Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 556

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах, мөн сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Б” ХХК нь Монгол Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2014/75 тоот гэрчилгээг үндэслэн Богдхан уулын Дархан цаазтай газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 3.0 га талбайг 5 жилийн хугацаатай ашиглах гурвалсан гэрээг 2014 оны 12 дугаар сарын 02-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлагатай хамтран байгуулахдаа газрын гэрчилгээ авах, тэмдэгтийн хураамж төлөх, нарийвчилсан үнэлгээний хөлс зэрэгт 24,122,500 төгрөг төлж, уг газрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах бэлтгэл ажил хийж газар ашиглах төлбөрт 2015 онд 3,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27, 2016 оны 04 дүгээр сарын 11, 2016 оны 06 дугаар сарын 06, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус бүр 3,000,000 төгрөг буюу нийт 15,000,000 төгрөг төлж үлдэх төлбөрийн тооцоог хийж дуусгах зорилгоор Богдхан уулын хамгаалалтын захиргаанд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр очиход манай компаний газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон гэсэн тул манай компанид мэдэгдэлгүй ийм шийдвэр гаргасанд гомдож байгаагаа илэрхийлж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалыг албан ёсны тайлбартайгаар хүлээн авахыг хүссэн хүсэлтээ Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт тавихад манай компанийн хүсэлтийг Богдхан уулын Дархан цаазтай газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлсэн байна. 

Богдхан уулын Дархан цаазтай газрын хамгаалалтын захиргаа нь “Б” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсны хариу өгөхдөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 тоот тушаалыг биелүүлэн газар ашиглах гэрчилгээ, гурвалсан гэрээгээ хураалгахыг мэдэгдсэн. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 тоот тушаал гаргахын өмнө “Б” ХХК-ийн 3.0 га газар ашиглах эрхийг хүчингүй болгоход хүргэсэн үндэслэл байгаа эсэхийг шалгуулсангүй. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчим зөрчигдөж Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазтай газрын хамгаалалтын захиргаа гэрээнийхээ зарим заалтыг нөгөө талдаа мэдэгдэхгүй дур мэдэн өөрчилсөн. 

Тухайлбал: Гэрээний 2.4-ийн Б-д газрын төлбөрийн хэмжээг 1 жилд 11,880,000 төгрөгөөр тогтоож, төлбөрийн хэмжээ өөрчлөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн 2.4-ийн Г заалтыг тус тус зөрчиж нөгөө тал “Б” ХХК-д мэдэгдэж гэрээндээ өөрчлөлт оруулах талаар тохиролцолгүй дур зоргоороо 2015 онд 25,740,000 төгрөг, 2016 онд 39,600,000 төгрөг болгож өсгөсөн. Гурвалсан гэрээ ёсоор бол манай компаний газрын төлбөрт 2015 онд 8,880,000 төгрөг дутуу, 2016 онд 120,000 төгрөг илүү төлжээ. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа тал тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших /ашиглах/ эрхийг хүчингүй болгох байтал 1 жил 6  сарын дараа газар ашиглах эрхийг дуусгавар болсонд тооцож хуулиар тогтоосон хугацаа зөрчигдсөн. 

Гэрээнийхээ хэрэгжилтэнд хяналт тавьж гэрээг жил бүр дүгнэх үүргээ Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын  Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа биелүүлээгүй. 

Дээрхи нөхцөл байдлаас үзэхэд манай компанийн газар ашиглах эрхийг заавал хүчингүй болгох үндэслэл тогтоодоогүй гэж үзэж байна. 

Иймд “Б” ХХК-д эдийн засаг болон сэтгэл зүйн хохирол учруулж Иргэний хуулийн гэрээний заалт, Газрын тухай хуулийн заалтууд зөрчиж гарсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын амны 3.0 га талбайг ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар ашиглах эрх цуцалсны маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд н.Б А/179 дүгээр тушаалаар “Г” ХХК-д газар ашиглах эрх олгохоор шийдвэрлэсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар “Г” ХХК нь Хан-Уул дүүргийн Арцатын аманд 13 га газар, Богдхан уулын Арцатын аманд 4.0 га газар, Нүхтийн задгайд 2.5 га газар, нийт 19.4 нийт газар олгосон байгаагаас Богдхан уулын Арцатын аманд олгосон 4.0 га газар нь “Б” ХХК-ийн газартай давхцаж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байх ёстой бөгөөд захиргааны байгууллага хууль зөрчиж газар олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Б” ХХК нь, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж тус компаний газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

“Б” ХХК нь нэхэмжлэлдээ:"... төлбөрийн тооцоог хийж дуусгах зорилгоор уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2016 оны 12 дугаар сарын 06-нд очиход манай компаний газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 02-нд дуусгавар болгосон гэж мэдэгдсэн. ... Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны  Байгаль орчин, аялал жуулчлал сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 тоот тушаалыг биелүүлэн газар ашиглах гэрчилгээ, гэрээгээ хураалгахыг “Б” ХХК-нд мэдэгдсэн хариу өглөө” гэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4  дэх хэсэгт шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргахаар заасан.  Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Эрхийн эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа  дууссан байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэлийг хүлээн  авахаас татгалзаж өгнө үү. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Б” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн.

“Б” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 дүгээр тушаалаар газар ашиглах эрхтэй болж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2014/75 дугаар газар ашиглах гэрчилгээтэй, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2014/75 дугаар гурвалсан  гэрээтэй байна. Гэрээ байгуулснаас хойш гэрээний 2.4 дэх хэсэгт заасан 11,880,000 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй, аялал жуулчлалын зориулалтаар газраа  2 жил ашиглаагүй тул газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн ба энэ талаар “Б” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр мэдэгдсэн боловч холбогдох арга хэмжээ аваагүй болно.

"Б” ХХК-ийн ашиглаж байсан газар дээр Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар “Г” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 4,0 га газар ашиглах эрхийг Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд олгож шийдвэрлэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Мөн “Б” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 339 дүгээр тушаалаар газар эзэмших эрхийг авснаас хойш дараах зөрчлүүдийг гаргасан учраас газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.7 дахь заалтыг баримтлан газар эзэмших эрхийг цуцалсан. Гэрээ байгуулсан боловч бүртгүүлээгүй, гэрээнд заасан хугацаанд газрын төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээгээр хүлээн үүргийн дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гурвалсан гэрээг дүгнүүлэх үүргээ биелүүлээгүй, тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр “Б” ХХК-д мэдэгдсэн боловч холбогдох арга хэмжээг аваагүй. Мөн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Үндэсний шуудан сонинд нийтлэн мэдээлсэн гэжээ.

Гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчЦ.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-иас “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын 2016 оны 06-р сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б” ХХК- холбогдох хэсгийг хүчингүй болгуулж тус компанийн газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт “Г”ХХК-ийг  гуравдагч этгээдээр татан оролцуулсантай холбогдон дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 

“Богдхан уулын дархан цаазат газар, Арцатын аманд 4 га газарт “Г” ХХК нь аялал жуулчлал, амралтын газрын цогцолборын төсөл хэрэгжүүлэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг тус яам хүлээн авч шийдвэрлэн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар тус газрыг ашиглах эрхийг манайд олгосон.

Газар ашиглах энэхүү хүсэлтийг бид зохих хууль, дүрэм, журмын дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гаргасан бөгөөд тус яам нь А/179 дүгээр тушаалыг холбогдох хууль, дүрэм журмын дагуу гаргасан болно. Иймд манай “Г” ХХК-ийн эрх ашгийг хөндөх асуудлыг хэлэлцэх шүүх ажиллагаанд тус компанийн төлөөлөгч биечлэн оролцох болно” гэжээ.

Бидний хувьд Богдхан уулын дархан цаазат газар Арцатын аманд 4.0 га газар ашиглах хүсэлтийг холбогдох хууль дүрмийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг олгосон. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Тухайлбал “Б” ХХК нь төлбөрөө 8 сая гаруй төгрөг дутуу төлсөн гэдэг боловч бодит байдал дээр 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргээс ирүүлсэн төлбөрийн мэдээллийн дүнгээр 30 гаруй сая төгрөгийн төлбөр хийгээгүй гэдэг. Нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй, гурвалсан гэрээ болон газар ашиглахтай холбоотой жил бүрийн тайланг тайлагнаж байгаагүйг үндэслэн газар эзэмших эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь өөрчлөгдсөн. Иймд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг анхаарна уу. Тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал Т.Баяраа нэхэмжлэл гаргасан. Харин нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээр Д.С гэдэг хүн гарын үсгээ зурсан байдаг. Аж ахуйн нэгж байгууллага нь хуульд заасан үүргээ биелүүлж бүртгэлд орсон өөрчлөлтийн бүртгүүлэх үүрэгтэй. Тэгэхээр энэ талаарх бүртгэлд яаж өөрчлөлт орсныг тодруулах шаардлагатай. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх үүргээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Үндэсний шуудан сонинд хэвлэж нийтэд зарласан. Үүнээс 4 сарын дараа нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тус компаний газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгт хэсгийн 4 дэх хэсэгт заасан газар ашиглах эрхийг “Г” ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ. 

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд мөн хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж ашиглаагүй” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 дүгээр тушаалаар  Дархан цаазад Богдхан уулын Арцатын ам дахь 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2014/75 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг” үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай “Газар ашиглах тухай гурвалсан гэрээг” байгуулжээ.  

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай № 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-д “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай “Газар ашиглах тухай гурвалсан гэрээг” байгуулсан байх бөгөөд хуульд заасан дээрх хугацаанаас өмнө, гэрээг байгуулснаас 1 жил 6 сарын дараа маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар  “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хугацааг нарийвчлан зааж өгсөн бөгөөд уг хугацаанаас өмнө маргаан бүхий захиргааны актыг гаргаж нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан нь буруу байна. 

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд мөн хуулийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.в-д зааснаар газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн газрын албаны ... дансанд төлөх үүрэг хүлээжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон Хан-Уул дүүргийн Газрын албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13/842 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч “Б” ХХК нь тус албаны Улаанбаатар хотын банкны дансанд 2015.05.25-ний өдөр 3,000.000 сая  төгрөг, 2016.01.27-ны өдөр 3,000.000 сая  төгрөг, 2016.04.11-ний өдөр 3,000.000 сая  төгрөг, 2016.06.06-ны 3,000.000 сая  төгрөг, 2016.09.26 өдөр 3,000.000 сая  төгрөг нийт 15,000,000 төгрөгийг газрын төлбөрт төлжээ. 

Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.б-д “бүгд үнэ 1 жилд 11,880,000 төгрөг” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэгчид мэдэгдэлгүй газрын төлбөрийн хэмжээг ихэсгэсэн, хариуцагчаас төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж маргаж байна.

Хан-Уул дүүргийн Газрын албаны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №13/948 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар  нэхэмжлэгчийн газрын төлбөрийн үлдэгдлийг 2014 онд 3,328,000 төгрөг, 2015 онд 22,056,000 төгрөг, 2016 онд 4,762,000 төгрөг нийт 30,146,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.

Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээний 4 дүгээр хэсгийн 2.4.Г-д “эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээг өөчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна” гэж заасан байх бөгөөд хариуцагчаас уг үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 4 дүгээр хэсгийн 2-д “газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх” гэж заасан байхад гэрээний уг заалтыг хэрэгжүүлэлгүйгээр газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй шалтгаанаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болсон нь үндэслэлгүй байна.

Учир нь газрын төлбөртэй холбоотой гэрээгээр нарийвчилсан зохицуулсан зохицуулалт байхад уг зохицуулалтыг хэрэглэлгүйгээр шууд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхэд халдсан нь буруу байна.

Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар  “Г” ХХК-д Богдхан Уулын Дархан цаазат газрын Арцатын аманд 4.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгож, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2016/217 дугаартай гэрчилгээ олгожээ.  

Хариуцагчаас Байгаль орчин, ногоон хөгчжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалыг гаргахдаа хуульд заасан үндэслэл журмын баримтлаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, мөн тус шүүхээс А/174 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээсэн тул  мөн сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын гуравдагч этгээд “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нөгөөтэйгүүр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/904 тоот албан бичгээр ирүүлсэн агаар сансарын зургаас  дүгнэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар нь 2.27 га талбайгаар давхцаж байгаа хэдий ч гуравдагч этгээдэд олгосон 4 га газар нь нэхэмжлэгчийн ашиглаж буй газрын орц, гарцыг хааж болзошгүй байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын  “Г” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй  “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б”  ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж, мөн сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ