Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00073

 

 

Ц.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00470 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Ч-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Э-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 266 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Ч нь Ж.Э-тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад 6 000 000 төгрөгийг, 7 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Ж.Э-гийн өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2208003434 дугаартай, Багануур дүүргийн ........ орон сууцыг барьцаалсан. 6 000 000 төгрөгийг өгсөн, авсан дээр ямар нэг маргаан байхгүй, ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлсэн мөнгийг өгөх боломжгүй байсан учраас зээлийн гэрээг дахиад 6 сараар сунгасан. Ингэхдээ 1 жилийн хугацаанд 6 000 000 төгрөгт 7 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаанд 2015 оны 02 дугаар сарын 08-нд 420 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 10-нд 420 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 17-нд 660 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 09-нд 308 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 08-нд 480 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 09-нд 450 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 21-нд 168 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 28-нд 690 000 төгрөгийг тус тус төлсөн. Хариу тайлбар болон хариуцагчаас гаргаж өгсөн баримтаас харахад 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 330 000 төгрөг төлөгдсөн. 2015 оны 5 дугаар сарын 07-нд 270 000 төгрөг төлөгдсөн баримтууд хэрэгт авагдсан байсан. Ийм учраас дээрх хүүнүүдийг хооронд нь нэмээд 3 596 000 төгрөгийг зээлсэн мөнгөний хүүнд төлсөн гэсэн байсан, үүн дээр 600 000 төгрөг нэмээд нийт 4 196 000 төгрөгийг хүүд төлсөн. Ингэхээр зээлийн хүүд 5 040 000 төгрөг төлөх ёстойгоос 4 196 000 төлсөн тул 844 000 төгрөгийн хүүний үлдэгдэлтэй байгаа. Ингээд хүүний үлдэгдэл 844 000 төгрөг, үндсэн зээлийн 6 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу нийт алданги 3 422 000 төгрөг нийт 10 266 000 төгрөгийг Ж.Э-гээс гаргуулж, барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч мөнгө зээлсэн талаар маргадаггүй. Ц.Ч-гээс 6 000 000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 2015 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 420 000 төгрөг, 3 дугаар сарын 11-ний өдөр 420 000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 660 000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 270 000 төгрөг, 5 дугаар сарын 09-ний өдөр 308 000 төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 480 000 төгрөг, 7 дугаар сарын 09-ний өдөр 450 000 төгрөг, 7 дугаар сарын 21-ний өдөр 168 000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 690 000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 330 000 төгрөг нийт 4 196 000 төгрөгийг буцаан төлсөн. Б.Б 10 000 000 сая орчим төгрөг олж өгөөч 1 сарын дараа буцаагаад өгнө гээд гуйгаад байхаар нь Ц.Ч-гээс 6 000 000 төгрөг зээлж аваад авсан өдрөө буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Б-т 5 900 000 төгрөгийг өгсөн. 100 000 төгрөгийг зээл авахад зориулсан зардалдаа өөртөө үлдээсэн. Ингээд Б.Б зээлүүлсэн мөнгөө төлөхгүй алга болчихсон, арга ядаад шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан, энэ дагуу эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан байгаа. Нөгөөтэйгүүр Ж.Э нь 11-16 насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хэдийгээр орон сууцаа барьцаалан зээл авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах болвол орох оронгүй болчихвол хэцүү байна. Мөн Ж.Э нь зээлж авсан мөнгөө өөрөө хэрэглээгүй учраас зээлсэн мөнгөний хүү, алдангийг төлөх боломжгүй, төлөхгүй гээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Үндсэн зээл болох 6 000 000 төгрөгөөс 4 196 000 төгрөгийг буцаагаад төлсөн учраас үндсэн зээлээс үлдэх 1 804 000 төгрөгийг төлнө. Тэрнээс бусад хүү, алдангийг төлөх боломжгүй гэж тайлбарладаг. Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дараалалд аль хүнд нөхцөлтэй үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ гэсэн заалт байдаг, тэр заалтыг үндэслээд ямар ч байсан би үндсэн зээлээ төлнө гэсэн тайлбар хэлж байгаа, үүнийг шүүх анхаарч үзээд боломжтой байдлаар нь шийдэх байх гэсэн хүсэлтийг уламжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Ширээт овогт Ж-гийн Э-гээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 10 266 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржгон овогт Ц-ын Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн .....  өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 179 206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хариуцагчаас үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү 844 000 төгрөг, алданги 3 422 000 төгрөг, нийт 10 266 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд хариуцагчийн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг өөрөө хэрэглээгүй, бусдад зээлүүлсэн гэдгээ хэлж, нотлох баримтаа өгсөн. Хариуцагчийн орон сууцыг албадан худалдсан тохиолдолд тэнд амьдарч байгаа хүүхдүүд орон байргүй болж эрх нь зөрчигдөх байдал үүсээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа ба шийдвэр үндэслэлгүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэсэн байх боловч шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч Ж.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 166 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 10 266 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч Ж.Э нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Ч-гээс 6 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтгүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр, Багануур дүүргийн ..... орон сууцаа барьцаалан зээлдэж авсан нь нотлогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дууссан ба талууд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл тогтоожээ.

 

Гэвч хариуцагч Ж.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс 4 196 000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, талууд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч Ц.Ч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иймд үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү /6 000 000₮ х 7% = 420 000₮, 420 000₮ х 12 сар = 5 040 000₮, 5 040 000₮ – 4 196 000₮ = 844 000₮/ 844 000 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 4-т зааснаар алданги /6 000 000₮ + 844 000₮ = 6 844 000₮, 6 844 000₮-ийн 50 % = 3 422 000₮/ 3 422 000 төгрөг, нийт 10 266 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Харин нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 11 166 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 10 266 000 төгрөг болгосон байхад анхан шатны шүүх энэ хэмжээнд дүгнэхгүйгээр 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Ж.Э нь зээлсэн мөнгийг өөрөө хэрэглээгүй, бусдад зээлдүүлсэн, үүнийг баримтаар нотолсон гэх боловч зээлдэгч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Харин бусадтай байгуулсан гэрээний үүргийг тухайн этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 603 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ТУЯА

 

                                                     ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                                               Г.ДАВААДОРЖ