Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШм/63

 

 

Ц.Н-д холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Батхишиг,

Хохирогч: Н.Дэлгэрсайхан,

Хохирогч Н.Дэлгэрсайханы өмгөөлөгч: Б.Эрдэнэбаатар,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Б.Дашдорж,

Шүүгдэгч: Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Н-д холбогдох, эрүүгийн 201610010145 дугаартай, 4 хавтас, 785 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа, хохирогч Д.Болормаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тээврийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо Хандгайтын 33 дугаар гудамжны 366 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөвдүүд овогт Ц.Н /РД:ХЙ76020510/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.Н нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 22 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойшоо 45 км зайд төв засмал замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Тоёота Камри маркийн 30-77 УНО удсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тэж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.1-д “Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Н.Дэлгэрсайханы жолоодон явсан Сузуки Алто маркийн  95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн Н.Дэлгэрсайханы жолоодож явсан Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3870000 төгрөгийн шууд хохирол, зорчигч Г.Мөнхгэрэлийн бие махбодид хөнгөн, жолооч Н.Дэлгэрсайханы бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан, Сузуки Алто маркийн 95-802 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч С.Эрдэнэчулуун, Э.Байгалтуяа, Г.Ангирмаа, А.Цогцэцэгээ, Б.Баттуяа нарын 5 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор:

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-д /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Ц.Н-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Над оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүйг, гадаад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ц.Н, иргэний хариуцагч Ц.Өнөр нараас 8 509 249 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Золзаяад, 1 109 592 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч А.Хишигхүүд, 300 681 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Н.Дэлгэрсайхан нарт тус тус олгож, хохирогч А.Хишигхүүгийн 20 600 000 төгрөг, хохирогч Д.Болормаагийн 6 478 138 төгрөг, 170 ам доллар, хохирогч Г.Золзаяагийн 3 209 681 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Пүрэвхүү, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхгэрэл нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,

Хохирогч Н.Дэлгэрсайхан нь цаашид гарах эмчилгээний зардал, иргэний хариуцагч Борхойн зам ХХК-ийн захирал Д.Булгантамираас 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Над урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж,

Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Н давж заалдсан гомдол давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н миний бие 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 жилээр хасуулж, 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр болсон. Би санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийм хэрэг хийсэн. Миний энэ хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн шинжээч, гэрч, авто замын газрын мэргэжилтэн, замын компанийн менежер, захирал нарын зөрүүтэй мэдүүлэг, хохирогч Н.Дэлгэрсайханы мэдүүлэг зэрэг зарим зүйл зөрүүтэй байгаа тул дахин хянаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа давж заалдсан гомдолдоо: Ялтан Ц.Над анхан шатны шүүхээс хорих ялыг оноохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Нарангэрэл, Гэрэлмаа нарын өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр санаачлага гаргаж байсныг нотлосон нотлох баримт, гэм буруутай болохоо ойлгож гэмшсэн болон ялтны хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт хийлгүй хүнд ял оногдуулсан. Осол гаргахад хүргэсэн шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдлууд нь “Борхойн зам” ХХК-ийн замын тэмдэг тэмдэглэгээ, саадыг тойрч гарах чиг тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй буруутай үйл ажиллагаанаас болсон нь хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 11-14, 21-22 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...анх мөргөлдсөн А цэгээс засмал замын ертөнцийн зүгээр зүүн талын засвар үйлчилгээ хийгдэж буй 195 см өргөнтэй зүсэж авсан. ...А цэгээс 51.1 м зайд засмал замын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр зүүн хэсэгт перпендукляр хэмжээгээр 290Ч170 см хэмжээтэй, 36 см-ийн өндөртэй овоолсон хар шороо байна. Уг шороон дээр ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт дөрвөлжин хээтэй 19 см өргөнтэй тээврийн хэрэгслийн мөр үүссэн ертөнцийн зүгээр хойд зүгт 3.70 см-ийн хэмжээтэй хар шороо цацагдсан байна. Овоолсон гэх шорооноос хойш хатуу хучилттай зам дээр шарвалтын мөр үүссэн. Үзлэгийн явцад замын засвар үйлчилгээ хийгдэж байгаа талаар ямар нэг тэмдэг тэмдэглэгээ байгаагүйг тэмдэглэл болгон бичив гэсэн мөн 2016.07.01-ний Замын Цагдаагийн газрын зам тээврийн осол үзлэгээр тогтоосон байдалд осол гарах үед хоёр машин тормозны мөрний хэмжээг мөргүй гэх, 1 дүгээр хавтаст хэргийн 73, 76, 84, Х-2-ийн 243-244 дүгээр хуудсанд авагдсан гэрч Батцогт, Очбадрах, иргэний хариуцагч Булгантамир нарын мэдүүлснээр тэмдэг тэмдэглэгээг зохих журам стандартын дагуу тавьдаг боловч алга болох эвдэрч гэмтэх тохиолдол байнга гардаг. ...эхний нүхийг засаж дуусаад 2 дахь нүхний барагшинг асгаж индүүдэх гэж байтал индүүний машин эвдэрсэн. ...нүхний хажууд овоолсон байсан барагшинг тарааж индүүдэх байсан. Манай засварын орчимд тавьсан тэмдэг тэмдэглэгээ алга болсон байсан. Ер нь тэмдэг тавьж үлдээхээр замын машинууд хулгай хийгээд аваад явчихдаг, шонгоор нь шон хийдэг, бөөрөнхий тэмдэгээр нь таг хийх гээд аваад явчихдаг. Уг нүхэн дээр барагшин асгаж индүүддэг, индүүдээгүй үедээ хөвсгөр зөөлөн шороо байдаг. Дээгүүр нь машин гарахад ямар нэгэн саад болохооргүй байдалтай байдаг. Зам засварын ажил хийгдэж байхад 15 цагийн үед манай индүүнд техникийн эвдрэл гарч зам засварын ажил зогссон гэж менежер Батцогт утсаар хэлсэн. Би наад ажлаа түр зогсоогоод дараагийн засвар хийж байгаа газар луугаа явах үүрэг өгсөн гэх мэдүүлгүүд, 1 дүгээр хавтаст хэргийн 82, 90-92 дугаар хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлэг, 2016.08.06-ны 12 тоот шинжээчийн дүгнэлт дээр дурдсан нотлох баримтуудаар осол болох үед замд засвар үйлчилгээ хийж байсан “Борхойн зам” ХХК нь ЗХДүрмийн 3 дугаар хавсралтын 5.А-д зааснаар ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20-т заасан ...тэмдэг тэмдэглэгээ тавих гэсэн заалт, Барилга хот байгуулалтын Сайдын 2010.03.23-ны 80-р тушаалын 2.2-дахь заалт зөрчсөн гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгүүдээр “Борхойн зам” ХХК нь ЗХАБТХ-ийн 20 дугаар зүйлийн 20.5-т заасан Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх, замын хөдөлгөөнийг зохицуулах, техник хэрэгсэл шинээр байрлуулах, солихын өмнө тухайн ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага замын хөдөлгөөнд оролцогчид зохих тэмдэг, хэрэгслээр урьдчилан анхааруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин тэмдэг тэмдэглэгээ, саадыг тойрон гарах чиг тавих заалтуудын дагуу аюулгүй зорчих бололцоог хангаж ослоос урьдчилан сэргийлэх, зам дээр засвар хийж байгаа талаар бодит мэдээллийг тэмдэг тэмдэглэгээр өгч аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй мөн 3 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан авто зам засвар арчлалтын ажлын захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэгчийн үүргийн 3.16, 3.18-д заасан тэмдэг тэмдэглэгээ байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах заалт, 29 дүгээр хуудсанд авагдсан Олон улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээний 5.10, 5.11-т заалтууд тус тус зөрчигдснөөс шүүгдэгч нь замын засвар үйлчилгээ хийгдэж, зүсэж авсан хэсгийн хажууд овоолсон шороон дээгүүр харайн, шарван тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй инерцээрээ өөдөөс ирж яваа 95-80 ДГО Сузуки Алто суудлын авто машиныг мөргөсөн байдаг бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 76-р хуудсанд гэрч Очбадрахын ...манай засварын орчимд тавьсан тэмдэг тэмдэглэгээ алга болсон байсан. Ер нь тэмдэг тавьж үлдээхээр замын машинууд хулгай хийгээд аваад явчихдаг, шонгоор нь шон хийдэг, бөөрөнхий тэмдэгээр нь таг хийх гээд аваад явчихдаг, 2 дугаар хавтаст хэргийн 76-р хуудсанд гэрч Очбадрахын ...уг нүхэн дээр барагшин асгаж индүүдэг, индүүдээгүй үедээ хөвсгөр зөөлөн шороо байдаг. Дээгүүр нь машин гарахад ямар нэгэн саад болохооргүй байдалтай байдаг гэсэн мэдүүлгүүдээр тэмдэг тэмдэглэгээ тавихад нь хулгайлаад аваад явчихдаг, асгасан шороо хөвсгөр, шороон дээгүүр машин гарахад саад болохооргүй гэсэн гэрчийн мэдүүлгээр тухайн осол болдог өдөр тэмдэг тэмдэглэгээгээ байрлуулж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй, хэрэв үнэхээр 1 дүгээр хавтаст хэргийн 63-66 дугаар хуудсанд авагдсан зурагт харагдаж байгаа шиг замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаад тэмдэг тэмдэглэгээ, саадыг тойрч гарах чиг тавьсан байсан бол осол гарахгүй байх байсан. ...тэмдэг тэмдэглэгээг нь хулгайлаад аваад явчихдаг, асгасан шороо хөвсгөр, шороон дээгүүр машин гарахад саад болохгүй гэсэн гэрчийн мэдүүлгүүдээр тухайн осол болдог өдөр тэмдэг тэмдэглэгээгээ байрлуулж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй юм байна гэсэн ойлголт төрөхөөр байна. Өөрөөр хэлбэл ажил хийх үедээ гаргаж тавьчихаад бусад үед хулгайд алдахаас сэргийлээд тавьдаггүй юм уу гэсэн ойлголт төрүүлж байгаа 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудсанд 2016.07.01-ний ЗЦГ зам тээврийн осол үзлэгээр тогтоосон байдалд осол гарах үед хоёр машин тормозны мөрний хэмжээг мөргүй гэх, 90-92-р х/а шинжээчийн дүгнэлтийн хариулт 1, 2, 2 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр хуудсанд хохирогч Дэлгэрсайханы ...миний машин жолоочоос гадна 4 хүний суух суудалтай, гэхдээ би 5 зорчигчтой явсан гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтээр осол болох үед хохирогч гэх Дэлгэрсайхан ЗХД-ийн 21.8-д а-д тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн гэсэн заалтыг зөрчсөн. ...ослын үед зогсоох арга хэмжээ аваагүй байх, ...жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалтууд мөн 2016.07.01-ний ЗЦГ зам тээврийн осол үзлэгээр тогтоосон байдалд осол гарах үед хоёр машин тормозны мөрний хэмжээг мөргүй гэж тэмдэглэсэн хэргийн газрын үзлэг, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсанаар хохирогч Дэлгэрсайхан нь 60 км цагийн хурдтай явж байсан самбаачлах хугацаа байгаагүй гэдэг ч 2 дугаар хавтаст хэргийн 237 дугаар хуудсанд иргэний хариуцагч Булгантамирын ...би уг ослын нөхцөл байдлыг харахад манай индүүдэх гээд асгасан хар шорооноос 50 гаруй метрийн зайд осол болсон байсан болохоор манай замын ажилд хамаагүй юм байна гэж ойлгосон гэх мөн 2 дугаар хавтаст хэргийн 243-244 хуудсанд авагдсан гэрч Очбадрахын ...овоолсон шорооноос хойш 50 гаруй метрийн зайд хоёр машин мөргөлдсөн байсан гэх мэдүүлгүүдээс шүүгдэгч нь саадыг тойрч эсрэг урсгалд ороод 50 метр яваад мөргөсөн гэсэн гэрчүүдийн мэдүүлгээр хохирогчийн зүгээс өөдөөс эсрэг урсгалд орж ирсэн машиныг 50-иад метрийн зайнаас хараад тормоз гишгэх боломж самбаачлах хугацаа байсан. Учир нь Авто тээврийн шинжлэх ухааны шинжээч нарын тайлбарладаг онолоор “тээврийн хэрэгслийн жолооч аюул саадыг харсан реакц 0,8 сек байдаг. Тоормосонд гишгээд З6 км/цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл 10 метр зай туулдаг” гэж үздэг. Тэгвэл онолын хувьд хохирогч 60 км/цагийн хурдтай явсан бол 50 зайд байгаа аюул саадыг хараад тоормос гишгэхэд 16.6 метр зам туулах буюу мөргөхөөс нь өмнө самбаачлах хугацаа байсан мөн зохих тендер, зөвшөөрөлгүй хүн тээвэрлэж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, осол гарахад нөлөөлсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 70, 2 дугаар хавтаст хэргийн 8-27, 161-172 хуудсанд авагдсан Мэндсайханы ...МХЕГазрын дэд дарга П.Ангарагаас ирүүлсэн албан тоотын дагуу манай албанаас байцаагч оролцуулахаар болж ахлах байцаагч Цогцэцэгийг томилж явуулсан. ...манай алба аюулгүй байдлаа хангаж явуулна гэх мэдүүлэг, МХЕГ албан тоот 2\1613, ажлын байрны тодорхойлолт, материал хүлээлгэн өгсөн баримт, ТАХ анкет, ажилд томилох тушаал, Хилийн МХАпбаны дарга Мэндсайхантай байгуулсан гэрээ, Цагдаагийн хэлтэст тавьсан хүсэлт, Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт болон холбогдох бусад материал зэрэг нотлох баримтаар хохирогч Цогцэцэг нь албан үүргээ гүйцэтгэж явах үедээ зам тээврийн осолд орж нас барсан тул албан томилолтоор явуулсан гэх байгууллага болох МХГ-ын ч буруутай үйл ажиллагаа давхар яригдана. 2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудсанд авагдсан гэрч Нарангэрэлийн ...Нын машин уг шороон дээр гараагүй шорооны баруун урд хэсэгт гарсан мөр байсан. баруун урд хэсгийн шороо өндөр биш засмал зам дээр асгасан хэсэг байсан, тэрэн дээгүүр гарах үед осолд нөлөөлөх хэмжээний биш, харин шорооноос цааш автомашины шарвалтын мөр үүсэж яваад 51.1 м яваад мөргөлдсөн А цэг байсан харин тэр шорооноос цаашаа автомашины дугуйн шарвалтын мөр үүссэн 51.5 м яваад анх мөргөлдсөн А цэг байсан тэр хооронд зогсоох арга хэмжээ авсан тоормосны мөр байхгүй байсан гэх мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байдаг. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...Уг шороон дээр ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт дөрвөлжин хээтэй 19 см өргөнтэй тээврийн хэрэгслийн мөр үүссэн ертөнцийн зүгээр хойд зүгт 3.70 см-ийн хэмжээтэй хар шороо цацагдсан байна. Овоолсон гэх шорооноос хойш хатуу хучилттай зам дээр шарвалтын мөр үүссэн гэсэн хэргийн газар үзлэг хийж, гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэргийн газрын үзлэгт авагдсан тэмдэглэлээс зөрүүтэй мэдүүлэг өгсөнийг шүүх яаж үнэлсэн нь тодорхойгүй мөн 1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар хуудсанд авагдсан Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2016.09.27-ны 11-07-020\01 тоот ... Авто замын тухай хуулийн 15.1.1-д зааснаар ... холбогдох байгууллагад мэдэгдэж зөвөлгөө авч ажпыг эхлүүлсэн. ... дүрэм журам стандартын дагуу тэмдэг тэмдэглэгээг байрлуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нь ... ажлын зургаас харагдаж байна. ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар анхааруулах тэмдэгийг стандартын дагуу байрлуулсан шаардлагад нийцэж байна гэх дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байдаг. Гэтэл 3 дугаар хавтаст хэргийн 9-р хуудсанд дүгнэлт гаргасан гэрч Гэрэлмаа нь ...хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хэрхэн хангасан талаар харагдахгүй хэрэгт авагдсан материал дутуу байсан тул хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хэрхэн хангасан талаар дүгнэлтэндээ оруулаагүй. ...материалтай танилцсан, зураг дээр тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан гэхдээ би тухайн ...компанийн ажилчдын өгсөн мэдүүлэгт үндэслэж гаргасан гэж гаргасан дүгнэлтээсээ зөрүүтэй мэдүүлгүүдийг шүүх яаж үнэлсэн нь тус тус тодорхойгүй өөрөөр хэлбэл нотлох баримтууд зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ тусгаагүй байдаг. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт ...хашаа байшингаа зарах гэж зар тавьчихсан байгаа гэх мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 158 дугаар хуудсанд авагдсан Шуурхай зар мэдээ сонины тасалбараар шүүгдэгч нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 33 дугаар гудамжны 336 тоотод орших гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, сууцыг зарж учруулсан хохирлоо нөхөн төлөх гэж санаачлага гаргаж байсан. Хувийн зан байдлын тухайд 2 дугаар хавтаст хэргийн 32-33, 57-58-р хуудсанд гэрч Батбилэг, Д.Эрдэнэбат нарын мэдүүлгүүд, жолоочийн мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хөнгөрүүлэх нотлох баримтуудаар шүүгдэгч хэрэгт холбогдохын өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, зан байдлын хувьд төлөв даруу, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй хэрэгт авагдсан жолооны үнэмлэхний хуулбар болон өөрийнх нь мэдүүлснээр 1995 оноос хойш 22 жил жолооч хийж байгаа бөгөөд BCDE ангилалтай мэргэшсэн жолооч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нараас уучлалт гуйж байсан. Хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсанаар хэн хэнийх нь буруутай үйл ажиллагаа нь осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн байх бөгөөд зам тээврийн осол санаатай үйлдэгддэг хэрэг биш ихэвчлэн, санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөр санаачлага гаргаж байсан, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, уучлалт гуйж байсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй зэргийг харгалзан үзэж Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэсний дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хорих ялаар шийтгэсүгэй гэснийг өөрчилж, эрх хасах ялыг 5 жилээр, хорих ялыг 8 жилээс доогуур оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 102 дугаар шийтгэх тогтоолд Н болон иргэний хариуцагч Өнөр нарыг хувь тэнцүүлэн хохирогч болон хохирогчийн төлөөлөгч болох Г.Золзаяа, А.Хишигхүү, Н.Дэлгэрсайхан нарт хохирол төлбөрийг Наас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. Үүний дагуу хохирогч нарын Хаан банкны дансанд шилжүүлсэн байгаа. Н.Дэлгэрсайхан Хаан банкны 5360248162 тоот дансанд шийтгэх тогтоолд зааснаар 150340 төгрөгийг шилжүүлсэн, А.Хишигхүүгийн Хаан банкны 5007239570 тоот дансанд мөн шийтгэх тогтоолд зааснаар 554796 төгрөгийг шилжүүлсэн, мөн хохирогчийн төлөөлөгч Г.Золзаяагийн Хаан банкны 5420067370 тоот дансанд 4254624 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан Нын хариуцах ёстой 4959760 төгрөгийн хохирол бүрэн төлөгдөж барагдуулсан байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт учруулсан хохирлыг төлсөн гэсэн нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульд тусгайлан зааж оруулж ирсэн байдаг. Авто тээврийн осол гэдэг нь санамсар, болгоомжгүй байдлаар үүсдэг байгаа. Н анх удаа осол гаргая гэж гаргаагүй. Болгоомжгүй үйлдэгддэг хэрэг байгаа. Тийм учраас Н анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэх болон хүндрүүлэх эрх нь тус шүүхэд байгаа учраас бидний хүсэлтийг хүлээн авч анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү. Бид нарын зүгээс гэм буруугийн асуудал болон хохирлын асуудал дээр маргасан зүйл байхгүй байгаа гэв.

Хохирогч Д.Болормаа давж заалдсан гомдолдоо: Би айлын ганц охин 2016.07.01-ний орой гарсан аймшигт ослоос болж хайрт ээжийгээ алдсан. Энэ гайтай ослын улмаас ээж, аавдаа эрхлэн байдаг миний тайван сайхан элэг бүтэн амьдрал минь орвонгоороо эргэж ээжийг минь хамт авч явсан аваарт орсон аавыгаа хүртэл буруутган уулзаж чадахгүй амьдарч байна. Энэ авто осол гарч 5 хүний алтан амь эрсдэхэд нөлөөлсөн болон буруутай “Борхойн зам” ХХК-ийн удирдлагууд болон аваар хийсэн жолооч бид нараас уучлалт гуйж эмгэнэл илэрхийлсэн удаа байхгүйг дурдмаар байна. Миний хувьд баримтгүйгээр гарсан бусад зардлууд болон сэтгэл санааны хохирлыг оруулалгүйгээр мөрдөн байцаалтын шатанд 12,996,420 төгрөгийг, шүүхийн шатанд 1,057,416 төгрөгийг, нийт 14,053,836 төгрөг нэхэмжилсэнийг шийтгэх тогтоолдоо 13, 613,320 гэж буруу бичсэн, нэхэмжилсэн нийт мөнгөн дүнгээс 5,060,649 төгрөгний баримт нотлох баримтны шаардлага хангасан байна гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна.

Үүнд: 1. шийтгэх тогтоолдоо 1,500,000 төгрөгийн буян хийсэн гэж нэхэмжилсэн нь шашины зан үйлтэй холбоотойгоор гарсан зардал тул шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж буруу ойлгож тайлбар авалгүйгээр шууд хассан. Энэхүү зардал нь оршуулгын ажлын дараа 2016.07.04-ний өдөр буяны цагаалгыг ресторонд хийсэн баримт байсан. юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Оршуулганд оролцсон хүмүүсийг оршуулгын дараа ресторанд цайлсан баримт байсан/ 2. шийтгэх тогтоолдоо талийгаач Б.Баттуяагийн цалингийн зээл 4,361,238 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш юм гэж үзсэн байна. Хайртай ээжийнхээ нэр төрийг бодоод цалингийн зээлийн үлдэгдэл болох 4,361,238 төгрөгийг бэлнээр банкинд төлж зээлийг хаасан. Энэхүү зардал нь ар гэрийнхэн бид нарт энэ ослын улмаас гарсан бодит зардал яахын аргагүй мөн. Хэрвээ энэ ослоос болж хайрт ээж минь амь насаа алдаагүйсэн бол ээж минь өөрөө ажиллаж хөдөлмөрлөөд зээлээ төлж барагдуулаад, үр хүүхэд бидэндээ өшөө ихийг хийж бүтээж өгч чадах байсан. /Тайлбар: Ээж минь Дорноговь аймгийн татварын албанд 23-24 жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн, дунджаар сарын 1,100,000 - 1,200,000 төгрөгний үндсэн цалин авдаг байсан. Хэдэн жил ажиллаж хөдөлмөрлөөд тийм хэмжээний мөнгө орлого олох байсан гэж нэхэмжлээгүй тул харгалзан үзнэ үү. Энэ мэтчлэн хайхрамжгүй хандсан шалгасан тохиолдлууд байна. Баримтгүйгээр гарсан бусад зардлууд болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжлээгүй. харин хямарсан хүнд цаг үедээ цуглуулсан хэдхэн баримтыг минь үнэн худал гэж хандан шийдвэр гаргасанд

гомдолтой байгаа тул дахин хянаж үзэн иргэний хариуцагч нараас гаргуулах шийдвэр гаргаж бодит хохирлыг минь барагдуулж өгнө үү. Шийтгэх тогтоолдоо хохирогч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар гэсэн байна. Болормаа миний бие шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орсон бөгөөд шүүгч нар бусад өмгөөлөгчийн хуулийн заалттай хэлсэн үгнүүдийг сонсож шийдвэртээ оруулж тусгасан харин энгийн ард иргэд бидний хуулийн заалтгүй хэлж байгаа гомдлыг минь огт харгалзан үзээгүй болно. Мөн цогцосноос авсан гэх талийгаач Б.Баттуяа нь АВ /IV/ бүлгийн цустай гэж анхнаасаа буруу тогтоосон. Миний ээж В /III/ бүлгийн цустай. Талийгаачийн ээж мөн адил В /III/ бүлгийн цустай. Мөрдөн байцаалтын явцад хэлж байсан. Нотлох баримтыг хавсаргав. Хоёрхон эгнээ замын нэг эгнээ буюу Замын-Үүдээс Улаанбаатар орох замын эгнээнд нүх ухаад ухсан нүхнийхээ шороог зам дээр асгаж замыг зорчих боломжгүй болгосон, зам засвартай гэсэн анхааруулга, тэмдэг, тэмдэглэгээ огт байгаагүйг тухайн үеийн ослын газар ажилласан цагдаа, байцаагч, гэрч нар фото зургаар баримтжуулан нотолсон. Замын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас энэхүү авто осол гарах үндсэн шалтгаан болсон, мөн жолооч Н нь ямар ч амралтгүй ядарсан үедээ жолоо барьсан, маш хурдтай явж байсан нь эвдэрч гацсан машины хянах самбараар нотлогдож байгаа. Тухайн ослын зам дээр зам засварын ажил хийж буй “Борхойн зам” ХХК нь засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих, зам хариуцагч байгуулага түр зам, гарцуудыг техникийн шаардлагын дагуу гаргаж, авто замын орох гарах хэсэгт болон хүндрэлтэй хэсгүүдэд тэмдэг тавьж тэмдэгжүүлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана гэсэн журам, зөрчлийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 12 тоот дүнэлтийг харгалзан үзэж шийдвэр гаргалгүйгээр энэ авто осолд огт хамаагүй хэдний өдөр нь мэдэгдэхгүй, яг аль зам дээр хаана авсан фото зураг нь мэдэгдэхгүй фото зургууд, зам ангийн ажилтнуудын өгсөн мэдүүлэгт үндэслэн гаргасан Гэрэлмаа гэгчийн толгой эргүүлсэн, хариуцлагагүй, худлаа гаргасан дүгнэлт нь энэ хэргийг буруу тийш нь эргүүлсэн мөн байцаагчийн асууж байгаа асуулт нь хүртэл анхнаасаа зам ангийг буруугүй болгох талаас нь ажилласан гэж үзэж байна. “Борхойн зам” ХХК-ийн ерөнхий инженер Б.Очбадрахын өгсөн мэдүүлэгт тухайн засвар хийж байсан зам дээр ойролцоо 2 нүх байсан учраас цацруулагчтай түмбэ 4 ширхэг, мөн ажил хийж байгаа тэмдэг болон саадыг тойрч өнгөрөх тэмдгийг байрлуулж тавьсан, захирал Булгантамир нь өгсөн мэдүүлэгтээ засвар хийж байсан газарт хашилт хаалт хийх зорилгоор зөөврийн тэмдэг түмбэ 3 ширхэг, мөн замын анхааруулах тэмдэг тавьж аюулгүй байдлыг ханган ажиллаж байсан гэсэн зөрүүтэй мэдүүлгүүд Монгол улсын хуулинд үхсэн хүний хохь гээд үл тоож шороонд булахад нь зарцуулсан хэдэн төгрөг өгсөн гэж “Борхойн зам” ХХК-д өөр хариуцлага тооцохгүй үлдээж байгаад гомдолтой байна. Энэ компани ажлын хариуцлага алдаж ахин ийм айхтар аваар осол гарахгүй гэх баталгаа байхгүй байгаа тул зайлшгүй хариуцлага хүлээх байсан “Борхойн зам” ХХК нь дутуу шалгагдаж огт хариуцлага хүлээхгүйгээр шийдвэрлэсэн тул дахин шалгаж өгнө үү. Аж ахуйн нэгж хариуцлага хүлээх хуулийн заалт байхгүй юм бол зам ангиа төлөөлөн сууж байгаа ажилдаа хайнга хандсан, ажлын хариуцлага алдсан Борхойн зам ХХК-ийн захирал Булгантамирт хариуцлага тооцож өгнө үү гэжээ.

Хохирогч Н.Дэлгэрсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол дээр надтай холбоотой 2-3 асуудал байна. Хүний тоо илүү байсан гэж байна. Надаас гадна 4 хүн байсан. 5 хүн явсан нь үнэн. Нэг нь хүүхэд байгаа юм, ээжийнхээ өвөр дээр явж байсан. Би танихгүй учраас эргэж хараагүй. Зогсоох арга хэмжээ аваагүй гэж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнө байсан. Олон машин урдаас ирж байсан. Аль эгнээгээр яваад байгааг би мэдэхгүй, миний эгнээнд яваад байгаа юм уу, өөр эгнээнд яваад байгаа юм уу гэдгийг би мэдээгүй. Тийм учраас би хол явж байгаа машин тормоз гишгээд зогсоно гэж байхгүй. 58 цагийн хурдтай явж байсан. Цаад утга нь ял хүндэдлээ гэж ярьж байна. 5 хүний амь насыг бүрэлгэчхээд 8 жилийн хорих ял ихдэж байна гэж байна. Монгол хүний амь нас ийм хямдхан болчихсон юм уу, нэг хүний амь насыг бүрэлгэхэд 1,6 жил юм уу, ямар учиртай юм бэ, 8 жилийн хорих ял гэхэд харин ч багадаж байна. Хохирол мөнгийг төлсөн гэж байна. Хохирол мөнгийг өчигдөр төлсөн шүү. Миний хувьд нэг ч төгрөг төлөөгүй байж байгаад би өөрөө хөөцөлдөж байгаад Монгол даатгалаас ихэнхийг нь гаргуулсан. Би өөрөө Замын-Үүд орж Улаанбаатар хот орсон. Намайг Улаанбаатар хотод Монгол даатгалын гадаа 3 хоног хүлээлгэсэн. Н утсаа унтраагаад согтуу алга болчихсон. Төлөв даруу гэж хэлж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр Н согтуу ирээд шүүх хуралдаан хойшилж байсан. Би хэлээгүй. Шүүгч хэлсэн. Тэр бүх хохирогч бүгд ирсэн. Мөрдөн байцаагч нь бас хэлж байсан, согтуу ирдэг гэж хэлж байсан. Би хэлээгүй. Миний хувьд маш их гомдолтой байна. Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх талаар яримааргүй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгч Энхтуяа давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүхээс хохирогч Дэлгэрсайханы буруутай үйл ажиллагаанд дүгнэлт хийгээгүй. Мөргөхөөс өмнө самбаачлах хугацаа байсан. Мөн зөвшөөрөлгүй хүн тээвэрлэж, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчин осол гаргахад нөлөөлсөн гэсэн байсан. Шинжээчийн 12 тоот дүгнэлтийн 6 дахь хэсэгт Ц.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.1, 9.2, 15.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж шалтгаан нөхцөлийг тогтоосон. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд байгаа. Хурд хэтрүүлэн эсрэг урсгалд орсон тул хохирогч Дэлгэрсайханд самбаачлах хугацаа гараагүй. Тээврийн хэрэгслийг зогсоох хугацаа байгаагүй гэж үзэж байгаа. Гэрч Баяржавхлангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1 хх-79/ Гэрч Эрдэнэтуулын мэдүүлэг /хх-62/, зураг дугаар 11 /1 хх-17/ эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н нь хурд хэтрүүлэн явсан нь нотлогдож байгаа. Тухайн агшинд хохирогч Дэлгэрсайханд самбаачлах хугацаа гараагүй болох нь тогтоогдож байна. Ийнхүү самбаачлах хугацаа гараагүй, зогсоох арга хэмжээ аваагүй учраас тормозны мөр гараагүй гэж үзнэ. Шинжээчийн 2016.08.06-ны өдрийн 12 дугаар дүгнэлтэнд Дэлгэрсайхан нь тогтоосон тооноос илүү хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Дээрх шинжээчийн дүгнэлтэнд Дэлгэрсайханы Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарах болсон шалтгаан нөхцөл болоогүй тул хохирогчийн буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч Дэлгэрсайханы Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг биш зөрчил болно. Мөн өмгөөлөгч Энхтуяа давж заалдсан гомдолдоо шүүгдэгч хохирлоо төлөх талаар санаачлага гаргаж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нараас уучлалт гуйсан гэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлын үндэслэл гаргажээ. Шүүгдэгч нь хэрэг болсоноос хойш 1 жилийн хугацаанд хохирогчийн эрүүл мэнд болон хохирол төлбөр төлөх талаар нэг ч удаа уулзаж байгаагүй. Мөн утсаар ч ярьж байгаагүй. Ямар нэгэн байдлаар харилцаж хандаагүй. Огт санаа сэтгэл тавиагүй явсаар байгаад анхан шатны шүүхийн шүүх хурал болсон. Ныг ирж хайж байсан гэж хохирогч хэлж байна. Даатгалын компаниар бид нар хөөцөлдөж байж даатгалаас хохирлыг гаргуулж авсан байгаа. Өмгөөлөгч хэлж байна. Анхан шатны шүүхээс Над холбогдох хохирол төлбөрийг төлсөн. Үүнийг харгалзаж үзнэ үү гэж өмгөөлөгч хэлж байна. Үүнийг харгалзаж үзэж болно гэхдээ үүнээс өмнөх нь иймэрхүү байдалтай явж байсан гэдгийг хэлэх нь зөв байх гэж бодож байна. Н нь Замын хөдөлгөөний 2.5-д зааснаар зам тээврийн осолд орсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ гээд зам тээврийн осолд орсон хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, зам тээврийн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэж заасан захиргааны хэм хэмжээны актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь гэрч Баяржавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Энэ 30-77 хар саарал өнгийн машин бид нарыг гүйцэт түрүүлээд явсан машин мөн байсан. Би эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг байдаг. Мөн шүүгдэгч хохирол төлбөрийг анхан шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулаагүй байсан. Үүнийг нь харгалзаад шүүх хөнгөрүүлэх нөхцөл байхгүй байсан гэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байгаа. Борхойн зам ХХК-тай холбоотой гарсан шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүтэй байгаа. Гэрч Нарангэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ уг хэрэг дээр би хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад замын засварын ажиллагаа хийж байгаа талаар ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй байсан гэсэн мэдүүлэг. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчийн мэдүүлгүүд үйл баримтаа харилцан үгүйсгэсэн зөрүүтэй мэдүүлгүүдийг анхан шатны шүүх тогтоогоогүй. Шийтгэх тогтоолдоо Борхойн зам ХХК-ийн үйл ажиллагаа хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоож хууль зүйн дүгнэлтийг өгөөгүй байна гэж үзэж байна. Борхойн зам ХХК замын засварын ажиллагаа хийхдээ замын аюулгүй байдлыг хангасан эсэх, уг компанийн үйл ажиллагаа зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянах эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж үзэх, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэж байна гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: . Ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх талаар гомдол гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтаараа хөнгөрүүлэх, хүндрүүлэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх гэж бодож байна. Борхойн зам ХХК-тай холбогдуулаад Энхтуяа өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгааг сонслоо. Энэ ажиллагаануудыг мөрдөн байцаалтын хүрээнд бүрэн бодитойгоор шалгасан. Мөн хэргийн газрын үзлэгээр авагдсан баримтууд дээр тухайн замын шорооноос болж осол үүссэн үү, үгүй юу гэдэг асуудал тухайн хэргийн газрын үзлэгийн зурагнаас харагддаг. Тухайн овоолсон шороон дайраагүй. Шороог өнгөрч гараад 50 км-ийн цаана осол болсон байдаг. Компанийн зүгээс үүргээ ухамсарлаж хохирогч нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа. Өчигдөр Дэлгэрсайханы 1500000 төгрөгийн хохирол төлж барагдсан гэсэн Борхойн зам ХХК-иас хэлсэн. Энэ талаар Дэлгэрсайхан өөрөө хэлэх байх гэж бодож байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Борхойн зам ХХК-д иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

Прокурор Б.Батхишиг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирол төлбөрөө төлсөн учраас оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байгаа юм байна гэж үзэж байна. Үүн дээр миний хувьд тусгайлан гаргах саналгүй байгаа. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй байгаа. Нын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр уучлалт гуйгаад хохирол төлбөрийг төлөх талаар саналаа хэлж байсан учраас хөнгөрүүлэх тал дээр тусгайлан гаргах санал байхгүй. Хохирогч Дэлгэрсайхан ярьж байна. Миний хувьд ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Техникийн байцаагчийн дүгнэлтээр 6 хүн тээж явж байсан. Илүү хүн тээж явж байсан гэдэг асуудал яригдсан. Энэ нь зам тээврийн осолд нөлөөлөөгүй. Энэ нь зөрчлийн шинжтэй гэж улсын яллагчийн зүгээс үзсэн байгаа. Борхойн зам ХХК-ийг ярьж байна. Борхойн зам ХХК-ийг ямар ч буруугүй гэдэг дээр би эсрэг байр суурьтай байгаа. Засвар хийж байхдаа замын тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас энэ хэрэг дээр иргэний хариуцагчаар татаад явсан. Хохирол төлбөр төлөгдсөн гэж ярьж байна. Шүүгдэгч хохирол төлбөрөө төлсөн гэж ярьж байна. Гэтэл иргэний хариуцагчийн өмгөөлөгч нь ярихдаа хохирол төлбөрийг Борхойн зам ХХК-иас гаргуулж байна гэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа гэв.

          Шүүгдэгч Ц.Н нь иргэн Д.Мөнхчимэг, Г.Мөнхгэрэл нарын хамт 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү гарсан ба шөнөжин явсаар Замын-Үүд хилийн боомт хүрсэн, 07 дугаар сарын 01-ний өглөө БНХАУ-ын Эрээн хот руу гарч бараа цуглуулан өдөртөө буцан орж ирж, Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд зорчсон ба шүүгдэгч нь ядарсан үедээ буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд Тоёото Камри маркийн 30-77 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон буцаж явахдаа Замын-Үүдээс хойш 45 км зайд замын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдаа тохируулалгүй,  хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх,  жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээг авалгүйгээр тус тус Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж яваа Н.Дэлгэрсайханы жолоодож явсан Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай автомашиныг мөргөж, Н.Дэлгэрсайханы автомашинд 3 870 000 төгрөгийн эд хөрөнгийн шууд хохирол, Ц.Нын автомашинд зорчиж явсан  Г.Мөнхгэрэлийн бие махбодид хөнгөн, Н.Дэлгэрсайханы бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан, Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай автомашинд зорчиж явсан С.Эрдэнэчулуун, Э.Байгалтуяа, Г.Ангирмаа, А.Цогцэцгээ, Б.Баттуяа нарын 5 хүний амь насыг хохироосон тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.4-д заасан гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт нийцүүлэн, түүнийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Энхтуяа нарын давж заалдсан гомдлын дагуу хянан хэлэлцэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэргийн газарт болон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын цагдаагийн зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчдын хувцсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч С.Пүрэвхүү, А.Хишигхүү,  Д.Болормаа, Г.Золзаяа, Н.Дэлгэрсайхан нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, зам тээврийн ослын талаарх замын цагдаагийн шинжээчийн  дүгнэлтүүд,  осолд өртсөн 2 автомашины эвдрэлийн талаарх Вендо ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, зам арчлалтын ажил гүйцэтгэж байсан Борхойн зам ХХК-ийн аюулгүй ажиллагааны талаарх шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын биед задлан шинжилгээ хийсэн актууд, хохирогч Н.Дэлгэрсайхан, хохирогч Г.Мөнхгэрэл нарын бие махбодид учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгүүд, иргэний хариуцагч “Борхойн зам” ХХК-ийн захирал Д.Булгантамирын тайлбар,   хохирогч нараас гаргасан хохирлын зардлын талаарх нотлох баримтууд зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж ажилласан, хэрэгт олж авсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт нийцүүлж ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.4-д заасан хорих ялын хэмжээ нь 5-аас дээш 10 жил хүртэл байсан бол Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хорих ялын хэмжээ нь 2-8 жил болж,  доод болон дээд хэмжээний ялын аль аль багасч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

Гэвч шүүгдэгч Ц.Нын зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч нарт 4 254 624 төгрөгийн хохирлыг төлсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, уг хэргийн улмаас 5 хүний амь нас хохирсон зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан зүйлийн дээд хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд нийцсэн тул анхан шатны шүүхийн 102 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяагийн зүгээс гэмт хэрэг гарахад иргэний хариуцагч “Борхойн зам” ХХК-ийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй байдал,  хохирогч Н.Дэлгэрсайханы тогтоосон тооноос илүү зорчигч тээвэрлэсэн, аюул саадыг бий болсон нөхцөлд автомашины хурдыг хасах, эсхүл зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нөхцлүүд нөлөөлсөн тул шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд зам арчлалтын “Борхойн зам” ХХК-ийг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн нь зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүдээр тогтоогдсон гэж үзэж иргэний хариуцагчаар татаж,  тайлбар авч, хохирогч нарын хохирлын тал хувийг төлүүлсэн нь хавтаст хэргийн материалаар тогтоогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулиар хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах зохицуулалт байхгүй тул иргэний хариуцагчаар татаж хохирлыг төлүүлсэн нь үндэслэлтэй болсон.

Хохирогч Н.Дэлгэрсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 21.8-ийн а/, 9.2-д заасан зөрчлүүдийг гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч энэ зөрчил нь зам тээврийн осол болоход гол шалтгаан болоогүй гэж үзэхээр байгаа ба эдгээр нөхцлүүдийг үндэслэн шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм.

Хохирогч А.Цогцэцгээгийн хувьд Дорноговь аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын газарт ахлах улсын байцаагчаар ажиллаж байсан ба тухайн цаг хугацаанд “Ди Эс Ай Эйч” ХХК-ийн үйл ажиллагаанд албан томилолтоор ажиллаад буцаж явахдаа зам тээврийн осолд орж нас барсан тул Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт /2 дугаар хх-ийн 161/ гарч,  энэ дагуу хохирогчийн ар гэрт тэтгэмжийг олгосон байна гэж үзлээ.

Хохирогч Д.Болормаагийн зүгээс гэм хорын хохирлын талаар давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах гомдлоосоо татгалзсаныг энд дурьдах нь зүйтэй байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Ц.Над Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 болгон хөнгөрүүлэн зүйлчиллээ гэж үзсэн нь буруу болсон ба зүй нь анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шинэ хуульд нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж байгаа тул хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлж байна гэж үзэхгүй тул цаашид энэ алдааг гаргахгүй ажиллахыг зөвлөж байна.

Анхан шатны шүүхийн энэ алдаа нь шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл болохгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.БАТЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                        Г.ТЭГШСУУРЬ

                                                                              А.САЙНТӨГС