Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00632

 

Ц.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00470 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Ч-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Э-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10 266 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Ч- нь Ж.Э-тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад 6 000 000 төгрөгийг, 7 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Ж.Э-ийн өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2208003434 дугаартай, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 56-31 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 6 000 000 төгрөгийг өгсөн, авсан дээр ямар нэг маргаан байхгүй, ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлсэн мөнгийг өгөх боломжгүй байсан учраас зээлийн гэрээг дахиад 6 сараар сунгасан. Ингэхдээ 1 жилийн хугацаанд 6 000 000 төгрөгт 7 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаанд 2015 оны 02 дугаар сарын 08-нд 420 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 10-нд 420 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 17-нд 660 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 09-нд 308 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 08-нд 480 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 09-нд 450 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 21-нд 168 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 28-нд 690 000 төгрөгийг тус тус төлсөн. Хариу тайлбар болон хариуцагчаас гаргаж өгсөн баримтаас харахад 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 330 000 төгрөг төлөгдсөн. 2015 оны 05 дугаар сарын 07-нд 270 000 төгрөг төлөгдсөн баримтууд хэрэгт авагдсан байсан. Ийм учраас дээрх хүүнүүдийг хооронд нь нэмээд 3 596 000 төгрөгийг зээлсэн мөнгөний хүүнд төлсөн гэсэн байсан, үүн дээр 600 000 төгрөг нэмээд нийт 4 196 000 төгрөгийг хүүд төлсөн. Ингэхээр зээлийн хүүд 5 040 000 төгрөг төлөх ёстойгоос 4 196 000 төлсөн тул 844 000 төгрөгийн хүүний үлдэгдэлтэй байгаа.

Ингээд хүүний үлдэгдэл 844 000 төгрөг, үндсэн зээлийн 6 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу нийт алданги 3 422 000 төгрөг, нийт 10 266 000 төгрөгийг Ж.Эрдэнчимэгээс гаргуулж, барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч мөнгө зээлсэн талаар маргадаггүй. Ц.Ч-гээс 6 000 000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 420 000 төгрөг, 03 дугаар сарын 11-ний өдөр 420 000 төгрөг, 04 дүгээр сарын 17-ны өдөр 660 000 төгрөг, 05 дугаар сарын 07-ны өдөр 270 000 төгрөг, 05 дугаар сарын 09-ний өдөр 308 000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 480 000 төгрөг, 07 дугаар сарын 09-ний өдөр 450 000 төгрөг, 07 дугаар сарын 21-ний өдөр 168 000 төгрөг, 08 дугаар сарын 28-ны өдөр 690 000 төгрөг, 09 дүгээр сарын 29-ний өдөр 330 000 төгрөг, нийт 4 196 000 төгрөгийг буцаан төлсөн. Б.Болорчимэг 10 сая орчим төгрөг олж өгөөч 1 сарын дараа буцаагаад өгнө гээд гуйгаад байхаар нь Ц.Ч-гээс 6 000 000 төгрөг зээлж аваад авсан өдрөө буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Болорчимэгт 5 900 000 төгрөгийг өгсөн. 100 000 төгрөгийг зээл авахад зориулсан зардалдаа өөртөө үлдээсэн. Ингээд Б.Болорчимэг зээлүүлсэн мөнгөө төлөхгүй алга болчихсон, арга ядаад шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан, энэ дагуу эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан байгаа. Нөгөөтэйгүүр Ж.Э- нь 11-16 насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хэдийгээр орон сууцаа барьцаалан зээл авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах болвол орох оронгүй болчихвол хэцүү байна. Мөн Ж.Э- нь зээлж авсан мөнгөө өөрөө хэрэглээгүй учраас зээлсэн мөнгөний хүү, алдангийг төлөх боломжгүй, төлөхгүй гээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа. 

Үндсэн зээл болох 6 000 000 төгрөгөөс 4 196 000 төгрөгийг буцаагаад төлсөн учраас үндсэн зээлээс үлдэх 1 804 000 төгрөгийг төлнө. Тэрнээс бусад хүү, алдангийг төлөх боломжгүй гэж тайлбарладаг. Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дараалалд аль хүнд нөхцөлтэй үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ гэсэн заалт байдаг, тэр заалтыг үндэслээд ямар ч байсан би үндсэн зээлээ төлнө гэсэн тайлбар хэлж байгаа, үүнийг шүүх анхаарч үзээд боломжтой байдлаар нь шийдэх байх гэсэн хүсэлтийг уламжилж байна гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00470 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ширээт овогт Жамсрангийн Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 10 266 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржгон овогт Цоодолын Чимгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн 3 дугаар хороо, 56 дугаар байрны 31 тоот 38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 179 206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 603 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүхээс зээлийн хүүнд 844 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж зээлийн хүү 844 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлтийг  буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Чимгээ нь хариуцагч Ж.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 11 166 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Ж.Э- нь шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаагаар тайлбараа өгсөн боловч зээлийн гэрээний үүрэгт 10 266 000 төгрөг гаргуулахыг хүссэн байна. Анхан шатны шүүх дээрх тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан агуулгатай гэж үзээгүй бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талыг шаардлагаа багасгасан гэж дүгнэж, нэхэмжлэлээс хангаагүй үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигч нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 6 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 7 %-ийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлсэн байна. Зээлийн төлбөрийн хугацааг хэтрүүлбэл алданги тооцох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд тохиролцжээ.

Хариуцагч зээлийн төлбөрт 4 196 000 төгрөг төлсөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагчийн хүлээх гэрээний үүргийн хэмжээг тодорхойлсон ба энэхүү тооцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.3., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хүүгийн талаарх тохиролцоог  бичгээр хийсэн бол зээлдүүлэгч энэ талаар шаардлага гаргах эрхтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН