Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0113

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батбаатар даргалж, шүүгч Б.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 758 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 758  дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-014070 дугаар тусгай зөвшөөрөл бүхий Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гургалдай нэртэй газарт орших 1493.60 гектар талбай Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай” 57 дугаар тогтоолоор баталсан Их Газрын чулууны байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтайн улмаас ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолын 4 дэх заалтын дагуу “Ж” ХХК-иас гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...”Ж” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын XV-014070 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Нарийн тээг” нэртэй талбай нь Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай” 57 дугаар тогтоолоор баталсан Их газрын чулууны байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай болжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл уг хуулийн зохицуулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан талбайд л нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан эрхийг Монгол улсын Засгийн газар хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 “Ж” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “тус компанийн эзэмшиж байгаа XV-014070 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Нарийн тээг” нэртэй талбайг Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор баталсан Их Газрын Чулууны байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох, Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолын 4 дэх заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.  

Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас “ “Ж” ХХК-ийн эзэмшиж байгаа XV-014070 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Нарийн тээг нэртэй талбайг Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор баталсан Их Газрын Чулууны байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч талаас гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх хянаж, дүгнэлт өгөх боломжгүй.

Харин “Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолын 4 дэх заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолын 4 дэх заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай компанийн зүгээс удаа дараа төрийн эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол гаргаж байсан ба энэ өргөдөл, гомдлын хариуг шийдвэрлэж, холбогдох санал дүгнэлт боловсруулж уламжлах этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар бөгөөд тус газарт сүүлийн хүсэлтээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан боловч өнөө хэр хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй” гэж тайлбарласан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, гомдлын хариуг шийдвэрлэж, холбогдох санал дүгнэлт боловсруулж уламжлах үүргээ гүйцэтгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг үүргээ гүйцэтгэхийг даалгуулахыг хүссэн шаардлага гаргасан гэж ойлгогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулууны байгалийн нөөц газрын талбайн хэмжээг өргөтгөж, ангилал дээшлүүлэн, Их газрын чулууны байгалийн цогцолборт газар болгон өөрчилж, улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд уг газарт нэхэжлэгчийн XV-014070 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 1493.60 гектар талбай бүхэлдээ давхацсан, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.

Тогтоолын 4 дэх заалтад “Энэхүү тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгаж” шийдвэрлэсэн байх бөгөөд үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгчид нөхөн олговрын асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдсэн, нэхэмжлэгч “Ж” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/22, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/23 дугаар албан бичгүүдээр хүсэлт болон холбогдох баримтаа хүргүүлсэн байх боловч өнөөдрийг хүртэл эрх бүхий байгууллагад хүсэлтийг уламжлаагүй, ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон, энэ нь хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй болох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймд холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв боловч Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолын 4 дэх заалтын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон нь дурдсан хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.13. “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасныг Засгийн газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах  зорилгоор төрийн мэдэлд шилжүүлсэн тохиолдолд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирч, хуульд заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болохыг зохицуулсан гэж ойлгоно.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүрэг бүхий хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь төрөөс  Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.13-т заасан үндэслэлээр хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төрийн мэдэлд шилжүүлэн авсан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөн олговрын асуудлыг нээлттэй, ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар дурдаж, 15 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн талбайг нөхөн олговроор хэлэлцэн тохиролцож олгох аргачлал, жишиг болгох шалгуур үзүүлэлтийн дагуу хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдсэн атлаа хүсэлт болон холбогдох баримтаа хүргүүлсэн нэхэмжлэгчийн өргөдлийг зохих байгууллагад хүргүүлээгүй даруй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байгаа нь хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан чиг үүрэгтэй нь зөрчилдсөн гэж үзнэ.

Гэтэл шүүхийн шийдвэрт “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолын 4 дэх заалтын дагуу” гэсэн нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нөхөн олговорт тооцож хуульд заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгох эрхтэй мэтээр, 57 дугаар тогтоолын 4 дэх заалт нь Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг хүлээлгэсэн мэтээр ойлгогдож байх тул найруулга зүйн зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан эрхийг Монгол улсын Засгийн газар хэрэгжүүлэхээр хуульчилсан” гэх гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 758 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “11.1.16” гэснийг “11.1.14” гэж,  “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, Улсын Их Хурлын 2012 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолын 4 дэх заалтын дагуу “Ж” ХХК-иас гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгасугай” гэснийг “ “Ж” ХХК-иас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, өргөдлийг Засгийн газарт хүргүүлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

               

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Д.Оюумаа      

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН