Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00619

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2017/01054 дүгээр шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2017/00036 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.А-т холбогдох,

Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 5 100 000 төгрөг, алданги 1 375 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, итгэмжлэлийн зардал 10 500 төгрөг, унааны зардал, олох байсан орлого 1 500 000 төгрөг, нийт 8 485 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ширчинжавын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Төв аймгийн Цээл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үтрэмийн хашаатай 8200 метр2 талбайтай 185233695848 тоот нэгж талбарын дугаар бүхий өөрийн эзэмшлийн газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ш.А-тай харилцан тохиролцож худалдах- худалдан авах хэлцэл хийж нотариатаар баталгаажуулан гэрээг батлахдаа 10 000 000 төгрөгийг бэлнээр өгнө гэсэн боловч 7 400 000 төгрөгийг төлж, 2 600 000 төгрөг дутуу төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор 65 000 000 төгрөг төлөх гэрээтэйгээс 62 500 000 төгрөг төлсөн ба дутуу нь 2 500 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцож, 1 375 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нотариатын зардал 10 500 төгрөг, цаг хугацаа алдаж нааш цааш олон удаа ирж очсоны унааны зардал болон олох байсан орлого 1 500 000 төгрөг, нийт 8 485 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тухайн хэлцэл байгуулж бие биедээ хөрөнгө наймаалцахдаа эд хөрөнгө хүлээлгэж өгсөн талаар баримт хэрэгт байгаа. Хэлцлийн явцад үтрэмийн талбай, хашаа, тоног, төхөөрөмж дотор бусдын өмчлөлийн эд зүйлс байна уу гэж худалдагч талаас асуухад байхгүй, бүгд манай өмч хөрөнгө гэж хэлж байсан. “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Жаргалант салбарт трансформатор манай хөрөнгө тул танай компанид түрээсээр ашиглуулах боломжтой гэсэн утгатай албан бичиг явуулсан. Гэтэл тус компаниас манай үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй 115 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий трасформатор тул трансформатор байрлаж байгаа газрыг манай эзэмшилд шилжүүлж өгөөч гэдэг хариу ирсэн. Анх үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах талаар би Л.Б-ын нөхөр С.Баасантай ярьж тохирсон байдаг. Бид хоёр бие биенээ сайн мэдэх хүмүүс, Байгал энэ хэргийн талаар анхнаас нь маш сайн мэдэж байсан учраас энэ хэрэгт төлөөлж орж байгаа байх, манай зүгээс энэ хэргийг шийдвэрлүүлсний дараа тусдаа нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2017/01054 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Л.Б-ын нэхэмжлэлтэй Ш.А-т холбогдох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 5 100 000 төгрөг, алданги 1 375 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, итгэмжлэлийн зардал 10 500 төгрөг, унааны зардал, олох байсан орлого 1 500 000 төгрөг, нийт 8 485 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2017/00036 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ/2017/01054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ш.А-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-ьд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээний үлдэгдэл төлбөр, өмгөөлөгчийн хөлс, итгэмжлэлийн зардал, унааны зардал, олох байсан орлого нийт 4 735 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-аас 74 950 төгрөг гаргуулан Л.Б-ьд олгосугай” гэж тус тус өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-иас давж заалдах гомдол гаргахад төлсөн 150 718 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Ш.А-т холбогдуулан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны төлбөр төлөх гэрээг 2015 оны 08 дугаар сарын 27-нд хийж төлбөр барагдуулах хэлцэл байгуулан баталгаажуулсан байна. Уг гэрээнд үтрэмийн газар, хашаа, доторх тоног төхөөрөмжийн хамт 130 сая төгрөгөөр үнэлж гэрээ байгуулав” гэж заасан байна. Дээрх хэлцлээр худалдагдсан эд зүйлийг нэг бүрчлэн нүдээр үзэж тоолон, жагсаалт гарган, чанар байдлыг үнэлж тэмдэглэн хүлээлгэж өгсөн Л.Б-, хүлээн авсан Ш.А- тоолж хүлээлцсэн С.Баасан нар тус бүр гарын үсэг зурж акт үлдсэн байх юм. Шүүх дээрх худалдах худалдан авах ажиллагааг нотлох үндсэн гол нотлох баримт болох 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн үтрэмийн газар, түүнд хамаарагдан зарагдсан эд зүйл тоног төхөөрөмжийн гарын үсэг зурж хүлээлцсэн жагсаалтын дутуу хайнга зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж хандсан байна. Тухайлбал худалдсан тоног төхөөрөмж эд зүйлийн жагсаалтанд трансформаторын иж бүрдэл гэж 8 дугаарт бичигдэн 8 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Гэтэл нийт 17 зүйлийн эд зүйл тоног төхөөрөмж зарагдсаныг үгүйсгэж зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 30 тонны пүү, пүүний барилга, хээрийн заав гэж бичигдсэнийг үндэслэл болгосон нь бусад 13 төрлийн тоног төхөөрөмжийг зарагдаагүй гэж нэг талын эрх ашгийг урьдал болгон шийдвэр гаргаж үнэн зөвөөр хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Энэ алдаатай шийдвэр нь биднийг хохироож хөрөнгийн маргаан дагуулсан шийдвэр боллоо гэж үзэж байна.

Ш.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг хэргийн талаар шүүгчийн асуусан асуултанд тайлбар өгсөн боловч шинжилгээ хийгээгүйгээр барахгүй хийсэн тайлбарыг бүрэн хэмжээгээр орхигдуулсан нь шүүгч нэхэмжлэгчийн нөлөөнд орсон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсоныг үзэхэд Л.Б- бусдын өмч болох трансформаторыг 8 сая төгрөгөөр үнэлж зарсан биднээс 5.5 сая төгрөг илүү авсан, мөн дутуу төлбөрийн 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 9 250 000 төгрөгөөр хохироож байна. Үүнийг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг сэргээж өгөхийг хүсье. Шүүх хурал процессын алдаатай болсон учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Ш.А-аас үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 100 000 төгрөг, төлбөрийн хугацааг хожимдуулсны алдангид 1 375 000 төгрөг, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 2 010 500 төгрөг, нийт 8 485 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, худалдан авсан эд хөрөнгийн зарим нь буюу трансформатор ДСЦТС-ийн Жаргалантын салбарын өмчлөлийн зүйл байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг бусдын өмчлөлийн эд хөрөнгийг худалдаж, худалдагчийн үүргээ гүйцэтгээгүй учир хариуцагчаас буюу худалдан авагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх гэрээний зүйлд маргааны зүйл болж буй трансформатор ороогүй тул нэхэмжлэгчийг худалдагчийн үүргээ гүйцэтгэсэн, харин хариуцагч худалдан авагчийн хувьд гэрээгээр тохирсон төлбөрийг дутуу төлсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангажээ.

Зохигч нь 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Л.Б- нь Цээл сумын 3 дугаар баг, сумын төвд байрлалтай 8 200 мкв талбай бүхий эзэмшлийн газар дахь үтрэмийн механикжсан цех, 30 тн-ын пүү, пүүний барилга, хээрийн завыг 130 000 000 төгрөгөөр хариуцагч Ш.А-т худалдаж, мөн өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу тайлбарлаж, гэрээний зүйлд бусдын өмчлөлийн эд хөрөнгө буюу трансформатор ороогүй гэж үзсэн байна. Улмаар худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн худалдагч тал худалдан авагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Зохигч гэрээндээ хугацаа хэтрүүлсэн тал анз төлөх талаар тохиролцсон байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д заасны дагуу алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2017/00036 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН