Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0111

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.Т, өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 744 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Т-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 744 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 51 дүгээр зүйлийн 51.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, 62.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Б.Тд холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг Хүний нөөц, сургалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн орон тоонд албан хаагчийг шалгаруулж авах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2020 оны 2 дугаар улирлын ажлын гүйцэтгэлээр үр дүнгийн урамшууллыг олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Т-ийн 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг олгохыг даалгаж”, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох “Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох, 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Т би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох, 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгуулж, “Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох, 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Хоорондоо уялдаа холбоо бүхий миний нэхэмжлэлийн шаардлагууд бүрэн хангагдсанаар зөвхөн миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх төдийгүй, Татварын ерөнхий газрын даргын хууль бус шийдвэр, томилгоо залруулагдаж, хуульд нийцэх, улмаар төрийн албаны хууль ёсны эрх ашиг хангагдаж, хууль тогтоомж хэрэгжих зэрэг давхар ач холбогдолтой юм. Гэтэл анхан шатны шүүхээс хууль ёсны эрх, ашиг сонирхлыг минь ноцтой зөрчиж, хохироосон тушаалуудыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосон атлаа тэдгээрийн үр дагаварын улмаас бүрэн сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвхөн хариуцагч талын тайлбар, нотолгоог үндэслэн хэрэгсэхгүй болгосонд туйлын гомдолтой байна. Сангийн сайдын 4 дүгээр тушаал батлагдан гарсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Татварын ерөнхий газрын даргын А/37 дугаар тушаал гарсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 36 хоногийн хугацаанд Татварын ерөнхий газар нь төрийн албаны тасралтгүй байх зарчмын дагуу хуучин бүтцээрээ ажиллаж байсан бөгөөд миний ажиллаж байсан Сургалтын төв нь сургалтын төвийн дарга /өөр албан тушаалд томилогдсон, эзгүй байсан/, Татварын улсын ахлах байцаагч, багш Б.Т би /сургалтын төвийн даргыг орлон ажиллаж байсан/, татварын улсын байцаагч гэсэн бүрэлдэхүүнээр хэвийн ажиллаж байсан. Сургалтын төвийн даргыг хуулийн дагуу орлон ажиллах албан хаагч надаас өөр байгаагүй тул зайлшгүй ажлын шаардлагаар орлон ажиллаж байсан. Иймд шүүхийн шийдвэрт дурдсан “сургалтын төвийн даргын чиг үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шаардлага үүсээгүй” гэдэг нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 43.3.1, 43.3.3-т заасны дагуу Сургалтын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг гаргах ёстой байсан. Гэтэл Татварын ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, уг шийдвэрийг 14 хоногийн дотор гаргаагүй бөгөөд Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагч Б.Т намайг Татварын ерөнхий газрын даргын 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар хүчээр өөр албан тушаалд шилжүүлэн томилж, улмаар 5 хоногийн дараа албан тушаал, цалин хөлсийг минь хууль бусаар бууруулсан нь миний Төрийн албаны тухай хуулиар баталгаажсан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөх үр дагавруудыг бий болгосон юм. Сургалтын төв татан буугдаж, түүний чиг үүрэг нь шилжсэн нэгж болох Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тухайн албан тушаалд хамааралгүй, өөр нэгжид надаас зэрэглэл доогуур татварын улсын байцаагчийн албан тушаалд ажиллаж байсан албан хаагчийг 2020 оны 02 дугаар сарын 28-нд томилсноор Төрийн албаны тухай хуулийн мэргэшсэн, тогтвортой байх, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах зэрэг суурь зарчмууд алдагдаж, миний хуулиар олгогдсон мерит зарчмын дагуу шатлан дэвшиж томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хохироосон юм. Би “Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа шүүхийн шийдвэрээр уг албан тушаалд шууд томилуулах гээгүй юм. Татварын ерөнхий газрын дарга нь Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг сонгож томилохдоо Төрийн албаны тухай хуулийг зөв хэрэглэсэн эсэх, мөн өөрт нь Төрийн албаны тухай хуулийн 43.1 дэх заалтаар олгосон эрх хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэх, Сургалтын төвийн даргыг орлон ажиллаж байсан Б.Т надаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 43.1 дэх заалтын дагуу гаргаагүй эс үйлдэхүй нь хууль зөрчсөн эсэх, шалгуур хангаагүй, шатлан дэвших мерит зарчмыг зөрчиж, томилсон нь хуульд нийцсэн эсэх, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох, улмаар мөн хуулийн 27.1-д заасны дагуу тус хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд шатлан дэвших зарчмын дагуу нөхөн томилогдох боломжийг минь алдагдуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь хуульд нийцэж буй эсэхийг шалгуулж, тогтоолгох гэсэн юм. Энэ байдлыг тогтооход чухал ач холбогдолтой учраас нэхэмжлэгч миний шүүх хурал эхлэхийн өмнө анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 3 нотлох баримтаас зөвхөн 1-ийг нь хүлээн авч, бусдыг хүлээн аваагүй юм. Анхан шатны шүүхээс тухайн үед Татварын ерөнхий газар нь хуучин бүтцээрээ ажиллаж байсан талаар олон нийтэд илэрхий үйл баримт, мөн үүнийг нотолж хариуцагч талаас ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгч миний тайлбар, нотлох баримт зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэхгүйгээр зөвхөн хариуцагч талын тайлбар нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.4, 106.4 дэх заалтууд, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөний зэрэгцээ Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа зөвлөмж”-ийг баримтлалгүй, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд туйлын гомдолтой байна. Татварын ерөнхий газар нь миний ажлыг нотолгоонд суурилсан, шударга, ил тод байх зарчмын дагуу хэрхэн үнэлсэн баримт байхгүй, төрийн албан хаагч нарт ил тод танилцуулаагүй, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дүгээр тушаалаараа татвар төлөгчид үйлчлэх газрын нийт албан хаагчдад 40 хүртэл хувиар үр дүнгийн урамшуулал олгосон бөгөөд эдгээрээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хандсан тус газрын 3 татварын улсын ахлах байцаагч нар болох Б.Т миний бие болон, Даваадэмбэрэл, Батчимэг бид нарт хамгийн бага хувиар олгосон бөгөөд бусад Татварын улсын ахлах байцаагч нар болон татварын улсын байцаагч нарт илүү өндөр хувиар олгосон нь ялгаварлан гадуурхах байдлаар хандсан гэж үзэж байна. Гэтэл хариуцагч талаас ажлын үр дүнг үнэлсэн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд шүүх хурал дээр ч тодорхой тайлбар хэлэхгүй байхад анхан шатны шүүх гаргасан шийдвэртээ “энэ хугацааны ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлсэн, энэ үнэлгээгээр 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар түүнд 20 хувийн урамшуулал олгосон байх бөгөөд ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлсэн захиргааны байгууллагын үнэлгээ, түүнийг үндэслэн олгосон үр дүнгийн урамшууллын хэмжээний тухайд шүүх дүгнэх боломжгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдахгүй...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  ...Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2 дахь заалтын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох, 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, миний “Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох, 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Т нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаалын Б.Т-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох, 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хамгийн сүүлийн байдлаар тодорхойлсон шаардлага/

Дээр дурдсан “Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчийн чиг үүрэг нь Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох боломжтой шатлан дэвших боломжийг хааж, эрх ашгийг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй, мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй хүнийг 3 шат ахиулан түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн зөрчсөн” гэж тайлбарласан.

Харин “2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ тодорхойлохдоо “Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад шалгуулж байх хугацаанд улиралд нэг удаа сарын үндсэн цалингийн 40 хүртэл хувиар олгодог үр дүнгийн шагналын хувийг хасч дарамт үзүүлсэн” гэсэн бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хэлтсийн дарга үнэлгээг танилцуулаагүй тул хангалттай дээд хэмжээгээр үнэлэгдэх ёстой, буурсан цалингаас үр дүнгийн 20 хувийг бодохоор авах ёстой үр дүн буурсан” гэж маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг болон түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулаагүй, шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд зөрүүтэй, ойлгомжгүй байгаа нөхцөл байдлыг арилгаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ  сэргээлгэхийг хүссэн хүсэл зоригоос өөр үр дагавар үүсгэхүйц шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5 “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчжээ. Тодруулбал,

1/ Нэхэмжлэгч Б.Т-ийн “Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гагцхүү “хуучин бүтцийн Сургалтын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тул шинэ бүтцийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох” шаардлага гаргаснаар тодорхойлж “нэхэмжлэгч тухайн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаагүй тул Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь татварын улсын ахлах байцаагчийн чиг үүрэг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд хуучин бүтцийн Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан миний бие шатлан дэвших зарчмын дагуу томилогдох эрхтэй байхад хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчиж түр орлон гүйцэтгэгчийг үндэслэлгүй, мөн албан үүргийнх нь зэрэгцээ биш байдлаар томилсон” гэж маргаж байх атал эдгээр үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрт төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөнөөс төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байраар хангах нэмэгдэл баталгааг хангахтай хамаарах үндэслэл үүссэн талаар, хуучин бүтцийн Сургалтын төвийн улсын ахлах байцаагчийн “татварын албаны сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, татварын албан хаагчдад сургалтыг зохион байгуулах” чиг үүрэг нь шинэ бүтцийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн “хүний нөөцийн удирдлага хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй хамт зарим чиг үүрэг болж шилжсэн тул Сургалтын төвийн албан хаагчдыг шалгаруулах замаар Хүний нөөц, сургалтын хэлтэст үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой талаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэгч Б.Т нь нь шинэ бүтцийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн татварын улсын байцаагчаар томилогдох байсан гэж маргаагүй, гагцхүү  Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох байсан гэж маргасныг анхаараагүй байна.

Энэ тохиолдолд Хүний нөөц, сургалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн орон тоонд албан хаагчийг шалгаруулж авах хүртэл Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй, түүний хүссэн үр дагаварт хүргэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан болно.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг баримтлах ёстой, ингэхдээ байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэхээр, хэрэв дэд дарга, орлогчгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэхээр, эдгээрээс бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэхээр Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.2, 43.3.3 дахь хэсгүүдэд зохицуулсан.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Тг хуулийн 43.3.3-т зааснаар Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилох боломжтой байсан эсэх, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” нөхөх зохицуулалт хэрэглэгдэх боломжтой эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь С.О-ыг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 тоот тушаалтай маргаагүй, өөрийг нь түр орлон гүйцэтгэгчээр томилоогүй эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаалын Б.Т-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо “татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчийг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох боломжтой байхад Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагч С.Орхоныг томилсон” гэж тодорхойлж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Тг түр орлон гүйцэтгэгчээр томилоогүй захиргааны үйл ажиллагаанд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2/ Мөн нэхэмжлэгчийн “2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зөрүүтэй, шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр өөр өөр үндэслэл заасан /нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа үндэслэлээ дурьдаагүй/ байхад зөрүүг арилгаагүй нь буруу.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлд болон шүүхэд гомдол гаргасны улмаас ялгаварлан гадуурхаж, дарамтлан үр дүнгийн шагналын зөрүүг бага олгосон гэх хариуцагч Татварын ерөнхий газрын даргын шийдвэртэй маргаж байгаа эсэх, үнэлгээ хийсэн хэлтсийн даргын 20 хувиар үнэлсэнтэй холбоотой маргаж байгаа эсэх, буурсан цалингаас үр дүнгийн 20 хувийг бодохоор авах ёстой үр дүн буурсан гэж маргасан эсэх нь ойлгомжгүй байх бөгөөд энэ үнэдслэлийг тодруулах нь хариуцагчаа зөв тодорхойлсон эсэхэд дүгнэлт өгөх боломжтой болохоор байна.

Түүнчлэн, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол шаардаж байгаа, эсхүл зохих журмаар үр дүнгийн гэрээ дүгнээгүй албан тушаалтаны үйл ажиллагаатай маргаж байгаа эсэхийг тодруулан, ийнхүү тодорхой болсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

Ийнхүү давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                                           С.Мөнхжаргал

               ШҮҮГЧ                                                               О.Номуулин