Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2021/0103

 

 

    “Чингисхаан банк” ХХК-ийн гомдолтой

     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагч татварын улсын байцаагч Б.Халиунаа нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Чингисхаан банк” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрээр “Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1, 1.2,  Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Чингис хаан” ХХК-иас гаргасан “Монгол банкны хянан шалгагч Б.Халиунаагийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0050107 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Чингис хаан” ХХК-ийн төлөөлөгч Э.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ ... шийдвэрийн үндэслэх хэсэгт “гомдлын шаардлагад манай банкаас шууд шалтгаалсан гэх үндэслэлгүй, Монголбанкнаас хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн дүн гэж тодорхойлон маргасан боловч энэ нь тухайн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргаж болохгүй” гэж хуулийн заалт барьж шийдвэрлэсэн хэрнээ шийдвэрийн 8 дахь талд “... “Чингисхаан банк” ХХК-иас шууд шалтгаалсан буюу өөрийн хүсэл зоригоос хамааралтайгаар хуульд үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй... “ гэх гомдлын шаардлагыг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага гаргасаар байхад хүлээн аваагүй хэрнээ үүнийг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Улмаар Монгол банкны ахлах хянан шалгагч Б.Халиунаагийн Чингисхаан банкинд оногдуулсан  2020 оны 6 сарын 30-ны өдрийн 0050107 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсын хуульзүйн үндэслэлийг тодорхойлох боломжгүй эсэх талаар дүгнэлт хийгээгүй байх тул хэргийг бүхэлд нь хянаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэр , Монголбанкны ахлах хянан шалгагч Б.Халиунаагын Чингис хаан банкинд оногдуулсан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0050107 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.     

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Зөрчлийн тухай хууль болон Банкны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0050107 дугаартай шийтгэлийн хуудсаар “Чингисхаан банк” ХХК-ийг  Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 174, 17.5-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-д “Банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хуульд заасан банканд тавих шаардлагыг хангаагүй” зөрчил гаргасан хэмээн 20 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, гомдол гаргагч “Чингисхаан банк” ХХК-иас шийтгэлийн хуудсаар тогтоосон үйл баримтын талаар маргаагүй, харин уг зөрчил гарсан үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу “..манай банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Монголбанк хүлээн аваагүй, нэмэгдүүлэх зөвшөөрлийг цуцалсан, үүнтэй холбоотойгоор банкны өөрийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон” гэж тайлбарлан маргажээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан Монголбанкны улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/12012/001 дүгээр актаар “Чингисхаан банк” ХХК-ийг “ ... 19 зээлдэгчийн 41 897 633 172.08 төгрөгийн зээлийн үлдэгдлийн ангиллыг бууруулаагүй, ... 19 зээлийн эрсдэлийн санг 34 413 268 741.20 төгрөгөөр дутуу байгуулсан” болохыг,

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/12012/002 дугаар актаар “ ... 196 зээлдэгчийн 163 485 345 920.79 төгрөгийн зээлийг 90 хоногоос дээш хуримтлагдсан 41 111 020 766.65 төгрөгийн хүүг тэнцлийн гадуурх “хуримтлуулж тооцохыг зогсоосон хүү” дансанд бүртгэгдээгүй” болохыг,

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/12012/003 дугаар актаар “ ..... 30 419 524 755.68 төгрөгийн авлага, бусад активын үлдэгдлийн ангиллыг бууруулаагүй” болохыг,

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/12012/004 дүгээр актаар “ ... 15 зээлдэгчийн чанаргүй зээлд тооцож авсан 12 287 533 462.75 төгрөгийн өмчлөх бусад хөрөнгийн үлдэгдлийн ангиллыг бууруулаагүй” болохыг,

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/12012/005 дугаар актаар “Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай зохистой харьцааны шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг хангаж ажиллаагүй” болохыг тус тус тогтоосон, эдгээр акттай гомдол гаргагч “Чингисхаан банк” ХХК нь маргаагүй байна.

Ийнхүү “Чингисхаан банк” ХХК-ийн өөрийн хөрөнгө бүрэн алдагдаж, нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцааны “-39.8” хувь буюу өөрийн хөрөнгө байхгүй, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа “-14.5” хувь буюу банк харилцагчийн гүйлгээг анхны шаардлагаар хийж чадахгүй болсон нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А-1а/639 дүгээр албан бичгээр нотлогдсон байна.

Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх”, 16.1.2-т “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх” гэж заасныг гомдол гаргагч “Чингисхаан банк” ХХК нь хангахгүй болсон нь дээрх баримтуудаар нотлогдсон тул хариуцагч улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-д “Банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хуульд заасан банканд тавих шаардлагыг хангаагүй” хэмээн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

Гомдол гаргагчаас “...манай банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Монголбанк хүлээн аваагүй, нэмэгдүүлэх зөвшөөрлийг цуцалсан, үүнтэй холбоотойгоор банкны өөрийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаантай” гэх боловч хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх зөвшөөрлийг цуцалсан Монголбанкны шийдвэрүүдтэй холбогдуулан энэ хэрэгт маргаагүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч “Чингисхаан банк” ХХК-ийн өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх зөвшөөрлийг цуцалсан Монголбанкны шийдвэрүүд хууль бус болох нь тогтоогдоогүй байхад гомдол гаргагч банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь хангагдахгүй болоход нөлөөлсөн дүгнэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Чингисхаан банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН