Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00637

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02799 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2017/02562 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

411 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О-, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “С” ХХК-д харуул хамгаалалтын ажилд орж уг байгууллагад 11 сар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Уг байгууллага миний 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх 17 гарааны цалин 561 000 төгрөгөөс 5 дугаар сард 150 000 төгрөг хүлээлгэж өгсөн.

Иймд үлдэгдэл цалин 411 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан. Манай компани нэхэмжлэгчийн үлдэгдэл цалин 150 000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл төлбөргүй. Нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байх тул зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч Ц.О-аас ажлаас халагдах өргөдлөө 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан бөгөөд уг өргөдөлдөө цалингийн талаар дурдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02799 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 411 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12 980 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2017/02562 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хавтаст хэрэгт авагдсан баримтад нэхэмжпэгчийн хүсэлтээр рапортын дэвтрийг гаргуулсан нь үнэн боловч түүнийг хариуцагч иш татах эрхтэй байна. Гэтэл шүүх өөр дэвтэр байхгүй гэж хэлснээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн рапортын дэвтрийг үнэлээгүй. Дээрх дэвтэрт бичигдсэнээр нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 05, 08, 11, 20, 24, 30-ны өдрүүд, 2017 оны 04 дүгээр сарын 01, 04-ний өдрүүдэд гарч байжээ.

Гэтэл шүүх нотлох баримт үнэлэхгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь гарааны 33 000 төгрөгөөр цалинждаг талаар маргаагүй бөгөөд дээрх гарааны 8 өдрөөр тооцож үзвэл нийт 264 000 төгрөгөөс төлсөн 150 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 114 000 төгрөгийг төлөх боломжтой.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.О- хариуцагч “С” ХХК-иас ажлын хөлс 411 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч “С” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Ц.О- нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч “С” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилласан байна. Энэ хугацаанд авбал зохих 561 000 төгрөгөөс 150 000 төгрөг ажлын хөлсөд авч, дутуу 411 000 төгрөгийн хөлсийг шаарджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасныг үндэслэл болгон хариуцагчийн татгалзлалыг үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02799 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2017/02562 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН