Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 448

 

 

 

 

 

 

2020              4              09                                       2020/ДШМ/448

 

Ж.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Б.Халиун, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Уын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Жы У, 1985 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... гэх газар оршин суух бүртгэлтэй  боловч одоо ... байрны орцны жижүүрийн өрөөнд оршин суудаг гэх, /РД:.../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1052 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан;

Ж.У нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ... тоотод оршин суух иргэн Т.Мын хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтрэн орж ЛСД 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ... багийн иргэн Б.Аийн гэрийн гаднаас Хятад улсад үйлдвэрлэгдсэн "Чансаа” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд ... тоотод оршин суух иргэн  Ж.Цгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн "ЛЖ" загварын 47 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2017 оны 5 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд ... тоотод оршин суух иргэн И.Тын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн орж, ЛСД загварын 32 инчийн зурагт, ДДШ сансрын хүлээн авагч станц, орны бүтээлэг, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 385.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Б.Цийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, чүнчигноров хөөрөг, бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, Алтан гадас одон, "Грейгус" нэртэй архи, эрэгтэй хүний булган малгай, алтаар бүрсэн сувдан шигтгээтэй хос ээмэг, 8 грамм орчим цул мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,880.140  төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Ж.Оийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн сууцны цонхоор нэвтрэн орж, “Самсунг Галакси Жи-3" загварын гар утас, "Шарп" загварын 32 инчийн зурагт зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдийн хооронд ... тоотод оршин суух иргэн Б.Бийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, "Тошиба” загварын 40 инчийн зурагт, "Самсунг Нөт-2" загварын гар утас зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... гэх газарт байрлах "..." ХХК-ний агуулахаас 4 шуудай буюу 128 кг өргөст хэмхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 512.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн авто засварын газраас иргэн Б.Мын гагнуурын аппарат, тасдагч, 2 ширхэг аккумулятор, засвар хийх зориулалттай жижиг багажууд зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 635.000  төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө ... тоот хашаанд байрлах иргэн Г.Аын эзэмшлийн модон эдлэл үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтрэн орж, модны түрдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, цохилттой дрил 1 ширхэг, гар призер 1 ширхэг, цахилгаан, гар дрил нийт 2 ширхэг, төмөр, мод тасдагч 1 ширхэг, ажлын хувцас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 511.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Бүрдийнхэн овгийн Жы Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Ж.Ут оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Уын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 611 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Уаас нийт 6.653.140 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Мад 800.000 төгрөг, Батширээт сум барх багт оршин суух Ж.Цд 760.000 төгрөг, Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг айраг 3-3 тоотод оршин суух И.Тт 385.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15-49 тоотод оршин суух Б.Цэд 1.880.140 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, хайрхан 15-1 тоотод оршин суух Ж.От 570.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, хайрхан 10-22 тоотод оршин суух Б.Бт 600.000 төгрөг, хохирогч С.Батмөнхөд 512.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, хөлийн гол 1-3 тоотод оршин суух Б.Мад 635.000 төгрөг, ... тоотод оршин суух Г.Алдарбаярт 511.000 төгрөг гаргуулан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

               Шүүгдэгч Ж.У гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэрэгт холбогдсон өдрөөс хойш мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагаанд ямар ч саад учруулаагүй бөгөөд хэргээ үнэн зөвөөр хүлээж, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ирсэн билээ. Одоогоор миний бие ялынхаа 50 хувийг дан ганц хаалттай хорих ангиудад биелэн эдлээд байгаа бөгөөд энэ хоригдох хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарч залуу нас, хийж бүтээх насаа энд өнгөрөөж байгаадаа ихээр харамсаж байна, хууль зөрчсөндөө харамсаж сууна. Эндээс гарч нийгэм улс эх орондоо хэрэгтэй хүн байх хүсэл хийж бүтээхийг маш ихээр хүсэж байна. Мөн агаар, салхи, нар үзэлгүй 661 хоног хаалттай хорих ангид суусан учраас дархлаа суларч, биеийн байдал хүний хамгийн чухал зүйл болох эрүүл мэндээр маш их хохирч байна. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзаж, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг, гараад  хийж бүтээх, нийгмээс хоцрохгүй хүсэл их байгааг, гэм буруугаа анхнаасаа үнэн зөвөөр хүлээж ирснийг минь эрхэм шүүгч та бүхэн минь надад эхний бөгөөд эцсийн боломжийг өгч, харгалзан үзэж миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна гэж үзсэн тул давж заалдах гомдол гаргаагүй. Гэхдээ үйлчлүүлэгч маань давж заалдах гомдол гаргасан тул дэмжиж оролцож байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулсан. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.У нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ... тоотод оршин суух иргэн Т.Мын хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтрэн орж ЛСД 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ... багийн иргэн Б.Аийн гэрийн гаднаас Хятад улсад үйлдвэрлэгдсэн "Чансаа” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд ... тоотод оршин суух иргэн  Ж.Цгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн "ЛЖ" загварын 47 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2017 оны 5 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд ... тоотод оршин суух иргэн И.Тын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн орж, ЛСД загварын 32 инчийн зурагт, ДДШ сансрын хүлээн авагч станц, орны бүтээлэг, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 385.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Б.Цийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, чүнчигноров хөөрөг, бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, Алтан гадас одон, "Грейгус" нэртэй архи, эрэгтэй хүний булган малгай, алтаар бүрсэн сувдан шигтгээтэй хос ээмэг, 8 грамм орчим цул мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,880.140  төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Ж.Оийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн сууцны цонхоор нэвтрэн орж, “Самсунг Галакси Жи-3" загварын гар утас, "Шарп" загварын 32 инчийн зурагт зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдийн хооронд ... тоотод оршин суух иргэн Б.Бийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн, "Тошиба” загварын 40 инчийн зурагт, "Самсунг Нөт-2" загварын гар утас зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... гэх газарт байрлах "..." ХХК-ний агуулахаас 4 шуудай буюу 128 кг өргөст хэмхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 512.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн авто засварын газраас иргэн Б.Мын гагнуурын аппарат, тастагч, 2 ширхэг аккумлятор, засвар хийх зориулалттай жижиг багажууд зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 635.000  төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө ... тоот хашаанд байрлах иргэн Г.Аын эзэмшлийн модон эдлэл үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтрэн орж, модны түрдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, цохилттой дрил 1 ширхэг, гар призер 1 ширхэг, цахилгаан, гар дрил нийт 2 ширхэг, төмөр, мод тастагч 1 ширхэг, ажлын хувцас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 511.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 10 удаагийн үйлдлээр 7.453.140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Мын “...4 ханатай гэр шатсан. Гэрийн баруун талын авдар дээр байсан 40 инчийн зурагт шатсан мөр байхгүй байсан. ...” гэх /2хх 204-206/,

хохирогч Б.Аийн “...Хөдөө манай гэрийн гаднаас миний өөрийн “Чансаа” загварын мотоцикл алга болсон. Гэрт хадам ээж л байсан. Гэрийн гаднаас түрээд хол аваачаад асаагаад явсан байсан. ...” гэх /3хх 60-61/,

хохирогч Ж.Цгийн “...2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би сумын төв ороод гэртээ очиход хаалганы цүүг мулт татсан, зүүн талын цонхны түгжээг юмаар хөшсөн байсан. Гэр рүү орж үзэхэд тавиур дээр байсан 47 инчийн “ЛЖ” загварын зурагт байхгүй, баруун урд талын хувцасны шүүгээг онгойлгож онгичсон байсан. ...” гэх /3хх 58/,

хохирогч И.Тын “...Хадам ээж Гантөмөр гэх хүний гэрт цоожийг нь эвдээд гэрээс нь “ЛСД” 32 инчийн зурагт, ДДШ сансрын хүлээн авагч, орны бүтээлэг зэргийг аваад явсан байсан. ...” гэх /2хх 90-91/,

хохирогч Б.Цийн “...Өдөржин гадуур явж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд том өрөөний вакум цонх дотогш онгойсон байдалтай, хөшиг ярагдсан, гэр доторх зүйлүүдийг тараагаад хаячихсан байсан. Эд зүйлс алдагдсан байсан. ...” гэх /1хх 139-144/,

хохирогч Ж.Оийн “...Тэгээд өглөө босоод харсан чинь зурагт, гар утас хоёр алга болсон байсан. ...Унтахдаа гэрийнхээ цонхыг онгорхой унтсан. ...” гэх /1хх 190-192/,

хохирогч Б.Бийн “...гэртээ иртэл гэрийн хаалгыг эвдэж, хулгайч орж, зурагт, гар утас зэрэг эд зүйлс хулгайлсан байсан. ...” гэх /1хх 29-31/,

хохирогч С.Батмөнхийн “...2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шөнө 01 цагийн орчимд намайг ажил дээрээ байж байхад манай галч Болдбаатар ирээд “өргөст хэмхийн агуулахаас У ногоо ачаад явчихлаа” гэж хэлэхээр нь очтол 4 шуудай өргөст хэмх аваад явсан байсан. ...” гэх /4хх 16/,

хохирогч Б.Мын “...”...” авто засварын газарт хулгай орж том аккумлятор, гагнуурын аппарат, тасдагч, ойр зуурын жижиг багажууд хулгайд алдагдсан. ...” гэх /1хх 216-217/,

хохирогч Г.Аын “...2018 оны 1 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай мужааны цехэд хулгай орж мужааны хэрэгсэл багажууд алга болсон байсан. ...” гэх /2хх 11-12/,

гэрч Д.Оюунгэрэл /2хх 244/, Г.Эрдэнэ-Очир /3хх 62/, Ц.Ганчимэг /3хх 63/, Т.Чингүүн /2хх 92-93/, Д.Нарангуа /2хх 94-95/, Б.Гантөмөр /2хх 96-97/, Ж.Мөнх-Эрдэнэ /2хх 98-99/, Я.Цэвэлмаа /1хх 145-146/, П.Туяа /1хх 147-148/, Ц.Уудамцацаг /1хх 149-150/, Т.Амгалан /1хх 41-42/, Г.Майбаяр /2хх 13/, Г.Туул /2хх 17/ нарын мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлангууд /2хх 244/, /3хх 80-81/, /3хх 75-76/, /2хх 125/, /4хх 110/, /1хх 161-162/, /1хх 194-195/, /1хх 85-86/, /4хх30/, /1хх 226-227/, /2хх 29-30/, /2хх 32-33/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 168-171/, /3хх 31-37/, /1хх 121-125/, /1хх 181-184/, /1хх 14-16/,  /2хх 1-4/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 43-47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Уыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Уын үйлдлийг “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “...гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулах эх сурвалж, эсхүл бусад үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан зүйлгүй, ...тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, гэмт санаа зорилго бүхий хувийн байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлтүүдийг хийж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч Ж.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо төлсөн байдал, гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ж.Уын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Ж.Уын гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан “...хэргийн эд мөрийн баримтуудыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд хурааж авсан атлаа хохирогч нарт өгөөгүй” гэх гомдлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй байх тул  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ