Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0809

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0809

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Ч” ХХК /РД: _/

Хариуцагч: Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Б.Х

Гомдлын шаардлага: “ Монголбанкны хянан шалгагч Б.Хгийн Чинд оногдуулсан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0050107 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хяналт Шалгалтын Газрын Хянан шалгагч Б.Х нь ‘Ч” ХХК-д холбогдуулж Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 17.5-т тус тус заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.3. дугаар зүйлийн 11-т “Банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хуульд заасан банканд тавих шаардлагыг хангаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно..” гэж заасан зөрчилд тооцож зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох ажиллагааг явуулан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0050107 тоот "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” Шийтгэлийн хуудсаар Чинд 20.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан.

Зөрчилд тооцож буй эс үйлдэхүй болох харилцагчийн гүйлгээ болон төлбөр тооцоог саатуулсан нь холбогдогч “Ч” ХХК-иас шууд шалтгаалсан буюу өөрийн хүсэл зоригоос хамааралтайгаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Монголбанкнаас “Ч” ХХК-д хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн хүрээнд гарч буй үр дүн болох юм. Харилцагчийн гүйлгээ, төлбөр тооцоог саатуулсан эс үйлдэхүйн шалтгаант холбоо дараах байдлаар тодорхойлогдоно. Үүнд: Монголбанкны зүгээс “Ч” ХХК-г өөрийн хөрөнгөө нийт 37.000.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг даалгасны дагуу “Ч” ХХК нь холбогдох хууль тогтоомжид тодорхойлсон шаардлагыг хангах хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн.

Тус банкны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхтэй холбогдуулан гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт мэдээллийг Монголбанк хүлээн авч, Банкны тухай хуулийн 36-р зүйлийн 3 дахь хэсэгт “.. энэ хуулийн 19 дүгээр зүйл, 11.5, 20.1.7, 20.3-т заасан шаардлага, 361 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ." гэж заасны дагуу холбогдох зөвшөөрлийг дараах байдлаар олгосон. Үүнд:

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-1/1382 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 7.900.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэх, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  А-1/107 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 2.016.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэх, 2018 оны 5 дугаар сарын 31-ний Н/86 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 15.000.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэх, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Н/201 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 8.000.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэх, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н/01 тоот албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 4.000.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэх.

Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч нь А-1/107, Н/86, Н/01 тоот албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлүүдийг бүхэлд нь, А-1/1382 тоот албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлөөс 7.140.800.000 төгрөг, Н/201 тоот албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлөөс 6.200.000.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон болохыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны Н/213, Н/214, Н/215, Н/216, Н/217 тоот “Зөвшөөрөл цуцлах тухай” албан бичгүүдээр мэдэгдсэн бөгөөд уг нөхцөл байдалтай холбогдуулан 2019 онд багтаан өөрийн хөрөнгийн хэмжээг 34.300.000.000 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдүүлэхийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны Н/227 тоот албан бичгээр даалгасан. Мөн уг шийдвэр. Даалгавруудыг биелэлтийг хангах зорилгын хүрээнд тус банкинд Монголбанкны хянагчаар нэр бүхий хянан шалгагч нарыг томилох тухай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний Н/48 тоот тушаалыг гаргасан болно.

Монголбанкнаас Чинд хийсэн гэх “Магадлан баталгаажуулах аудитын үр дүн” нь Захиргааны ерөнхий хуулийн 49-р зүйлийн 3.3-т"... шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” гэж заасан нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрүүдээ гаргасан байна.

Монголбанкны шийдвэрийн үндэслэлд дурьдагдсан Магадлан баталгаажуулах аудит" хийсэн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд уг байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үндэслэл болгож Монголбанк нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь хуульд нийцээгүйн дээр “шинэ нөхцөл байдал бий болсон" гэж үзсэн Монголбанк хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н/49 тоот тушаалаар “Ч” ХХК -д тухайлсан 10 үүрэг, даалгаврыг ногдуулж “Ч” ХХК-ийн ы хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг алдагдуулсан байдаг. Тухайлбал шийдвэрийн 1.7. “Тусгай нөхцөлтэй буюу харилцах болон хадгаламжийн дансыг шинээр нээх, татан төвлөрүүлэх үлдэгдлийг нэмэхийг хориглох”, 1.8-т “Үндсэн болон биет бус хөрөнгийг нэмэгдүүлэхийг хориглох” гэж заасан нь “Ч” ХХК -д шууд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Учир нь Арилжааны банк нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй. хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын уйл ажиллагааг Монголбанкны түсгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд болох бөгөөд дотогш чиглэсэн мөнгөн урсгалыг хааж буй үйлдэл нь банкны үндсэн үйл ажиллагаа эрхлэх боломжийг хязгаарлахын сацуу банкийг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд шууд оруулж байгаа болно. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-д “Банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хуульд заасан банканд тавих шаардлагыг хангаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу энэ зөрчил шийтгэгдсэн. Гэтэл хариуцагчийн ярьж байгаагаар банкийг өөрийн хөрөнгийг нэмэгдүүл гэдэг зүйл яриагүй гэж байна. Заавал байлгах нөөцийн талаар манайд зөрчил үүсгэсэн. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар хоорондоо зөрчилдөөд байна уу. Өөрөөр хэлбэл манайхыг шийтгэх ёсгүй хуулийн зүйл ангиар шийтгээд, өөрийнх нь бодож байгаагаар би хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Монгол банкнаас тавигдсан, түүний дагуу ажиллагаагаа хийсэн, заавал байлгах нөөцтэй холбоотойгоор шийтгээгүй гэж байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-т ийм зүйл заасан байна.Өөрөөр хэлбэл бид нар өнөөдрийг хүртэл дүрмийн сангаа нэмэгдсэн гэж бодож явсан боловч дүрмийн санг нэмэгдүүлэхийг болиулсантай холбоотой албан бичиг ирүүлээгүй байж байгаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж бид нарыг шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Монголбанкны хянан шалгагч улсын байцаагч Б.Х шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Миний бие “Ч” ХХК-д шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.3.11 дахь заалтыг үндэслэсэн болно. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлд банканд тавигдах шаардлагыг тусгайлан зохицуулсан байдаг. Тухайлбал тус зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу банк нь өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх үүрэгтэй. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага, зохистой харьцааг хэрхэн хангаж ажиллах талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаартай тушаалаар батлагдсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох. түүнд хяналт тавих журам”-аар нарийвчлан зохицуулсан.

Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Б.Х миний бие “Ч” ХХК-д 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н/48 дугаар тушаалаар хянагчаар томилогдсон. Түүнчлэн тус тушаалаар хянагчийн ажлын удирдамж батлагдсан байдаг, удирдамжийн 1.6 дахь хэсэгт зааснаар хянагч нь зээлийн өрийн үлдэгдэлд дахин үнэлгээ хийх, ангилах, 3.7 дугаар зүйлд зааснаар Банкны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэн ажиллах үүрэгтэй. Иймд улсын байцаагч миний бие тус банкны зээл, бусад актив хөрөнгөд үнэлгээ хийснээр зөрчлүүд илэрч, Зөрчлийн хэрэгт авагдсан 2020/12012/001, 2020/12012/002, 2020/12012/003, 2020/12012/004, 2020/12012/005 дугаартай акт тогтоосон байдаг. /Зөрчлийн хэргийн 4-14 хуудас/.

“Ч” ХХК өөрийн гаргасан тайлбарт тус зөрчил үйлдэгдсэн шалтгаант холбоог банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн 37.000.000.000 төгрөгийн зөвшөөрлийг Монголбанкнаас цуцалсантай холбосон байна. Улсын байцаагч миний бие Банкны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх буюу хяналт шалгалт хийх явцдаа Зөрчлийн хэргт авагдсан актуудыг тогтоосон бөгөөд тус зөрчлүүд банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн зөвшөөрлийг цуцалснаас үүдсэн зөрчил биш юм. Харин гомдол гаргагчийн талаас ярьж байгаагаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн байтал Монгол банкнаас ямар нэгэн байдлаар урьдчилж сануулаагүй, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлээгүй байсан, үүнийгээ банк мэдээгүй гэж тайлбарлаж байна. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч талаас энэ талаар өмнөх нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн байсан. Монгол банкнаас өөрийн хөрөнгийг цуцалж байна гэсэн албан бичгүүд ирүүлж байсан. Маргааны зүйл болоод байгаа 20.000.000 төгрөгөөр торгосон шийтгэл нь өөрийн хөрөнгөтэй холбоогүй. “Ч” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих явцад зээлийн үлдэгдлүүдийг шалгаж, Монгол банкнаас баталсан журмын дагуу ангилж, үнэ цэнийн бууралт тооцоход банкны зээлд ирээдүйд үүсэж болох алдагдлыг тооцох  журмын дагуу эрсдэлийн сан байгуулснаар банк Банкны тухай хуульд заасан шаардлагыг биелүүлэхээргүй болсон. Үүний хүрээнд зөрчлийн хэрэгт авагдсан байгаа Улсын байцаагчийн актуудыг ногдуулаад, ийм, ийм зөрчлүүд илэрсэн тул “Ч” ХХК Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлд заасан шаардлагуудыг биелүүлэхгүй нөхцөл үүссэн тул зөрчлийн хэрэг нээсэн. Банк банкны тухай хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаж байх ёстой. Улсын байцаагчийн зүгээс шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй тогтоосон гэж бодож байна. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйл бүхэлдээ Банкны тухай хуультай холбоотой байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-д заавал байлгах нөөц болон бусад Банкны тухай хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Миний ногдуулсан 5 актууд нь юунаас үүдэлтэй вэ гэхээр банк зээлийн үлдэгдэлтэй байх ёстой, Монгол банкнаас тогтоосон холбогдох журмуудын дагуу зээлдээ эрсдэлийн үнэлгээ хийж, тогтоож, зээл хэвийн бус, чанаргүй ангилалд шилжих юм бол эрсдэлийн сан тооцох ёстой байдаг. Эрсдэлийн сан тооцсоноор өөрийн хөрөнгө муудах юм уу, сайжрах уялдаа холбоотой байдаг. “Ч” ХХК нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар эрсдэлийн сангаа дутуу байгуулснаас үүдэлтэй зөрчлүүд илэрч байгаа. Тийм учраас банканд аль болох боломжит нөхцөлүүдээр харгалзах, тухайн нөхцөлд нь тааруулж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-д зааснаар буюу Банкны тухай хуульд заасан бусад шаардлагыг биелүүлээгүй тул хорин мянган нэгжээр торгож шийтгэсэн.

Иймд “Ч” ХХК-ны 0050107 дугаартай шийтгэлийн хуудсыг
хучингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагчийн болон хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр “Ч” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Ч” ХХК тус шүүхэд хандаж “...Монгол банкны хянан шалгагч Б.Хгийн гаргасан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0050107 “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...зөрчилд тооцож буй эс үйлдэхүй болох харилцагчийн гүйлгээ болон төлбөр тооцоог саатуулсан нь “Ч” ХХК-иас шууд шалтгаалсан буюу өөрийн хүсэл зоригоос хамааралтайгаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, Монголбанкнаас хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн үр дүн...” гэж тодорхойлон маргаж байна.

Монгол банкны хянан шалгагч Б.Хгийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0050107 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-г “банкинд тавих шаардлагыг хангаагүй” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох албадлагын арга хэмжээ ногдуулжээ.

            Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-д “Банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хуульд заасан банканд тавих шаардлагыг хангаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” мөн зүйлийн 1.2-төөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 “Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.”, 17.2-т “Банкнаас гаргах баталгаа, батлан даалтын нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.”, 17.3-т “Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дээд хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална” 17.4-т “Энэ хуулийн 17.5-д зааснаас бусад тохиолдолд банк худалдан авах үнэт цаасны эзэмшлийн нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дүнгийн 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, хараат болон охин компанийн хувьцаа хамаарахгүй”, 17.5-д “”Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах нийт дүн банкны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.

            Дээрхи хуулийн заалтууд болон Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар баталсан, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-аас үзвэл  тухайн тохиолдолд “Ч” ХХК нь Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй, эрсдэлийн санг дутуу байгуулсан болох нь тогтоогдсон байх тул энэ үндэслэлээр хариуцлага ногдуулсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж, 11.3 дугаар зүйлд Банкны тухай хууль зөрчих нь зөрчилд тооцохоор, мөн зүйлийн 11-д зааснаар банкны заавал байлгах нөөцийн болон энэ зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хуульд заасан банканд тавих шаардлагыг хангаагүй” үйлдлийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаар заасан байх тул “...“Ч” ХХКас шууд шалтгаалсан буюу өөрийн хүсэл зоригоос хамааралтайгаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй...” гэх гомдлын шаардлагыг шүүх хүлээн авах боломжгүй.

            Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Монгол банкны хянан шалгагч Б.Х 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Ч” ХХК-д холбогдуулан Банкны тухай хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй, 17.1.1-17.1.5-д заасан хязгаарлалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэлээр Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны шаардлагыг хангаж ажиллаагүй, 16 дугаар зүйлийн 1.2-т заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг хангаж ажиллаагүй, 17.1.1-17.1.5-д заасан банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтуудыг зөрчсөн, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу активын эрсдэлийн сан байгуулаагүй, Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А294/340 дугаар тушаалаар баталсан “нягтлан бодох бүртгэлийн багц материал”-ын нэгдүгээр хавсралтын 4.3.г.7, 4.3.д.2 дахь заалтуудыг зөрчсөн зөрчлийг тус тус илрүүлж улмаар холбогдогч “Ч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганзоригоос энэ талаар мэдүүлэг авч, шаардлагатай нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулан хавсаргасан зэргээс үзвэл хариуцагчаас явуулсан зөрчил шалган тогтоох ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-д заасан зөрчлийг гаргасан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

            Түүнчлэн гомдлын шаардлагын үндэслэл болгож буй “...хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг Монгол банк зөвшөөрч зөвшөөрөл олгосон атлаа сүүлд нь тухайн зөвшөөрлүүдээ хэсэгчлэн хүчингүй болгосон, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар ийм арга хэмжээ авах үндэслэлгүй ...” гэх тайлбарыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн гаргасан зөрчил нь дээрхи үндэслэлд хамаарахгүй байх ба энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэж илт хууль бус болохыг тогтоох боломжгүй.

Нөгөө талаар гомдлын шаардлагад “...манай банкнаас шууд шалтгаалсан...гэж үзэх үндэслэлгүй, Монгол банкнаас хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн үр дүн...” гэж тодорхойлон маргасан боловч энэ нь тухайн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүйн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар энэ талаар тухайлан шаардлага гаргаагүй тул дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1, 1.2,  Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 11-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ч” ХХК-иас гаргасан Монгол банкны хянан шалгагч Б.Хгийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0050107 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ДУЛАМСҮРЭН