Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00639

 

Ц.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02621 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 79 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.А-, Б.С-, А.Д-, “Ү” ХХК-д холбогдох,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах орон сууцнаас А.А-, Ү ХХКомпани, А.Д- нарыг албадан нүүлгэх, уг орон сууцыг А.А-, Ү ХХКомпани, А.Д- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.С-ын Ц.Д- Ю.Эрдэнэсувд нарын хооронд  2015 оны 12  дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч Б.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.Намнандоржид 54 000 000 төгрөгийг бэлнээр төлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууц болон зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг худалдан авч, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Намнандорж, авто зогсоолын өмчлөгч Ю.Эрдэнэсувд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, уг орон сууц болон авто зогсоолын өмчлөгч болсон. Тухайн үед О.Намнандорж энэ байранд түр хүн суулгаж байгаа, 6 дугаар сард гарна гэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны түлхүүрийг авах гэтэл О.Намнандорж утсаа авахгүй байсан тул хэд хоногийн дараа орон сууцандаа очиход эрэгтэй хүн гарч ирээд би энэ байрнаас гарахгүй гэсэн тул ойлголцож чадаагүй.

Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууцнаас А.А-ийг албадан нүүлгэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг А.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Намнандорж нь Ц.Д-тай 2015 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах 38.74 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц болон зоорийн давхарын 20 тоот хаягт байрлах авто зогсоолыг зарна гэж үзүүлсэн, орон сууц болон зогсоолыг биетээр үзэхэд шинэ баригдсан, хоосон, сайхан байр байсан тул О.Намнандоржтой 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 54 000 000 төгрөгийг бэлнээр төлж, уг 1 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт худалдан авч, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Намнандорж, авто зогсоолын өмчлөгч Ю.Эрдэнэсувд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206041040, Y-2206043634 дугаарт бүртгүүлж, уг орон сууц болон авто зогсоолын өмчлөгч болсон бөгөөд 2016 оны 06 дугаар сард орон сууцны түлхүүрээ авах гэтэл О.Намнандорж утсаа авахгүй болохоор нь орон сууцандаа ирэхэд эрэгтэй хүн гарч ирээд би энэ байрнаас гарахгүй гэсэн байдаг. Ц.Д- өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах аливаа халдлагаас хамгаалах боломжгүй байдалд хүрч, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба хариуцагч нар бусдын өмчлөлийн орон сууц, зогсоолыг чөлөөлөх үүрэгтэй болно. Уг орон сууцыг “Ү” ХХК, А.Д- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсч байна. А.А-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч А.А- шүүхэд гаргасан тайлбартаа: 

Би 2015 оны 08 дугаар сард барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Ү” ХХК-иас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шинээр баригдсан 93 дугаар байрны 10 тоот буюу 38.4 м.кв нэг өрөө байрыг худалдаж авахаар тохиролцож 50 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч 8 дугаар сард байрандаа орсон. “Ү” ХХК-иас ордер болон бусад зүйлийг асуухад захирал А.Д- нь 93 дугаар байрны захиалагч эзэн болох О.Намнандоржоос “Ү” ХХК нь уг барилгыг барихад төмөр хийц, бетон зуурмаг, тоног төхөөрөмж бусад материалууд болон ажил үйлчилгээний төлбөрт 400 гаруй сая төгрөгийн авлагад 3 ширхэг байрыг бартер хийж зах зээлийн ханшаар тохиролцож авсан. О.Намнандорж уг байрыг давхар хүнд шилжүүлж мөнгө авсан байна. Би дээрх байрыг материал, ажил үйлчилгээнд төлсөн мөнгөнийхөө авлагад авсан учир давхар зарсан, бусдад шилжүүлсэн О.Намнандоржийн асуудлаар гомдол гаргасан ба Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх тайлбарыг өгсөн. Би энэ байрыг худалдаж авахдаа “Ү” ХХК-тай гэрээ хийсэн, Ц.Д-ыг танихгүй, энэхүү хэрэг маргааныг эрүүгийн хэрэгтэй нь нэгтгэж “Ү” ХХК-ийн хохирлын асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С- шүүхэд гаргасан тайлбартаа: 

Би 2014 онд байр худалдаж авахаар хайж эхлэхэд манай хүргэн дүү Б.Цогтсайхан манай найз чанартай материалаар байр барьж байгаа гэж дуулаад тус байрыг барьж байсан О.Намнандоржтой 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уулзаж байрыг үзсэн. Зайсанд байрлах тус байр нь тухайн үед дөнгөж 4 давхар байсан ба байр болон үнийн санал боломжийн санагдсан тул 1 м.кв-ыг 2.2 сая төгрөгөөр тооцон 76 м.кв байрыг мөн гараашийг 25 000 000 төгрөгөөр авахаар тохирч гэрээ хийсэн. Байр болон машины зогсоолын нийт үнэ 193 000 000 төгрөг болсон ба тэр өдөр нь байрны урьдчилгаа болох 89 000 050 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийт 12 удаагийн үйлдлээр 194 500 000 төгрөгийг төлж барагдуулан 2015 оны 2 дугаар сард байрандаа нүүж орсон.О.Намнандорж миний байрны гэрчилгээг гаргаж өгсөн ба харин зогсоолын гэрчилгээг гаргаж өгөлгүй надаас зугтаж эхэлсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сард Ц.Д- гэдэг өмгөөлөгч надтай холбогдож гараашийн талаар асууж сурагласан. Би энэ гараашийг худалдаж авснаа хэлэхэд надад иргэн Ц.Д-ын мэдэлд уг гарааш байдаг ба зогсоолын гэрчилгээ ч гэсэн уг хүний нэр дээр байдаг гэж хэлсэн. Энэхүү машины зогсоолыг Ц.Д-аас өмнө О.Намнандоржтой гэрээ хийж 25 000 000 төгрөгийг бүрэн төлж худалдаж авсан тул миний өмч юм. Энэ зогсоол дээр байранд нүүж орсон 2015 оны 2 сараас эхлэн машинаа тавьж байгаа. А.А-ийг би танихгүй ба байр болон машины зогсоол нь тусдаа байдаг гэжээ.

Хариуцагч “Ү” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах 38.74 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц А.Д-ийн мэдэлд байгаа, “Ү” ХХК О.Намнандоржтой 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах хэлцэл хийж уг орон сууцыг худалдаж авсан. Гэтэл О.Намнандорж уг хэлцлийг хүчин төгөлдөр байхад Ц.Д-тай давхардуулан хэлцэл хийсэн байна.

Иймд Ц.Д-, О.Намнандорж нарын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах хэлцэл нь эрхийн зөрчилтэй, хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэжээ.

Хариуцагч А.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: 

Би уг орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах хэлцлээр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг О.Намнандорж гэрчилнэ гэжээ.

Хариуцагч Б.С- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

Би О.Намнандоржтой 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, энэ гэрээний дагуу О.Намнандорж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах орон сууцны барилгын 10 дугаар давхарын А болон В блок 3 өрөө 76.5 м.кв орон сууц болон зогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал нь орон сууцны төлбөр 168 300 000 төгрөг болон зогсоолын төлбөр 25 000 000 төгрөг, нийт 193 000 000 төгрөгийг худалдагч талд гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн болно. Би гэрээний дагуу төлбөрийг зохих хугацаанд төлж, гэрээний зүйл болох орон сууц болон гараашийн өмчлөгч болсон бөгөөд О.Намнандорж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлэн өгсөн боловч авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг өгөөгүй болно. Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах орон сууцны барилгын 10 давхар орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан, тухайн байрыг худалдан борлуулах эрх бүхий этгээд болох О.Намнандоржтой 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний нөхцлийн дагуу үүргээ биелүүлж, гэрээний төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ю.Эрдэнэсувдыг төлөөлж Б.Батбаяр болон Ц.Д- нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж мөн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 000451628 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар авто зогсоолыг ашиглалтад орсноос хойш би эзэмшиж байгаа бөгөөд миний өмчлөлд тэргүүн ээлжинд шилжих учиртай гэж ойлгож байна. 

Иймд Ц.Д- Ю.Эрдэнэсувдын төлөөлөгч Б.Батбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451628 тоот гэрчилгээг хүчингүйд тооцож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Тухайн авто зогсоолыг Ц.Д- худалдан авах үед Ю.Эрдэнэсувдын нэр дээр байсан. Ю.Эрдэнэсувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай гэрээ байгуулан худалдан авсан байдаг. Б.С-ын захиалгын гэрээнд 20 тоот авто зогсоолыг захиалсан гэж байхгүй, манайх өмчлөх эрхтэй холбоотой маргаан гаргаагүй. 

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02621 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууцнаас “Ү” ХХК, А.Д- нарыг албадан нүүлгэх, уг орон сууцыг “Ү” ХХК, А.Д- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Ц.Д-ын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.С-ын эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ц.Д-, Ю.Эрдэнэсувдын төлөөлөгч Б.Батбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451628 тоот гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 950 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 287 550 төгрөгийг, Б.С-аас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан Ц.Д-д, Б.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 200 төгрөгөөс 283 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 69 850 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан Б.С-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 79 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 950 төгрөг, хариуцагч Б.С-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 200 төгрөг, хариуцагч А.Д-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууц, автозогсоолыг чөлөөтэй өмчилж, эзэмшиж, захиран зарцуулах ямар ч боломжгүй байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 2 төрлийн хөрөнгө болох орон сууц, автозогсоолтой холбоотой 2 өөр хүмүүс буюу орон сууцыг О.Намнандоржоос, автозогсоолыг Ю.Эрдэнэсувд нараас худалдан авсан байтал О.Намнандорж л 2 хөрөнгийн өмчлөгч байж түүнээс орон сууц, автозогсоолыг худалдан авсан мэтээр ойлгож шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог ба О.Намнандорж нь автозогоолын хувьд хэргийн бодит байдлыг мэдэхгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа хууль ёсны байгаа тохиолдолд О.Намнандоржоос тодруулах зүйлүүд нь баримтаар хэрэгт авагдсан байдаг. Орон сууцыг хэн эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байтал түүнийг гэрчээс асуух тодорхойлуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн О.Намнандорж нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа тухай асуудал нь өмчлөгчийн өөрийн өмчтэй холбоотой эрхээ хамгаалуулахад хамааралгүй бөгөөд шалгагдаж байгаа тухай асуудал нь зөвхөн орон сууцтай холбоотой байдаг болно. Гэтэл автозогсоолыг хамаатуулан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

А.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий орон сууцыг эзэмшиж амьдран суудаг, чөлөөлөхийг шаардахад чөлөөлж өгөхгүй байсан тул хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.А- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа тухайн орон сууцанд 8 дугаар сард орсоноос хойш амьдран суудаг тухайгаа болон “Ү” ХХК-иас худалдан авсан тухайгаа тодорхой бичсэн байдаг. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ А.А- нь маргаж буй орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн, уг орон сууцанд амьдрахгүй байгаа, Баянгол дүүрэгт оршин сууж байгаа тул хэргийг харъяаллын дагуу шилжүүлж өгөхийг хүссэн. Шүүх хүсэлтийг хүлээн авч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01577 дугаартай захирамжаар хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэгэнт А.А- нь тухайн орон сууцыг “Ү” ХХК-д буцаан хүлээлгэн өгсөн гэсэн тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтийг орон сууцыг хүлээн авсан “Ү” ХХК-иас шаардах нь ойлгомжтой юм. Улмаар “Ү” ХХК-ийг хариуцагчаар татсанаар 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Ү” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа “маргаан бүхий орон сууц нь иргэн А.Д-ийн эзэмшилд байгаа” гэсэн байх тул А.Д-ийг мөн хариуцагчаар татан оролцуулсан. “Ү” ХХК нь иргэн Намнандоржоос маргаан бүхий орон сууцыг худалдан авсан одоо тухайн орон сууц нь “Ү” ХХК-ийн захирал А.Д- эзэмшилдээ байлгаж байгаа гэсэн хариу тайлбар хэрэгт авагдан “Ү” ХХК, А.Д- нарын эзэмшилд байгаа нь тодорхой байтал хэн эзэмшиж, ашиглаж байгаа нь тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй зөрчлийг арилгуулах, түүнчлэн хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ хамгаалуулах гэж тодорхойлон өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцнаас хариуцагч А.Д-ийг албадан нүүлгэх, “Ү” ХХК, А.Д- нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх болон хариуцагч А.Саруулын хууль бус эзэмшлээс автозогсоолыг чөлөөлүүлэх тухай шаардлага үндэслэл нь тодорхой байтал шаардлагын үндэслэл ойлгомжгүй гээд орон сууцанд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Орон сууц, автозогсоолтой холбоотой шаардлагын үндэслэл яг адил байтал орон сууцанд холбогдох хэсгийг хангалгүй харин автозогсоолд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн 79 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2621 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг өөрчлөн орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн, талуудын мэтгэлцэх эрх хязгаарлагдсан гэж үзэж, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа нөхцөлд зохигчийн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.7., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Д- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоот орон сууцыг хариуцагч “Ү” ХХК, А.Д- нарын, мөн байрны 20 тоот автозогсоолыг Б.С-ын хууль бус эзэмшлээс тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч нар нь өөрсдийн эзэмшлийг хууль ёсных гэж маргасан байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ц.Д- нь маргааны зүйл болж буй эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч гэж тооцогдох боловч тухайн эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдүүд нь өөрсдийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэж, маргаж байгаа тохиолдолд өмчлөх эрх болон эзэмших эрх хэрхэн үүссэн болохыг тодорхой тогтоох зайлшгүй шаардлагатай юм.

Зохигчийн хооронд эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаарх маргаан О.Намнандоржийн ажиллагаатай холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.Намнандоржоос гэрчийн мэдүүлэг авахуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан ба анхан шатны шүүх эдгээр хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзсэн боловч мэдүүлгийг аваагүйгээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН