Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

  2020        02          17                                  2020/ШЦТ/144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Э ,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хатгин овогт Б.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011002170101 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, дүрс оношлогооны технологич мэргэжилтэй, Хавдар судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн клиникт ангиографийн техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 940А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хатгин овогт Б.Э  /РД: ТЯ93020657/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э  нь 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 19 дүгээр гудамж 940а тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Х.Буяндэлгэртэй маргалдан улмаар түүнийг жирэмсэн болохыг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Э ы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн охин Анхилууныг өөрийн аав ээжийндээ аваачиж өгчхөөд эхнэр Буяндэлгэрийн хамт гэртээ байж байтал Буяндэлгэр фэйсбүүк дээрээ өөрийнхөө туранхай гарсан зургаа тавьчихсан байхаар нь Миний хайр ямар туранхай байсан юм бэ? Төрчих юм бол таргалчих юм байна даа” гэсэн чинь Буяндэлгэр “Чиний хуучин энхэр Гэрэлмаа чинь олигтой биш юм байна лээ шдээ” гэхээр нь “Хоёулаа миний өнгөрсөн амьдралыг ярихгүй сөхөхгүй гэж амлаж нэг гэрт орсон биз дээ, чи ч гэсэн надаас өөр хүнтэй байсан л биз дээ” гэсэн чинь Буяндэлгэр “Чинийхээр бол би цэвэр ариун байх ёстой байсан юм уу? Тэгвэл миний гэдсэн дэх зулбасга чинийх биш гэвэл яах уу” гэхээр нь “Миний зулбасга биш юм бол алаад хаячихъя” гээд хутга барьж байгаад буцаад хутгаа тавьсан чинь Буяндэлгэр хутга бариад гэдсэндээ ойртуулаад “Чамд дээрэлхүүлж амьдарч чадахгүй, энэ хүүхдийг ална, ойртвол өөрийгөө ална, чамайг ч ална” гэж хэлээд гэрийн хаалгаар хөл нүцгэн шалдан гарахаар нь “Олгой хагаравч тогойн дотроо гэдэг юм ор” гээд гарнаас нь татсан чинь орохгүй орилоод байхаар нь үснээс нь татаж байгаад гэрлүү оруулаад хутгыг нь булааж авах гэсэн өгөхгүй байхаар нь гарыг нь тавиулах гэж гарыг нь хүртэл хазаж байгаад тавиулсан чинь араас чамайг ална гээд орилж багалзуурдаж аваад, тогой руу цохиод маажаад байхаар нь гэнэт уур хүрээд би зөрүүлж хоолойг нь боосон тэгээд хэрүүл маргаан намжаад би уучлалт гуйгаад “битгий ингэж уур хүргэж байгаач гуйж байна, өнгөрсөн амьдралыг минь битгий ярьж бай гээд толгой доор нь дэр тавьж өгөөд ус дөхүүлээд өгсөн чинь дуугарахгүй байхаар тэгээд унтаад өгсөн. Өглөө нь сэрсэн чинь Буяндэлгэр машины түлхүүр авахаар нь “Би өчнөөн өр ширтэй, нэг удаа ч гэсэн надаас өр чинь юу болж байна гэж асууж байгаагүй байж чамд машин өгөхгүй чи такси бариад яв" гэсэн чинь гэрээс гарч яваад буцаж орж ирэхдээ хадам ээжтэй хамт орж ирээд удалгүй цагдаа нар орж ирсэн...2019 оны 10 сард нэг удаа Буяндэлгэр бас л хуучин эхнэр Гэрэлмааг ярьж надад “Танай Гэрэлмаа чинь сайхан хүүхэн биш байна лээ архичин юм бишүү би уулзсан” гэж хэлсэн тэгээд түүнээс болж хэрүүл маргаан хийгээд  гэдсэн дэх хүүхэд чиний биш гэхээр нь уур хүрээд хутга барьж айлгах гэж байгаад санаандгүйгээр гуяыг нь хатгаж байсан удаа байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х-17х/,

хохирогч Х.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг Буяндэлгэр гэдэг би өөрийн нөхөр болох Элбэгсайхантай хамтран амьдраад 1 жил 5 сар гаруй болж байна бид хоёрын дундаас гарсан хүүхэд гэж одоогоор байхгүй бөгөөд Элбэгсайханы дагавар охин болох Анхилуун /5 настай/-ны хамтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-938 тоотод бид 3 амьдардаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой Элбэгсайхан бид хоёр юм яриад сууж байсан чинь намайг “Чи яг архичин шиг болчихсон байна, дэлбэлчихсэн байна, төрөөд бүүр аймаар болох юм бишүү” гээд байхаар нь миний дургүй хүрээд “Чи тийм сайхан хүнтэй анх суусан юм уу? Чиний анхны эхнэр чинь ч гэсэн над шиг л хүн байсан биз дээ” гээд хэлчихсэн чинь “Чи миний өнгөрсөн амьдралыг байнга сөхөж ярьдаг” гэж хэлээд намайг шууд алгадаж аваад хутга барьж дайраад чамайг шээстэй чинь хамт ална гэж гээд дайрахаар нь би хутгыг нь булааж аваад гэрээсээ гарч гүйгээд “ойртвол би өөрийгөө ална шүү” гэсэн чинь баруун гарыг хазаж хутга тавиулаад ороод ир гэж намайг үсдэж гэрлүү оруулаад хаалга цоожлож байгаад хоолойг миний багалзуурдаад, хэвлий гэдэс хэсэгт өвдөглөж байгаад нүүрлүү алгадаж, зүүн чихрүү 2-3 удаа алгадаж цохисон тухайн үед 02 цаг өнгөрч байсан учир хэрүүл маргаан дуусаад миний бие өвдөөд байхаар нь Элбэгсайханыг “103 дуудаад өг” гэсэн чинь “Битгий жүжиглээд бай чи зүгээр байна, чи зүгээр ус уугаад унт” гээд байхаар нь дургүй хүрээд хэвтэж байсан чинь унтаад өгсөн тэгээд өглөө 11 цагийн үед сэрээд эмнэлэг явж хэвлий дэх хүүхдээ үзүүлье гэж бодоод Элбэгсайханы халааснаас нь машины түлхүүр авсан чинь Элбэгсайхан “Чамд машины түлхүүр өгөхгүй, чамд юу ч өгөхгүй, чиний гэдсэн дэх зулбасгыг өдий болтол тэжээсэн” гэхээр нь гомдоод ээжийнхээ гэрлүү очоод болсон явдлыг хэлсэн бөгөөд ээж маань цагдаад хандсан юм. ..Элбэгсайхан урьд өмнө намайг 2019 оны 10 сард намайг айлгах гэж байгаад хутгаар зүүн хөлийн гуя хэсэгт хутгалж байсан бөгөөд тухайн үед цагдаад хандахдаа “Зодуулсан” гэж дуудлага өгсөн цагдаа ирэхэд “Хутгалуулсан талаараа хэлээгүй, эвлэрсэн бид хоёр жоохон маргаад цагдаад хандлаа” гэж тайлбарлан цагдааг буцааж байсан удаа байгаа. ...Би 8 сартай жирэмсэн, Элбэгсайхан намайг жирэмсэн гэдгийг мэднэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 13х-14х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1415 дугаартай “Х.Буяндэлгэрийн биед эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, сарвуунд зулгаралт, гуянд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гуянд үүссэн сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Э г бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Хатгин овогт Б.Э ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э ыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Э ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ