. Шинжээч 2001-2017 оны хооронд хэрэглэх үнийн өсөлтийн индексийг бодож гаргажээ. Үнийн өсөлтийн индекс зөвхөн нэг шинжээчийн дүгнэлтээр гардаг зүйл биш олон дахин нягталж үзэж тухайн зах зээлийн тухайн үеийн үнийн индексээр тодорхойлогддог зүйл. Энэ тохиолдолд хэт доогуур үнийн индексээр тооцсон байна.

2. Объектын бодит үнэ цэнэ өртгийг 69 200 000 төгрөгөөр бодсон нь хэт үнэгүйдүүлж үнэ цэнэгүй болгосон харагдаж байна. Учир нь зах зээлийн өртөгийн үнэд ашиглалтанд орсон он, барилгын бүтэц хийц, ашигтай байрлал, хотын зэрэглэлийн бүс, дуу чимээ агаарын бохирдлын хэмжээ зэрэг бусад хүчин зүйлийг огт тооцоолж бодоогүй байна. Уг орон сууц нь хотын төвд байрлалтай, ойр орчныг бүхэлд нь харах боломжтой, нарны гэрэл шууд тусдаг, дуу чимээнээс хол, агаарын бохирдлын хэмжээ бусад бүстэй харьцуулахад харьцангуй бага, хотын төвд учраас сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудтай ойрхон зэрэг ашигтай байрлалтай зэрэг олон давуу талуудтай.

3. Дээрх үнэлгээг хийсэн М ХХК нь орон сууцны барилгуудад үнэлгээ хийсэн байдлыг www.unegi.mn сайтаас харахад нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн орон сууцтай адил бүтэц хийц, байршилтай орон сууцанд хийсэн үнэлгээгээр 1 мкв сууцны талбайд ногдох үнэ 1 784 900 төгрөг болж байгаа юм. Энэхүү үнийг 43.12м квадратаар бодвол 76 964 888 төгрөг болж байна. Дээрх хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хамгийн бага ханшаар бодогдсон байхад доод үнэнд хүрэхгүй байна гэдэг нь хэтэрхий бодит бус үнэлгээ болсон нь харагдаж байна.

4. Хуучин орон сууцны 1м квадратын дундаж үнийг тодорхойлсон Master Properties үл хөдлөх хөрөнгийн худалдааны гаргасан судалгаагаар Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байршилтай 2 өрөө байрны 1 м.кв-ын үнэ 2 100 000 төгрөг байгаа юм. Үүнийг 43.12 мквадараатаар бодоход 90 552 000 төгрөг болж байна. Үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээтэй харьцуулахад даруй 21 сая гаруй төгрөгийн зөрүүтэй байгаа нь манай байгууллагын өмчийг хэтэрхий багаар үнэлж бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөөд байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж М ХХК-н 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрээр Э ХХК-аас 45 457 900 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Э ХХК-ийн нэр дээрх эд хөрөнгө тодруулах зорилгоор холбогдох газруудад албан бичгээр хандахад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байр, *** тоот хаягтай 43.12 мкв талбайтай орон сууц тогтоогдсон.

Дээрх үл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн, хурааж, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал 129 360 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч К ХХК зөвшөөрөхгүй, дээрх хөрөнгөнд шинжээч томилуулж, албадан дуудлага худалдааны үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн тул үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар тохиролцоогүй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл болон 37 дугаар зүйлийг тус тус үндэслэн шинжээчээр М ХХК-ийг томилсон.

Шинжээч дээрх хөрөнгийг 69 200 000 төгрөгөөр үнэлэн, тайлангийн хамтаар ирүүлсэн.

Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нөлөөлөх боломжгүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байна.

Шинжээчийн үнэлгээг болон албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 48 440 000 төгрөгөөр тогтоосон тухай тус албаны 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 3/19994 дүгээр албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. 

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 80а дугаар байрны *** тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Y-*********** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай 43.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 69 200 000 төгрөгөөр тооцон түүний 70 хувиар 48 440 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулахаар үнэлснийг хүчингүй болгуулах тухай гомдол гарган, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Нэхэмжлэлд дурдсанаар, шинжээчээр ажилласан М ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа зах зээлийн тухайн үеийн үнийн индексээр бус хэт доогуур үнийн индексээр тооцсон, зах зээлийн өртөгт нөлөөлөх хүчин зүйлсийг тооцоогүй, бодит бусаар үнэлж хэт бага үнэ тогтоосон үндэслэлээр хүчингүй болгуулна гэжээ.

            Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК-д холбогдох хэрэгт 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 273 дугаараар олгогдсон шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /х.х-ийн 32-35 дахь талд/  

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Э ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороо,** дугаар хороолол, *** байр, *** тоотод байрлалтай, гэрчилгээний дугаар *********, улсын бүртгэлийн Ү-*********** дугаар бүхий 43.12 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн /х.х-ийн 60-61 дэх талд/, 2016 оны 047 дүгээр сарын 27-ны өдрийн 04/27 дугаар тогтоолоор /х.х-ийн 62-63 дахь талд/ хураасан байна.

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй бөгөөд төлбөр авагчтай үнийн талаар тохиролцоонд хүрээгүй талаар нэхэмжлэгч Э ХХК маргаагүй, гагцхүү томилогдсон шинжээчийн дүгнэлт бодит бус гэж тайлбарлаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /х.х-ийн 83 дахь талд/ хуульд нийцэж байна.

Нэхэмжлэгч талаас шинжээчээр томилохдоо М ХХК-ийг сонгосон нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлах боловч шинжээчээр өөр байгууллага томилох ёстой байсан болон М ХХК-ийг томилсон нь хуульд заасан ямар журамд нийцэхгүй байгаа талаарх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Шинжээч 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан үнэлж...тодорхойлов гэсэн дүгнэлт, холбогдох баримтуудыг ирүүлжээ. /х.х-ийн 85-91 дэх талд/

Шинжээч томилсон тогтоолд, “...худал дүгнэлт гаргаснаас гарах эрсдэлийг хариуцах”-ыг сануулсан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д, “шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх”; 14.1.7-д, “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах” үүргийг шинжээч хүлээхээр зохицуулсан байна.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт, “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна.” гэж тусгажээ.

Иймд шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн нь /х.х-ийн 94, 95 дахь талд/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.  

Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар, хариуцагч НШШГГт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэв.

Дурдсан журмаар гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл буюу үнэлгээ тогтоолгохтой холбоотойгоор шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дурдсан үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгохтой холбоотойгоор хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүй, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.АМАРЖАРГАЛАН