Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00597

 

П.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 594 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч П.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвд холбогдох,

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот Арга хэмжээ авах тухай тушаал, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Соёлын төвийн эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №11 тоот тушаалын дагуу соёлын төвийн дэргэдэх спорт цогцолборын арга зүйчээр мэргэжлийн дагуу ажилд орсон болно. Байгууллагын дотоод журамд заагдсан ажлын чиглэл тодорхой тусгагдаагүй боловч өгсөн үүрэг даалгаврын дагуу тус суманд зохиогдсон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, үндэсний бөхийн секцийг тогтмол чанартай явуулж ирсэн. Мөн залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилгоор цогцолборын дэргэдэх фитнесс төв, спорт заалны засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийсэн. Энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж, сар болгон хийсэн ажлаа тайлагнан дүгнүүлж байсан. Тус сумын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг унтраах ажиллагаанд 06 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийг дуустал дайчлагдан ажилласан. Үүний дараа биеийн байдал муудаж сумын эмнэлэгт үзүүлж өвчний улмаас 06 дугаар сарын 15-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотод нарийн шинжилгээнд яваад ирсэн. Ирэхдээ акт болон тэр хугацааны листийг байгууллагаасаа авчирч өгсөн. Листийг өгөөгүй 6 дугаар сарын цалин буухад цалинг 10 хувиар хассан байсныг мэдсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 9.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. 08 дугаар сарын 11-ний өдөр уг тушаалыг хуулбарлан авахаар очиход гарын үсэг тамга тэмдэггүй, спорт цогцолборын даргын тушаалын бланк дээр Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч тушаал гаргасан байсныг утсаар баримтжуулж авсан. Ийм учраас энэ тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, сум байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын сурын комисст ажиллаж үүрэгт ажлаа биелүүлж байсан боловч цагийн бүртгэл дээрээ хөтлөгдөөгүй байсан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо хүртэл албан ёсоор мэдэгдээгүй байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн байна. Ажлаас чөлөөлөх тухай Ерөө сумын спорт цогцолборын даргын тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 7, 8, 9 дэх заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас халсан талаар Соёлын төвийн нягтлан Р.Даариймаагаас 08 дугаар сарын 11-ний өдөр эрхлэгч Ф.Болормаагаас тодруулахад 07 дугаар сарын 28-ны өдөр Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар ажлаас хал гэж хэлсний дагуу тушаал гаргасан гэсэн.

Иймд үндэслэлгүй уг тушаалыг хүчингүйд тооцуулах тамга тэмдэггүй, арга хэмжээ авах тушаал, цагийн бүртгэлийн хангалтгүй хөтлөлт, үндэслэлгүй ажлаас халах тушаал гарган түүнийгээ албан ёсоор мэдэгдээгүй байгаа хариуцлагагүй эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авахуулж ажлын хариуцлага тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Ажлаас халсан тушаалын хувьд П.Ц- нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн хууль баримтлан ажлаас нь чөлөөлсөн. Иймд П.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Ц- нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 28-ны өдрүүдэд шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн сахилга зөрчсөн асуудалд зохих хариуцлага тооцсон учир хариуцагч болсон ба ажил тасалсныг зөвтгөх үндэслэл байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг үндэслэж гаргасан.

П.Ц- маш олон хоног ажил тасалсан. Ажил тасалсан шалтгаанаа баяр наадмын комисст ажилласан гэж тайлбарласан. П.Ц-ийг наадмын комисст орж ажиллах тухай ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамт олны хурал хийсэн. Энэ хурлын үеэр хамт олны зүгээс П.Ц-ийг байгууллагын ажилд ерөөсөө идэвхи санаачлага гаргахгүй байна гэж хэлж байсан. Мөн П.Ц-ийг олон хоног ажил тасалсан тул ажлаас чөлөөлөх тухай асуудал яригдахад бүх албан хаагч нар хүлээн зөвшөөрсөн.

Би П.Ц-ийг дуудаад яагаад ийм үйлдэл гаргаад байгаа талаар асуухад эхэндээ шүүмжлэл хүлээж авч байсан бол дараагаас нь уурлаад хаалга саваад гардаг болсон. Нэхэмжлэгчийг хуулийн дагуу л ажлаас нь чөлөөлсөн тиймээс түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар П.Ц-ийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот Арга хэмжээ авах тухай тушаал, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр арга хэмжээ авч, ажлаас халах тухай тушаал гаргасан Соёлын төвийн эрхлэгч Ф.Болормаад арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 594 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж 19 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэгг цугларсан нотлох баримтыг үнэлэх, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтыг хэрхэн яаж үнэлж байгаа, үнэлэхгүй байгаа нөхцөл байдал нь юу болох талаар нэг ч дүгнэлт хийгээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн. Учир нь шүүх шийдвэртээ Соёлын төвийн дэргэдэх гэж байнга бичсэн байх юм. Соёлын төвийн дэргэдэх биш Соёлын төв, спорт цогцолбор гэсэн 2 байгууллагыг хооронд \спорт цощолборыг хэзээ байгуулсан талаархи баримт хэрэгт байгаа.\ нь хольж сольж хуулийн этгээдийн нэршлийг зөв бичиж чадаагүй байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтыг сайтар судлаагүй, ач холбогдолтой зөв талаас нь үнэлж чадаагүйн нотлогоо юм.

...П.Ц-ид 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Спорт цогцолборын даргын 06 тоот тушаалаар 6-р сарын цалинг 10%-р бууруулах сахилгын шийтгэлийг Г.Зулбадрах арга хэмжээ тооцсон байсан. Гэтэл Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Зулбадрах арга хэмжээ тооцсон нь үндэслэлгүй байхад шүүх арга хэмжээ тооцсон нь зөв гэж үнэлсэн нь буруу юм. Учир нь уг тушаал нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын спорт цогцолборын даргын тушаал гэсэн албан баланк байх бөгөөд ажил олгогчийн нэршил нь соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Зулбадрах гэж гарын үсэг зурж спорт цогцолборын тэмдэгийг дарсан байдаг. Энэ хүнд спорт цогцолборын ажлыг эрх зүйн актаар огт олгоогүй харин зөвхөн соёлын төвийн эрхлэгчийн ажлыг түр орлон ажиллах засаг даргын захирамж гарсан байдаг. Бид хуульчийн хувьд энэ болгоныг анхаарах ёстой, хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан нар өөрт олгогдоогүй эрхийг эдлэх эрх байхгүй.

Ажлаас халсан тушаал гаргахдаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримтлаагүй байхад шүүх тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь буруу. Хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдэж ажил үүргийн хувиарт болон спорт цогцолборын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өөр байгууллага руу албан ёсоор шилжигдсэн баримт байхгүй байхад спорт цогцолборын даргын тушаалаар ажлаас халсан нь буруу. Бие даасан өөр өөр нэршилтэй хуулийн этгээд билээ. Улсын Дээд шүүхийн 33-р тогтоолоор ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох хуулийг баримталсан шийдвэр гаргахыг тайлбарласан байдаг. Гэтэл дээрхи тушаал нь ажлаас чөлөөлөх үндэслэлээ тодорхой заагаагүй 7 дугаар сарын 28-наас үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн заалт оруулсан шүүх 7 хоногийн ажил тасалсан гэсэн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй болно. Ажлаас чөлөөлөх эрх зүйн актанд тавигдах нэг асуудал нь ажил хүлээлцэх хугацааг заавал заахыг чухалчилдаг. Гэтэл энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн байхад тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ.

...2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 58 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт “...мөн л соёлын төвийн дэргэдэх спорт цогцолборын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ” гэж дүгнэсэн байгаа. Бас л хэрэгт авагдсан нотлох баримтанд дүгнэлт өгч чадсангүй гэж үзэж байна. ...Г.Зулбадрахад соёлын төвийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгүүлсэн болохоос спорт цогцолборын эрхлэгчийн ажлыг түүнд гүйцэтгүүлээгүй. Би дээр хэлсэнчлэн гэр бүлийн хувийн хэвшлийн компани шиг 2 байгууллагад гэр бүлээрээ ажилдаг, хэн дуртай нь нэгнийхээ ажлыг хийдэг гэж бичсэн асуудал үүгээр нотлогдоно.

Дээрхи байдлаар давж заалдах шатны шүүх буруу зөрүү ойлголт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний тал дээр болон хуулийг хэрэглээгүй асуудал дээр огт үнэлэлт өгөөгүй төдийгүй маш ойлгомжгүй зүйлүүдийг бичиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болно. Байгуулагаас ажилтан халагдсан тохиолдол бүрт үлдэж ажиллаж байгаа бүх ажилчдыг ажил олгогч түүний эсрэг мэдүүлэг өгүүлдэг зуршил тогтсон гэж хэлэхэд илүүдэхгүй. Ийм тохиолдолд нотлох баримт бүрдүүлэхэд маш хэцүу байдал үүсдэг. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 594 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн заалтанд нэхэмжлэгч П.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх өөрчлөлт оруулах, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд шүүхийн хууль хэрэглээний талаар хяналтын шатны шүүх эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч П.Ц- нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Спорт цогцолборын даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Спорт цогцолборын арга зүйчийн ажлаас чөлөөлөгджээ. Үүнээс өмнө Спорт цогцолборын даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний 06 дугаар тушаалаар 1 сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байна.

Сахилгын шийтгэл ногдуулсан Спорт цогцолборын даргын тушаалыг Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Зулбадрах, ажлаас чөлөөлөх тухай Спорт цогцолборын даргын тушаалыг эрхлэгч Ф.Болормаа гаргасан байна.

Нэхэмжлэгч П.Ц-ийг Спорт цогцолборын арга зүйчийн ажилд Ерөө сумын Соёлын төвийн эрхлэгч 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тушаалаар томилж, Соёлын төвийн эрхлэгч ажил олгогчийг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Ерөө сумын Спорт цогцолбор нь Соёлын төвд харьяалагддаг эсэх, Соёлын төвийн эрхлэгч нь Спорт цогцолборын даргын ажлыг хавсран гүйцэтгэдэг эсэх, Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Спорт цогцолборын даргын тушаал гаргах эрхтэй эсэхийг  тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүйгээр нэхэмжлэгч П.Ц-ийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогч нь Соёлын төв, эсхүл Спорт цогцолбор болох нь, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй албан тушаалтан хэн болох нь тус тус тодорхой бус үлджээ. Хэргийн нөхцөл байдал баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгт Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Г.Зулбадрах нь тус төвийн эрхлэгч Ф.Болормаагийн хүүхэд гэх мэдээлэл байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүйгээс гадна  Ф.Болормаа, Г.Зулбадрах нарын бүрэн эрхийг тодорхойлсон ямар нэг баримт хэрэгт байхгүй, Ф.Болормаа ямар хугацаанд чөлөөтэй байсан, Г.Зулбадрах түүний ямар албан тушаалын ажлыг хэдий хугацаанд орлож байсан нь тодорхой бус байгааг шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч П.Ц-ид сахилгын арга хэмжээ авах, түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон сахилгын зөрчил тус тусдаа гарсан гэж үзэх, улмаар нэг зөрчилд сахилгын шийтгэл давхардуулан ногдуулаагүй болохыг хэрэгт авагдсан баримтаар тодорхойлох боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх боломжгүй байна.

Хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус байгаа нөхцөлд хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 594 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 19 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН