Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0110

 

“САПКЛ” компанийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 523 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах гомдлоор “САПКЛ” компанийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 523 дугаар шийдвэрээр: “Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.21, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.31, 11 дүгээр зүйлийн 11.2.6, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7, 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “САПКЛ” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/.... болон 01/...0 тоот “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн 2015, 2016 оны нийт 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөгдөх зардлаас хассан хэсгийг хүчингүй болгож, 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан хэмжээгээр нийт 14,636,177 ам.доллараар бүхэлд нь баталгаажуулахыг даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах  гомдолдоо “... Шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ дүнгээс аль хэсэг нь санхүүгийн баримтгүй, аль хэсэг нь Монгол Улсын арилжааны банкаар гүйлгээ хийгдээгүй гэх маргаан байхгүй” гэжээ.

Энэ талаар хариуцагчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маш тодорхой дурдсан. Аудитыг гүйцэтгэж тухайлсан асуудлаар дүгнэлт гаргахдаа аудитор нь хууль тогтоомж, аудитын дээд байгууллагуудын олон улсын стандартын дагуу тодорхой горим сорилыг хэрэгжүүлэн хангалттай нотлох зүйлийг үндэслэл болгох шаардлага тавигддаг. Тухайлбал санхүүгийн анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болдог атал нэхэмжлэгчийн зүгээс аудитын явцад холбогдох анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй байдаг /энэ талаар гэрчийн мэдүүлэг байгаа/. Гэтэл шүүхээс маргаангүй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн “... аудит хийхдээ гэрээлэгчээс биш оператор компани болох “Км” ХХК-иас өртөг нөхөх зардалд хамаарах санхүүгийн тайлан, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн хайгуулын ажлын төсөв, зардлын тайлан, зардлын жагсаалт, гэрээнүүд,.... аудиторууд гаргуулан авсан” гэжээ.

Аудиторууд тухайлан зааж оператор компанийн өртөг нөхөх зардалд хамаарах санхүүгийн тайлан болон холбогдох баримтуудыг гаргуулан авах боломжгүй бөгөөд гэрээлэгч нь газрын тосны үйл ажиллагаанд холбогдох хууль, журмын дагуу үнэн зөв бүртгэж тайлагнасан санхүүгийн тайлан баланс бүх баримт бичгийг шаардагдах хугацаанд хадгалж, шалгуулахад бэлэн байх үүргийг хүлээдэг.

Мөн Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлоод, 9.1-д “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/...” гэж хуульд тодорхой заасаар байхад шүүх үндэслэх хэсэгтээ тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран...” заасныг төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлээгүй гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан.

Шүүх холбогдох байгууллага гэдгийг зөвхөн төрийн захиргааны байгууллага /Ашигт малтмал газрын тосны газар/ мэтээр дүгнэн хуулийг буруу хэрэглэн, тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-т “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж ...” гэж заасанд хамаарахаар байна.

Төрийн аудитын байгууллага Газрын тосны тухай хуулийн 32, 37 дугаар зүйлд заасан хяналт шалгалтыг хийхдээ Төрийн аудитын тухай хууль /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/-ийн 15.1.21-т заасан Үндэсний аудитын газрын аудитын бүрэн эрхийн хүрээнд аудит хийхээр хуульчлагдсан.

Харин Газрын тосны тухай хуулийн 4.1.14-т зааснаар Ашигт малтмал газрын тосны газар нь бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын хэрэгжүүлэх санхүүгийн хяналт шалгалтын эрх хэмжээг Газрын тосны тухай хуулийн 9.1.8-т “тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж, нэгтгэх” гэж заасан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1-т “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно” гэж заасан тул Ашигт малтмал газрын тосны газар Газрын тосны тухай хуулийн 9.1.8-т заасан чиг үүргээ тухайн санхүүгийн тайлангийн жил тус бүрд хэрэгжүүлсэн байх ёстой. Гэтэл шүүх уг хяналт шалгалтыг заавал Ашигт малтмал газрын тосны газартай хамтран явуулах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч Д.Д, Л.Н нарын гаргасан мэдүүлгийг бүрэн тусгаагүй, гэрч Д.Д-ын мэдүүлэгт “... компанийн санхүүгийн баримт дутуу байсан, би шаардсан боловч баримт ирээгүй...” гэж мэдүүлсээр байхад энэ талаар дүгнээгүй, “өгсөн баримтуудыг хүлээн авсан” тухай байхад бүх баримтыг хүлээн авсан мэтээр хэт нэг талыг баримтлан, гэрчийн мэдүүлгийг гуйвуулан тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Энэ талаар шүүх хуралдаанд болон, шүүхэд гаргасан тайлбарын хамт өгсөн боловч шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой судлан үзэлгүй, өрөөсгөл дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2.2.    “Хэрвээ дүгнэлтэд тусгагдсан гэрээлэгч “САПКЛ” компанийн хайгуулын ажлын зардлыг толгой компани “ПИЛ” компаниас гадаадын банкаар төлсөн тохиолдолд үүнийг гэрээлэгчээс гарсан зардал гэж үзэхгүй, өртөг нөхөх зардлаас хасах бөгөөд ийнхүү гэрээлэгчийн хайгуулын ажлын зардлыг толгой компани төлөх тохиолдолд зайлшгүй эхлээд хөрөнгө оруулалтаар Монгол Улсын арилжааны банкаар гэрээлэгчид орлогод авсны дараагаар гэрээлэгчээс зардлаа төлөх шаардлагыг хуулиар тавьжээ” гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хэлбэрээр хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх талаар зохицуулалт байгаа.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0309 дугаартай магадлалын Хянавал хэсэгт Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан зохицуулалтын талаар хууль тогтоогчийн үзэл баримтлалыг тодорхойлох, /УИХ-ын Тамгын газраас хуулийн хувийн хэргээс/ нотлох баримтыг авч, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн боловч анхан шатны шүүх энэ ажиллагааг хийлгүйгээр шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд нотлох баримт үнэлэх явцад зардлын зөрүүтэй баримтууд тогтоогдсон, тухайн жилд гүйцэтгэх ажлын хөтөлбөр, төсвийн дагуу гүйцэтгэсэн хайгуул, судалгааны ажлын зардлыг ажил гүйлгээ тус бүрээр нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, ерөнхий журнал болон санхүүгийн тайлантай тулган баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр гэрээлэгчийн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан хэмжээгээр бүхэлд нь баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0523 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх зарим нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Үндэсний аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/.... болон 01/...0 дугаартай “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлаас нийт 3 880 454 ам.долларын зардлыг хассан хэсгийг түдгэлзүүлж, тус хэсэгт холбогдуулан дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс Үндэсний аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/.... болон 01/...0 дугаартай дүгнэлтүүдийн “...толгой компани болох “ПИЛ ” компаниас шууд шилжүүлсэн зардлуудыг өртөг нөхөгдөх зардлаас хасав” гэсэн үндэслэл нь нотлох баримтаар няцаагдсан, өртөг нөхөх зардлаас хассан 3 880 454 ам.долларыг “ПИЛ ” компаниас шилжүүлээгүй, “САПКЛ” компанийн гадаад улс дахь данснаас хийсэн гүйлгээ болохыг тогтоож, энэ үндэслэлээр өртөг нөхөх зардлаас хасаж баталгаажуулсан нь үндэслэлгүй болох талаар зөв дүгнэлт хийжээ.

Харин хариуцагч Үндэсний аудитын газрын өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахаас татгалзсан “...маргаан бүхий хайгуулын ажлын зардал нь холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдоогүй, уг зардал нь өртөг нөхөгдөх зардалд хамаарах эсэх нь тодорхойгүй” гэсэн тайлбарт холбогдох үйл баримтыг буруу дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч “САПКЛ” компаниас “... 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлын тайланг үнэн зөв гаргаж, холбогдох бүх баримтуудаа хяналт шалгалт хийсэн аудиторуудад гарган өгсөн” гэж, хариуцагчаас “... хяналт шалгалт хийх явцад гаргаж өгөөгүй санхүүгийн баримтуудаа шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, өртөг нөхөгдөх зардалд хамаарах хайгуулын ажлын зардал мөн эсэх нь тодорхойгүй” гэж тус тус тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүхээс “... хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, мөн маргаан бүхий актыг үйлдсэн Үндэсний аудитын газрын аудитор Д.Д, Л.Н нараас гэрчийн мэдүүлэг авч, тус мэдүүлэгт үндэслэн хариуцагчийн хянан баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн санхүүгийн баримтуудыг үнэлж, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 37.10-д “Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй”, 37.10.1-д “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч” гэж заасныг зөрчиж, холбогдох хяналт, шалгалтын үйл ажиллагааг явуулж, аудит хийн маргаан бүхий 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/.... болон 01/...0 дугаартай дүгнэлтүүдийг үйлдсэн аудитор Д.Д, Л.Н нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч, тэдгээрийн мэдүүлэгт үндэслэн талуудын маргаж буй “өртөг нөхөгдөх зардалд хамаарах хайгуулын ажлыг хийсэн эсэхийг нотлох санхүүгийн анхан шатны баримтуудыг хариуцагч хянаж шалгасан” эсэх үйл баримтыг тогтоосон нь учир дутагдалтай байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгчээс хяналт шалгалтын явцад “ ... Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн хайгуулын ажлын төсөв, зардлын тайлан, зардлын жагсаалт, гэрээнүүд, касс дахь мөнгө, журналууд, банкны дансны хуулганууд, толгой компаниас шууд шилжүүлсэн төлбөрийн баримтууд, татварын тайлангууд ...”[1] зэрэг баримтуудыг гарган өгсөн гэх боловч энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд[2] мөн гэж шууд дүгнэх боломжгүй, Д.Дын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “...санхүүгийн анхан шатны баримтуудыг бүгдийг нь шалгасан” гэх мэдүүлгийг үнэлэх боломжгүй, үүнээс өөрөөр өртөг нөхөгдөх зардалд хамаарах санхүүгийн баримтуудыг хариуцагч хянан шалгасан эсэхийг нотлох баримт байхгүй, хариуцагчаас “санхүүгийн баримтуудыг гаргаж өгөөгүй учраас шалгаагүй” хэмээн маргаж байх тул шүүхээс дээрх баримтуудад үндэслэн  нэхэмжлэгч компанийг 3 880 454 ам.долларын өртөг нөхөгдөх зардалд хамаарах хайгуулын ажил хийсэн болохыг тогтоох боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзэхээр байна. Тодруулбал, хэрэгт хавсаргагдсан 5 хавтас бүхий нотлох баримтуудыг бүгдийг нь Д.Д хяналт шалгалт хийхдээ үзсэн болох нь тогтоогдохгүй, эдгээр баримтууд нь Д.Д гэрчийн мэдүүлэг өгснөөс хойш хэрэгт авагдсан, тиймээс аудитын дүгнэлтийг гаргах үед аудиторт гаргаж өгч байсан эсэх нь эргэлзээтэй баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шууд дүгнэлт хийх боломжгүй.

Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д ““өртөг нөхөгдөх зардал” гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг ойлгоно” гэж, 32 дугаар зүйлийн 32.2-т “Өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулж, ...” гэж, 32.6-д “Өртөг нөхөгдөх зардалд энэ хуулийн 30.2-30.5, 30.8, 31.1-31.2, 34 дүгээр зүйлд заасан төлбөр хамаарахгүй”, 32.7-д “Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Үндэсний аудитын газраас өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахдаа холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосон эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс холбогдох нотлох баримтыг нөхөн бүрдүүлж, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахыг шууд даалгах боломжгүй юм.

Энэ талаар анхан шатны шүүхээс “...өртөг нөхөгдөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтад тусгагдсан зарим зардалд 1 мэргэжилтний 1 удаагийн нислэгийн тийзний үнэ, зочид буудлын үнийг 2 талбайд тус бүрт нь давхар тооцож өртөг нөхөх зардлаас хасахаар тайлагнасан байгааг аудит санхүүгийн баримт бүрээр тулгаж, тухайн зардлыг талбай бүрээр тооцож уу, давхар тооцож уу гэдгээс хамаарч өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах ... ” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн тайлагнасан хайгуулын ажлын зардал нь бүхэлдээ өртөг нөхөгдөх зардалд хамаарах эсэх нь эргэлзээтэй, Үндэсний аудитын газраас холбогдох хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн /2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх/ 37.1-д “Төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тайланд жил бүр хяналт шалгалт хийнэ”, 37.2-т “Энэ хуулийн 37.1-д заасан хяналт шалгалтаар гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтыг хянан баталгаажуулна” гэж заасан байхад Үндэсний аудитын газар нь дангаараа хяналт шалгалт хийсэн, гэрээлэгч компани өртөг нь нөхөгдөх хайгуулын ажил хийсэн эсэхийг баталгаажуулахад холбогдох төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрыг оролцуулаагүй нь буруу байна.

Иймд хариуцагч үзэж, шалгасан эсэх нь тогтоогдохгүй байгаа хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, уг нөхцөл байдлыг тодруулах үүрэг нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах тул холбогдох нөхцөл байдлыг судлан үзэж, дахин шинэ акт гаргахыг даалгах нь зүйтэй байх бөгөөд шүүх захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг нөхөн гүйцэтгэх замаар тус актын холбогдох хэсгийг хүчингүй болгох, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахыг даалгах боломжгүй, эдгээрийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий актуудын холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрыг оролцуулан хяналт шалгалтын ажиллагааг дахин явуулж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгав.

Хариуцагчийн “ ... магадлалын хянавал хэсэгт Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан зохицуулалтын талаар хууль тогтоогчийн үзэл баримтлалыг тодорхойлох, /УИХ-ын Тамгын газраас хуулийн хувийн хэргээс/ нотлох баримтыг авч, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн боловч анхан шатны шүүх энэ ажиллагааг хийлгүйгээр шийдвэрлэлээ” гэх давж заалдах гомдлын тухайд, анхан шатны шүүхээс тус ажиллагааг гүйцэтгэж, хэрэгт нотлох баримтаар Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын чуулганы тэмдэглэлүүдийг[3] хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 523 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тосны тухай хуулийн /2014 оны/ 32 дугаар зүйлийн 32.2, 32.6, 32.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Үндэсний аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/.... болон 01/...0 дугаартай “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлаас нийт 3 880 454 ам.долларын зардлыг хассан хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хэсэгт холбогдуулан дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Үндэсний аудитын газраас дахин шинэ акт гаргахгүй бол Үндэсний аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/.... болон 01/...0 дугаартай “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн 2015, 2016 оны нийт өртөг нөхөгдөх зардлаас 3 880 454 ам.долларын зардлыг хассан хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                      О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

 

 

 

 

 

[1] Нотлох баримтын 2 дугаар хавтасны 153-160 хуудас

[2] Нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нотлох баримтаар гарган өгсөн 3, 4, 5 дугаар хавтас бүхий нотлох баримтууд

[3] 4 дүгээр хавтаст хэргийн 77-152 дугаар хуудас