Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0899/З |
Дугаар | 670 |
Огноо | 2017-09-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 670
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Х, Ц.С , Б.Э нар
Хариуцагч: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дарга
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Төрийн өмчийн 11 дүгээр байр, 3 давхар
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Н.Хы хувьд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаал, тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүний нөөц, судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгуулах, нэхэмжлэгч Ц.Сгийн хувьд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, иргэдийн төлөөлөгч Л.Уг, шүүх хуралдааныг нарийн бичгийн Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Х,Ц.С нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгч Н.Х нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/115 тоот тушаалаар Захиргаа, хүний нөөцийн албаны даргын төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдсон.
НэхэмжлэгчЦ.С нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн Б/55 тоот тушаалаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтэн, төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилогдсон.
Гэтэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Н.Хыг, Б/13 тоот тушаалаар Ц.Сийг тус тус ажлаас чөлөөлсөн. Уг тушаалуудыг үндэслэл нь нэгэн адил буюу Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай 8 дугаар зүйлийн 8.2.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Улсын Их Хурлын 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолыг баримталсан байдаг.
Нэхэмжлэгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, 39.4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №979, №980, №981, тоот албан бичгээр нэгэн адил...“Таныг бүтэц орон тоо өөрчлөлтөөр ажил, албан тушаалаас чөлөөлсөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалд холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэгт заасан Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага өөрчлөн зохион байгуулагдаж ажилтан, албан хаагчид цалингийн хамт шилжин ирсэн ба өмнөх бүтцэд дээд хязгаар 35 орон тоотой, шинэ бүтцэд 35 орон тоотойгоос гадна нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг байхгүй болоогүй, орон тоо хасагдаагүй тул Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын дээр дурдсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/70 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагч талаас маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын эрх зүйн байдал сэргэх юм. Хариуцагчийн зүгээс өмнөх албан тушаал байхгүй болсон тул өөр ажлын байр санал болгодог. Хүчингүй болгосон ч хариуцагч талаас бичгээр болон амаар гаргасан тайлбараараа өөрийн хууль бус үйлдэл байсан гэдгээ үгүйсгэдэг. Чиг үүргийн дагуу мэдээлэл, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэжилтэн гэх албан тушаалуудад эгүүлэн тогтоолгоё гэж хариуцагчийн хариу тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Гэтэл бид энэ албан тушаалд авч ажиллуулахгүй гэдэг. Тэгэхээр ямар албан тушаалд ажиллуулах нь тодорхойгүй.
Ажлаас чөлөөлөх тушаалаа хүчингүй болгочхоод ямар ч ажлын байр санал болгохгүй, ажлын байраар хангахгүй гэдэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй тул хариуцагчийн хууль бус үйлдлийг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгч Н.Хы тухайд орон тоо хасагдсан гэдгийг төлөөлөгч хүлээн зөвшөөрчихлөө. Орон тоо хасагдсан тухай 3 янзаар тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуучин орон тоо одоо байхгүй.
Нэхэмжлэгч анх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хандахад хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд манайд Захиргаа, хүний нөөцийн албаны даргын орон тоо байхгүй. Харин ахлах мэргэжилтний орон тоо байна гэж санал болгосон. Үүний дагуу Б/70 тоот тушаалыг гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч үүнийг ойлгохгүй, албаны даргын албан тушаалд ажиллана гээд байдаг. Би өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр үүнийг хуралдааны тэмдэглэлд цохон тэмдэглүүлье гэж хэлсэн. Албаны даргаар эгүүлэн томилуулах тухай шаардлага тавьж байгаа бол би хариуцагч биш. Хэрвээ та энэ тухай ярих гэж байгаа бол манай бүтцийг баталсан сайдтай ярь гэж тайлбар өгч байсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан заалт бол ажлаас халагдсан болон чөлөөлөгдсөн этгээдтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр хийгдэх ёстой. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй зөвшилцөх боломж нь өмнө ажлаас чөлөөлсөн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгоод ажлын байр санал болгосон.
Ц.С нь Хүүхэд хамгааллын тусламжийн утсыг хариуцдаг байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 дэх хэсэгт тодорхой заасан байгаа. Хүүхдийн тусламжийн утас хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт 27.2.4.төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан. Нэхэмжлэгч үнэхээр ажилгүй болж, хохирсон гэж байгаа бол өмнө санал болгосон ажлын байранд ажиллах ёстой байсан боловч хүлээж аваагүй.
Нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаал одоо байхгүй болсон. Буцааж ажилд нь авахаар дахиад тэр орон тоон дээр ажиллаж байгаа хүнийг халах гээд байгаа тул боломжгүй. Мөн ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах гэж байгаа, нэг цалингийн сантай, нэг л хүн ажиллуулах ёстой учир боломжгүй” гэжээ.
Иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн акт нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, бодит нөхцөл байдлын шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолоор Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулсантай холбогдуулан Хүүхдийн төлөө үндэсний газрын Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Н.Х, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсанЦ.С нарыг оролцуулан тус газрын нийт албан хаагчдыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шилжүүлэн томилсон байна.
Анх нэхэмжлэгч Н.Х нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар (албан тушаалын зэрэглэл ТЗ-8), нэхэмжлэгчЦ.С нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар тус газрын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтнээр (албан тушаалын зэрэглэл ТЗ-6) тус тус томилогдон ажиллаж байжээ. Шинээр зохион байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шилжин томилогдсоны дараа агентлагийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 , Б/13 дугаар тушаалаар “бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр чөлөөлөгджээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан байна. Ингэхдээ өмнө нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар тушаалаар батлагдсан орон тоо өөрчлөгдөөгүй, 35 албан хаагчийн орон тоотой байхаар батлагджээ.
1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Хүний нөөц, судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэгч Б.Халиуны нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” гэж зааснаар төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангасан байна. Хууль дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдсан хэдий ч мэргэжил, мэргэшлийн дагуу Хүний нөөц, судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилох боломж байсан нь хэрэгт авагдсан нь ажлын байрны тодорхойлолт, бүтцийн орон тооны тушаал зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан орон тоог харвал Захиргаа, хүний нөөцийн албаны даргын албан тушаал байхгүй болсон бөгөөд энэхүү албан тушаалтай Хүний нөөц, судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал (ТЗ-7) дүйцэхүйц байна. Энэ нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Захиргаа, хүний нөөцийн албаны дарга”-ын ажлын байрны тодорхойлолт , Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/69 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хүний нөөц, судалгаа мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолтуудаас тодорхой харагдаж байна.
Хэдийгээр албан тушаалын ангилал, зэрэглэл буурч байгаа ч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” гэж тус тус заасны дагуу Хүний нөөц, судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилоход албан тушаалын зэргэлэл буурсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс уг албан тушаалд томилоход татгалзах зүйлгүй гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхныхаа тайлбартаа дурдаж байжээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Э.Быг Хүний нөөц, судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэдий ч Э.Бнь тус байгууллагад шинээр томилогдон орсон, байгууллага өөрчлөн байгуулагдах үед ажиллаж байгаагүй гэдэг нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/57 дугаар тушаалын хавсралтаас тодорхой харагдаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...мэргэжилтний албан тушаалд мэргэжилтэн авч ажиллуулж байгаа мөн нэг албан тушаалд хоёр цалингийн зардал гаргах боломжгүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Хыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүний нөөц, судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Хы нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалаар өмнө гарсан 2016 оны Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Хыг зохих албан тушаалд томилохыг Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчид даалгасан байна.
Дээрх Б/70 дугаар тушаал нь нэхэмжлэгч Н.Хы хувьд эерэг нөлөө бүхий захиргааны акт хэдий ч уг маргаан бүхий захиргааны актын 2 дахь хэсэгт “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/42 тоот тушаалаар баталсан бүтэц орон тооны хязгаарт багтаан зохих албан тушаалд томилохыг Тамгын газрын даргын үүргийг түр орлог гүйцэтгэгчид даалгасугай” гэжээ.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.5-д “Хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, ... өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах...” гэж тус тус заасны дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчийг томилох, сэлгэн ажиллуулах эрх бүхий субъект нь зөвхөн агентлагийн дарга байхаар хуульчилжээ.
Гэтэл хуулиар зөвхөн өөрт нь эрх олгосон байхад нэхэмжлэгчийг ажилд томилохыг Тамгын газрын даргад даалгасан нь хуульд нийцэхгүй байх тул Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ц.Сгийн өмнө ажиллаж байсан албан тушаал нь төслөөс санхүүждэг, манай байгууллагын бүтэц хамааралгүй, мөнЦ.С нь төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөөгүй гэж маргажээ.
НэхэмжлэгчЦ.С нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар тус газрын Хүүхэд хаамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байх бөгөөд уг тушаалтай хариуцагчийн зүгээс маргаагүй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалд Ц.Сгийн төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалттай холбооотой үндэслэл дурьдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийнЦ.Сийг төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөөгүй гэх үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан байх бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар тушаалаар батлагдсан орон тоо өөрчлөгдөөгүй, 35 албан хаагчийн орон тоотой байхаар батлагджээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолт Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолттой ижил байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар нэхэмжлэгчЦ.Сийг уг албан тушаалд шилжүүлэн ажиллуулах бүрэн боломжтой байна.
Өөрөөр хэлбэл байгууллагын нэршил өөрчлөгдсөн хэдий ч түүн доторх ажлын байрны тоо хэвээр хадгалагдсан, шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтоын зарим чиг үүрэг хамаарч байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.
Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн № 8/2336 тоот албан бичгийн харсралтанд дурьдснаар нэхэмжлэгч Н.Хы 2016 оны 09 дүгээ сараас 2017 оны 08 дугаар сар хүртэл Баянгол хүүхдийн зуслан ТБАГУТҮГ, Ардчилсан намд, нэхэмжлэгч Ц.Сгийн 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын сайн дурын даатгал, 2017 оны 03-08 сар хүртэл Ардчилсан нам ниймгийн даатгалын шимтгэлийг төлжээ.
Маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдож байх тул уг захиргааны актын улмаас учирсан хохиролыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актууд гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олговрыг тооцож, дээрх хугацаанд хөдөлмөр эрхэлж авсан цалингийн зөрүүг /зөрүү байгаа тохиолдолд/ олгож, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалын 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Хыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүний нөөц, судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд, нэхэмжлэгчЦ.Сийг Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан маргаан бүхий захиргааны актууд гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг /Н.Хыг Хүний нөөц, судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтний цалингаар, нэхэмжлэгч Ц.Сгийн Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний цалингаар тооцож/ дээрх хугацаанд хөдөлмөр эрхэлж авсан цалингийн зөрүүг /зөрүү байгаа тохиолдолд/ олгож, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.ДУЛАМСҮРЭН
Ц.ОДМАА