Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 14

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Т.Бямбажав  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Т.Төмөртулга

Хохирогч М.Ц

Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Цоодол

Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нарыг оролцуулан хийж,     

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн давж заалдах гомдлоор Г.Мд холбогдох эрүүгийн 1922001650083 тоот хэргийг 2019 оны 9 сарын 6-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

      Монгол Улсын иргэн, төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:, Булгууд овгийн Г М.

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр аймгийн сумын “Бунхант” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан тус сумын иргэн М.Цын 4 тооны адууг хулгайлж,  4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсонд Дундговь аймгийн Прокурорын газраас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 Г.М ийг бусдын 4 /дөрвөн/ тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2-ын 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Мд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавих  эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг шүүгдэгч Г.Мд мэдэгдэж,

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид эр ямаа-10, төлөг-10, бэлнээр 4.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, цэнхэр өнгийн Haojue маркийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл /мотоцикль/-ийг улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

           Хохирогч М.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, гомдол гаргах учир нь:

             1. Би энэ хэргийн хохирогч биш. Энэ тухайгаа Дэлгэрхангай сумын хэсгийн төлөөлөгч Цогт-Очир болон мөрдөгч Даваадорж нарт “Алдсан адуу бол минийх биш, бүгд өөр өөр эзэнтэй. Яг эздийг нь хохирогчоор оролцуулж асуугаач, дуудъя” гэж хэлсэн. Гэтэл өөр өөр газар байгаа улсыг дуудахгүй гэсэн. Алдсан 17 настай халиун морь нь дүү М.О ынх ба энэ морь нь сэтэртэй байсан. Харин 8 настай хүрэн морь, 7 настай шарга морь хоёр нь ах М.Бийнх, 15 настай ухаа морь нь аав С.Мын морь юм. Гэтэл бодит байдал дээр хурдан удамтай 2 адуу байсан тул хэрэгт авагдсан үнэлгээг зөвшөөрөхгүй байсанд жинхэнэ хохирогч нартай Г.М болон түүний аав Г нар нь ярилцаж эзэн тус бүрт нь хохирлыг нь төлөхөөр тохиролцсон ба хэрэгт дахин үнэлгээ гаргуулахгүй, гомдолгүй гэж хэлэхийг удаа дараа гуйж гувшихад нь  аав болон ах нар маань итгэж хурлын дараа өгнө гэсэн боловч одоо хэрэг шийдэгдэж тэнссэн гээд хохирол төлөхгүй, хохь чинь гэсэн байдлаар  хандаж байна.

             2. Хохирлын үнэлгээг 4.200.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт болон тэдний өгсөн мөнгө, малыг хохирол төлсөн хэмээн үзэх нь бодит байдал дээр  огт нийцэхгүй юм. Тэдний энэ шахалт гуйлтаас шалтгаалан хохирогч болон хохирлын үнэлгээ, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй.

Миний хувьд ийм шахалтан дор уг хэрэгт хохирогчоор оролцсоноос үүдэн, Г.М нь жинхэнэ хохирогч нартай тохиролцсон ёсоороо хохирол төлбөрийг нь барагдуулахгүй, доромжилсноос болж төрсөн ах дүүсийн хооронд үл ойлголцол маргаан үүсч маш хүндрэлтэй байна. Аавд л хохирлоо төлсөн. Бусад хүмүүсийн хохирлыг төлөөгүй байгаа.

Энэ алдсан адууны аль нь ч минийх биш, энэ тухайгаа хэлсээр байхад ажлаа амарчилж, бусдын хохирсон эрхийг сэргээх талаар анхаарч ажиллаагүй байдал, яллагдагчийн зальт үйлдэл, худлаа амлалт нь хууль шүүхийн байгууллагыг хуурсан хэргийг өнгөлөн далдалсан үйлдэл болсон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д Гэмт хэргийн улмаас амь, нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэсэн байхад огт эд хөрөнгөөрөө хохироогүй намайг хүчээр хохирогчоор оролцуулсан нь хууль зөрчсөн ажиллагаа юм.

Энэ хэргийг Г.М нь ганцаараа үйлдээгүй. Догь О ийн хүү С гэгчтэй цуг хэрэг гарах үед мотоцикльтой явж байсан гэдгийг нутгийн улсууд гэрчилдэг. Гэтэл энэ талаар хэрэгт огт ажиллагаа хийгдээгүй. Мөн 1 унага дээрх адуутай цуг алдагдсан нь хэрэгт огт тусгагдаагүй. Хэрэгт  хохирогчоор намайг тогтоосон боловч хэргийн материалтай танилцуулаагүй. Хэргийн 97 дугаар хуудсанд байгаа хэргийн материалтай танилцаад бичсэн хүсэлт, гомдлыг би бичээгүй.  Миний бичиг биш.

Иймд хэргийн бодит байдал болон хохирол бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хохирогч болон бодит хохирлыг тогтоолгох, гэм буруутай этгээдээс хохирлоо бүрэн барагдуулах боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алдагдсан адуунд Цын адуу нэг ч байхгүй. Энэ тухайгаа мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор байцаагдахдаа хэлсэн боловч жинхэнэ хохирогчдыг тогтоох ажиллагаа хийлгүй яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хохирогч Ц  нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүхээс шүүх хуралдаан болохын өглөө Цт утсаар мэдэгдсэн гэдэг. Гэтэл 3 хоногийн өмнө мэдэгдсэн мэтээр тэмдэглэл бичигдсэн байгаа. Хохирогчоор тогтоогдсон Ц нь алдагдсан адууг үнэлсэн сумын үнэлгээг зөвшөөрөхгүй дахин үнэлгээ гаргуулах хүсэлт тавьж Ашид билгүүн ХХК-аар  үнэлгээ гаргуулсан ба тус компани нь сумын үнэлгээнээс адуу тус бүрийг 100.000 төгрөгөөр бага үнэлсэн байдаг. Адууг үнэлэхдээ адууны онцлог шинжийг огт дурдаагүй бөгөөд зөвхөн насыг харгалзан үнэлсэн. Хохирогч Цын гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд шилжүүлж, жинхэнэ хохирогчдыг тогтоох, адууны үнийг дахин тогтоох ажиллагаа хийлгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхээс хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн. Хохирогч Ц нь хохирлоо төлүүлсэн гэж хэрэгт мэдүүлсэн байдаг ба анхан шатны шүүх хуралдаанд оролцохыг шүүхээс мэдэгдэхэд “Хохирлоо төлүүлж хохиролгүй болсон. Шүүх хуралдаанд очихгүй“ гээд оролцоогүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудсанд бичигдсэн байгаа. Ашидбилгүүн ХХК  4 адууг 4.200.000 төгрөгөөр үнэлсэн. Хохирол төлөхөд өгсөн 10 хонь, 10 ямааг Цын дүү О ээжтэйгээ очиж авсан. Мөн  4.500.000 төгрөгийг төлж өгсөн тул хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.М нь бусдын 4 тооны адууг хулгайлж 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял хэргийн болон хэрэгтний хувийн байдалд тохирсон байна. Г.М нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо  малаар болон бэлэн мөнгөөр төлж барагдуулсан байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан болно.

 

       Тус аймгийн Прокурорын газраас Г.М ийн бусдын 4 тооны адуу хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хуульд байхгүй зүйл хэсгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 .17 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчжээ.

 

        Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх зөрчлийг анхаарч үзээгүй ба шүүгдэгчийг яллах дүгнэлтээр зүйлчлээгүй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр гэм буруутайд тооцсоноос гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны дагуу явуулаагүй байна.

 

        Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хулгайлагдсан гэх 4 тооны адуунд үнэлгээ гаргуулахаар Дэлгэрхангай сумын үнэлгээний комиссыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шинжээчээр томилсон /тогтоолд шинжээчийн нэр бичигдээгүй/ бөгөөд Ё.Сайхантуяа, Б.Наранцэцэг нар адуу тус бүрийг 1.300.000 төгрөгөөр үнэлсэн./хх-ийн 16-18/ Хохирогч М.Ц энэхүү дүгнэлтийг зөвшөөрөлгүй дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар Ашидбилгүүн ХХК-ийг  шинжээчээр томилсон бөгөөд шинжээчээр хэнийг томилсон нь тодорхойгүй,  танилцсан шинжээч Цэрэндорж гэж гарын үсэг зурсан боловч үнэлгээний дүгнэлтийг мэргэшсэн үнэлгээчин Б.Уянга, үнэлгээчний туслах М.Дагвадорж нар гаргаж хууль зөрчжээ. Мөн Ашидбилгүүн ХХК нь үнэлгээ хийх эрхтэй эсэх нь ч тодорхой бус энэ талаар хэрэгт баримт байхгүй. 

 

         Яллагдагч Г.Мд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагаас улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч М.Ц нарыг оролцуулан хийхээр тогтоосон бөгөөд хохирогч М.Цт 2019 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн 16.00 цагт  утсаар мэдэгдсэн тухай шүүхийн мэдэгдэх хуудас байгаа боловч хохирогч нь шүүх хуралдаан болохын өглөө мэдэгдсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж байв.

 

       Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн  хулгай хийхдээ  унаж явсан гэх мотоциклийг хураан авсан тэмдэглэлийг судлах явцад “...уг мотоцикль  хаана байгаа нь тодорхойгүй байна”  гэсэн  асуудал яригдсанаар шүүх хуралдаан даргалагчаас мотоцикльд үзлэг хийх шийдвэр гаргаж, шүүх хуралдаан даргалагч, улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар Дундговь аймгийн Цагдаагийн газрын “Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа”-нд  очиж мотоцикльд үзлэг хийхдээ шүүх хуралдааны явцад үзлэг хийх журмыг хуульчилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлийн  2 дахь заалтыг зөрчсөн, үзлэг хийсэн талаар тусгай тэмдэглэл /хх-119/ хөтөлсөн боловч  тэмдэглэлд даргалагч,  улсын яллагч нар гарын үсэг зураагүй байна.

 

         Шүүгдэгчид  “Оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавих эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх”  үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг  шүүхээс хэрэглэхдээ  Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 –ыг баримталж хууль буруу хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

        Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 5 дугаар заалтыг давхардуулан заажээ.

        Хэргийг хянах явцад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хэнд, ямар хэмжээний хохирол учирсан болохыг   нотлох  ажиллагааг бүрэн зөв хийгээгүй байх тул  хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  ноцтой зөрчил гаргасан, мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотолбол зохих байдлыг нотлоогүй  үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Г.Мий гэм буруу, түүнд оногдуулсан ял шийтгэл  тохирсон эсэх, хохирол бүрэн төлөгдсөн  эсэх, шүүгдэгч нь хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн эсэх зэрэг асуудалд  дүгнэлт хийгээгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3, 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Мд холбогдох 1922001650083 тоот хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт буцаасугай. 
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт хүргүүлтэл Г.Мд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Г.Мий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Хятад улсад үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн “Haojue” маркийн, улсын дугааргүй мотоциклийг аймгийн Цагдаагийн газрын “Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа”-нд хадгалж байгаа болохыг дурдсугай.    
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш оролцогч  30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй   болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

        ШҮҮГЧИД                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                  Т.БЯМБАЖАВ