Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 130

 

 

                                                           

 

 

 

 2020        02           10                                  2020/ШЦТ/130

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Б.Халиун, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Иргэдийн төлөөлөгч Х.Батсуурь,  

Улсын яллагч Х.Сүхчулуун,

Шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрднийнхэн овогт Жаргалсайханы Ут холбогдох эрүүгийн “1708002450321” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр баг “Талын булаг” гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 27 дугаар хороо Богд Ар-ын 20а байрны орцны жижүүрийн өрөөнд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1052 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Бн овгийн Ж У,/РД:...................

Шүүгдэгч Ж.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                           

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ут Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон нийт 10 удаагийн үйлдлээр бусдад 7,453,140 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан, үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдал тогтоогдсонгүй гэж үзэж хөнгөрүүлэн өөрчиллөө.

Шүүгдэгч Ж.У нь

 1. 2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангалын 17-02 тоотод оршин суух иргэн Г.Мөнхбатын хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтрэн орж ЛСД 40 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 04 дүгээр сарын 20-доор Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн иргэн Б.Алтангэрэлийн гэрийн гаднаас Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Чансаа” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

3. 2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 07-ны хооронд Хэнтий аймгийн Батширээт сумын Булгийн 1-03 тоотод оршин суух иргэн Ж.Цэцгээгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж “ЛЖ” маркийн 47 инчийн телевизор, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 760,000 /долоон зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 09-ний хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айраг хорооллын 3-03 тоотод оршин суух иргэн И.Түвшинбаатарын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн орж, ЛСД 32 инчийн телевизор, “ДДШ” сансарын хүлээн авагч станц, орны бүтээлэг, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 385,000 /гурван зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

5. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 15-49 тоотод оршин суух иргэн Б.Цэвэгмидийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, чүнчигноров хөөрөг, бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, Алтан гадас одон, “Грейгус” нэртэй архи, эрэгтэй хүний булган малгай, алтаар бүрсэн сувдан шигтгээтэй хос ээмэг, 8 грамм орчим цул мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,880,140 /нэг сая найман зуун наян мянга нэг зуун дөч/ төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 15-01 тоотод оршин суух иргэн Ж.Оюунчимэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн сууцны цонхоор нэвтрэн орж, “Самсунг Галакси Жи-3” маркийн гар утас, “Шарп” маркийн 32 инчийн телевизор зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 570,000 /таван зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

7. 2017 оны 07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 10-22 тоотод оршин суух иргэн Б.Батбилэгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, “Тошиба” маркийн 40 инчийн телевизор, “Самсунг нөт-2” маркийн гар утас зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

8. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-н гарам, “Их булгийн ам” гэх газарт байрлах “Амтат ногоо” ХХК-ний агуулахаас 4 шуудай буюу 128 кг өргөст хэмхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 512,000 /таван зуун арван хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

9. 2017 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир төв”-ийн авто засварын газраас иргэн Б.Мартбудын гагнуурын аппарат, тасдагч, 2 ширхэг аккумулятор, засвар хийх зориулалттай жижиг багажнууд зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 635,000 /зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20-434 тоот хашаанд байрлах иргэн Г.Алдартбаярын эзэмшлийн модон эдлэл үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтрэн орж, модны түрдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, цохилттой дрил 1 ширхэг, гар призер 1 ширхэг, цахилгаан гар дрил 2 ширхэг, төмөр, мод тасдагч 1 ширхэг, ажлын хувцас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 511,000 /таван зуун арван нэгэн мянга / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

   Шүүгдэгч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... 2016 оны 9 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө би Хэнтий аймгийн Батширээт суманд хадлан дээр байсан. Манай мөрдөгч намайг энэ хэргийг хүлээчих хохирол байхгүй гэсэн боловч 800,000 төгрөгийн хохиролтой байна. Би уг хэргийг үйлдээгүй тул яллах дүгнэлтэд дурдсан хохирогч Мөнхбаттай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх

1. Шүүгдэгч Ж.У нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангалын 17-02 тоотод оршин суух иргэн Г.Мөнхбатын гэрээс эд зүйл хулгайлсан нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 168-171х/,

Хохирогч Г.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай Хангалын 17-02 тоотод байх 4 ханатай гэр шатсан гэрийн баруун талын авдар дээр байсан 40 инчийн зурагт шатсан мөр байхгүй байсан. Би бол зурагтыг хүн хулгайлсан гэж бодож байна ...”  гэх /2-р хх-ийн 204-206х/,

Гэрч Д.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 26-ны хооронд би нөхөр Мөнхбатын хамт аймаг явсан. Хаалга үүдээ цоожлоод явсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө гэр шатсан гэдгийг мэдсэн. Би сумын төвд ирээд гэрийн шатсан бууриа харахад гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байсан. Гэрийн баруун хойд авдар дээр байсан 40 инчийн зурагтыг хүн хулгайлсан гэж бодож байна. Зурагтны доод талын шилэн суурь нь байхгүй байсан...” гэх  /2-р хх-ийн 208х/,

Хохирогч Г.Мөнхбатын эд зүйлийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний үнэлгээ /2-р хх-ийн 244х/,

Шүүгдэгч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Шөнө 02 цагийн орчимд Хангалын гудамжнуудын хамгийн хойд талын үзүүрээс 3 билүү 4 дэх хашаан дотор баригдаж дуусаагүй хоосон байшин, урд талд нь 4 ханатай монгол гэр байсан. Тэгээд ороод гэрийн баруун хойд хойморт модон тавиур дээр байсан зурагтыг аваад “Петровис” колонк дээр очтол Истана маркийн Биндэр, Ширээтийн хотруу явдаг унаа байсан. Тэгээд зардлыг нь өгөөд Улаанбаатар хотод ирээд Хархорин захын зүүн талын Цамбагаравын буудлын хойд талд байрлах ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 60,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...Хөргөгчнөөс өөр цахилгаан бараа харагдаагүй. Би удаагүй, зурагт аваад л гарсан. Янз бүрийн цахилгаан хэрэгсэл оролдоогүй...”  гэх /3-р хх-ийн 4х/,

2. Шүүгдэгч Ж.У нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны үед иргэн Б.Алтангэрэлийн гэрийн гаднаас Хятад Улсад үйлдвэрлэсэн “Чансаа” маркийн мотоцикль хулгайлсан нь:

Хохирогч Б.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай хөдөө гэрийн гаднаас миний өөрийн “Чансаа” маркийн мотоцикль алга болсон. Хөдөө гэрт хадам ээж л байсан гэрийн гаднаас түрээд хол аваачаад асаагаад явсан байсан. Би мотоциклоо 2015 онд Хэнтий аймгийн төвөөс 1,200,000 төгрөгөө худалдаж авсан. Хүн унаж байсан мотоцикль болохоор гаалийн бичиг баримт нь алга болсон байхгүй гэж байсан. Улсын дугаар авч чадаагүй...” гэх /3-р хх-ийн 60-61х /,

Гэрч Г.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 05-нд хөдөөгүүр явж байгаад гэртээ ирэхэд гэрийн гадаа “Чансаа” маркийн саарал өнгийн мотоцикль байсан. Гэр рүү ороод хэний дугуй болох талаар асуухад манай эхнэр Ганчимэг 11 цагийн үед У ирээд энэ дугуйг орхиод явсан гэж хэлсэн. У ганцаараа явж байсан гэсэн. Манай эхнэрт бас модтой явж байгаа, энэ мотоциклийг модны машинд ачаад явна гэж хэлээд гарсан...”  гэх /3-р хх-ийн 62х/,

Гэрч Ц.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн нутагт нутагладаг. Гэртээ хүүхдүүдтэйгээ унтаж байхад гаднаас манай эгч Цэцэгээгийн том хүү У гаднаас орж ирээд, би Батширээтээс явж байна. Танд мотоциклийн түлхүүр орхиод явлаа, мод ачсан машинтай явж байгаа, энэ машин буцаад явахдаа энэ мотоциклийг ачаад авч явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гээд түлхүүрийг нь аваад үлдсэн. Би тухайн үед хулгайн мотоцикль байна гэж мэдээгүй ...” гэх /3-р хх-ийн 63х/,

Хохирогч Б.Алтангэрэлийн эд зүйлийг үнэлсэн “Арвижих-Эстимэйт” ХХК-ний үнэлгээ /3-р хх-ийн 80-81х/,

Шүүгдэгч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд Алтангэрэл гэдэг Цэцгээгийн хүргэний гэрт хоноод маргааш өглөө нь сумын төвөөс холгүй Барх баг дээр байдаг Цэцгээ гэдэг хүний хөдөө гэрт нь очоод тэндээ 2-3 хоноод Алтангэрэлийн мотоциклийг унаад явсан...” гэх /3-р хх-ийн 73х/,

3. Шүүгдэгч  Ж.У нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 07-ны хооронд Хэнтий аймгийн Батширээт сумын Булгийн 1-10 тоотод оршин суух иргэн Ж.Цэцэгээгийн гэрээс эд зүйл хулгайлсан нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 31-37х/,

Хохирогч Ж.Цэцэгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 сард манай хадланг хадаж байсан У гэх залуу Улаанбаатар хотоос би танайд очмоор байна гэхээр нь би тэг гэж хэлээд надтай цуг Батширээт суманд ирсэн. ...2017 оны 04 дүгээр сарын 22-нд У гэрт байсан гадуур дотуур юм хийж явж байснаа алга болсон. ...Орой нь У над руу би Өмнөдэлгэр суманд ирсэн байна гэж мессеж бичсэн. ...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би сумын төв ороод гэртээ очиход хаалганы цүүг мулт татсан, зүүн талын цонхны түгжээг юмаар хөшсөн байсан. Гэр рүү орж үзэхэд тавиур дээр байсан 47 инчийн “ЛЖ” маркийн зурагт байхгүй, баруун урд талын хувцасны шүүгээг онгойлгож онгичсон байсан. ...5-6 жилийн өмнө худалдаж авч байсан санагдаж байна...” гэх /3-р хх-ийн 58х/,

Хохирогч Ж.Цэцэгээгийн эд зүйлийг үнэлсэн “Арвижих-Эстимейт” ХХК-ний үнэлгээ /3-р хх-ийн 75-76х/,

Шүүгдэгч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Цэцэгээ гэдэг хүний хадлан хадуулна гэсэн зарын дагуу түрүү жил нь буюу 2016 оны  намар хадлан хадаж өгч байсан юм. Тэгээд Цэцэгээ гэдэг хүнтэй Улаанбаатар хотод тааралдаад 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймаг руу явж, ... Хэнтий аймгийн Батширээт сумын Алтангэрэл гэдэг Цэцэгээгийн хүргэний гэрт хоноод маргааш өглөө нь сумын төвөөс холгүй Барх баг дээр байдаг Цэцэгээ гэдэг хүний гэрт очиж 2-3 хоноод Аптангэрэлийн мотоциклийг унаад 04 дүгээр сарын 20-дын үеэр Батширээт сумын 1-03 тоотод байдаг Цэцэгийн гэрт очиход хүн байхгүй байсан ба байшингийнх нь зүүн талын давхар цонх онгорхой байхаар нь дотор талынх нь цонхыг түлхэж онгойлгоод гэрт нь ороод том өрөөний урд талд тавиур дээр байсан зурагтыг аваад орж ирсэн цонхоороо гарсан. ...Багануурт ирээд ломбарданд тавих гэсэн чинь үүдэнд байсан эмэгтэй худалдаж авъя гэхээр нь  тэг тэг гээд 200,000 төгрөгөөр зарсан. ...Тэгээд ээжийн төрсөн дүү Ганчимэгийн гэрт унаж явсан мотоциклоо үлдээгээд Өмнөдэлгэр сумын колонк дээрээс хот руу явж байгаа том тэргэнд гуйж суугаад Улаанбаатар хот руу явсан ...” гэх /3-р хх-ийн 73х/,

4. Шүүгдэгч Ж.У нь 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 09-ний хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Айраг хорооллын 3-03 тоотод оршин суух иргэн И.Түвшинбаатарын гэрээс эд зүйлс хулгайлсан нь:

Хохирогч И.Түвшинбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:               “...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд манай Өмнөдэлгэр сумын төвд байх хадам ээж Гантөмөр гэх хүний гэрт цоожийг нь эвдээд гэрээс нь ЛСД 32 инчийн зурагт, ДДШ сансарын хүлээн авагч, орны бүтээлэг зэргийг аваад явсан байсан. Хадам ээж Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтүүлж байсан юм ...” гэх /2-р хх-ийн 90-91х/,

Насанд хүрээгүй гэрч Т.Чингүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ .. 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 09-ний хооронд Өмнөдэлгэр сумын төвд байх манай эмээ Гантөмөрийн гэрийн цоожийг нь эвдэж ороод 32 инчийн зурагт, сансарын хүлээн авагчийг нь аваад явсан байсан. Би өдөр эргэж тойроод орой болохоор өвөө Итгэлжавынд байдаг байсан. Байшингийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон” гэх /2-р хх-ийн 92-93х/,

Гэрч Д.Нарангуа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн Айраг хорооллын 3-03 тоот хашаанд байх байшинд хулгай орсон. ...Бид нар ээжийн бие муудаад байгаагүй. Манай хүү Чингүүн эргэж тойрч байсан ...” гэх  /2–р хх-ийн  94-95х/,

Гэрч Б.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрээс 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 09-ний хооронд ЛСД маркийн 32 инчийн өнгөт Шарп маркийн зурагт,  ДДШ сансарын хүлээн авагч станц, орны эрээн бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Тэр байшинг ач хүү Чингүүн харж байсан. Хаалганы цоож эвдсэн байсан...” гэх /2-р хх-ийн 96-97х/,

Гэрч Ж.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн цаг хугацаанд тиймэрхүү шар залуу зурагт тавих нь тавьж байсан. Манайд тэр тухай баримтууд байхгүй. Зурагтыг хугацаандаа аваагүй бол зарагдсан байх. Цамбагаравын автобусны буудлын яг ард бол манайх л байгаа...” гэх /2-р хх-ийн  98-99х/,

Хохирогч И.Түвшинбаатарын эд зүйлийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний үнэлгээ /2-р хх-ийн 125х/,

Хохирогч И.Түвшинбаатарын эд зүйлийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ний үнэлгээ /4-р хх-ийн 110х/,

Шүүгдэгч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын эхээр өдрийг сайн санахгүй байна. Айрагийн 3 дугаар гудамж баруун үзүүрээс 3 дахь хаалга, хашаа нь хойд талаараа өндөр, урд талаараа намхан сараалжин модон банзан хашаа байсан. ...амбаарын цонхыг түлхтэл хулдаасаар дараад дотроос нь юмаар даруулсан байсан. Доторх хаалга нь онгорхой байсан. Тэгээд гэрийн хойд хэсэгт авдарны хажууд байх зурагтны тавиур дээр зурагт байсныг, ДДШ сансарын төхөөрөмжийг зурагтны удирдлагатай нь хамт бүтээлгэнд боож аваад орсон цонхоороо гарсан. Наадмын талбайн урд 2 том тэрэг трактор ачиж байхаар нь хаана хүрэхийг асуутал Мөрөн сумын бутлуур хүрнэ гэсэн. Тэгээд дайгдаад Мөрөн сумын бутлуур дээрээс зурагтаа зараад өгнө гэж хэлээд приус маркийн машинд суусан. Хийдийн суурингаас гэр бүлийн 2 хүн суугаад зурагт худалдаж авахаар ярилцаад байсан. Тэгтэл жолооч наад залуу чинь зурагт зарах гэж байгаа гэж хэлээд би зурагтаа 90,000 төгрөгөөр зарсан. “ДДШ” станцийг Нарантуул дээр 35,000 төгрөгөөр зарсан ...” гэх /2-р хх-ийн 143-144х/,  

5. Шүүгдэгч Ж.У нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 15-49 тоотод оршин суух иргэн Б.Цэвэгмидийн гэрээс эд зүйл хулгайлсан нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 121-125х/,

Хохирогч Б.Цэвэгмид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2017 оны 05 дугаар сарын дундуур байсан санагдаж байна. Тэр өдөр эхнэр бид хоёр 11 цагийн үед гэрээсээ хамт гарсан. Хаалгаа цоожлоод цонхоо түгжээд гарсан. Өдөржин гадуур явж байгаад орой 18 цагийн үед ирэхэд том өрөөний вакум цонх дотогш онгойсон байдалтай, хөшиг ярагдсан, гэр доторх зүйлүүдийг тараагаад хаячихсан байсан. Тэгээд бүртгэж байх явцад авдар дотор байсан 2015 онд Мөнгөн завъяагаас 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан жижиг хэмжээний мөнгөн аяга 1 ширхэг, 180,000 төгрөгөөр худалдан авч байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг,  2016 онд хувь хүнээс 500,000 төгрөг худалдан авч байсан чүнчигноров хөөрөг 1 ширхэг, алтан гадас одон 1 ширхэг, 2012 онд Нарантуул захаас 60,000 төгрөгөөр худалдаж авч байсан булган малгай 1 ширхэг, манай эхнэрийн алтаар бүрсэн сувдан шигтгээтэй хос ээмэг, бөгж, 8 грамм орчим цулгуй мөнгө зэрэг эд зүйл алдагдсан байсан. Ээмэг бөгжийг манай охин Хулан Америк улсаас бэлгэнд өгч явуулсан...” гэх /1-р хх-ийн 139-140х/ ... Грейгус нэртэй 0.75 граммын архи байсан. 2002 онд Нарантуул захаас 60,000 төгрөгөөр авсан байсан булган малгай алдагдсан. Тухайн үед манай гэрийн вакум цонхны түгжээ нь мултраад онгойсон байсан. Эвдэрсэн зүйл байхгүй болохоор нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх /1 дүгээр хх-ийн 143-144х/,

Гэрч Я.Цэвэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хэрэг гарсан өдрийг сайн санахгүй байна. Нөхөр бид 2 ажилдаа явж байгаад 18 цагийн үед ирсэн чинь манай гэрийн хөшгийг ярчихсан, вакум цонхыг дотогш нь онгойлгосон байдалтай харалцсан. Тэгэхээр нь өрөөнүүдээрээ орж үзтэл манай гэрийн эд зүйлүүүдийг тараагаад авдарнаас гаргачихсан байсан. Нөхөр бид 2 хулгай орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгэж үзэхэд манай авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, чүнчигноров хөөрөг, нөхрийн маань алтан гадас одон, миний алтаар бүрсэн ээмэг, бөгж зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” гэх /1-р хх-ийн 145-146х/, 

Гэрч П.Туяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 онд Жанцангийн хойно байрлах “Аглаг Эрдэнэ” нэртэй караокед зөөгчөөр ажиллаж байсан юм. У гэдэг хүн үйлчлүүлдэг байсан. 2017 оны 05 дугаар сарын эхээр У манайд ирээд надтай уулзаад гудамжинд байж байгаад манай ээжийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 15-49 тоотын гадаа баяртай гээд салаад явсан. Ингээд би ээжийнхээ гэрт ороод хэсэг байж байгаад ээжтэйгээ хамт гэрээ түгжээд дүүгийнх рүүгээ пийшин буулгах гээд явсан Тэр өдрөө ээжийг гэртээ ирэхэд гэрт нь хулгай орсон байна гээд манай дүү рүү утсаар ярьж байсан. Манай аав, ээж 2-т миний мэдэхийн хэд хэдэн мөнгөн аяга, Америк яваад ирэхдээ авч ирсэн монетон ээмэг бөгжний хослол байдаг ..”  гэх /1-р хх-ийн 147-148х/,

Гэрч Ц.Уудамцацаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 254 тоотод “Хас мэнд” гэх барьцаалан зээлдүүлэх газар ажиллуудаг. ...Манай ломбарданд Жаргалсайхан овогтой У гэх нэрээр 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 6 хэмжээтэй мөнгөн аяга 55,000 төгрөгөөр тавьсан. Би тэр хүнийг сайн санахгүй байна. Тухайн үед манайх хугацаа хэтэрснээс хойш 1 сар болоод тухайн зүйлийг зарж борлуулж, мөнгөө олж авдаг байгаа, тийм болохоор одоо аль хэдийн зарагдсан. Би ямар хүнд зарсан талаар мэдэхгүй байна. Үнэмлэхтэйгээ нас тогтсон хүн орж ирэхээр хулгайн эд зүйл гэж огт бодоогүй ...”  гэх /1-р хх-ийн 149-150х/,

Хохирогч Б.Цэвэгмидийн эд зүйлийг үнэлсэн “Арвижих-Эстимейт” ХХК-ний үнэлгээ /1-р хх-ийн 161-162х/,

Шүүгдэгч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна. Туяа гэдэг танилцсан эмэгтэйтэй уулзахаар болоод зааж өгсөн гудамжинд очоод уулзсан чинь Туяа хамт зогсож байгаад би гэртээ орчихоод гараад ирье гэж хэлээд гарч ирэхгүй 1 цаг гаран болохоор нь араас нь орсон айлынх нь хашааны хаалга нь гаднаа татдаг уяатай байхаар нь онгойлгож ороод бие засчихаад гарч ирээд байшингийнх нь цонхоор харахад хүн байхгүй байхаар нь вакум цонхыг нь түлхэж ороод нэг ногоон өнгөтэй хөөрөг, 2 ширхэг мөнгөн аяга, 1 шил архи, даавуунд боодолтой одон байхаар нь аваад гарсан. Баянхошууны эцсийн буудал дээр автобусанд суугаад Хар хорин зах дээр буугаад алт мөнгө авна гэсэн эмэгтэйд 2 мөнгөн аягыг нь 90,000 төгрөгөөр зарсан. Хөөргийг нь Урт цагаанд нэг танихгүй хүнд 80,000 төгрөгөөр зарсан. Танихгүй хүнд одонгоо 10,000 төгрөгөөр зарсан ...” гэх /1-р хх-ийн 170х/,

6. Шүүгдэгч Ж.У нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 15-01 тостод оршин суух иргэн Ж.Оюунчимэгийн гэрээс эд зүйл хулгайлсан нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдзглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 181-184х/,

Хохирогч Ж.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ охин Дэлгэрцэцэгийн хамт орой 23 цагийн үед унтаж байсан. Тэгээд өглөө босоод харсан чинь зурагт гар утас 2 алга болсон байсан. “Шарп” маркийн хар өнгөтэй 32 инчийн лед зурагт байсан. 2012 онд 450,000 төгрөгөөр авч байсан. “Самсунг галакси Жи-3” маркийн саарал өнгийн утас байсан. Унтахдаа гэрийнхээ цонхыг онгорхой унтсан. Алдагдсан зүйлээ олж авмаар байна...”  гэх /1-р хх-ийн 190-191х/,

Манай гэрийн хаалга цонхонд эвдрэл байгаагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх /1-р хх-ийн 192х/,

Хохирогч Ж.Оюунчимэгийн эд зүйлийг үнэлсэн Арвиж, Эстимейт” ХХК-ний үнэлгээ /1-р хх-ийн 194-195х/, 

Шүүгдэгч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 07 дугаар сард наадмын өмнө Зүүн салааны эцсийн буудлаас баруун хойшоо байдаг танил Баяр гэдэг хүний гэрт очиж уулзчихаад гараад явж байтал төв замын хажуу талд ногоон өнгийн хаалгатай хашаанд нэг монгол гэр, нэг өвлийн байшин байсан. Хашааных нь хойноос давж ороод байшингийнх нь зүүн талын цонх онгорхой байхаар нь тэрүүгээр ороод том өрөөний баруун талд байсан хүрээ нь хүрэн ар нь хар өнгийн зурагтыг аваад хойд талын авдар дээр байсан саарал өнгийн Самсунг Жи-3 маркийн гар утас байхаар нь аваад жижиг өрөөнийх нь урд талын том цонхоор гараад зам дээрээс такси бариад Хилчин хотхоны дотор байж байгаад автобусанд суугаад Дарь эхийн ганцийн буудал дээр байдаг ломбарданд өөрийнхөө нэрээр 80,000 төгрөгөөр тавьсан ...” гэх /1-р хх-ийн 204х/,

7. Шүүгдэгч Ж.У нь 2017 оны 07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 10-22 тоотод оршин суух иргэн Б.Батбилэгийн гэрээс эд зүйл хулгайлсан нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-16х/,

Хохирогч Б.Батбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай гэрийнхэн Сэлэнгэ аймагт байх аав ээж рүү яваад өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ иртэл гэрийн хаалгыг эвдэж, хулгайч орж “Тошиба” маркийн лед 40 инчийн зурагт, ажилладаггүй “Самсунг Нөт-2” маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна. 2013 онд зурагтыг 959,000 төгрөгөөр авч байсан. Гар утсыг 2006 онд 200,000 төгрөгөөр авч байсан. ...Манай гэрийн хаалга жаахан муудсан байсан. Салаад унасан байсан цоож нь зүгээр, цүү нь сугарсан байсан. Би буцаагаад хадаад янзалсан. Үнэлгээ хийлгэж нэхэмжлэх шаардлага байхгүй. Манай зурагт зүгээр ажиллагаатай байсан. Харин “Самсунг Нөт-2” гар утас нь зай нь дийлэхээ байгаад асахгүй болсон байсан, тэрнээс биш ажилладаг утас байсан ...” гэх /1-р хх-ийн 29-31х/,

Гэрч Т.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ломбарданд ихэвчлэн 2 хүн ажилладаг. Тэр үед би өөрөө ажиллаж байсан байх. Ер нь зурагтыг нь өөр заавал шалгаж гардаж авдаг. 2017 онд тавьсан зурагтыг одоо сайн санахгүй байна манай цахим бүртгэлд байгаа болохоор авсан гэсэн үгдээ. ...манай хугацаа хэтэрснээс хойш 7 хоноод хүн нь ирж авахгүй бол зардаг. Тухайн зурагтыг одоо зарсан байхгүй” гэх  /1-р хх-ийн 41-42х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1-р хх-ийн 43-47х/,

Хохирогч Б.Батбилэгийн эд зүйлийг үнэлсэн “Арвижих-Эстимейт” ХХК-ий үнэлгээ /1-р хх-ийн 85-86х/,

Шүүгдэгч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 07 дугаар сард наадмын үеэр вокзал ороод ажилд орох гээд хүнтэй уулзсан чинь бүтээгүй. Тэгээд мөнгө олох гэж хулгай хийхээр болоод Зүүн салааны нэгдүгээр буудал дээшээ өгсөөд эзэнгүй айл хайгаад явж байтал ногоон төмөр хашаандаа 2 гэртэй айл байсан. Хашааг нь давж ороод баруун талын хаалгыг хүчтэй татахад салаад ойчсон. Тэгээд ороод гэрийн баруун хойд хойморт байсан намхан ширээн дээрх хар өнгийн лсд зурагтыг аваад мөн гэрийн хоймор авдран дээр байсан хар саарал өнгийн “нөт-2” гар утсыг аваад гарсан. 21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талын ломбарданд зурагтаа 60,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Харин гар утас нь асдаггүй утас байсан болохоор танихгүй хүнд гар утасны сэлбэгэнд 10,000 төгрөгөөр өгсөн ..” гэх /1-р хх-ийн 97х/

8. Шүүгдэгч Ж.У нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-н гарам Их булгийн ам гэх газарт байрлах “Амтат ногоо” ХХК-ний агуулахаас 128кг өргөст хэмх хулгайлсан нь:

Хохирогч С.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                           “...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361- ийн гарам, “Их булгийн ам” гэх газар байрлах “Амтат ногоо” ХХК-г ажиллуулдаг. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шөнө 01 цагийн орчимд намайг ажил дээрээ байж байхад манай галч Болдбаатар ирээд өргөст хэмхний агуулахаас У ногоо ачаад явчихлаа гэж хэлэхээр нь очтол 4 шуудай буюу 128кг өргөст хэмт аваад явчихсан байсан. У нь 1 сарын өмнө манайд ажилд орсон залуу байсан...”  гэх /4-р хх-ийн 16х/,

Хохирогч С.Батмөнхийн эд зүйлийг үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ний үнэлгээ /4-р хх-ийн 30х/,

9. Шүүгдэгч Ж.У нь 2017 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир төв”-ийн авто засварын газраас иргэн Б.Мартбудын эд зүйлсийг хулгайлсан нь:

 Хохирогч Б.Мартбуд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 20-ны         шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир төв” авто засварын газарт хулгай орж том аккумлятор, гагнуурын аппарат, тасдагч, ойр зуурын жижиг багажнууд хулгайд алдагдсан. У гэдэг залуу манай байгууллагад дагалдах галчаар ороод дагалдахын 3-4 хоногийн хугацаа дуусаагүй байхад манай төвөөс хулгай хийгээд явчихаж байгаа юм...” гэх  /1-р хх-ийн 216- 217х/,

Хохирогч Б.Мартбудын эд зүйлсийг үнэлсэн ‘'Дамно” ХХК-ний үнэлгээ /1-р хх-ийн 226-227х/,

Шүүгдэг Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би мөнгөтэй болох зорилгоор хулгай хийсэн...” гэх /1-р хх-ийн 234х/,

10. Шүүгдэгч Ж.У нь 2018 оны 01 дугээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20-434 тоот хашаанд байрлах иргэн Г.Алдартбаярын эзэмшлийн модон эдлэл үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байрнаас эд зүйл хулгайлсан нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 1-4х/,

Хохирогч Г.Алдартбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20-434 тоотод байрлах хашаандаа мужааны цех ажиллуулдаг. 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай мужааны цехэд хулгай орж мужааны хэрэгсэл багажнууд алга болсон байсан. Манай мужаан цехээс модны түрдэг хөрөө, гар призер машин, цахилгаан гар дрилл 2 ширхэг, цохилттой дрилл төмөр болон модны тасдагч зэрэг эд зүйл хулгайд алдсан...” гэх /2-р хх-ийн 11-12х/,

Гэрч Г.Майбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны мужаан цех хариуцан 7 ажилтны хамт ажилладаг. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед ажлаа тараад гарч яваад 01 дүгээр сарын 04-ний өглөө 08 цаг 20 минутын үед ажлын байранд орсон чинь ажлын байрны хаалга онгорхой байсан. Өрөөнд орж үзсэн чинь уг өрөөнөөс түрдэг хөрөө, 1 ширхэг гар дрилл зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би арын мужааны байранд орсон чинь өрөөний баруун талын цонх нээлттэй, өрөөнөөс нэг ширхэг призер машин, 2 ширхэг гар дрилл, 1 ширхэг цахилгаан дрилл нэг ширхэг тасдагч, үүргэвчтэй ажлын хувцас зэрэг эд зүйл алдагдсан ...” гэх /2-р хх-ийн 13х/,

Гэрч Г.Туул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянхошууны Жанцангийн автобусны буудал дээр барилгын дэлгүүр түрээслэн 3 жил гаруй ажиллуулж байна 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 30-35 орчим насны дунд зэргийн нуруутай туранхай шар залуу орж ирээд танайх багаж худалдаж авах уу, би барилга дээр ажиллаж байгаад ажил зогссон, одоо хөдөө явж мал маллах гэж байгаа, одоо надад багаж хэрэггүй болоод зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Дараа нь ийм тийм асуудал гаргаад хэл аманд оролцуулах зүйл байхгүй биз гэхэд тэр залуу тийм асуудал байхгүй гэсэн. Энэ миний багаж гээд байхаар нь нөхөр бид 2 ярилцаж байгаад 8 ширхэг багаж 110,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгсэн чинь надад хөдөө явах зардал хүрэхгүй байна, та надад 20,000 төгрөг нэмж өгөөч гэхээр нь би өргөөд 130,000 төгрөг гэж дэвтэртээ бичсэн. Би дэлгүүрийн лангуу дээр тавьсан байсан. Бүгд зарагдаж дууссан жижиг бандгар улаан хүрэн өнгийн дрилл 2 ширхэг, призар 1 ширхэг, түрдэг хөрөө 1 ширхэг, жижиг тасдагч 2 ширхэг, сүүлийн үеийн улаан дрилл 2 ширхэг зэрэг нийт 8 төрлийн багаж байсан ...” гэх /2-р хх-ийн 17х/,

Хохирогч Г.Алдартбаярын эд зүйлийг үнэлсэн “Дамно” ХХК-ний үнэлгээ /2-р хх-ийн 29-30х/,

Хохирогч Г.Алдартбаярын эд зүйлийг үнэлсэн “Арвижих-Эстимейт” ХХК-ий үнэлгээ /2-р хх-ийн 32-33х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Иймд шүүгдэгч Ж.Уыг 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч Ж.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 4 жил 6 сарын хугацаагаар хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Уаас нийт 6,653,140 / зургаан сая зургаан зуун тавин гурван мянга нэг зуун дөчин мянга /төгрөгийг гаргуулан хохирогч Г.Мөнхбатад 800,000 төгрөг, Ж.Цэцэгээд 760,000 төгрөг, И.Түвшинбаатарт 385,000 төгрөг, Б.Цэвэгмидэд 1,880,140 төгрөг, Ж.Оюунчимэгт 570,000 төгрөг, Б.Батбилэгт 600,000 төгрөг, С.Батмөнхөд 512,000 төгрөг Б.Мартбудад 635,000 төгрөг, Г.Алдартбаярт 511,000 төгрөг тус тус олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.У нь энэ хэрэгт 611 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг дискийг хэрэгт хэргийн хугацаа дуустал хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                              

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Бүрднийхэн овгийн Ж Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Ж.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Ут оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Уын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 611 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Уаас нийт 6,653,140 / зургаан сая зургаан зуун тавин гурван мянга нэг зуун дөчин мянга /төгрөгийг гаргуулан хохирогч Г.Мөнхбат /СЭ70072311/-д 800,000 төгрөг, Батширээт сум барх багт оршин суух  Ж.Цэцэгээ /СБ60030304/-д 760,000 төгрөг, Өмнөдэлгэр сумын 2-р баг айраг 3-3 тоотод оршин суух И.Түвшинбаатар /СР80041618/-д 385,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүнбаян-Уулын 15-49 тоотод оршин суух Б.Цэвэгмэд /ХМ44081577/-д 1,880,140 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрхан 15-1 тоотод оршин суух, Ж.Оюунчимэг /ШТ60011068/-д 570,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, хайрхан 10-22 тоотод оршин суух Б.Батбилэг /МИ93112511/-т 600,000 төгрөг, хохирогч С.Батмөнхөд 512,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 11-р хороо, хөлийн гол 1-3 тоотод оршин суух Б.Мартбуд /ЖЯ89030875/-д 635,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 20-434 тоотод оршин суух Г.Алдартбаяр /ЧП83030813/-д 511,000  төгрөг гаргуулан тус тус олгосугай.    

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД

                                       ШҮҮГЧИД                              Б.ХАЛИУН

                                                                                      Л.ГАЛБАДАР